Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2016 оны 6 сар 

Ехова «та нарын төлөө санаа тавьдаг»

Ехова «та нарын төлөө санаа тавьдаг»

ЭНЭ үг үнэн үү? Ехова танд үнэхээр санаа тавьдаг уу? Санаа тавьдагт итгэж болох нэг шалтгааныг Библид тодорхой бичжээ. «Тэр та нарын төлөө санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд үүрүүл» гэж 1 Петр 5:7-д байдаг. Ехова Бурхан таныг анхаарч байдаг гэсэн баталгаа бий юү?

БИЕ МАХБОДЫН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАДАГ

Ехова бидэнд жишээ үзүүлж сайхан сэтгэл, өгөөмөр зан гаргадаг

Юуны өмнө, хамгийн сайн найзад маань байгаасай гэж хүсдэг тэр зан чанар Еховад байдаг. Бие биедээ сайхан сэтгэлээр хандаж, өгөөмөр зан гаргадаг найзууд улам дотно болдог. Ехова хүмүүст өдөр бүр сайхан сэтгэлээр хандаж, өгөөмөр зан гаргадгийг наад захын жишээнээс харж болно. «Тэр Өөрийнхөө нарыг хорон муу болоод сайн хүмүүс дээр мандуулж, зөвт болоод зөвт бус хүмүүс дээр бороо оруулдаг» нь нэг жишээ юм (Мат. 5:45). Нар, бороо ямар ач тустай вэ? Биднийг «хоол хүнс, баяр баяслаар цатгадаг» (Үйлс 14:17). Ехова газар дэлхийг элбэг дэлбэг хоол хүнс гаргадгаар бүтээсэн. Сайхан хоол идээд баярладаггүй хүн байхгүй шүү дээ.

Тэгвэл яагаад олон хүн өлөн зэлмүүн амьдардаг вэ? Удирдагчид ард түмний амьдралыг сайжруулахын оронд улс төрийн эрх мэдлээ батжуулах, санхүүгийн хүчээ зузаатгахад хамаг анхаарлаа хандуулдаг. Сувдаг шунахай явдлаас  үүдэлтэй бэрхшээлийг Ехова удахгүй арилгана. Үүний тулд өнөөгийн улс төрийн тогтолцоог Есүс тэргүүтэй тэнгэрийн Хаанчлалаар солино. Тэр үед нэг ч хүн өлсөхгүй. Бурхан одоо ч үнэнч үйлчлэгчдээ тэтгэдэг (Дуу. 37:25). Бидэнд санаа тавьдгийн баталгаа биш гэж үү?

ЦАГ ЗАВАА ЗОРИУЛДАГ

Ехова бидэнд жишээ үзүүлж цаг заваа зориулдаг

Сайн найзууд нэг нэгэндээ цаг заваа дуртайяа зориулдаг. Хэн хэнийхээ дуртай сэдвээр хэдэн цагаар ч ярьж чадна. Зовлонгоо ярихад нь анхааралтай сонсдог. Ехова яадаг вэ? Сайн найзтай адилхан. Бидний залбирлыг чих тавин сонсдог. Тийм учраас «залбиралд өөрсдийгөө зориул», «тасралтгүй залбир» гэсэн зөвлөгөө Библид байдаг (Ром 12:12; 1 Тес. 5:17).

Ехова таны залбирлыг хэдэн цаг сонсож чадах вэ? Библид бичсэн нэг явдал энэ асуултад хариулна. Есүс элч нараа сонгохоосоо өмнө «бүхэл шөнийг Бурханд залбирсаар өнгөрөөв» гэж байдаг (Лук 6:12). Тийнхүү залбирахдаа шавь нарынхаа нэр, зан чанар, алдаа дутагдлыг дурдаад, тэднээс хэнийг нь сонгохоо шийдэхэд туслаач хэмээн Эцгээсээ гуйсан биз ээ. Шинэ өдөр эхлэхэд Есүс хэнийг элчээ болгохоо шийдчихсэн байлаа. «Залбирлыг сонсдог Нэгэн» болох Ехова чин сэтгэлээсээ залбирч буй бүх хүнийг сонсохдоо дуртай байдаг (Дуу. 65:2). Маш их санаа зовоод хэдэн цагаар залбирч байгаа хүнд ч цаг зав гаргадаг.

УУЧЛАХАД БЭЛЭН

Ехова бидэнд жишээ үзүүлж уучлахад бэлэн байдаг

Сайн найзууд хүртэл заримдаа бие биеэ уучилж чаддаггүй. Үүнээс болоод олон жилийн сайхан нөхөрлөлд нь ан цав үүсэх нь олонтоо. Харин Ехова бол тийм биш. Чин сэтгэлээсээ уучлалт гуйсан хэнийг ч болов «өгөөмрөөр уучилна» гэж Библид бий (Ис. 55:6, 7). Бурхан ямар учраас өгөөмрөөр уучилдаг юм бол?

Зүйрлэшгүй их хайр нь үүний гол шалтгаан юм. Хүн төрөлхтөнд үнэхээр хайртай  учраас нүглээс чөлөөлж, нүглийн үр дагавраас ангижруулахын тулд Хүүгээ золиосолжээ (Иох. 3:16). Золиосны ач тус их ээ. Бурхан золиосны үндсэн дээр хайртай хүмүүсээ өгөөмрөөр уучилдаг. Элч Иохан: «Хэрэв бид нүглээ хүлээн зөвшөөрвөл Тэрээр итгэмжит, зөвт бөгөөд бидний нүглийг уучилна» гэжээ (1 Иох. 1:9). Ехова уучилдаг учраас хүмүүс цаашдаа ч анд нөхөр нь байх боломжтой. Ингэж бодохлоор сэтгэл хөдөлдөг.

ХЭРЭГТЭЙ ҮЕД ТАНД ТУСАЛДАГ

Ехова бидэнд жишээ үзүүлж хэрэгтэй үед дэргэд байдаг

Жинхэнэ найз, хэрэгтэй үед туслахаар ирдэг. Ехова яадаг вэ? Бурхны үйлчлэгч «бүдрэвч, газар хөсөр унахгүй. Учир нь ЭЗЭН Өөрийн гараар түүнийг түшдэг» гэж Библид байдаг (Дуу. 37:24). Ехова үйлчлэгчдэдээ янз бүрээр тусалдаг. Карибын тэнгисийн Сан Крой гэдэг аралд болсон явдлыг авч үзье.

Нэг охиныг итгэл үнэмшлийнхээ улмаас төрийн далбаанд ёслоогүй гэж ангийнх нь хүүхдүүд дарамталжээ. Еховагаас тусламж гуйсныхаа дараа тэр охин итгэл үнэмшлээ хамгаалахаар шийдсэн байна. Дараагийн хичээл дээр төрийн далбаанд ёслохтой холбоотой сэдвээр ангийнхандаа илтгэл тавив. Шадрах Мешах Абед-него нарын түүхээс ямар сургамж авснаа «Библийн тухай өгүүлдэг миний ном»-оос тайлбарлажээ. «Ехова тэр гурван еврей залууг хөрөгт мөргөөгүй учраас хамгаалсан» гэж хэлэв. Дараа нь нөгөө номоо санал болгосонд 11 хүүхэд авчээ. Ехова ийм чухал сэдвээр ярих хүч, мэргэн ухаан өгснийг охин ойлгоод маш баяртай байсан гэнэ.

Ехова санаа тавьдаг гэдэгт та эргэлздэг бол Библиэс Дуулал 34:17–19; 55:22; 145:18, 19-ийг уншаад эргэцүүлэн бодоорой. Ехова хэрхэн санаа тавьдгийг олон жил үнэний замаар явж буй Гэрчүүдээс асуугаарай. Бурхны тусламж хэрэгтэй үед залбирч бүх зүйлээ хэлээрэй. Ехова таны төлөө «санаа тавьдгийг» та удахгүй үзнэ.