Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2016 оны 9 сар 

«Гараа бүү унжуул»

«Гараа бүү унжуул»

«Гараа бүү унжуул» (ЗЕФ. 3:16).

ДУУ: 54, 32

1, 2. а) Өнөө үед хүмүүс ямар бэрхшээл зовлон амсдаг вэ? Энэ нь ямар үр дагавартай вэ? б) Исаиа 41:10, 13-т сэтгэл тайвшруулам ямар үг байдаг вэ?

АХЛАГЧ нөхөртэй, байнгын эхлэгч нэг эмэгтэй: «Би цуглаан, дэлгэрүүлэх ажилд тогтмол оролцож, Библиэ сайн судалдаг ч олон жил санаа зовж байгаа учраас нойрондоо муу болсон. Энэ нь эрүүл мэндэд ч, хүмүүстэй харьцахад ч муугаар нөлөөлж байна. Заримдаа бууж өгөөд нүхэнд орчихмоор санагддаг» гэж ярьсан юм.

2 Та энэ эмэгтэйн сэтгэлийг ойлгож байна уу? Сатаны бузар муу ертөнцийн амьдрал хүмүүст асар их дарамт учруулдаг. Үүний улмаас санаа зовдог болж, яваандаа сэтгэл санаагаар унадаг. Яг л усан онгоцыг урагш нь явуулахгүйн тулд зангуу буулгадагтай адилхан (Сур. 12:25). Энэ нь юунаас болж болох вэ? Хайртай хүнээ алдах, хүнд өвчин тусах, эдийн засгийн хямралтай энэ нийгэмд гэр бүлээ тэжээх гэж зүдрэх, эсвэл эсэргүүцэл хавчлагатай тулгарах зэргээс болж болох юм. Тэгээд сэтгэл санаа хямарч ямар ч хүч тэнхээгүй болно. Баяр баясгалангүй ч болж мэднэ. Гэхдээ Бурхан танд туслахад бэлэн гэдэгт итгэл төгс байгаарай (Исаиа 41:10, 13-ыг уншина).

3, 4. а) Библид «гар» гэдгээр юуг илэрхийлдэг вэ? б) Хүн юунаас болоод гуньж гутардаг вэ?

3 Библид ямар нэг зан чанар, үйл хөдлөлийг биеийн  эрхтнүүдээр дүрслэн бичсэн нь олонтоо. Жишээлбэл гарыг хэдэн зуун удаа дурдсан байдаг. Гарыг тэнхрүүлэх гэж бичсэн байдаг нь урамшуулан зоригжуулах, ямар нэг юм хийх хүч тэнхээтэй болгох гэсэн утга илэрхийлдэг (1 Сам. 23:16; Езр. 1:6). Бас өөдрөг байж, ирээдүйгээ итгэлтэй харах гэсэн утгатай.

4 Сэтгэлээр унан цөхрөнгөө барж найдвар тасарсан хүнийг Библид дүрслэхдээ гараа унжуулах гэдэг үг хэллэг ашигласан байх нь бий (Ш.дэд 15:7; Евр. 12:12). Хүн ямар нэг юмнаас болж бухимдсан, тамир тэнхээ нь тасарсан эсвэл Еховагаас холдсон юм шиг санагдсан үедээ цөхөрч мэднэ. Ийм үед яаж сэтгэлээ чангалах вэ? Яавал бэрхшээлийг давах хүчтэй, баяр хөөртэй болох вэ?

ЕХОВАГИЙН «МУТАР АВАРЧ ЧАДАХААРГҮЙ БОГИНО БИШ»

5. а) Бэрхшээл тулгарахад бид яаж магадгүй вэ? Гэхдээ юуг санах хэрэгтэй вэ? б) Энэ өгүүллээр юуны тухай ярилцах вэ?

5 Зефаниа 3:16, 17-г уншина. Бэрхшээл тулгарвал айж түгших юм уу сэтгэлээр бүү унаарай. Халамжтай Эцэг Еховадаа «бүх зовнилоо ... үүрүүлээрэй» (1 Петр 5:7). Бурхан израильчуудад санаа тавьж байсан шигээ бидэнд ч бас санаа тавьдаг. Тэрээр цөлөгдсөн израильчуудад «[Миний] мутар аварч чадахааргүй богино биш ээ» гэж хэлсэн байдаг шүү дээ (Ис. 59:1). Ехова өөрийнхөө үйлчлэгчдэд хүч тэнхээ өгөх хүсэлтэй, чадалтайг харуулах гурван жишээг энэ өгүүллээр авч үзнэ. Үйлчлэгчид нь хүч тэнхээтэй болсон учраас хэцүү асуудлаа үл тоон Ехова Бурхныхаа хүсэл тааллыг гүйцэлдүүлжээ. Тэдний жишээ танд хэрхэн урам зориг өгөхийг үзээрэй.

6, 7. Израильчууд амалекчуудыг ялсан түүхээс ямар чухал зүйлийг сурах хэрэгтэй вэ?

6 Израильчуудыг Египетийн дарлалаас гайхамшгаар чөлөөлөгдөөд удаагүй байтал амалекчууд довтолжээ. Зоригт Иошуа Мосегийн заавраар израильчуудыг удирдан тулалдаанд оржээ. Тэр хооронд Мосе, Аарон Хур хоёрыг аваад ойролцоох толгодын орой дээр гарч тулалдааныг ажиглаж байлаа. Тэр гурав байлдахаас айгаад зугтсан уу? Огтхон ч үгүй!

7 Мосе төлөвлөгөө боловсруулж түүнийгээ ёсчлон дагасан нь амжилтын үндэс болжээ. Тэрээр жинхэнэ Бурхны таягийг барьсан гараа тэнгэр өөд өргөсөн. Мосег гараа өргөж байх зуур Ехова израильчуудыг хүчтэй болгож, амалекчуудыг ялахад нь тусалж байлаа. Харин Мосег чилсэн гараа буулгах үед амалекчууд ялж эхлэв. Аарон Хур хоёр тэр даруй «чулуу авч, [Мосед] тавьж өгөхөд, тэр чулуун дээр суув. Аарон, Хур нар түүний гарыг нэг нь нэг талаас, нөгөө нь нөгөө талаас нь түшив. Тийнхүү нар жаргах хүртэл түүний гар тогтвортой байв». Ингээд Бурхан хүчирхэг мутраараа израильчуудад ялалт авчиржээ (Ег. 17:8–13).

8. а) Етиопчууд Иудатай тулалдахаар болоход Аса яасан бэ? б) Бид Асаг хэрхэн дуурайх хэрэгтэй вэ?

8 Еховагийн мутар богино биш гэдэг нь Аса хаанд тохиолдсон явдлаас бас харагддаг. Библид янз бүрийн цэрэг армийн тухай дурдсан байдаг. Түүний дотроос хамгийн хүчирхэг нь Етиопын Зерагаар удирдуулсан, дайн байлдаанд мэргэшсэн нэг сая цэрэгтэй арми юм. Гэтэл Асагийн цэргүүд Етиопын цэргээс бараг хоёр дахин цөөн байв. Аса айж сандраад сэтгэлээр унасан болов уу? Үгүй! Шууд л Еховагаас тусламж гуйсан. Цэрэг хүний нүдээр  харахад етиопчуудыг ялах ямар ч боломжгүй байв. Гэвч «Бурханд бүх юм боломжтой» (Мат. 19:26). Бурхан агуу хүчээ үзүүлж «етиопчуудыг Асагийн өмнө ... бут цохисон». «Асагийн зүрх сэтгэл амьдралынх нь турш ЭЗЭНд бүрэн зориулагдсан байв» (Ш.дэд 14:8–13; Х.дээд 15:14).

9. а) Иерусалимын хэрмийг сэргээн барихад Нехемиад юу саад болоогүй вэ? б) Нехемиагийн залбиралд Бурхан хэрхэн хариулсан бэ?

9 Нехемиаг Иерусалимд ирэхэд ямар дүр зураг угтсан бэ? Хот ямар ч хамгаалалтгүй, иудейчүүд сэтгэлээр уначихсан байв. Харийн дайснуудын заналхийллээс болоод зүрх нь үхэж Иерусалимын хэрмийг сэргээн барих ажлаа зогсоожээ. Нехемиа үүнийг хараад урам нь хугарч зорилгоосоо ухарсан уу? Үгүй! Нехемиа эртний үнэнч үйлчлэгч Мосе Аса нар шиг, Еховад ямагт найдаж, залбирдаг хүн байв. Тийм учраас энэ удаа ч мөн уул шиг том саадтай тулгарсан элэг нэгтнүүдийнхээ төлөө тусламж гуйн залбирчээ. Ехова ч Нехемиагийн чин сэтгэлийн залбиралд хариулж «аугаа хүч», «хүчирхэг мутраараа» иудейчүүдийн урмыг бадрааж, зоригийг нь чангалсан (Нехемиа 1:10; 2:17–20; 6:9-ийг уншина). Ехова «аугаа хүч», «хүчирхэг мутраараа» орчин үеийн үйлчлэгчдээ ч бас зоригжуулдаг гэдэгт та итгэдэг үү?

ЕХОВА ТАНЫГ ЗОРИГЖУУЛНА

10, 11. а) Бидний хүчийг сулруулахын тулд Сатан юу хийдэг вэ? б) Ехова биднийг юугаар зоригжуулж хүч тэнхээтэй болгодог вэ? в) Та Бурхны байгууллагаас зохион байгуулдаг сургууль, сургалтуудаас ямар ач тус хүртдэг вэ?

10 Диавол биднийг Хаанчлалын үйл хэрэгт оролцуулахгүйн төлөө тууштай тэмцэнэ гэдгийг бүү мартаарай. Тэрээр засгийн газрууд, шашны удирдагчид, тэрслэгчдийг ашиглан биднийг хуурч мэхлэн, айлгаж сүрдүүлэхийг оролддог. Зорилго нь юу вэ? Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажлын хурдыг сааруулж, бидний идэвхийг сулруулах юм. Гэлээ ч Ехова биднийг ариун сүнсээрээ хүч тэнхээтэй болгох чадалтай, хүсэлтэй (Ш.дээд 29:12). Тэгэхлээр Сатан болон түүний бузар муу ертөнцийн зүгээс учирдаг аливаа дарамт бэрхшээлийг сөрөн зогсохын тулд энэ сүнсийг авах нь чухал (Дуу. 18:39; 1 Кор. 10:13). Түүнчлэн ариун сүнсний нөлөөгөөр бичигдсэн Бурхны Үг бидэнд хүч өгдөг. Библид үндэслэсэн хэвлэлийг сар бүр унших боломжтойдоо бас баярлах хэрэгтэй. Зехариа 8:9, 13 (уншина)-т бичсэн үгийг Иерусалимын сүмийг дахин баригдаж байх үед хэлсэн бөгөөд энэ үг бидэнд хэрэгтэй.

11 Бас цуглаан, чуулган болон байгууллагаас зохион байгуулдаг сургуулиудад Бурхны өгдөг боловсролыг эзэмшихлээр хүч тэнхээтэй болдог. Мөн зөв хандлагатай болж, Бурхантай улам дотносох зорилго тавьж, Христийн дагалдагчийн үүргээ биелүүлэх хүсэл оргилдог (Дуу. 119:32). Та ийм боловсролын ач тусыг хүртэхийн төлөө хичээдэг үү?

12. Бурхантай үргэлж дотно байя гэвэл яах ёстой вэ?

12 Ехова израильчуудад амалекчууд, етиопчуудыг ялахад нь тусалсан. Нехемиа болон түүний нөхдөд сэргээн засварлах ажлаа дуусгах хүч өгсөн. Бидэнд ч бас хүч өгнө. Хүмүүс эсэргүүцсэн ч, мэдээг маань үл тоомсорлосон ч, санаа сэтгэл тайван биш байсан ч бид Еховагийн өгөх хүчээр ажлаа зогсолтгүй хийнэ (1 Петр 5:10). Бид Еховагаас гайхамшиг үйлдэж өгөөч  гэж гуйдаггүй. Харин өөрсдийн зүгээс шаардлагатай бүхнийг хийдэг. Тухайлбал Бурхны Үгийг өдөр бүр уншдаг, цуглаан болгондоо бэлдэж, идэвхтэй оролцдог, бие даан судалж зүрх сэтгэл, оюун ухаанаа тэтгэдэг, байнга залбирч Еховад найддаг. Ехова энэ бүхнээр биднийг хүчтэй, зоригтой болгодог. Тиймээс өөр зүйлд сатаарах юм уу чухал биш зүйлийг хийхгүй байцгаая. Хэрэв та дээрх зүйлүүдээс аль нэгийг нь хийдэггүйгээ анзаарвал Бурхнаас тусламж гуйгаарай. Ехова ариун сүнсээрээ хүч өгч тэдгээрийг «үйлдүүлж, хүсүүлнэ» (Флп. 2:13). Тэгвэл бусдыг хэрхэн зоригжуулах вэ?

БУСДЫГ ЗОРИГЖУУЛ

13, 14. а) Эхнэрээ нас барсны дараа нэг Гэрч хэрхэн тайвширсан бэ? б) Бусдыг хэрхэн зоригжуулж болох вэ?

13 Ехова Бурхныхаа ачаар бид дэлхийн өнцөг булан бүрд байдаг итгэл нэгтнүүдтэйгээ ах дүүгийн барилдлагатай болсон билээ. Элч Паул: «Цуцсан гар, сульдсан өвдгөө тэнхрүүлэгтүн. ... Өөрсдийн хөлд зориулж шулуун зам тавь» хэмээн бичсэн байдаг шүү дээ (Евр. 12:12, 13). Христийн эртний дагалдагчид итгэл нэгтнүүдээсээ тийм тусламжийг авдаг байсан. Өнөөдөр ч мөн ялгаагүй. Нэг Гэрч эрэгтэй, эхнэрээ алдаад, бас янз бүрийн гашуун зовлон үзжээ. Тэрээр: «Ямар сорилт хэзээ, хэдэн удаа учрахыг хүн өөрөө сонгох боломжгүйг ойлгосон. Залбирал, бие даасан судлал бол усанд живэхээс хамгаалдаг аврах хантааз л гэсэн үг. Бас итгэл нэгтнүүдийн маань тус дэм надад их хэрэг болсон. Хэцүү асуудал тулгарахаас өмнө Еховатай дотно болох нь хэчнээн чухал байдгийг би ойлгосон» гэж ярьжээ.

Хурлын гишүүн бүр бусдыгаа зоригжуулж чадна (14-р догол мөрийг үзээрэй)

14 Аарон Хур хоёр Мосегийн гарыг тулалдааны туршид түшиж байсан. Тэгвэл бид бусдадаа тус дэм болох арга замыг хайх хэрэгтэй. Итгэл нэгтнүүдийн маань зарим нь хөгшрөхийн зовлон амсаж байхад, зарим нь өвчин эмгэгт баригдаж, гэр бүлийн эсэргүүцэлтэй тулгарч, ганцаардаж, хайртай хүнээсээ хагацаж байна. Охид хөвгүүдийг үе тэнгийнхэн нь буруу юм хийлгэх гэж дарамталдаг. Зарим залуус өнөөгийн тогтолцоонд амжилт олох гэж сургууль соёл, эд мөнгө, ажил мэргэжлийн хойноос явдаг (1 Тес. 3:1–3; 5:11, 14). Цуглааны танхимд байхдаа, дэлгэрүүлэхдээ, хамт хоол идэхдээ, утсаар ярихдаа итгэл нэгтэндээ чин сэтгэлээсээ яаж санаа тавихаа бодоорой.

15. Урам зориг бадраасан үг бусдад хэрхэн нөлөөлдөг вэ?

15 Аса хааныг дайснаа дарсных нь дараа зөнч Азариа: «Та нар тууштай байж, бүү зүрх алд. Та нарын ажил шагналтай» хэмээн хэлж хааныг болон ард түмнийг зоригжуулдаг (Ш.дэд 15:7). Үүний ачаар Аса цэвэр шүтлэгийг сэргээхийн тулд олон өөрчлөлтийг хийжээ. Та тэр зөнчийн адилаар сэтгэл сэргээм үг хэлдэг бол хүмүүст хүчтэй нөлөөлнө. Ийнхүү Еховагийн төлөө илүү ихийг хийх хүслийг нь бадраана шүү дээ (Сур. 15:23). Цуглаан дээр гараа өргөн урамтай сайхан хариулт өгдөг бол хүмүүст их тус болдог гэдгийг бүү мартаарай.

16. Ахлагчид Нехемиаг дуурайн хурлын гишүүдийг хэрхэн зоригжуулж болох вэ? Итгэл нэгтнүүд тань таныг хэрхэн зоригжуулж байсан бэ?

16 Ехова тусалж дэмжсэн учраас Нехемиа болон түүнтэй хамт байсан хүмүүс ажлаа хийх урам зоригтой болсон. Тийм учраас Иерусалимын хэрмийг 52-хон хоногийн дотор барьж дуусгажээ (Нех. 2:18; 6:15, 16). Нехемиа энэ  ажлыг удирдаад зогсохгүй гар бие оролцсон (Нех. 5:16). Хайр халамжтай ахлагчид Нехемиаг дуурайн Хаанчлалын болон чуулганы танхимын гэх зэрэг барилгын ажилд гар бие оролцох юм уу танхимаа цэвэрлэж, арчилж торддог. Хурлынхаа гишүүдтэй цуг дэлгэрүүлж, хоньчны эргэлт хийн сэтгэл нь тавгүйтсэн нэгнийг тайвшруулж зоригжуулдаг (Исаиа 35:3, 4-ийг уншина).

«ГАРАА БҮҮ УНЖУУЛ»

17, 18. Бэрхшээл тулгарсан эсвэл санаа зовсон үедээ юунд итгэлтэй байх хэрэгтэй вэ?

17 Итгэл нэгтнүүдтэйгээ мөр зэрэгцэн үйлчлэхлээр улам бүр эв нэгдэлтэй болдог. Бас нөхөрлөл зузаарч Бурхны Хаанчлалын үед ивээл хүртэнэ гэсэн итгэл маань улам бэхэждэг. Бусдыгаа зоригжуулбал тэд бэрхшээлд сөхрөлгүй өөдрөг байж ирээдүйгээ итгэлтэйгээр харна. Түүнээс гадна бид өөрсдөө Еховаг болон Хаанчлалыг голлон анхаарч ирээдүйд хүртэх ивээлийг бодитой гэдэгт бүр ч их итгэнэ. Тэгэхлээр бид ч бас урамшин зоригждог хэрэг.

18 Ехова эрт цагт янз бүрийн нөхцөл байдалд орсон үнэнч үйлчлэгчдээ хэрхэн хамгаалж, тусалж дэмжиж байсныг бодохлоор итгэл бэхжиж, Еховад найддаг болно. Тиймээс бэрхшээл, дарамт учирвал «гараа бүү унжуул»! Еховад залбирч, удирдлага зааврыг нь дагаарай. Тэгвэл та хүч тэнхээтэй болж Хаанчлалын авчрах ивээлийг хүртэхийн төлөө цог золбоотой алхана (Дуу. 73:23, 24).