Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2016 оны 5 сар 

 Манай архиваас

«Дэлгэрүүлэх ажлыг хэнд даалгасан бэ?»

«Дэлгэрүүлэх ажлыг хэнд даалгасан бэ?»

САЛХИ, бороотой өдрүүд дуусаж тэнгэр цэлмэлээ. Налгар намрын нар ээсэн сайхан өдөр байлаа. АНУ-ын Охайо мужийн Сидар Пойнт хотноо 1919 оны 9 дүгээр сарын 1-ний даваа гарагт чуулган эхэллээ. 2 500 суудалтай танхимд болсон уг чуулганы үдээс хойших хөтөлбөрт 1 000 хүрэхгүй хүн цугларчээ. Оройн хэрд 2 000 гаруй хүн усан онгоц, машин, тусгай галт тэргээр ирэв. Мягмар гарагт ирэгсэд тоймгүй олон байсан тул багтаагүй хүмүүс нь гадаа, модны доор суугаад сонсжээ.

Нарны гэрэл навчсын завсраар тусахад эрчүүдийн хүрэм торон хувцас мэт харагдана. Хүүхнүүдийн малгайнд хатгасан өд Эри нуурын зөөлөн салхинд сэрвэлзэн хийсэх аж. «Цэцэрлэгт хүрээлэн шиг сайхан орчинд хуучин ертөнцийн чимээ шуугианаас ангижирч, үнэхээр диваажинд оччихсон юм шиг санагдсан» гэж нэг Гэрч дурссан юм.

Хүмүүсийн царайд тодорсон баяр баясгаланг орчин тойрны гоо үзэсгэлэнтэй харьцуулшгүй байлаа. «Бүгдээрээ их сүсэг бишрэлтэй хэр нь хөхүүн баясгалантай, хөгжилтэй хүмүүс» гэж сонины нэг өгүүлэлд бичжээ. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд хэцүү бэрхийг үзсэн Библи Судлаачдын хувьд итгэл нэгтнүүдтэйгээ ингэж цуглах нь хамгийн баяртай мөч байлаа. Дайнд оролцоогүйн улмаас эсэргүүцэлтэй тулгарч, хурлын гишүүд талцан хуваагдаж, Брүүклиний Бетел хаагдаж, Хаанчлалын төлөө олон хүн шоронд хоригдож, түүний дотор удирдах үүрэгтэй найман ах 20 жил хүртэлх хугацаагаар торны цаана суух ял сонсжээ.

Энэ хэцүү он жилүүдэд сэтгэлээр унаж, яахаа мэдэхээ болиод дэлгэрүүлэх ажлаа зогсоосон хүн ч байв. Гэхдээ ихэнх нь эрх мэдэлтнүүдийн дарамт хавчлагаас айлгүй тууштай байж, чадах бүхнээ хийсэн. Хэчнээн сүрдүүллээ ч Библи Судлаачид «Бурхны үгийг төгсгөл хүртэл тунхаглахаа болихгүй» гэдэг хэмээн нэг байцаагч тайландаа бичжээ.

Сорилтын энэ үед үнэнч Библи Судлаачид «Эзний удирдлага зааврыг хайж, ... цаг үргэлж Эцэгт залбирч тусламж гуйдаг» байжээ. Харин одоо Сидар Пойнт хотод хөөр баяртайгаар хуран чуулаад байгаа нь энэ ажээ. «Бид яаж дахиад зохион байгуулалттай, идэвхтэй үйлчлэх юм бол?» гэж гайхаж байснаа нэг эмэгтэй хэлжээ. Ингэж бодсон хүн олон байв. Тэд ажилдаа ханцуй шамлан орохыг юунаас ч илүү хүсэж байлаа.

 «АҮ»—ЦОО ШИНЭ БАГАЖ!

Чуулганд хүрэлцэн ирсэн 6 000 хүн хөтөлбөр, урилга болон тэр хавьд тавьсан сурталчилгааны самбарууд дээрх «АҮ» гэсэн товчлол ямар учиртайг 7 хоногийн турш сониучирхан ярилцжээ. «Хамтран зүтгэгчдийн өдөр» гэсэн сэдэвтэй баасан гаргийн хөтөлбөрийн үеэр Жозеф Рутерфорд нууцыг задалжээ. «АҮ» гэдэг нь дэлгэрүүлэх ажилд зориулсан «Алтан үе» гэдэг шинэ сэтгүүл байлаа. *

Рутерфорд тослогдсон хүмүүсийн талаар хэлэхдээ «Тэд зовлонт цагийг бус, түүний цаана байгаа Мессиагийн сүр алдарт засаглалын Алтан үеийг итгэлийн нүдээр хардаг. ... Айсуй Алтан үеийг дэлхий ертөнцөд тунхаглахыг гол үүрэг, нэр төрийн хэрэг гэж үздэг. Энэ бол Бурхны өгсөн даалгаврын нэг хэсэг юм» гэжээ.

«Баримт нотолгоо, итгэл найдварын сэтгүүл» хэмээн нүүр хуудсандаа бичсэн «Алтан үе» сэтгүүлийг айлуудаар авч яван захиалга авах аян өрнүүлсэн нь үнэнийг түгээн дэлгэрүүлэх шинэ арга байлаа. Энэ ажилд хэдэн хүн оролцохыг хүсэж байгааг асуухад ирсэн бүх хүн дороо дэвхэцжээ. Дараа нь тэд «Өө, Эзэн, үнэн ба гэрлээ илгээгээч» хэмээн дуулжээ. Есүсийн мөрөөр дагах хүсэл тэмүүлэл, идэвх зүтгэл дүүрэн явдаг шигээ цог золбоотой дуулсан болохоор Ж. М. Норрис: «Моднууд сүрхий найгаж байсныг би ер мартдаггүй» хэмээн дурссан юм.

Хөтөлбөрийн дараа хүмүүс хэдэн цагаар дугаарлан зогсоод шинэ сэтгүүлээ авч, анхны уншигч болцгоожээ. Мейбл Филбрик: «Бидэнд ахиад ажил байгааг мэдээд ямар их сэтгэл хөдөлсөн гэж санана!» хэмээн хэлсэн. Олон хүнд тэгж санагджээ.

«ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖЛЫГ ХЭНД ДААЛГАСАН БЭ?»

Барагцаагаар 7 000 Библи Судлаач ажилдаа бэлджээ. «Байгууллагын арга» гэдэг хуудас болон «Дэлгэрүүлэх ажлыг хэнд даалгасан бэ?» гэдэг товхимолд энэ талаар дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. «Байгууллагын төвд шинээр байгуулагдсан Үйлчлэлийн хэлтэс энэ ажлыг удирдана. Хуралд Үйлчлэлийн хороо байгуулж, заавар өгөх үүрэгтэй хүнийг томилох ёстой. Дэлгэрүүлэх хэсгүүдийг 150–200 айл бүхий нутаг дэвсгэрт хуваана. Дэлгэрүүлэх ажлын цуглаан пүрэв гаргийн орой болох бөгөөд ах дүү нар туршлагаа хуваалцаж, тайлангаа өгнө» гэжээ.

«Бид гэртээ буцаж ирээд захиалга авах аяндаа ханцуй шамлан орсон» гэж Херман Филбрик дурссан. Тэд сайн мэдээ сонсохыг хүссэн олон хүнтэй уулзжээ. «Дайны дараа маш их уй гашуу болж байсан болохоор хүн болгон л алтан үеийн тухай бичсэнийг хүлээн зөвшөөрч байсан» гэж Бьюла Кови хэлсэн юм. Артур Клаус: «Маш их захиалга авсандаа хурлынхан бүгдээрээ гайхсан» хэмээн бичжээ. «Алтан үе» сэтгүүлийн анхны дугаар гарснаасаа хойш хоёр сарын дотор хагас сая шахам хувь нь хүмүүсийн гар дээр очиж, 50 мянган захиалагчтай болжээ.

«Харуулын цамхаг» сэтгүүлийн 1920 оны 7 дугаар сарын 1-ний дугаарт нийтлэгдсэн «Хаанчлалын тухай сайн мэдээ» гэдэг өгүүллийг хожим нь А. Х. Макмиллан: «Дэлхий даяар дэлгэрүүлэхийг уриалсан анхны албан ёсны уриалга» гэжээ. Уг өгүүлэлд «Тэнгэрийн хаанчлал ойрхон байгааг дэлхий ертөнцөд гэрчлэхийг» тослогдсон бүх хүнд уриалсан байв. Дэлгэрүүлэх ажлыг Христийн ах дүү нарт даалгасан юм. Мессиагийн алтан үе ирэхийг хүлээнгээ сайн мэдээг идэвх зүтгэлтэй тунхаглаж буй олон сая хүн тэдэнтэй мөр зэрэгцэн үйлчилж байна.

^ д/м 9 «Алтан үе» сэтгүүлийг 1937 онд «Тайвшрал», 1946 онд «Сэрцгээ!» нэртэй болгожээ.