Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2016 оны 8 сар 

Иоханнэс Ройте дэлгэрүүлж байгаа нь, 1920-оод он бололтой

 МАНАЙ АРХИВААС

«Еховаг алдаршуулах жимс хурааж байна»

«Еховаг алдаршуулах жимс хурааж байна»

«Урьд нь болж байсан бүх дайн одоо Европт болж байгаа их дайны дэргэд юу ч биш». «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1915 оны 9 дүгээр сарын 1-ний дугаарт дэлхийн I дайныг ийнхүү дүрслэн бичжээ. Гуч шахам орныг хамарсан энэ дайнаас болж «зарим улс дахь, ялангуяа Герман, Франц дахь [Хаанчлалын] үйл хэрэгт саад тотгор учирч байна» гэж цааш нь бичжээ.

Дэлхий дахинд нүүрлэсэн аймшигт дайны үед Библи Судлаачид төвийг сахих зарчмыг бүрэн гүйцэд ойлгоогүй байлаа. Гэсэн ч сайн мэдээ тунхаглахаар эргэлт буцалтгүй шийджээ. Хаанчлалын үйл хэргийн төлөө чадах бүхнээ хийхийг хүссэн Вилхельм Хилдэбрант «Библи Судлаачдын сар тутмын танилцуулга»-ыг францаар захиалжээ. Тэрээр Францад амьдардаг герман цэрэг болохоос бус, ном түгээгч (бүрэн цагийн дэлгэрүүлэгч) биш байлаа. Цэргийн дүрэмт хувцастай дайсан нь амар тайвны мэдээ тунхаглаж байгааг хараад францууд гайхдаг байжээ.

Германы Библи Судлаачид цэргийн алба хааж байхдаа ч Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглах ирмүүн хүсэлтэй байсан нь «Харуулын Цамхаг»-т нийтлэгдсэн захидлуудаас тодорхой харагддаг. Тухайн үед тэнгисийн цэрэг байсан Лээмкэ, хамт ажилладаг таван хүн нь үнэнийг сонирхсоныг захидалдаа дурдаад «Усан онгоцон дээр хүртэл Еховаг алдаршуулах жимс хурааж байна» гэж бичжээ.

Георг Кайзер дайны талбарт цэрэг болж очсон ч Бурхны үйлчлэгч болчихоод гэртээ иржээ. Яагаад? Библи Судлаачдын хэвлэлийг олж уншаад үнэнийг хүлээж авсан учир бусдын өөдөөс буу шагайхаа больжээ. Тэгээд арын албанд үйлчлэх болов. Дайны дараа тэрээр байнгын эхлэгчээр олон жил үйлчилжээ.

Библи Судлаачид төвийг сахих талаар гүйцэд ойлгоогүй байсан ч дайныг дэмждэг хүмүүсээс үзэл бодол, үйл хэргээрээ эрс ялгарч байсан юм. Улс төрийн зүтгэлтнүүд, сүмийн удирдлагууд дайныг хөхүүлэн дэмжиж байхад тэд «Энхийн  Жононг» дэмжсэн (Ис. 9:6). Библи Судлаачдын зарим нь төвийг сахих байр суурийг чанд баримтлаагүй ч Коонрад Мөөртэртэй адилхан бодолтой байсан. Тэрээр: «Христийн дагалдагчид хүн алж болохгүйг би Бурхны Үгнээс тодорхой ойлгосон» гэж ярьжээ (Ег. 20:13). *

Хаанс Хөөлтерхоф энэ тэргээр «Алтан үе» сэтгүүлийг сурталчилдаг байсан

Германд шашны шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөх хууль байгаагүй тэр үед 20 гаруй Библи Судлаач цэргийн үйл ажиллагаанд оролцохоос татгалзаж байжээ. Тэдний заримыг, тухайлбал Густав Куяатыг сэтгэцийн өвчтэй гэж тодорхойлон сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлээд, унтуулах эм өгч байсан гэдэг. Хаанс Хөөлтерхофыг дайнтай холбоотой ямар ч ажлыг хийхгүй гэснийх нь төлөө шоронд хорьжээ. Шоронгийн хуягууд Хаансыг итгэл үнэмшлээс нь няцаахын тулд номхотгох цамцаар хөл гарыг нь бадайртал нь хүлжээ. Бууж өгөхгүй болохоор нь цаазлах бэлтгэл хийж сүрдүүлсэн байна. Гэлээ ч Хаанс буцаж няцаагүй юм.

Цэрэгт татагдсан Библи Судлаачид зэвсэг барихаас татгалзаж, арын албанд ажиллах хүсэлтээ өгдөг байв. * Иоханнэс Ройтэ тэдний нэг юм. Түүнийг төмөр замд ажиллуулахаар болжээ. Коонрад Мөөртэрийг асрагчаар, Райнхолд Вээбэрийг сувилагчаар томилсон. Август Краафциг галын шугаман дээр хуваарилагдаагүйдээ баярласан гэдэг. Библи Судлаачид бусдыг хайрлах, Бурханд үнэнч байх талаар өөрийн гэсэн ойлголтдоо түшиглэн Еховад үйлчлэхээр ийнхүү эргэлт буцалтгүй шийдсэн ажээ.

Библи Судлаачид дайнд оролцоогүйгээс болж эрх баригчдын хараанд өртсөн. Дайны дараах жилүүдэд Герман дахь Библи Судлаачид дэлгэрүүлэх ажлаасаа болж шүүх хуралд олон мянган удаа оролцжээ. Тэдэнд туслах зорилгоор тус улсын Магдебург дэх Бетелд хуулийн хэлтэс байгуулсан байна.

Еховагийн Гэрчүүд төвийг сахих талаар аажим аажмаар зөв ойлголттой болсон юм. Дэлхийн II дайн дэгдэхэд тэд цэрэг дайны үйл ажиллагаанд огт оролцоогүй. Ийнхүү төвийг сахиснаасаа болоод Герман улсын дайсан гэгдэж, харгис хавчлагын бай болжээ. «Манай архиваас» булангийн дараагийн өгүүлэлд энэ тухай өгүүлнэ (Төв Европ дахь манай архиваас).

^ д/м 7 Дэлхийн I дайны үед Их Британид амьдарч байсан Библи Судлаачдын талаар «Харуулын Цамхаг» сэтгүүлийн 2013 оны 5-р сарын 15-ны дугаарын «Манай архиваас» буланд нийтлэгдсэн.

^ д/м 9 Арын албанд үйлчлэх талаар «Шинэ Мянганы эхлэл» цувралын (1904 он) 6-р боть, «Сионы Харуулын цамхаг» сэтгүүлийн 1906 оны 8-р сарын дугаарт герман хэлээр гарчээ. Уг ойлголт өөрчлөгдсөнийг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1915 оны 9-р сарын дугаарт нийтэлж, цэргийн ажиллагаанд оролцохгүй байхыг Библи Судлаачдад уриалжээ. Энэ дугаар герман хэлээр гараагүй.

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БАЙНГА ТАВЬДАГ АСУУЛТ

Еховагийн Гэрчүүд улс төрийн асуудлаар яагаад төвийг сахидаг вэ?

Тэд үндэсний аюулгүй байдалд заналхийлдэг үү?