Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2016 оны 8 сар 

Гэрлэлтийн үүсэл ба зорилго

Гэрлэлтийн үүсэл ба зорилго

«ЭЗЭН Бурхан: “Хүн ганцаараа байх нь сайн биш учир Би түүнд тохирох туслагчийг бүтээе” хэмээн айлджээ» (ЭХ. 2:18).

ДУУ: 36, 11

1, 2. а) Гэрлэлтийн үүсэл юу вэ? б) Анхны хос гэрлэлтийн талаар юу ойлгох ёстой байсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

ГЭРЛЭЛТ хүний амьдралд чухал байр эзэлдэг. Тиймээс үүсэл, зорилгыг нь мэддэг бол гэрлэлтийн талаар зөв үзэлтэй байж, гэр бүлтэй байхын жаргалыг жинхэнэ ёсоор эдэлнэ. Бурхан анхны хүн Адамыг бүтээснийхээ дараа амьтдыг авчирж, нэр өгүүлжээ. Амьтад хосоороо байсан боловч Адамд «тохирох туслагч» байсангүй. Ехова түүнийг бөх гэгч нь унтуулаад нэг хавиргыг нь авав. Тэр хавиргаар эмэгтэй хүн бүтээж Адамд авчирж өгчээ (Эх. 2:20–24-ийг уншина). Тэгэхлээр гэрлэлтийг Бурхан бий болгосон нь тодорхой.

2 «Эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж, хоёулаа нэг бие махбод болдог» хэмээн Бурхны айлдсаныг Есүс батлан хэлсэн байдаг (Мат. 19:4, 5). Ехова Адамын хавиргаар эмэгтэй хүнийг бүтээсний учир нь нөхөр эхнэр хоёр маш дотно байх ёстойг ойлгуулах гэснийх юм. Салж сарних, олон эхнэр юм уу нөхөртэй байх зэрэг нь Бурхны хүсэл биш байв.

 ГЭРЛЭЛТ БОЛ ЕХОВАГИЙН САНАА ЗОРИЛГЫН НЭГ ХЭСЭГ

3. Хүмүүс эр эм болдгийн гол зорилго юу байсан бэ?

3 Адам үзэсгэлэн гоо эхнэртэй болсондоо баярлаж Ева хэмээн нэрийджээ. Ева Адамын туслагч байсан. Тэр хоёр тус тусын үүргээ биелүүлж амьдарвал жаргалтай нөхөр эхнэр болох байлаа (Эх. 2:18). Хүмүүс эр эм болдгийн гол зорилго нь дэлхийг дүүргэх явдал байв (Эх. 1:28). Хүүхдүүд эцэг эхдээ хайртай ч тэднийгээ орхиж, хүнтэй суугаад өөрийн гэсэн гэр бүлтэй болох учиртай ажээ. Ийнхүү өсөн нэмэгдэж дэлхийгээ зохистой хэмжээгээр дүүргэн диваажин болгох ёстой байлаа.

4. Анхны хос яасан бэ?

4 Адам Ева хоёр сонгох эрх чөлөөгөө буруу ашиглан Еховад дуулгаваргүй загнаснаас болоод гэрлэлт жинхэнэ утгаа алджээ. «Эртний могой» гэгддэг Сатан Диавол Еваг мэхэлж «сайн мууг мэдүүлэгч модны жимснээс» идвэл юу нь сайн, юу нь муу болохыг өөрөө шийдэх чадвартай болно хэмээн итгүүлсэн. Ева энэ талаар нөхрөөсөө асуухын оронд дур мэдэн шийдсэн. Ийнхүү тэргүүнээ хүндлээгүй. Адам бас Еховагийн үгэнд оролгүй, эхнэрийнхээ өгсөн жимсийг аваад идчихдэг (Илч. 12:9; Эх. 2:9, 16, 17; 3:1–6).

5. Адам Ева хоёр Еховад юу гэж хариулсан бэ? Бидэнд ямар сургамжтай вэ?

5 Юу болсныг Бурхан асуухад Адам: «Таны надад өгсөн тэр эмэгтэй надад тэр модны жимснээс өгсөн. Тэгээд би идсэн» гэж эхнэрээ буруутгажээ. Ева өөрийг нь мэхэлсэн могойд буруугаа тохсон (Эх. 3:12, 13). Энэ бол зүгээр л шалтаг байлаа. Адам Ева хоёр Еховад дуулгаваргүй загнасны уршгаар тэрслэгч болсон. Тэдний муу жишээнээс сургамж авууштай. Жаргалтай амьдаръя гэвэл нөхөр эхнэр хоёр Еховад дуулгавартай байж, тус тусын үүргээ биелүүлэх учиртай.

6. Эхлэл 3:15-ыг та хэрхэн тайлбарлах вэ?

6 Сатан Еден цэцэрлэгт үймээн самуун дэгдээсэн ч Ехова хүн төрөлхтөнд сайхан ирээдүйг зөгнөсөн билээ. Энэ нь Библийн анхны зөгнөл юм (Эхлэл 3:15-ыг уншина). Уг зөгнөл ёсоор «эмэгтэйн үр хүүхэд» Сатаныг устгана. Үүний үрээр Ехова болон үнэнч тэнгэр элчүүдийн хооронд байдаг онцгой харьцааг хүн төрөлхтөн мэдрэх боломжтой болсон. Тэр тэнгэр элчүүдийг бүхэлд нь Еховагийн эхнэр гэж хэлж болно. Ехова тэдний нэгийг илгээн Диаволыг устгуулж, дуулгавартай хүмүүст анхны хосын алдсан сайхан найдварыг өгүүлэх ажээ. Тэгээд хүн төрөлхтөн Еховагийн санаа зорилгын дагуу дэлхий дээрээ мөнх амьдарна (Иох. 3:16).

7. а) Адам Ева хоёроос болж гэр бүлд юу тохиолддог болсон бэ? б) Ехова нөхөр эхнэрүүдээс юу хүсдэг вэ?

7 Адам Ева хоёр Бурханд тэрслээд гэр бүлдээ төдийгүй өөрсдөөс нь хойш бий болох гэр бүлүүдэд гай тарьсан. Жишээлбэл Ева хүүхэд төрүүлэхдээ зовдог болоод зогсохгүй үр удам нь болсон эмэгтэйчүүдэд энэ зовлонгоо өвлүүлсэн. Эмэгтэйчүүд эр нөхрийг хүсэн мөрөөдөж, эрчүүд эхнэрээ захирч, тэр байтугай харгис догшин хандах болжээ. Ийм гэр бүлүүд өнөөдөр хаа сайгүй байна (Эх. 3:16). Ехова хайр халамжтай тэргүүн байхыг нөхрүүдээс, нөхөртөө захирагдаж  байхыг эхнэрүүдээс хүсдэг (Еф. 5:33). Бурхнаас эмээдэг хосууд эв нэгдэлтэй байдаг учир гэр бүлийнхээ асуудлуудыг шийдэж чаддаг.

АДАМЫН ҮЕЭС УСАН ГАЛАВ ХҮРТЭЛ

8. Адамын үеэс усан галав хүртэлх гэрлэлт ямар байсан бэ?

8 Адам Ева хоёр нүгэл үйлдэж, төгс бус болсноосоо хойш охид хөвгүүд төрүүлсэн (Эх. 5:4). Тэдний ууган хүү Каин хожим нь хамаатныхаа эмэгтэйтэй гэрлэжээ. Каины удмаас төрсөн Ламех хоёр эхнэр авсан анхны хүн юм (Эх. 4:17, 19). Адамын үеэс усан галав хүртэл цөөхөн хүн л Еховад үйлчилдэг байв. Үүнд Абел, Енох, Ноа болон түүний гэр бүлийнхэн ордог. Ноагийн үед «Бурханы хөвгүүд хүний охидын гоо үзэсгэлэнг үзээд, тэднээс сонгосон болгоноо эхнэр болгов» гэж Библид бичжээ. Энэ нь гажууд явдал байв. Хүний биетэй болсон тэнгэр элчүүд болон эмэгтэйчүүдийн дундаас төрсөн хүүхдүүдийг Нефилим гэдэг бөгөөд тэд аварга биетэй харгис хүмүүс болжээ. Тэр үед «дэлхий дээрх хүмүүсийн бузар гэм нь үлэмж их, бас тэдний сэтгэл санаа, хүсэл бодол бүхэн нь ямагт муухай болсон» байлаа (Эх. 6:1–5).

9. Ехова Ноагийн үед юу хийсэн бэ? Бидэнд ямар сургамжтай вэ?

9 Ехова Ноагийн үед их үер буулгаж, муу хүмүүсийг бүгдийг нь устгах гэж байв. «Зөвт байдлыг тунхаглагч Ноа» энэ сүйрлийн талаар сэрэмжлүүлж байсан боловч хүмүүс өдөр тутмын аж амьдрал, гэрлэж бараалах зэргээс болоод сэрэмжлүүлгийг анхаараагүй (2 Петр 2:5). Есүс өнөө үеийг Ноагийн үетэй зүйрлэсэн (Матай 24:37–39-ийг уншина). Өнөөдөр, Сатаны бузар муу ертөнц устгагдахаас өмнө Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ дэлхий даяар бүх үндэстэнд тунхаглагдаж байна. Гэвч ихэнх хүн энэ мэдээг үл тоомсорлодог. Ноагийн үеийнхнээс ямар сургамж авах вэ? Ханьдаа санаа тавих, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гэх зэргээс болоод бид Еховагийн өдөр ойртож байгааг мартаж болохгүй.

УСАН ГАЛАВААС ЕСҮСИЙН ҮЕ ХҮРТЭЛ

10. а) Садар самуун явдал хэрхэн газар авсан бэ? б) Абрахам Сара хоёр ямар сайн жишээ үлдээсэн бэ?

10 Ноа болон түүний хөвгүүд тус бүр нэг эхнэртэй байсан. Гэвч усан галавын дараа олон эхнэртэй эрчүүд олширчээ. Садарлан самуурахыг жирийн явдалд тооцож, тэр байтугай шашныхаа зан үйл болгосон үндэстнүүд олон байв. Абрахам Сара хоёрыг Канаанд нүүж ирэхэд гэрлэлтийг эрхэм нандин гэж үздэггүй садар завхай явдалтай хүмүүс хаа сайгүй байжээ. Бузар булай явдалдаа живсэн Содом, Гоморра хотыг Ехова устгасан. Абрахам тэндхийн оршин суугчдаас тэс өөр байлаа. Гэр бүлээ зөв авч яван, Сара ч нөхөртөө дуулгавартай захирагддаг байжээ (1 Петр 3:3–6-г уншина). Абрахам өөрийн хүү Исаакийг, Еховаг шүтдэг эмэгтэйтэй гэрлүүлэхээр шийдсэн. Исаакийн хүү Иаков ч адилхан шийдвэр гаргасан учраас хөвгүүд нь Израилийн 12 овгийн өвөг эцэг болцгоосон.

11. Мосегийн хууль израильчуудыг хамгаалдаг байсан гэхийн учир юу вэ?

11 Хожим нь Ехова Израилийн ард  түмэнтэй гэрээ байгуулж, Мосегоор хууль өгүүлсэн. Уг хуульд гэр бүлийн тухай, түүний дотор олон эхнэртэй байх тухай заалтууд байв. Энэ нь израильчуудыг хуурамч шашин шүтдэг хүмүүстэй гэр бүл болж ураг барилдахаас хамгаалдаг байв (Дэд хууль 7:3, 4-ийг уншина). Үнэнч бус байх, атаархах, хардахын эсрэг хууль ч байсан. Гэр бүл салалтын талаар бас хуульчилж өгсөн. Жишээлбэл эхнэрт нь «ичгүүрт зүйл байгааг» мэдсэн бол нөхөр нь салж болдог байв (Дэд хууль 24:1). Ичгүүрт зүйл гэдэгт юу ордгийг тодорхой бичээгүй ч ялих шалихгүй дутагдлыг хэлээгүй нь лавтай (Лев. 19:18).

ХАНИАСАА БИТГИЙ УРВААРАЙ

12, 13. а) Малахийн үед зарим хүн эхнэртээ хэрхэн ханддаг байсан бэ? б) Өөр хүний нөхөр юм уу эхнэртэй гэрлэсэн бол Гэрч хүнд ямар арга хэмжээ авдаг вэ?

12 Зөнч Малахийн үеийн израиль эрчүүд эхнэрүүддээ үнэнч бус хандаж, янз бүрийн шалтаг тоочин салдаг байжээ. Тэд эхнэрүүдээ хаяж, залуу эмэгтэйчүүдтэй юм уу Еховаг шүтдэггүй харийн бүсгүйчүүдтэй гэрлэдэг байв. Есүсийн үед ч израиль эрчүүд ханиасаа урваж «ямар нэг шалтгаанаар» салдаг байжээ (Мат. 19:3). Ехова Бурхан ийм салалтыг үзэн яддаг (Малахи 2:13–16-г уншина).

13 Ханийнхаа итгэлийг эвдэх явдал Бурхны ард түмний дунд байх ёсгүй боловч мэр сэр тохиолддог. Ийм явдалд хүлцэнгүй хандаж хэрхэвч болохгүй. Гэр бүлтэй Гэрч хүн бусдын нөхөр юм уу эхнэртэй явалдаж, тэр хүнтэйгээ гэрлэхийн тулд ханиасаа саллаа гэж бодъё. Хэрэв тэр Гэрч хийсэн хэрэгтээ гэмшихгүй бол хурлыг цэвэр ариун байлгахын төлөө түүнийг хурлаас хасна (1 Кор. 5:11–13). Эрхээ сэргээлгэе гэвэл «гэмшилд зохистой үр жимсийг бий болгосон» байх ёстой (Лук 3:8; 2 Кор. 2:5–10). Эрхийг нь сэргээх хугацааг нарийн ширийн заадаггүй. Гэхдээ ноцтой нүгэл үйлдсэн хүн үнэхээр гэмшсэнээ батлахад тодорхой хугацаа хэрэгтэй. Нэг юм уу түүнээс дээш жил ч болж мэднэ. Тухайн хүн эрхээ сэргээлгэсэн ч «Бурханы шүүх ширээний өмнө» тайлангаа тавих ёстой (Ром 14:10–12).

ГЭРЧ ХҮН ХАНИА СОНГОХДОО

14. Мосегийн хуулийн зорилго юу байсан бэ?

14 Израильчууд 1 500 гаруй жил Мосегийн хуулийг сахижээ. Гэр бүлийн болон бусад асуудлыг шийдэхдээ Бурхны тогтоосон хэм хэмжээг дагахад нь уг хууль тустай байв. Бас тэднийг Мессиа руу «хандуулах зааварлагч» болсон юм (Гал. 3:23, 24). Есүс нас барснаар Мосегийн хууль хүчингүй болсон бөгөөд Бурхан шинэ хууль өгчээ (Евр. 8:6). Мосегийн хуулиар зөвшөөрдөг байсан зарим зүйлийг уг хуульд хориглосон.

15. а) Христийн дагалдагчид гэрлэлтийн талаар ямар хэм хэмжээ баримтлах ёстой вэ? б) Гэрч хүн ямар тохиолдолд гэрлэлтээ цуцлуулж болох вэ?

15 Нэг өдөр фарисайчууд Есүсээс гэрлэлтийн талаар асуужээ. Гэр бүл салах нь Бурхны санаа зорилго байгаагүй ч Мосегийн хуулиар үүнийг зөвшөөрсөн гэдгийг Есүс тэдэнд хэлж өгсөн (Мат. 19:6–8). Гэрлэлтийн талаар Бурхны тогтоосон хэм хэмжээг дагалдагчид нь баримтлах ёстойг Есүсийн  хариулт тодорхой харуулж байна (1 Тим. 3:2, 12). Гэр бүлийн хоёр «нэг бие махбод» учраас хамт байх ёстой. Бурхныг болон бие биеэ хайрладаг бол үргэлж эв нэгдэлтэй байна. Садар самуунаас бусад шалтгаанаар салсан бол өөр хүнтэй гэрлэж болохгүй (Мат. 19:9). Завхайрсан нэгнийгээ гэмшвэл хань нь уучилж болох юм. Зөнч Хосеа хүртэл эхнэр Гомероо завхайрахад нь уучилсан шүү дээ. Ехова бас израильчуудыг бэлгэдлийн утгаар завхайраад гэмшихэд нь өршөөнгүй хандсан билээ (Хос. 3:1–5). Нэг зүйлийг сануулахад, хэрэв хүн нөхрөө эсвэл эхнэрээ завхайрсныг нь мэдсээр байж энгэр зөрүүлсэн бол түүнийг уучилсан гэсэн үг. Ийм тохиолдолд салбал Библийн зарчмыг зөрчсөн хэрэг болно.

16. Ганц бие байх талаар Есүс юу гэж хэлсэн бэ?

16 Бурхны жинхэнэ үйлчлэгчид садар самуунаас өөр шалтгаанаар салах ёсгүйг Есүс онцолсныхоо дараа ганц бие байх нь бэлэг гэдгийг хэлсэн. Тэрээр цааш нь «Үүнийг хүлээж авах чадвартай нэг нь хүлээн аваг» гэжээ (Мат. 19:10–12). Еховад хоёргүй сэтгэлээр үйлчлэхийн тулд ганц бие байхаар шийдсэн хүн олон бий. Тэднийг магтах учиртай.

17. Гэрч хүн гэрлэх эсэхээ шийдэхдээ юуг бодолцох ёстой вэ?

17 Гэрч хүн ганц бие явахын давуу талыг бүрэн ашиглаж чадах эсэхээ бодож байгаад гэрлэх үү, үгүй юү гэдгээ өөрөө шийдэх хэрэгтэй. Элч Паул ганц бие байхыг сайшаасан байдаг. Гэхдээ «Садар самуун байдалд орохгүйн тулд эр хүн бүр эхнэртэй, эмэгтэй хүн бүр нөхөртэй байг» гэжээ. Тэгээд цааш нь «Хэрэв тэд биеэ захирч чадахгүй бол гэрлэг. Учир нь шатаж байснаас гэрлэх нь илүү дээр» гэж зөвлөсөн. Гэрлэхээр шийдсэн бол нас бас чухал гэдгийг онцлон «Гэрлээгүй, бэлгийн дур хүслээ дарж чадахгүй яваа хүн бага залуу насаа өнгөрөөсөн бол гэрлэг. Үнэхээр хүсэж байгаа бол гэрлэг. Гэрлэх нь нүгэл биш» хэмээн Паул хэлжээ (1 Кор. 7:2, 9, 36, ШЕ; 1 Тим. 4:1–3). Залуу насанд бэлгийн дур хүсэл хүчтэй байдаг. Үүнээс болоод гэрлэх гэж яарах хэрэггүй. Гэр бүлээ аваад явах чадвартай болсон цагтаа л гэрлэх учиртай. Гэр бүлтэй болбол гар хангалга хийх, садар самуун үйлдэх зэрэг аюулаас хол байхад тустай нь үнэн. Гэхдээ ийм шийдвэр гаргахдаа болгоомжтой байх ёстой.

18, 19. а) Гэрч хүн гэрлэхдээ юуг анхаарах ёстой вэ? б) Дараагийн өгүүллээр юуны тухай үзэх вэ?

18 Гэрч хүн Еховад өөрийгөө зориулсан, Еховаг бүх зүрхээрээ хайрладаг хүнтэй л гэрлэх ёстой. Бас бие биедээ маш их хайртай байж, үргэлж хамт байхыг хүсэх учиртай. «Зөвхөн Эзэн дотор» гэрлэ гэсэн зөвлөгөөг ийнхүү дагасан тэднийг Ехова ивээх нь дамжиггүй (1 Кор. 7:39). Гэр бүл болсныхоо дараа ч Библийн зөвлөгөөг дагадаг бол нөхөр эхнэр хоёр жаргалтай амьдарна.

19 Бид «эцсийн өдрүүдэд» амьдарч байна. Жаргалтай хос байхыг хичээдэггүй, шаардлагатай зан чанарыг илэрхийлдэггүй хүмүүс олон байна (2 Тим. 3:1–5). Ийм саад бэрхшээл байдаг ч гэр бүлээ сайн сайхан авч явахад Библийн зарчмууд тус болно. Үүний ачаар мөнхийн амь руу хөтөлдөг замаар тууштай явж чадна. Энэ тухай дараагийн өгүүллээр үзнэ (Мат. 7:13, 14).