Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2016 оны 5 сар 

Бурхны үйлчлэгчид төрийн албан хаагчтай харьцахдаа Библиэр сургасан мөс чанартаа захирагдах ёстой

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Төрийн албан хаагчдад бэлэг юм уу гар цайлгах мөнгө өгөх нь зөв үү?

Янз бүрийн хүчин зүйлийг санах хэрэгтэй. Бурхны үйлчлэгч хүн үнэнч шударга байх ёстой. Еховагийн хуультай зөрчилдөхгүй бол тухайн улсын хуулийг сахих үүрэгтэй (Мат. 22:21; Ром 13:1, 2; Евр. 13:18). Нутгийн ёс заншил, хүмүүсийн үзэл бодлыг ойлгохыг хичээж, «хөршөө өөрийн адил хайрлах» учиртай (Мат. 22:39; Ром 12:17, 18; 1 Тес. 4:11, 12). Гэрч хүн хаана ч амьдардаг байлаа гэсэн, эдгээр зарчмыг баримталбал төрийн албан хаагчид бэлэг юм уу гар цайлгах мөнгө өгөх эсэхээ шийдэхэд дөхөмтэй болно.

Ер нь ихэнх улс оронд иргэд нь төрөөс тусламж, үйлчилгээ авахдаа албан хаагчдад ямар нэг зүйл өгөх хэрэггүй байдаг. Төрийн албан хаагчдын ажлын хөлсийг засгийн газраас төлдөг бөгөөд тэд цалингаасаа гадна өөр нэмэлт зүйл хүсдэггүй, шаарддаггүй. Хийсэн ажлынхаа төлөө үнэ цэнтэй зүйл нэхэх эсвэл хүлээж авахыг хатуу хориглодог газар олон. Шударга бус юм хийгээгүй, үүргийнхээ дагуу үйлчилгээ үзүүлсэн байлаа ч үйлчлүүлэгчээс бэлэг авахыг хууль бус гэж үздэг байна. Ажлаа бүтээлгэж чадаагүй ч үйлчлүүлснийхээ төлөө гар цайлгавал хахууль өгсөнд тооцдог. Ийм тохиолдолд төрийн албан хаагчдад бэлэг юм уу гар цайлгах мөнгө өгөх нь Гэрч хүнд тохирохгүй.

Гэхдээ зарим улсад тийм хууль байдаггүй эсвэл хууль байлаа ч тэр бүр сахиж мөрдөөд байдаггүй учраас төрийн албан хаагчид нь бэлэг, гар цайлгах мөнгө авахыг буруу гэж үздэггүй. Үйлчлүүлэгчээсээ мөнгө салгах юм уу ямар нэг шан харамж хүртэхийн тулд албан тушаалаа ашигладаг хүмүүс ч бий. Тийм болохоор тэдэнд бэлэг өгөхгүй л бол хөдөлдөггүй. Гэрлэлт бүртгэх, орлогын албан татвар авах, барилга барих зөвшөөрөл олгох гэх зэргийн ажил хийдэг төрийн албан хаагчид гар цайлгах мөнгө нэхдэг. Хэрэв өгөхгүй бол тухайн ажилд зориуд саад учруулж бүтээхэд хэцүү, заримдаа бүр бүтэхгүй ажил болгож хувиргадаг. Тэр байтугай зарим оронд онцгой байдлын үеэр бэлэн байх ёстой гал сөнөөгчид нь ахиухан мөнгө атгуулахаас нааш гал унтраадаггүй ажээ.

Хуулийн дагуу үйлчилснийх нь төлөө эрх бүхий хүнд талархаж бэлэг өгөх нь зохимжтой үе бий

 Дээр дурдсан тохиолдлууд газар авсан улс оронд амьдардаг хүмүүс төрийн албан хаагчдад гар цайлгах юм өгөхөөс өөр аргагүй гэж боддог. Гэрч хүн тийм мөнгийг хуулийн дагуу үйлчилгээ авахын тулд зайлшгүй төлөх ёстой хураамж гэж үзэж болох юм. Гэхдээ авилгал газар авсан нутагт амьдардаг Гэрч онцгой болгоомжтой байх хэрэгтэй. Бурханд юу таалагддаг, юу таалагддаггүйг сайн ойлгодоггүй бол буруу шийдвэр гаргах аюултай. Зохих ёсны үйлчилгээ аваад бэлэг өгөх нэг хэрэг, харин албан ёсоор хийлгэх боломжгүй зүйлийг «арын хаалгаар» хийлгэх гээд бэлэг өгөх нь тэс өөр хэрэг гэдгийг маш сайн ойлгоорой. Авилгал гаарсан газар зарим хүн авах ёстой үйлчилгээгээ авахын тулд тийм ажлыг эрхэлдэггүй хүнд мөнгө өгөх юм уу торгуулиас зугтахын тулд цагдаагийн ажилтан, төрийн байгууллагын байцаагчдад мөнгө өгдөг. Хүнээс «бэлэг» нэрээр хахууль авах нь хориотой байдгийн адил хүнийг «бэлгээр» хахуульдах нь ч буруу гэдэг нь ойлгомжтой. Аль аль нь шударга ёсыг завхруулна (Ег. 23:8; Д.хууль 16:19; Сур. 17:23).

Бурхны Үгээр удирдуулдаг төлөвшсөн Гэрчүүд албаны хүмүүсийн нэхсэн мөнгийг өгье гэхлээр сэтгэл нь өвддөг. Авилгалыг зөвтгөсөн эсвэл хөхүүлэн дэмжсэнтэй адилхан санагддаг ажээ. Тийм учраас хүмүүсийн нэхсэн ямар ч «бэлгийг» өгөхөөс татгалздаг.

Төлөвшсөн Гэрчүүд ямар нэгэн зөвшөөрлийг хууль бусаар олж авах зорилгоор бэлэг өгөхийг хахууль өгснөөс өөрцгүй гэж үздэг. Гэлээ ч хуулийн дагуу үйлчлүүлэх юм уу шударга бус үйлдэл гаргуулахгүйн тулд бэлэг өгөх нь тухайн нутгийн жишиг байж болох юм. Зарим Гэрч энэ жишгийг дагадаг. Улсын эмнэлэгт үнэгүй эмчлүүлээд гарахдаа эмч, сувилагч нарт талархлаа илэрхийлж бэлэг өгөх нь бий. Эмчлүүлэхээсээ өмнө бус, эмчлүүлж дууссаныхаа дараа өгдөг учраас тэр бэлгийг хахууль өгч байгаа юм биш, зүгээр л талархсан сэтгэлээ илэрхийлж байна гэж боддог.

Улс орон болгон харилцан адилгүй тул боломжтой гэсэн бүх нөхцөлийг энд авч үзэх аргагүй юм. Тийм учраас Гэрч хүн тухайн нутаг орны нөхцөлөөс үл хамааран, сэтгэлээ өвтгөхгүйгээр асуудлыг шийдэх хэрэгтэй (Ром 14:1–6). Мөн хууль зөрчсөн үйлдэл хийж болохгүй (Ром 13:1–7). Еховагийн нэрийг гутаах юм уу бусдыг бүдрүүлэх зүйл хийх ёсгүй (Мат. 6:9; 1 Кор. 10:32). Гаргасан шийдвэрээс нь бусдыг гэсэн хайр харагдах учиртай (Марк 12:31).

 Эрх сэргээсэн тухай зарлал хэлбэл хурлын гишүүд баярлаж байгаагаа хэрхэн илэрхийлэх вэ?

Есүсийн ярьсан 100 хоньтой хүний тухай үлгэрийг «Лук» номын 15-р бүлэгт тэмдэглэсэн байдаг. Тэр хүн нэг хонио алга болсныг мэдмэгцээ 99 хонио цөлд орхичихоод «алдагдсан хонины араас явж, түүнийг олтлоо» хайсан. Есүс цааш нь «Тэгээд хонио олбол тэр баяртайгаар мөрөндөө тэгнэн, гэртээ ирээд, анд нөхдөө болон хөршүүдээ хамтад нь дуудаж, “Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун!” гэнэ» хэмээн ярьжээ. Эцэст нь дүгнэж «Би та нарт хэлье. Мөн үүний адил, гэмших шаардлагагүй ерэн есөн зөвт хүнээс илүүгээр гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно» гэсэн (Лук 15:4–7).

Хам сэдвийг үзвэл Есүс хуулийн багш нар, фарисайчуудын бодлыг засахын тулд энэ үгийг хэлжээ. Тэд Есүсийг татвар хураагчид болон нүгэлтнүүдтэй нийлдэг гэж шүүмжилсэн аж (Лук 15:1–3). Нүгэлтэн гэмшвэл тэнгэрт баяр хөөр болно гэдгийг Есүс онцолсон. «Хэрэв нүгэлтэн гэмшээд, буруу замаа орхиж, үнэний замаар тууштай явахаар шийдэхэд тэнгэрт баяр хөөр болдог юм бол дэлхий дээр бас баяр хөөр болох хэрэгтэй юм биш үү?» гэсэн асуулт гарч байна (Евр. 12:13).

Гэрч байх эрхийг нь сэргээхэд хурлын бусад гишүүн баярлах нь лавтай. Тэр хүний хувьд Бурханд үнэнчээ цаашдаа ч батлах хэрэгтэй болно. Гэхдээ эрхээ сэргээлгэхийн тулд гэмшсэн учраас бид баярладаг. Тэгэхлээр эрх сэргээсэн тухай зарлал хэлбэл хурлынхан алга ташиж болно.

Иерусалимд байдаг Бетзада цөөрмийн ус юунаас болоод хөдөлдөг байсан бэ?

Бетзада цөөрмийн усыг «хөдлөхөд» нь орвол өвчнөөсөө ангижирдаг гэж итгэдэг хүн Есүсийн үед олон байжээ (Иох. 5:1–7). Тийм болохоор эрүүл болохыг хүссэн хүмүүс тэнд цуглардаг байв.

Бетзада цөөрөм нь иудейчүүдийн угаал үйлддэг газрын нэг ажээ. Уг цөөрөм хажуугийнхаа усан сангаас усаа татдаг байв. Тэр хавийн газрыг судалж үзэхэд цөөрөм усан сангаас далангаар тусгаарлагддаг байсан нь тодорхой болсон. Далангийн хаалт нээгдэхэд, усан сан цөөрөм хоёрыг холбосон сувгаар ус урсаж цөөрөм рүү ордог байжээ. Хүч түрэн орж ирж буй ус цөөрмийн усыг хөдлгөх нь ойлгомжтой.

Иохан 5:4-т тэнгэр элч усыг хөдөлгөдөг тухай бичсэн байдаг ч үнэ хүндтэй эртний грек гар бичмэлүүдэд, тухайлбал 4 дүгээр зууны «Синайн кодекс»-т байдаггүй. Ямар ч атугай, Есүс 38 жил өвчтэй байсан хүнийг Бетзада цөөрмийн дэргэд байхад нь эдгээсэн билээ. Тэр хүн цөөрөм рүү оролгүйгээр хоромхон зуурын дотор эрүүл болсон.