Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2016 оны 7 сар 

Яагаад «сонор сэрэмжтэй байх» ёстой вэ?

Яагаад «сонор сэрэмжтэй байх» ёстой вэ?

«Эзэн тань ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй» (МАТ. 24:42).

ДУУ: 136, 54

1. Цаг үеэ мэдэрч, эргэн тойронд маань юу болж байгааг анзаарах нь чухал байдгийг жишээгээр тайлбарлана уу (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

ЧУУЛГАНЫ хөтөлбөр эхлэх цаг боллоо. Хөтлөгч тайзан дээр гарч ирээд хүрэлцэн ирсэн бүх хүнтэй мэндчилж, хөгжим эгшиглэхэд бэлэн болсныг зарлав. Үзэгчид суудлаа эзлэх цаг хэдийнээ болсныг ойлголоо. Харуулын цамхаг нийгэмлэгийн найрал хөгжмийн тансаг аялгууг чимээгүй суугаад сонсонгоо хөтөлбөрөө анхаарахад ухаан санаа, зүрх сэтгэлээ бэлдэх хэрэгтэй. Гэтэл хөтлөгчийн үгийг сонсоогүй, хөгжим эгшиглэж эхэлснийг ч анзаарсан шинжгүй хэсэг хүн нааш цааш холхин, ярьж хөөрөлдөнө. Тэд сэрэмж алджээ. Цаг үеэ мэдрэхгүй, эргэн тойронд юу болж байгааг ч анзаарахгүй бол ямар аюултайг энэ жишээ тод томруун харуулж байна. Удахгүй болох хавьгүй чухал үйл явдалд бид бэлтгэлтэй байх ёстой учраас энэ жишээнээс сургамж авах нь зүйтэй. Ямар үйл явдал болох вэ?

2. Есүс шавь нартаа яагаад сонор сэрэмжтэй байхыг захисан бэ?

2 Есүс Христ шавь нартаа «үеийн төгсгөлийн» тухай ярьж байхдаа «Анхаар, сонор сэрэмжтэй байгтун. Учир нь  тэрхүү товлосон цаг хэзээ байхыг та нар мэдэхгүй» хэмээн анхааруулжээ. Дараа нь «Сонор сэрэмжтэй байгтун» гэж давтан хэлсэн (Мат. 24:3; Марк 13:32–37-г уншина). Есүс дагалдагчдадаа ийн анхааруулсныг «Матай» номд бас бичсэн байдаг. «Эзэн тань ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор сэргэг бай. ... Бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ» гэжээ. Тэгээд дахин «Та нар соргог бай. Учир нь та нар тэр өдрийг ч, цагийг ч мэдэхгүй» хэмээн айлдсан байдаг (Мат. 24:42–44; 25:13).

3. Есүсийн сануулгыг бид яагаад анхаарах хэрэгтэй вэ?

3 Еховагийн Гэрчүүд Есүсийн анхааруулгад нухацтай ханддаг. Одоо эцсийн өдрүүдийн хамгийн эгзэгтэй цаг бөгөөд «агуу их гай гамшиг» эхлэхэд маш бага хугацаа үлдээд байна (Дан. 12:4; Мат. 24:21). Есүсийн зөгнөсөн ёсоор дэлхий даяар хөнөөлт дайн тулаан болж, ёс журамгүй явдал, хууль бус байдал гаарч, хуурамч шашнууд дэлгэрч, хоол хүнс хомсдож, өвчин тахал дэгдэж, энд тэндгүй газар хөдөлж байна. Еховагийн ард түмэн газар сайгүй явж Хаанчлалын тухай сайн мэдээг түгээж байна (Мат. 24:7, 11, 12, 14; Лук 21:11). Эзэн Есүс хүрч ирээд Эцгийнхээ санаа зорилгыг гүйцэлдүүлэх цагийг бид тэсэн ядан хүлээдэг (Марк 13:26, 27).

ТОВЛОСОН ЦАГ ОЙРТОЖ БАЙНА!

4. а) Хармагедон хэзээ болохыг Есүс яагаад мэдэж байгаа вэ? б) Агуу их гай гамшиг хэзээ эхлэхийг бид мэдэхгүй ч юунд итгэлтэй байж болох вэ?

4 Бид чуулганы хөтөлбөрийн хэсэг бүрийн эхлэх цагийг мэддэг. Гэхдээ хэчнээн хичээгээд ч агуу их гай гамшиг эхлэх өдөр цагийг, тэр байтугай хэдэн онд эхлэхийг мэдэхгүй. Есүс дэлхийд байхдаа «Тэр өдөр, цагийн тухайд хэн ч мэдэхгүй. Тэнгэрийн элч ч, Хүү ч мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ» хэмээн хэлж байсан билээ (Мат. 24:36). Одоо тэрээр тэнгэрт эрх мэдэлтэй Нэгэн болсон бөгөөд Сатаны ертөнцийн эсрэг дайн хийхэд бэлэн байгаа (Илч. 19:11–16). Тийм болохоор Хармагедон хэзээ болохыг Есүс мэдэж байгаа гэж үзэх нь зүйд нийцнэ. Харин бид яг таг мэдэхгүй. Тиймээс агуу их гай гамшиг болтол сонор сэрэмжтэй байх ёстой. Тэр өдөр цагийг Ехова товлосон. Өдөр ирэх тусам улам ойртож байна. «Энэ нь хоцролгүй заавал ирнэ» (Хабаккук 2:1–3-ыг уншина). Яагаад итгэж болох вэ?

5. Еховагийн зөгнөл яг цагтаа биелдгийг харуулах жишээ хэлнэ үү.

5 Еховагийн хэлсэн зөгнөл хэзээд товлосон цагтаа биелдэг! Жишээ болгон израильчуудыг Египетээс чөлөөлсөн цаг хугацааг аваад үзье. Тэд МЭӨ 1513 оны нисан сарын 14-нд чөлөөлөгдсөн билээ. Мосе энэ тухай бичихдээ «Дөрвөн зуун гучин жилийн эцэст, яг энэ өдөр ЭЗЭНий бүх цэргүүд Египетийн нутгаас гарав» гэжээ (Ег. 12:40–42). Еховагийн, Абрахамтай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр болсон МЭӨ 1943 оноос энэхүү «дөрвөн зуун гучин жил» эхэлсэн (Гал. 3:17, 18). Дараа нь Ехова Абрахамд «Чиний үр удмынхан өөрсдийнх нь бүс нутагт харь хүмүүс болоод, дөрвөн зуун жилийн турш зарцлагдаж, дарлагдах болно гэдгийг баттай мэдэж ав» хэмээн айлджээ (Эх. 15:13; Үйлс 7:6). Хөхнөөс гарч байсан Исаакийг Ишмаелд доромжлуулж байхад буюу МЭӨ 1913 онд «дөрвөн зуун жил» эхэлсэн. Израильчуудыг Египетээс гарч явахад буюу МЭӨ  1513 онд дууссан (Эх. 21:8–10; Гал. 4:22–29). Ехова ард түмнийхээ чөлөөлөгдөх цагийг дөрвөн зууны өмнө товлосон байх нь ээ.

6. Ехова ард түмнээ аварна гэдэгт яагаад итгэж болох вэ?

6 Египетээс гарсан израильчуудын нэг болох Иошуа элэг нэгтнүүддээ «Бурхан ЭЗЭНий тань та нарын тухайд айлдсан бүх сайн үгсээс нэг нь ч бүтэлгүйтэж унаагүй, нэг нь ч хөсөрдөөгүй, бүгд биелсэн гэдгийг та нар бүх зүрх, бүх сэтгэлээрээ мэдэж байгаа» хэмээн сануулжээ (Иош. 23:2, 14). Агуу их гай гамшгаас аварна хэмээсэн Еховагийн амлалт хэзээ ч хөсөрдөхгүй гэдэгт бид бас итгэлтэй байж болно. Гэхдээ ертөнцийн сүйрлийг эсэн мэнд давъя гэвэл сонор сэрэмжтэй байх ёстой.

СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙВАЛ ЭСЭН МЭНД ҮЛДЭНЭ

7, 8. а) Харуул ямар үүрэгтэй байсан бэ? Тэднээс юу сурах вэ? б) Харуул ажлын байрандаа унтвал юу болох вэ? Жишээ хэлнэ үү.

7 Эрт цагт хотыг хамгаалдаг байсан харуулуудаас сурах юм их бий. Тэр үед Иерусалим шиг том том хотууд өндөр хана хэрэмтэй байжээ. Энэ нь эзлэн түрэмгийлэгчдээс оршин суугчдыг хамгаалахаас гадна дээр нь зогсоод эргэн тойрноо харахад тохиромжтой байлаа. Харуулууд хэрмэн дээр болон хаалганы хажууд өдөр шөнөгүй зогсох ба оршин суугчдыг аюулаас сэрэмжлүүлэх үүрэгтэй байв (Ис. 62:6). Харуул хүн сонор сэрэмжтэй байж, юу болж байгааг анхааралтай ажиглах нь амь настай холбоотой чухал асуудал байсан (Езе. 33:6).

8 Иудейн түүхч Иосеф МЭ 70 онд болсон үйл явдлыг бичжээ. Тэгэхэд хаалганы дэргэдэх харуулууд унтаж байсан учраас Ромын цэргүүд Иерусалимын хэрмийн Антониа цамхгийг эзлэн авсан ажээ. Тэгээд цааш нэвтрэн сүм рүү очин гал тавьж Иерусалим хотын үлдсэн хэсгийг үнсэн товрог болгосон. Энэ бол иудей үндэстний үзэж туулсан хамгийн агуу гамшгийн төгсгөл байсан юм.

9. Өнөөдөр ихэнх хүн юуг мэдэхгүй байгаа вэ?

9 Өнөө үед ихэнх улс оронд хилийн цэрэг, дэвшилтэт техник технологи «харуулын» үүрэг гүйцэтгэж байна. Энэ харуулууд газар нутагт нь халдсан, үндэсний аюулгүй байдалд нь заналхийлсэн дайсан этгээд байгаа эсэхийг харж ажиглаж байдаг. Хэдийгээр тэд хүний байгуулсан засгийн газрууд юм уу хүмүүсийг олж хардаг ч тэнгэрт байдаг Христ тэргүүтэй илүү хүчирхэг засгийн газар үйл ажиллагаагаа явуулж байгааг анзаардаггүй. Бас тун удахгүй бүх засгийн газрын эсрэг дайн хийж шүүлт явуулах гэж байгааг мэддэггүй (Ис. 9:6, 7; 56:10; Дан. 2:44). Хэрэв бид сүнслэгээр унталгүй, сонор сэрэмжтэй байвал тэрхүү шүүлтийн өдрийг хэзээ ч ирэхэд бэлэн байж чадна (Дуу. 130:6).

АНХААРАЛ САРНИУЛАХ ЗҮЙЛЭЭС СЭРЭМЖИЛ

10, 11. а) Бид юунаас болгоомжлох ёстой вэ? Яагаад? б) Библийн зөгнөлийг олон хүн үл тоомсорлож байгаа нь Диаволын нөлөөнд автсаных гэхийн учир юу вэ?

10 Нэг харуул ажлын байрандаа цурам хийлгүй хонолоо гэж бодъё. Тэгтэл манааны ээлж дуусахын алдад нойрондоо дийлдээд унтаад өгөв. Үүнтэй адил, энэ тогтолцооны төгсгөл ойртох тусам сэргэг байхад улам төвөгтэй болно. Хэрэв бид сонор сэрэмж алдаад  унтаад өгвөл хэчнээн харамсалтай вэ! Биднийг сүнслэгээр зүүрмэглүүлж мэдэх гурван зүйлийн тухай ярилцъя.

11 Диавол хүмүүсийг бүүвэйлдэг. Есүс нас барахаасаа өмнөхөн шавь нартаа «энэ ертөнцийн захирагчид» мэхлүүлэхээс болгоомжлохыг гурван удаа анхааруулжээ (Иох. 12:31; 14:30; 16:11). Диавол хүмүүсийн «бодол санааг сохолж» ирээдүйн тухай Бурхны хэлсэн зөгнөлүүд чухал гэдгийг мартуулахыг хүсдэг (Зеф. 1:14). Хүмүүсийг мэхлэхдээ хуурамч шашнуудыг ашигладаг. Та хүмүүстэй ярилцаж байхдаа нэг зүйлийг анзаардаг уу? Диаволд бодол санаагаа сохлуулсан хүмүүс энэ тогтолцооны төгсгөл болох гэж байгааг төдийгүй Христ одоо захирч байгаа гэсэн баримтыг үл тоомсорлож байгаа биз? (2 Кор. 4:3–6). «Би сонирхдоггүй» гэж хэлэхийг та хэр олон сонссон бэ? Энэ ертөнцийн төгсгөл ойртож байгааг хэлэх гэхлээр ихэнх хүн үл ойшоодог.

12. Бид юуг мэддэг учраас Диаволд мэхлүүлж болохгүй вэ?

12 Хүмүүс тоомжиргүй хандлаа гээд сэтгэлээр бүү унаарай. Яагаад гэдгийг та сайн мэдэж байгаа. Паул итгэл нэгтнүүддээ «Эзэний өдөр нь шөнөөр ирэх хулгайч мэт ирэхийг та нар өөрсдөө маш сайн мэддэг» гэж бичжээ (1 Тесалоник 5:1–6-г уншина). Есүс: «Та нар ... бэлэн байгтун. Та нарын бодоогүй цагт чинь Хүний Хүү хүрч ирнэ» хэмээн анхааруулсан (Лук 12:39, 40). Удахгүй Сатан бүх ард түмнийг мэхэлж «амар тайван, аюулгүй байдал» ноёлж байна гэж бодуулахыг оролдоно. Дэлхий даяар бүх юм сайн сайхан байна гэж хүмүүс итгэнэ. Тэгтэл гэнэт Еховагийн өдөр ирж бүгд хүнд цохилтод орно. Харин бид яах вэ? Тэр өдөр бусад шиг мэхлэгдэлгүй бэлэн байя гэвэл одооноос «сэргэг бөгөөд эрүүл ухаантай байх» шаардлагатай. Ингэхийн тулд Бурхны Үгийг өдөр бүр уншиж, Еховагийн юу хэлснийг эргэцүүлэн бодох хэрэгтэй.

13. Ертөнцийн сүнс хүн төрөлхтөнд хэрхэн нөлөөлж байна вэ? Бид энэ аюулаас хол байхын тулд яах вэ?

13 Ертөнцийн сүнс «унтуулдаг». Өнөөдөр олон хүн амьдралын аар саар зүйлд автаад Бурхны тухай мэдэхийг ч хүсдэггүй (Мат. 5:3). Үүнийхээ оронд ертөнцийн өгдөг бүхнийг олж авахын  төлөө хүч чадал, цаг заваа зориулдаг (1 Иох. 2:16). Хүнийг зугаацуулж, сэтгэл баясгах зүйл урьд хожид байгаагүй их болж, «зугаа цэнгэлийг хайрла», юу л хүснэ, түүнийгээ хий хэмээн уриалж байна (2 Тим. 3:4). Энэ бүхнээс болж хүмүүс сүнслэгээр унтаад илүү чухал зүйлийг анхаардаггүй. Тийм учраас Паул бидэнд «Хүсэл тачаалынх нь талаар махан биеийг юугаар ч бүү ханга» хэмээн зөвлөжээ (Ром 13:11–14).

14. Лук 21:34, 35-д ямар сэрэмжлүүлэг байдаг вэ?

14 Бид ертөнцийн сүнсээр бус, Бурхны сүнсээр удирдуулахыг хүсдэг. Удахгүй болох үйл явдлыг сайтар ойлгож ухаарахад маань Ехова ариун сүнсээрээ тусалдаг. [1] (1 Кор. 2:12). Гэхдээ бид болгоомжтой байх ёстой. Хүн зөвхөн ер бусын зүйлээс болоод сүнслэгээр нойрмоглодог юм биш ээ. Амьдралд байдаг жирийн зүйл ч гэсэн анхаарал сарниулдаг талтай (Лук 21:34, 35-ыг уншина). Түүнээс гадна биднийг сонор сэрэмжтэй байлаа гэж хүмүүс доог тохуу хийдэг (2 Петр 3:3–7). Тэглээ гээд сэтгэлээр унаж, сэрэмж алдахгүй байцгаая. Харин Бурхны сүнс байдаг цуглаандаа тогтмол явж, итгэл нэгтнүүдтэйгээ уулзаж байцгаая.

Сүнслэгээр сэргэг байхад хэрэгтэй бүхнийг та хийж байгаа юу? (11–16-р догол мөрийг үзнэ үү)

15. Петр Иаков Иохан нар яасан бэ? Бид яавал тэдний алдааг давтах вэ?

15 Сонор сэрэмжтэй байхад төгс бус байдал маань саад болж мэднэ. Хүмүүс төгс бус учраас сул дорой махан биедээ дийлдчихээд байдгийг Есүс ойлгодог байсан. Есүсийг цаазлагдахын өмнөх шөнө юу болсныг үзье. Тэрээр үнэнч байхын тулд тэнгэрийн Эцгээсээ тусламж гуйх хэрэгтэй байлаа. Залбирахаар явахдаа Петр Иаков Иохан гурваас унталгүй хүлээж байхыг гуйдаг. Тэд Эзнийхээ гуйлтыг биелүүлж чадалгүй махан биедээ захирагдаад унтчихдаг. Харин Есүс бие махбод нь ядарч байсан ч нойрондоо дийлдэлгүй сэргэг байж Эцэгтээ шаргуу залбирчээ. Нөхөд нь бас ингэх ёстой байсан юм (Марк 14:32–41).

16. Лук 21:36-д бичсэнээр сэргэг байхын тулд яах ёстой вэ?

16 Сүнслэгээр «ямагт сэргэг байна» гэдэг нь зөв юм хийх оргилуун хүсэлтэй байхыг хэлнэ. Гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй. Юу хийх хэрэгтэйг Есүсийн хэлсэн үгнээс мэдэж болно. Тэрээр нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө шавь нартаа «Залбир» хэмээн захижээ (Лук 21:36-г уншина). Бид бас сүнслэгээр сэргэг байхын тулд байнга залбирах хэрэгтэй (1 Петр 4:7).

СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙ

17. Ойрын ирээдүйд болох үйл явдалд бэлэн байхын тулд яах хэрэгтэй вэ?

17 Төгсгөл «та нарын бодоогүй цаг мөчид» ирнэ гэж Есүс хэлсэн болохоор одоо бол сүнслэгээр зүүрмэглэх цаг биш. Бас Сатан болон энэ ертөнцийн санал болгодог хий хоосон зүйлийн хойноос явах юм уу хүслээ дагах цаг ч биш ээ (Мат. 24:44). Ехова Есүс хоёр бидэнд хэрхэн сонор сэрэмжтэй байх хэрэгтэйг Библиэрээ хэлж өгдөг. Тиймд бид Библийн зөгнөлүүдэд анхаарлаа хандуулж, Еховатай дотно байж, Хаанчлалын үйл хэргийг эн тэргүүнд тавих шаардлагатай. Цаг үеэ мэдэрч, одоо болж буй үйл явдлыг ухаарч амьдарвал удахгүй болох зүйлд бэлэн байж чадна (Илч. 22:20). Бидний амь нас дээсэн дөрөөн дээр байна!

^ [1] (14-р догол мөр) «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2012 оны 9-р сарын 15-ны дугаарын 3–7-р хуудсыг үзнэ үү.