«[Бурхны] хаанчлалыг хайгтун. Эдгээр зүйл та нарт нэмэгдэх болно» (ЛУК 12:31).

ДУУ: 40, 44

1. Хүсэл хэрэгцээ хоёр ямар ялгаатай вэ?

ХҮНИЙ хэрэгцээт зүйл тоотой хэдий ч хүсэл шунал нь хязгааргүй гэж ярилцах нь бий. Хүсэл хэрэгцээ хоёрын ялгааг олон хүн ойлгодоггүй. Тэгвэл ямар ялгаатай вэ? «Хэрэгцээ» гэдэг нь хоол хүнс, хувцас хунар, гэр орон гээд таны амьдралд зайлшгүй байх ёстой зүйл юм. Харин «хүсэл» гэдэг нь таны авахыг хүсэж буй зүйлийг хэлдэг. Гэхдээ тэр зүйлгүйгээр та амьдарч чадна.

2. Хүмүүс юутай болохыг хүсдэг вэ?

2 Хүмүүс хаана амьдардгаасаа шалтгаалж янз бүрийн зүйлийг хүсдэг. Хөгжиж буй орнуудад гар утас, машин, байр худалдаж авахад хүрэлцэхүйц мөнгөтэй болохыг л хүсдэг байхад, чинээлэг орнуудад чамин тансаг хувцасны шүүгээ, том хаус, тэнгэрт хадсан үнэтэй машин авахыг чухалчилдаг байх жишээтэй. Аль нь ч аюултай. Зайлшгүй хэрэгтэй юү, үгүй юү, авч чадах уу, үгүй юү гэдгээс хамаарахгүйгээр илүү их юмтай болохыг хүсээд эд хөрөнгийг чухалчлах үзэлд автаж болзошгүй.

 ЭД ХӨРӨНГИЙГ ЧУХАЛЧЛАХААС БОЛГООМЖИЛ

3. Эд хөрөнгийг чухалчлах үзэл гэж юу вэ?

3 Эд хөрөнгийг чухалчлах үзэл гэж юу вэ? Бурхантай тогтоосон харьцаагаа бус, харин мөнгө төгрөг, эд материалыг л үргэлж бодохыг хэлнэ. Энэ үзэл хүний хүсэл мөрөөдөл, амьдралдаа юуг чухал гэж үздэгээс үүдэн бий болдог. Ийм үзэлд автвал асар их эд хөрөнгөтэй болох гэсэн хүсэл оргилно. Мөнгөтэй хүн л энэ урхинд ордог юм биш ээ. Ядуу хүн ч урхидуулдаг. Тэгээд Хаанчлалыг эхлээд хайхаа больдог (Евр. 13:5).

4. Сатан «нүдний хүсэл тачаалыг» хэрхэн өдөөдөг вэ?

4 Сатан эрх мэдэлдээ байдаг худалдаа бизнесийн тогтолцоог ашиглаад хүмүүсийн толгойг эргүүлэхийг оролддог. Эд хөрөнгө хураавал илүү жаргалтай амьдарна гэж итгүүлэхийн тулд «нүдний хүсэл тачаалыг» өдөөхдөө гарамгай (1 Иох. 2:15–17; Эх. 3:6; Сур. 27:20). Энэ ертөнц тансаг чамин, хэрэгтэй хэрэггүй, сэтгэл татам, нүд булаам зүсэн бүрийн зүйлийг санал болгодог. Та зар сурталчилгаа хараад эсвэл дэлгүүрийн үзмэрт татагдаад ямар нэг зүйлийг худалдан авсан ч, дараа нь тэр зүйлгүйгээр амьдарч чадах байснаа ойлгосон удаа бий юү? Зайлшгүй шаардлагагүй тэдгээр зүйл хүний амьдралыг улам л төвөгтэй, дарамттай болгодог. Хэрэв бид тийм урхинд орвол Библи судлах, цуглаандаа бэлдэж идэвхтэй оролцох, тогтмол дэлгэрүүлэх зэрэг хэвшлээ алдана. Элч Иохан: «Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө» гэж анхааруулсныг санаарай.

5. Илүү их эд хөрөнгөтэй болох гэж хамаг хүч чадлаа барвал юу болох вэ?

5 Сатан биднийг Ехова Бурхны биш, эд баялгийн боол болоосой гэж хүсдэг (Мат. 6:24). Эд хөрөнгөний хойноос үхэн хатан явбал амьдрал маань утга учиргүй болно. Мөнгө төгрөгтэй холбоотой асуудал тулгарна, гуньж цөхөрнө. Эсвэл бүр Бурхнаас холдоно (1 Тим. 6:9, 10; Илч. 3:17). Энэ нь Есүсийн ярьсан тариачны тухай сургаалт зүйрлэлд гардагтай төстэй юм. Хаанчлалын тухай мэдээ «хогийн ургамлын дунд унахад» «бусад зүйлсийг хүсэх хүсэл нь үгийг шахан зайлуулна». Тэгээд «тэр нь үр жимсгүй болдог» (Марк 4:14, 18, 19).

6. Барухаас ямар сургамж авах вэ?

6 Зөнч Иеремиагийн бичээч Барух гэдэг хүний тухай бодоод үзье. Зөгнөсөн ёсоор Иерусалим устгагдах дөхөж байлаа. Гэтэл Барух «өөртөө агуу зүйлсийг» хайдаг болжээ. Тэр нь үүрдийн ашиг тус өгөхөөргүй байлаа. Уг нь Барух нэг л зүйлийг буюу Еховагийн амласан зүйлийг авна гэж найдан хүлээх ёстой байв. Энэ нь юу вэ? Ехова түүнд «Би чиний амийг чамд олз болгон өгнө» гэж амласан билээ (Иер. 45:1–5). Хотын дотор байсан хүмүүсийн эд хөрөнгийг Бурхан хамгаалаагүй. Бүгд устгагдсан (Иер. 20:5). Өнөөгийн тогтолцооны төгсгөл улам ойртож байгаа энэ үед эд хөрөнгөө арвижуулах нь тохиромжгүй. Агуу их гай гамшгийг бид өөрсдөө л эсэн мэнд давна уу гэхээс, одоо байгаа үнэтэй цайтай, эрхэм нандин бүхнээ авч гарна гэж бодох хэрэггүй (Сур. 11:4; Мат. 24:21, 22; Лук 12:15).

7. Одоо юу үзэх вэ? Яагаад?

7 Өөр зүйлд сатаарахгүйгээр, эд хөрөнгөнд шунахгүйгээр, хий дэмий санаа зовохгүйгээр амьдралын наад захын хэрэгцээгээ хангахад тустай зөвлөгөөг Есүс өгчээ. Энэ зөвлөгөө нь «Ууланд айлдсан номлол»-д бий (Мат. 6:19–21). Одоо Матай 6:25–34-ийг уншаад дүн шинжилгээ хийцгээе. Эд зүйлийг  бус, «хаанчлалыг хайх» ёстойг эндээс мэдэж авъя (Лук 12:31).

ЕХОВА НААД ЗАХЫН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАДАГ

8, 9. а) Одоо хэрэгтэй байгаа зүйлийнхээ талаар яагаад тэгтлээ их санаа зовох хэрэггүй вэ? б) Есүс юу мэддэг байсан бэ?

8 Матай 6:25-ыг уншина. Есүс: «Амийнхаа төлөө ... бүү санаа зов» хэмээн яриаг нь сонсож суугаа хүмүүст зөвлөсөн. Тэд зовох ёсгүй юманд санаагаа зовоодог байжээ. Тийм учраас Есүс санаа зовохоо боль гэж хэлсэн ажээ. Энэ нь ч учиртай. Ямар ч зүйлийн төлөө, тэр байтугай наад захын хэрэгцээнийхээ төлөө хий дэмий санаа зовоод байвал сэтгэл хоёрдож, амьдралын илүү чухал асуудал буюу Еховатай тогтоосон харьцаагаа анхаарахаа больдог. Энэ нь үнэхээр ноцтой аюул учраас Есүс шавь нартаа дөрвөн удаа сэрэмжлүүлжээ (Мат. 6:27, 28, 31, 34).

9 Есүс бидэнд юу идэх билээ, юу уух билээ, юу өмсөх билээ гэж санаа зовох хэрэггүй гэж зөвлөсний учир юу вэ? Бидний амьдралын хамгийн наад захын хэрэгцээт зүйл биш гэж үү? Хоол унд, хувцас хунаргүй бол өөрийн эрхгүй санаа зовохгүй гэж үү? Тэгэлгүй яах вэ. Есүс ч үүнийг мэдэж байсан. Хүмүүст өдөр тутам юу хэрэгтэй байдгийг Есүс сайн мэднэ. Түүнээс гадна хэдэн зууны дараа «эцсийн өдрүүдэд амьдрах» шавь нар нь хүнд бэрхийг амсана гэдгийг ч мэдэж байсан (2 Тим. 3:1). Ажилгүйдэл, инфляц, хоол хүнсний хомсдол, ядуурал олон хүнийг нэрвэнэ гэдгийг ойлгож байсан ч Есүс: «Амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү» гэж хэлжээ.

10. Есүс хэрхэн залбирахыг дагалдагчдадаа заахдаа хамгийн түрүүнд юу гэж хэлээрэй гэсэн бэ?

10 Тэнгэрийн Эцгээрээ махан биеийн хэрэгцээгээ хангуулахын тулд «Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч» хэмээн залбирч байхыг Есүс номлолынхоо эхэнд айлджээ (Мат. 6:11). Бас нэг удаа яаж залбирахыг шавь нартаа заахдаа «Өдөр тутмын минь талхыг өдөр бүр бидэнд өгөөч» гэж хэлж байхыг захисан байдаг (Лук 11:3). Гэхдээ бид бие махбодын хэрэгцээнийхээ тухай л бодоод байна гэсэн үг биш юм. Бурхны Хаанчлал ирээсэй гэж хамгийн түрүүнд залбирах ёстойг Есүс хэлж өгсөн (Мат. 6:10; Лук 11:2). Тэрээр номлолыг нь сонсож суугаа хүмүүсийн санааг амраахын тулд Ехова хэрэгтэй бүхнээр хангадгийг дараа нь онцлон ярьжээ.

11, 12. Ехова тэнгэрийн шувуудад санаа тавьдгийг бодож үзвэл бид юу ойлгох хэрэгтэй вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

11 Матай 6:26-г уншина. Бид «тэнгэрийн шувуудыг» нарийн ажиглах хэрэгтэй. Тэд жижигхэн атлаа маш их үр жимс, хорхой шавжаар хооллодог. Биеийн жинг нь бодвол тэд хүнээс хамаагүй их иддэг. Гэлээ ч газар хагалж, тариа тарих шаардлага тэдэнд байдаггүй. Ехова хэрэгтэй бүхнийг нь өгдөг (Дуу. 147:9). Мэдээж аманд нь хоол хийж өгдөг гэсэн үг биш л дээ! Шувууд хоолоо өөрсдөө хайж олох хэрэгтэй. Тэглээ ч хоол хүнс нь элбэг дэлбэг байдаг.

12 Тэнгэрийн Эцэг нь шувуудыг тэжээдэг атлаа хүний үндсэн хэрэгцээг хангахгүй гэвэл Есүсийн хувьд ухаан санаанд нь багтамгүй явдал болох байлаа. [1] (1 Петр 5:6, 7). Ехова бидний аманд хоол хийж өгөхгүй. Гэхдээ бид үр тариа тарьж эсвэл өдөр тутмын хэрэгцээнийхээ зүйлийг худалдаж авах мөнгөтэй болох гэж хичээвэл Ехова ивээх нь дамжиггүй. Гачигдалтай хүнд элбэг хангалуун нэгнээр  туслуулж болох юм. Ехова тэнгэрийн шувуудад үүр барьж өгдөггүй ч үүр барих зөн, чадвар, бас үүр барихад хэрэгтэй материалыг өгсөн. Үүнтэй адил, орон гэртэй болоход маань бидэнд тусалж чадна.

13. Бид шувуунаас илүү үнэ цэнтэйг юу баталдаг вэ?

13 Яриаг нь сонсож суугаа хүмүүсээс Есүс: «Та нар [тэнгэрийн шувуудаас] үлэмж илүү үнэ цэнэтэй биш үү?» хэмээн асуухдаа хүн төрөлхтний төлөө удахгүй амиа өгөх тухайгаа бодож байсан биз ээ (Лук 12:6, 7-той харьцуулаарай). Христийн золиос амьтдад зориулагдаагүй. Тэрээр тэнгэрийн шувуудын төлөө нас эцэслээгүй. Харин хүмүүс биднийг үүрд жаргалтай амьдруулахын тулд амиа өгсөн билээ (Мат. 20:28).

14. Хүн яах ёсгүй вэ?

14 Матай 6:27-г уншина. Энэ зүйлийг Библийн зарим орчуулгад «Та нарын хэн чинь санаа зовоод насаа жаахан ч гэсэн уртасгаж чадах билээ?» гэсэн байдаг. Есүс яагаад ингэж хэлсэн бэ? Өдөр тутмын хэрэгцээнийхээ төлөө хий дэмий санаа зовоод байвал насаа уртасгах биш, харин ч богиносгох биз ээ.

15, 16. а) Ехова талын сараана цэцэгт санаа тавьдаг гэж бодвол юу ойлгох хэрэгтэй вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй). б) Өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ? Яагаад?

15 Матай 6:28–30-ийг уншина. Дэлгэрүүлэхдээ, цуглаан, чуулганд суухдаа сайхан хувцаслахыг хүсэхгүй хэн байх билээ? Гэхдээ «хувцас хунарт санаа зовох» хэрэгтэй юү? Есүс мөн л  Еховагийн бүтээл рүү бидний анхаарлыг хандуулж байна. Энэ удаа бид «талын сараана» цэцгээс их зүйлийг сурч болно. Есүс сараантан овгийн хонгорзул, хэлгий цэцэг, цахилдаг, алтанзул цэцгийг бодож байсан байх. Энэ цэцэгнүүд утас ээрч, өөртөө хувцас оёж хатгадаггүй мөртлөө дэлбээ нь хэчнээн гоёмсог гээч! Үнэндээ «Соломон хаан ч сүр жавхлантай байхдаа эдгээр цэцэгсийн аль нэг шиг хувцаслаагүй юм».

16 Есүсийн хэлсэн үгийн гол санааг анхаараарай. «Хээрийн өвсийг Бурхан ийнхүү гоёдог бол, та нарын төлөө Тэр түүнээс хавьгүй илүүг хийхгүй гэж үү, итгэл багатай хүмүүс ээ?» гэсэн. Тийм ээ, хавьгүй ихийг хийх нь гарцаагүй! Гэвч Есүсийн шавь нар итгэл багатай байсан (Мат. 8:26; 14:31; 16:8; 17:20). Еховад илүү их итгэж найддаг болох хэрэгтэй байлаа. Тэгвэл бидний итгэл ямар вэ? Ехова хэрэгтэй бүхнийг маань өгч чадна, өгөхийг хүсдэг гэдэгт бат итгэдэг үү?

17. Яавал Еховатай тогтоосон харьцаандаа сэв суулгаж мэдэх вэ?

17 Матай 6:31, 32-ыг уншина. Бид «харь үндэстнүүдийг» дуурайх учиргүй. Тэд хайр халамжтай тэнгэрийн Эцэгт маань итгэдэггүй. Хаанчлалыг амьдралынхаа эн тэргүүнд тавьдаг хүмүүст Ехова санаа тавина гэж боддоггүй. Хэрэв бид тэдний «чармайн хайдаг» бүхнийг цуглуулах гэж оролдвол Еховатай тогтоосон харьцаандаа сэв суулгах аюултай. Харин хийх ёстой юмаа буюу Хаанчлалын үйл хэргийг гол зорилгоо болгож амьдарвал Ехова бидэнд сайн сайхан бүхнийг харамгүй өгнө гэдэгт эргэлзэх хэрэггүй.  Бурхандаа чин үнэнч хүн хоол хүнс, хувцас хунар, орон байрандаа сэтгэл хангалуун байдаг (1 Тим. 6:6–8).

ТА БУРХНЫ ХААНЧЛАЛЫГ ЭН ТЭРГҮҮНД ТАВЬДАГ УУ?

18. Ехова бидний юуг нарийн мэддэг вэ? Бидний төлөө юу хийх вэ?

18 Матай 6:33-ыг уншина. Христийн шавь нар юуны түрүүнд Хаанчлалыг боддог байх ёстой. Ингэдэг бол Есүсийн хэлснээр бусад бүх зүйлийг бидэнд «нэмж өгөх болно». Есүс яагаад тэгж хэлсэн бэ? Өмнөх зүйлд нь «Тэнгэрлэг Эцэг тань та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм» гэжээ. «Энэ бүхэн» гэдэг нь хүний амьдралд шаардлагатай бүх зүйл юм. Бидэнд хоол хүнс, хувцас хунар, гэр орон хэрэгтэй байгааг Ехова биднээс түрүүлээд мэдэж чадна (Флп. 4:19). Аль хувцас маань элэгдэж байгааг, ямар хоолны дэглэм барих хэрэгтэйг, ямар гэр орон тохиромжтойг Ехова мэддэг. Бидэнд үнэхээр хэрэг болоод байгаа зүйлийг Ехова өгнө.

19. Ирээдүйн талаар яагаад санаа зовох хэрэггүй вэ?

19 Матай 6:34-ийг уншина. Есүс хоёр дахь удаагаа «Бүү санаа зов» гэж хэлэхдээ тухайн өдрийнхөө талаар л бодоосой, Еховаг тусална гэдэгт бүрэн итгээсэй гэж хүсжээ. Ирээдүйд болох зүйлийн талаар хэтэрхий их зовоод байвал Бурханд бус, өөртөө найдаж байна гэсэн үг. Үүнээс болоод Еховатай тогтоосон харьцаанд сэв сууна (Сур. 3:5, 6; Флп. 4:6, 7).

ЭХЛЭЭД ХААНЧЛАЛЫГ ХАЙ, БУСДЫГ НЬ ЕХОВА ӨГНӨ

Та Хаанчлалыг анхаарахын тулд энгийн амьдарч чадах уу? (20-р догол мөрийг үзээрэй)

20. а) Еховад түлхүү үйлчлэхийн тулд ямар зорилго тавьж болох вэ? б) Та амьдралаа энгийн болгохын тулд юу хийж чадах вэ?

20 Эд хөрөнгөтэй болохын төлөө Хаанчлалын үйл хэргийг хойш тавих нь ашиггүй. Харин үүний оронд Еховатай дотносох зорилго тавих хэрэгтэй. Жишээ нь та дэлгэрүүлэгч хэрэгтэй хурал руу шилжих боломжтой юу? Эхлэгчээр үйлчилж чадах уу? Хэрэв эхлэгч бол Сайн мэдээ тунхаглагчийн сургуульд сурах тухай бодож үзсэн үү? Цагийн үйлчлэгч болж Бетел, орчуулгын алслагдсан оффист тусалбал ямар вэ? Хаанчлалын танхим барих ажилд сайн дураараа оролцож чадах уу? Амьдралаа энгийн болгохын тулд юу хийж чадахаа бодоорой. Тэгвэл та Хаанчлалын үйл хэрэгт түлхүү оролцох боломжтой болно. «Амьдралаа энгийн болгох арга» гэсэн гарчигтай хавсралтыг үзээд залбираарай. Мөн зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай алхмуудыг хийж эхлээрэй.

21. Яавал Еховатай улам дотно болох вэ?

21 Есүс эд зүйлийг бус, Хаанчлалыг хайхыг бидэнд захисан нь учиртай. Есүсийн зөвлөгөөг дагавал бие махбодын хэрэгцээнийхээ төлөө хэзээ ч санаа зовохгүй. Еховад найдахын хэрээр улам дотносно. Тийм хүн аливаа хүслээ өөгшүүлэхгүй, ертөнцийн зүгээс санал болгож байгаа бүх эд зүйлийг авч чадах байсан ч авахгүй. Одооноос амьдралаа энгийн болговол удахгүй бид «жинхэнэ амьтай» болно (1 Тим. 6:19).

^ [1] (12-догол мөр) Еховагийн үйлчлэгчдэд хоол хүнсээр гачигдах үе байдгийн учрыг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2014 оны 9-р сарын 15-ны дугаарын 22-р хуудсанд нийтлэгдсэн «Уншигчдын асуулт»-аас үзнэ үү.