Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2016 оны 6 сар 

Бичгийн хэрэглэлтэй хүн буюу Есүс Христ аврагдах хүмүүст тэмдэг тавина

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Езекиел бичгийн хэрэглэлтэй нэг хүн, хэмхлэх зэвсэгтэй зургаан хүнийг гайхамшгаар үзсэн. Тэр хүмүүс хэнийг бэлгэддэг вэ?

Иерусалимыг устгасан, бас Сатаны бузар муу тогтолцоог Хармагедоноор устгах тэнгэрийн цэргүүдийг хэлдэг. Өмнөх ойлголт ийнхүү өөрчлөгдөж байна. Яагаад?

Иерусалимыг МЭӨ 607 онд устгагдахаас өмнө тэнд юу болохыг Ехова Езекиелд үзүүлжээ. Иерусалимд бузар булай явдал болж байлаа. Дараа нь Езекиел «гартаа хэмхлэх зэвсгийг барьсан» зургаан эрэгтэйг харлаа. Тэдний дунд «бүсэлхийдээ бичгийн хэрэглэлтэй, маалинган хувцас өмссөн» нэг эрэгтэй байв (Езе. 8:6–12; 9:2, 3). Ехова тэр хүнд «Хотын дундуур ... явж, энэ хот дотор үйлдэгдэж буй хамаг жигшүүрт хэргээс болж санаа алдаж, ёолон буй хүмүүсийн духан дээр тэмдэг тавь» гэв. Дараа нь зэвсэгтэй зургаан хүн хотын дотор байгаа тэмдэггүй хүмүүсийг хүйс тэмтрэх тушаал авчээ (Езе. 9:4–7). Энэ зөгнөл бидэнд ямар сургамжтай вэ? Бичгийн хэрэглэлтэй хүн хэн бэ?

Езекиел зөгнөлт үйл явдлыг МЭӨ 612 онд үзжээ. Таван жилийн дараа Вавилоны арми Иерусалимыг устгаснаар энэ зөгнөл эхний удаа биелсэн. Вавилончууд хэдийгээр Еховаг шүтдэггүй ч гэсэн, Ехова тэрслүү ард түмнээ шийтгэхдээ тэднийг ял гүйцэтгэгч болгон ашиглажээ (Иер. 25:9, 15–18). Тэгвэл энэ сүйрэлд сайн муу бүх хүн өртсөн үү? Хотод болж буй жигшүүртэй явдлыг хараад эгдүүцэж байсан зөв шударга израильчууд яасан бол? Ехова тэднийг аварсан.

Езекиел энэ үйл явдлыг гайхамшгаар үзэж байхдаа тэмдэг тавих, хотыг устгахын алинд нь ч оролцоогүй. Харин тэнгэр элчүүд ял гүйцэтгэх ажлыг хийсэн. Тэнгэрт юу болдгийг ойлгоход энэхүү зөгнөл бидэнд тус болдог. Ехова тэнгэр элчүүддээ бузар муу хүмүүсийг устгахыг төдийгүй зөв шударга хүмүүсийг аврах ажлыг зохион байгуулахыг тушаасан. *

Энэ зөгнөл ирээдүйд бас биелэх учиртай. Өмнө нь бид бичгийн хэрэглэлтэй хүнийг дэлхий дээр байгаа тослогдсон хүмүүс гэж тайлбарладаг байсан. Түүнчлэн бидний дэлгэрүүлдэг сайн мэдээг нааштай хүлээж авдаг хүмүүст тэмдэг тавьж байгаа гэж үздэг байлаа. Харин сүүлийн үед энэ тайлбарыг засах шаардлагатай нь тодорхой болоод байна. Матай 25:31–33-т үндэстнүүдийг шүүх нэгэн бол Есүс юм. Агуу их гай гамшгийн үед эцсийн шүүлт болоход Есүс хонь шиг хүмүүсийг ямаа шиг хүмүүсээс ялгана. Тэгээд хонь шиг хүмүүсийг аварч, ямаа шиг хүмүүсийг устгана.

Езекиелийн зөгнөлийг ийнхүү зөв ойлгодог болсон нь бидэнд ямар ач холбогдолтой вэ? Таван зүйлийг үзье.

  1. Иерусалим устгагдахаас өмнө Езекиел Иеремиа нар энэ хотод юу тохиолдох гэж байгааг олон түмэнд зөнч Исаиагийн адилаар сэрэмжлүүлж байсан. Өнөөдөр Ехова тослогдсон үйлчлэгчдээрээ ард түмнээ сургаж, агуу их гай гамшиг эхлэхээс өмнө хүмүүст сэрэмжлүүлэг өгүүлж байна. Бурхны бүх үйлчлэгч буюу Христийн зарц нар энэ сэрэмжлүүлэх ажилд оролцдог (Мат. 24:45–47).

  2. Езекиел аврагдах хүмүүсийн духан дээр тэмдэг тавиагүй шиг, Еховагийн орчин үеийн ард түмэн тэмдэг тавьдаггүй. Харин хүмүүст Еховагийн мэдээг дамжуулдаг. Дэлхий даяар  дэлгэрүүлэх энэ ажлыг хийхэд тэнгэр элчүүд тусалдаг (Илч. 14:6).

  3. Езекиелийн үед нэг ч хүн духан дээрээ бодит тэмдэг тавиулаагүй. Өнөөдөр бас адилхан. Тэгвэл хүмүүс бэлгэдлийн тэмдэг тавиулж аврагдахын тулд юу хийх хэрэгтэй вэ? Сэрэмжлүүлгийг хүлээн авч, Христийнх шиг зан чанар илэрхийлж, өөрийгөө Еховад зориулж, Христийн ах дүү нарт үнэнч байж тэднийг дэмжих хэрэгтэй (Мат. 25:35–40). Эдгээр зүйлийг хийдэг хүмүүс агуу их гай гамшгийн үед тэмдэг тавиулах буюу аврагдана.

  4. Бичгийн хэрэглэлтэй хүн нь Есүс Христийг төлөөлдөг. Агуу их гай гамшгийн үед Есүс шүүлт явуулж хонинд тооцогдсон хүмүүс буюу үй олон хүнд тэмдэг тавина. Ийнхүү дэлхий дээр мөнх амьдрах боломж тэдний өмнө нээгдэх юм (Мат. 25:34, 46). *

  5. Хэмхлэх зэвсэгтэй зургаан хүн нь Есүс тэргүүтэй тэнгэрийн цэргүүдийг төлөөлдөг. Удахгүй тэд үндэстнүүдийг устгаж муу муухай явдалд цэг тавина (Езе. 9:2, 6, 7; Илч. 19:11–21).

Ийм чухал зүйлүүдийг ойлгосноор Ехова зөв шударга хүмүүсийг бузар муу хүмүүстэй хамт устгахгүй гэдэгт улам их итгэдэг болно (2 Петр 2:9; 3:9). Түүнчлэн дэлгэрүүлэх ажил одоо хэчнээн чухал байгааг санадаг. Төгсгөл болохоос өмнө хүн болгон сэрэмжлүүлэх мэдээг сонсох ёстой! (Мат. 24:14).

^ д/м 6 Иеремиагийн бичээч Барух, етиоп хүн Ебед-мелех, рехабчууд зэрэг хүмүүс духан дээрээ бодит тэмдэггүй байсан ч аврагдсан билээ (Иер. 35:1–19; 39:15–18; 45:1–5). Тэд бэлгэдлийн тэмдэг тавиулсан ажээ.

^ д/м 12 Үнэнч тослогдогсод ийм тэмдэг тавиулах шаардлагагүй. Харин нас барахаасаа өмнө эсвэл агуу их гай гамшиг эхлэхээс өмнө эцсийн удаа тамгалуулна (Илч. 7:1, 3).