Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2016 оны 9 сар 

Охид хөвгүүд ээ, итгэлээ бэхжүүлээрэй

Охид хөвгүүд ээ, итгэлээ бэхжүүлээрэй

«Итгэл бол ... харагдахгүй зүйлсийн баталгаа мөн» (ЕВР. 11:1).

ДУУ: 41, 11

1, 2. Охид хөвгүүд ямар дарамтад орж мэдэх вэ? Ямар алхам хийх хэрэгтэй вэ?

«ЧИ БУРХАНД итгэхээр тэнэг охин биш дээ!» гэж Британид байдаг Гэрч охинд ангийнх нь хүүхэд хэлжээ. Германд амьдардаг Гэрч хүү: «Библид байдаг бүтээлийн тухай түүхийг манай багш нар үлгэр домог гэж үздэг. Эволюцийн онолыг л үнэн гэж батлахыг оролддог» хэмээн бичсэн байна. «Одоо ч Библид итгэдэг сурагчид байдаг гэхлээр манай багш нар гайхдаг» гэж Францад амьдардаг Гэрч охин хэлжээ.

2 Хэрэв чи Еховагийн үйлчлэгч юм уу Еховагийн тухай судалж байгаа бол эволюцийн онолд итгэ, Бүтээгчид итгэх хэрэггүй гэсэн дарамтад орж байсан уу? Тийм бол Бүтээгч байдаг гэдэгт бат итгэдэг болоорой. Ингэхийн тулд хэд хэдэн алхам хийх хэрэгтэй. Юмыг ул суурьтай бодож сурах нь эхний алхам юм. Энэ нь чамайг хуурамч сургаалд төөрөлдөж Бурханд итгэхээ болихоос хамгаална (Сургаалт үгс 2:10–12-ыг уншина).

3. Энэ өгүүллээр юуны тухай үзэх вэ?

3 Бат итгэлтэй байхын тулд Бурхныг сайн мэддэг болох хэрэгтэй (1 Тим. 2:4). Библи болон Библид үндэслэсэн  ном хэвлэлийг уншиж байхдаа хэсэг азнаад юуны тухай өгүүлж байгааг бодох нь маш чухал. Уншсан зүйлийнхээ утгыг ойлгохыг хичээгээрэй (Мат. 13:23). Ингэж судлахлаар Ехова бол Бүтээгч, Библи бол Еховагийн Үг гэдэгт бат итгэдэг болдгийг энэ өгүүллээр дэлгэрэнгүй үзье (Евр. 11:1).

ИТГЭЛЭЭ ХЭРХЭН БЭХЖҮҮЛЭХ ВЭ?

4. Бүтээгчийг хүлээн зөвшөөрөх, эволюцийн онолыг хүлээн зөвшөөрөх нь юугаараа төстэй вэ? Зөв дүгнэлтэд хүрэхийн тулд яах ёстой вэ?

4 Зарим хүн чамд «Би эволюцид шинжлэх ухааны үндэстэй болохоор нь итгэдэг. Гэтэл Бурхныг хэн ч хараагүй биз дээ?» гэж хэлж магадгүй. Ийм бодолтой хүн олон. Үнэндээ Бурхныг хэн ч хараагүй. Бүх юмыг яаж бүтээж байгааг нь харсан хүн ч байхгүй (Иох. 1:18). Тэгвэл эволюцид итгэдэг хүмүүс яадаг вэ? Тэд ч бас хараагүй зүйлдээ итгэдэг шүү дээ. Нэг төрлийн амьд бие хувьсан өөрчлөгдөөд өөр төрлийн амьтан болсныг жирийн хүн ч, эрдэмтэн ч үзээгүй. Жишээ нь хэвлээр явагчийг сүүн тэжээлтэн болохыг харсан хүн нэг ч байхгүй (Иов 38:1, 4). Тиймд баримт нотолгоог шалгаж, тунгаан бодож байж зөв дүгнэлтэд хүрэх хэрэгтэй. Элч Паул: «Ертөнц бүтээгдсэнээс хойш [Бурхны] үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдон, илэрхий харагдаж байгаа. Иймээс тэдэнд шалтаг байхгүй» гэжээ (Ром 1:20).

Итгэл үнэмшлийнхээ талаар тайлбарлахын тулд эх хэлээрээ гарсан материалуудыг сайн ашиглаарай (5-р догол мөрийг үзээрэй)

5. Бүтээгчийнхээ талаар илүү ихийг мэдэхэд тустай ямар материалууд байдаг вэ?

5 Байгаль дэлхийг ажиглаж, эргэцүүлэн бодохлоор бүх юм гайхалтай бүтээгдсэн нь тодорхой харагддаг. Бид Бүтээгчийг харж чадахгүй ч оршин байдгийг нь «итгэлээр ойлгодог» (Евр. 11:3, 27). Олон сайхан зан чанартайг нь, агуу мэргэн ухаантайг нь эрхгүй хүлээн зөвшөөрдөг. Эрдэмтдийн нээлтүүдийн тухай бичсэн материал уншихлаар Бүтээгчийнхээ талаар бүр ч ихийг мэдэж авдаг. Жишээ нь «Гайхамшигт бүтээлүүд Бурхны алдрыг илчилдэг» [1] гэдэг кино, «Тохиолдлоор бий болсон уу?», «Амьдралын үүсэл. Бодууштай таван асуулт» гэдэг товхимлууд, «Танд санаа  тавьдаг Бүтээгч байдаг уу?» гэдэг номоос уншиж болно. Бурханд итгэдэг болсныхоо учрыг тайлбарласан эрдэмтдийн ярилцлага «Сэрцгээ!» сэтгүүлд гардаг. Бас «Санамсаргүй бий болсон уу?» гэдэг буланд амьтдын нарийн нийлмэл бүтцийн тухай, инженерүүд тэдгээрээс санаа авч ямар нэг зүйлийг зохион бүтээдэг тухай өгүүлдэг.

6. Судлах материалууд чамд яаж тус болдог вэ?

6 Дээрх хоёр товхимлын талаар АНУ-д амьдардаг 19 настай залуу: «Надад маш үнэтэй. Би энэ хоёрыг хэд дахин судалсан» гэжээ. Франц Гэрч охин: «“Санамсаргүй бий болсон уу?” буланг би унших дуртай. Чадалтай инженерүүд маш нарийн бүтэцтэй амьд байгалиас санаа авдаг ч яг адилхан хийж чадахгүйг тэнд тайлбарласан байдаг» гэж бичжээ. Өмнөд Африкийн 15-тай охины эцэг эх: «Манай охин “Сэрцгээ!” сэтгүүлийн “Ярилцлага” буланг хамгийн түрүүнд уншдаг» гэсэн юм. Хэрэв чи эдгээр хэвлэлийг уншвал Бүтээгч байдгийн баталгааг мэдэж, хуурамч сургаалыг ялгаж таньдаг болно. Энэ хэрээр чиний итгэл бэхжиж, хүчтэй салхинд унадаггүй үндэс сайтай мод шиг болно (Иер. 17:5–8).

БИБЛИД ИТГЭХ НЬ

7. Чамайг сайн эргэцүүлэн бодоосой гэж Бурхан яагаад хүсдэг вэ?

7 «Би яагаад Библид итгэдэг вэ?» гэх зэргээр бодох нь буруу юу? Буруу биш. Чамайг сайн эргэцүүлж бодоод Библийг мэдээсэй, итгээсэй гэж Ехова хүсдэг. Түүнээс биш, бусад хүн Библид итгэдэг учраас чи бас итгэх ёстой гэж хэлдэггүй. Библийн талаар хэдийчинээ их мэднэ, итгэл чинь төдийчинээ бат болно (Ром 12:1, 2; 1 Тимот 2:4-ийг уншина). Библийг сайн мэддэг болох нэг арга нь сонирхсон сэдвээрээ бие даан судлах юм.

8, 9. а) Хүмүүс ямар сэдвээр судлах дуртай вэ? б) Зарим хүн уншсан зүйлээ эргэцүүлэн бодоод ямар ач тус хүртсэн бэ?

8 Зарим хүн Библийн зөгнөлийг судлах дуртай. Зарим нь Библид гардаг үйл явдлууд түүх, археологи, шинжлэх ухааны хувьд үнэн зөв эсэхийг магадалдаг. Эхлэл 3:15-д байдаг нэг чухал зөгнөлийг авч үзье. Бурхан Хаанчлалаараа дамжуулан эрх мэдлээ хэрхэн зөвтгөж, хүн төрөлхтний зовлон бэрхшээлийг хэрхэн арилгахыг энэ зөгнөл хэлж өгдөг. Тэгвэл Эхлэл 3:15-ыг яаж судлах вэ? Энэ зөгнөл яаж биелэхийг дэлгэрэнгүй тайлбарласан Библийн зүйлүүдийг түүж бичээрэй. Дараа нь шугам татаад тэдгээр зүйлүүдийг бичсэн оныг дэс дараагаар нь тэмдэглээрэй. Тэдгээр Библийн зүйл хоорондоо хэрхэн уялдаж байгааг чи ойлгохлоороо Библийг бичсэн хүмүүс өөр өөр цаг үед амьдарч байсан ч Еховагийн ариун сүнсээр удирдуулж бичжээ гэсэн дүгнэлтэд хүрнэ (2 Петр 1:21).

9 Германд байдаг Гэрч залуу: «Бурхны Хаанчлал бол Библийн гол сэдэв. 40 орчим хүн бичсэн хэр нь Библийн ном бүрд энэ сэдэв хөвөрдөг. Тэдний ихэнх нь нэг цаг үед амьдарч байгаагүй, бие биеэ таньдаггүй хүмүүс байсан» гэж бичжээ. Австралид байдаг Гэрч бүсгүй «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2013 оны 12 дугаар сарын 15-ны дугаараас Дээгүүр өнгөрөх баярын тухай судалжээ. Тэгээд энэ баяр нь Эхлэл 3:15 болон Мессиа ирэхтэй холбоотойг мэдээд сэтгэл нь хөдөлжээ. Тэрээр: «Нүд маань нээгдэж Ехова ямар агуу болохыг ойлгосон. Израильчуудын тэмдэглэдэг байсан энэ баярын ач холбогдлыг Есүс тодорхой болгож өгснийг ойлгоод үнэхээр биширсэн. Би  түр азнаад Дээгүүр өнгөрөх баярын зоог ямар гүнзгий утгатайг эргэцүүлж бодсон» гэж бичжээ. Яагаад сэтгэл нь хөдөлсөн бэ? Уншсан зүйлээ нухацтай бодоод утгыг нь ойлгожээ. Үүний үрээр итгэл нь бэхжиж, Еховатай дотноссон байна (Мат. 13:23).

10. Библийг бичигчид үнэнийг нууж хаалгүй бичсэнийг бодохлоор яадаг вэ?

10 Библийг бичигчид үнэнийг зоригтой, илэн далангүй бичдэг байсныг бод доо. Эртний түүх шастирыг харвал улс орон, хаад ноёдоо дөвийлгөн бичсэн байдаг. Харин Еховагийн зөнчид ард түмэн, хаад захирагчдынхаа сайн талыг төдийгүй алдаа дутагдлыг ч илэн далангүй бичжээ (Ш.дэд 16:9, 10; 24:18–22). Тэр байтугай, өөрсдөө болон Бурхны бусад үнэнч үйлчлэгч ямар алдаа гаргаж байсныг ний нуугүй бичсэн (2 Сам. 12:1–14; Марк 14:50). «Ингэж илэн далангүй бичсэн түүх ховор байдаг. Энэ бол Библи үнэхээр Еховагаас ирсэн ном гэдгийн нэг баталгаа» гэж Британид амьдардаг Гэрч залуу хэлжээ.

11. Библийн зарчмын ач тусыг мэдрэхийн тулд охид хөвгүүд яах хэрэгтэй вэ?

11 Библийн зарчмыг баримтлаад ач тусыг нь хүртсэн хүмүүс энэ номыг Бурхан бичүүлсэн гэдэгт итгэдэг (Дуулал 19:7–11-ийг уншина). Нэг япон охин: «Манай гэрийнхэн Библийн зарчмыг хэрэгжүүлээд үнэхээр жаргалтай болсон. Бид бие биеэ хайрлаж, эв нэгдэлтэй, тайван амгалан амьдардаг» гэж бичжээ. Итгэж үнэмшдэг зүйл нь худлаа байсныг Библийн ачаар ойлгосон хүн олон байдаг (Дуу. 115:3–8). Тэд Төгс хүчит Бурхан Еховад найддаг болж сайхан ирээдүйн тухай мэдэж авсан. Гэтэл Бурхан байдаггүй гэж ярьдаг хүмүүс үнэн хэрэгтээ байгаль дэлхийг бурхан болгон шүтдэг. Өөр зарим нь сайхан ирээдүйг хүмүүс л бий болгоно гэж ярьдаг ч дэлхий дахины тулгамдсан асуудлуудыг одоо ч шийдэж чадаагүй байна (Дуу. 146:3, 4).

ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭ ТАЙЛБАРЛАХЫН ТУЛД

12, 13. Бүтээгчийн юм уу Библийн тухай сайхан яриа өрнүүлье гэвэл яах нь зүйтэй вэ?

12 Бүтээгчийн юм уу Библийн талаар хүмүүстэй сайхан яриа өрнүүлье гэвэл яах нь зүйтэй вэ? Юунд, яагаад итгэдгийг нь эхлээд асуугаарай. Зарим хүн эволюцийн онолыг баримталдаг мөртлөө Бурхан байдаг гэдэгт итгэдэг. Бурхан амьтай бүхнийг бүтээхдээ эволюцийг ашигласан гэж үздэг. Баримт нотолгоо байхгүй байсан бол эволюцийн онолыг сургуульд заахгүй байсан гэж боддог хүмүүс ч бий. Гэтэл зарим хүн шашнаас болоод Бурханд итгэхээ больсон байдаг. Тийм учраас асуулт асуух нь ухаалаг юм. Тэгээд яриаг нь анхааралтай сонсоорой. Ингэдэг бол тэр хүн бас чиний яриаг дуртайяа сонсох биз ээ (Тит 3:2).

13 «Бүтээгч байдаг гэдэгт итгэдэг чи ямар тэнэг юм бэ!» гэх мэтээр хүмүүс чамайг шоолбол яах вэ? Амьдрал хар аяндаа яаж үүссэн байж болохыг эвтэйхэн асуугаарай. Анхны амьд биетэн цааш амьдрахын тулд өөрийнхөө хуулбарыг гаргах чадвартай байх ёстой. Бас химийн нэг профессорын хэлснээр 1) хамгаалалтын бүрхүүлтэй, 2) энерги авч боловсруулах чадвартай, 3) генетикийн мэдээлэлтэй, 4) тэр мэдээллээ хувилан олшруулах чадвартай байх ёстой ажээ. Тэрээр цааш нь «Хамгийн эгэл биетэн хүртэл маш нарийн бүтэцтэй байдаг нь үнэхээр гайхалтай» гэжээ.

14. Бүтээгчийн тухай ярилцахдаа яах нь зүйтэй вэ?

14 Бурхан бүхнийг бүтээсэн тухай  ярилцахдаа элч Паулын аргыг хэрэглэж болох юм. Тэрээр: «Аливаа барилга хэн нэгнээр баригддаг. Харин бүх юмсын барилгачин бол Бурхан мөн» гэж бичжээ (Евр. 3:4). Энэ нь тухайн хүнд зөв дүгнэлтэд хүрэхэд нь туслах үр дүнтэй арга юм. Байшин барилгыг хүн ур ухаанаа гарган барьдаг шүү дээ. Тэгвэл байшингаас илүү нарийн бүтэцтэй амьд биетүүдийг хэн нэг нь зохион бүтээсэн байж таарна! Байгууллагаас гаргадаг гарын авлагуудыг ашиглаарай. Бурхан байдагт итгэдэггүй залуутай нэг Гэрч ярилцаад дээр дурдсан хоёр товхимлыг өгчээ. Бараг 7 хоногийн дараа тэр залуу: «Одоо би Бурханд итгэж байна» гэжээ. Тэгээд Библийн хичээл хийдэг болж, баптисм хүртжээ.

15, 16. Библид итгэдэггүй хүнтэй яаж ярих вэ? Чиний гол зорилго юу вэ?

15 Библид итгэдэггүй хүнтэй ярихдаа ч дээрхтэй адилхан аргыг хэрэглээрэй. Тухайн хүн юунд итгэж үнэмшдэгийг, ямар сэдэв сонирхдогийг нь мэдэж аваарай (Сур. 18:13). Шинжлэх ухааны талаар сонирхдог хүнд Библи шинжлэх ухаантай тохирдгийг үзүүлбэл ярилцахдаа дуртай байх биз ээ. Библид үнэн түүх, яг таг биелдэг зөгнөл байдгийг үзүүлбэл сэтгэл нь хөдөлдөг хүмүүс ч бий. Хүнийг өөрчлөх чадалтай зөвлөгөө, тухайлбал «Ууланд айлдсан номлол»-ыг үзүүлбэл зарим хүн сонирхож болох юм.

16 Хүмүүстэй ярилцахдаа гол зорилгоо санаарай. Чи гол нь тэдний сэтгэл зүрхийг хөндөх болохоос, маргаанд ялах биш шүү. Тийм учраас асуулт эвтэйхэн асуугаад яриаг нь сайн сонсоорой. Өөрийнхөө итгэж үнэмшдэг зүйлийг бусдад, ялангуяа ах зах хүнд ярихдаа дөлгөөн, даруу байгаарай. Чамайг ингэж хүндэтгэлтэй харьцвал тэр хүмүүс ч бас чамайг хүндэлнэ. Итгэж үнэмшдэг зүйлээ ул суурьтай боддогийг чинь үнэлнэ. Хэрэв хүн чамтай зүгээр маргахыг хүсээд эсвэл чамайг шоолох гээд юм асууж байгаа бол хариулах хэрэггүй (Сур. 26:4).

ҮНЭНИЙГ ӨӨРИЙН БОЛГООРОЙ

17, 18. а) Бат итгэлтэй болъё гэвэл яах хэрэгтэй вэ? б) Дараагийн өгүүллээр юуны тухай үзэх вэ?

17 Бат итгэлтэй болъё гэвэл Библийн үндсэн сургаалыг мэдээд л болчихгүй. Гүн утгатай сургаалуудыг эрдэнэс хайж байгаа мэт хайж олоод судлаарай (Сур. 2:3–6). «Харуулын цамхаг номын сан», «Харуулын цамхаг—ОНЛАЙН НОМЫН САН», «Еховагийн Гэрчүүдэд зориулсан судалгааны лавлах» гэх зэргийн хэвлэл эх хэлээр чинь байгаа бол сайн ашиглаарай. Бас Библийг жилийн дотор уншиж дуусгах зорилго тавиарай. Бурхны Үгийг уншихаас илүү итгэл бэхжүүлэх зүйл байна гэж үү? Нэгэн дүүрэг хариуцагч хүүхэд байх үеэ дурсан «Би Библид гардаг үйл явдлуудыг бүр багаасаа заалгасан. Гэхдээ Библийг дуустал нь уншаад л тэр үйл явдлуудыг ойлгож үнэхээр Бурхны Үг юм байна гэдэгт итгэсэн. Тэр үеэс Еховатай дотносож эхэлсэн» гэж ярьсан юм.

18 Эцэг эхчүүд та нар хүүхдүүдээ Еховатай дотно болоход нь гол үүрэгтэй. Тэднийгээ бат итгэлтэй болоход нь хэрхэн туслах вэ? Дараагийн өгүүллээр энэ тухай үзнэ.

^ [1] (5-р догол мөр) Кино: The Wonders of Creation Reveal God’s Glory; товхимлууд: Was Life Created? The Origin of Life—Five Questions Worth Asking; ном: Is There a Creator Who Cares About You?