Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2017 № 3

Элиас Хуттер ба түүний гайхалтай еврей Библи

Элиас Хуттер ба түүний гайхалтай еврей Библи

ТА Библийг бичсэн еврей бичгийг уншиж чадах уу? Үгүй байх аа. Еврей Библи огт хараагүй биз ээ. XVI зууны эрдэмтэн Элиас Хуттерийн тухай, түүний хэвлэн гаргасан еврей хэлээрх хоёр Библийн тухай мэдээд та өөртөө байгаа Библийн үнэ цэнийг ойлгодог болно.

Элиас Хуттер 1553 онд Германы Горлийц гэдэг жижигхэн хотод төрсөн. Энэ хот Польш болон Чех улстай хиллэдэг одоогийн боомтын ойролцоо байдаг. Хуттер Йена хотын Лютераны их сургуульд дорно дахины хэл сурч, 24-хөн настайдаа Лайпцигт еврей хэлний профессор болжээ. Тэрээр хожим нь Нюрнбергт еврей, грек, латин, герман хэлний 4 жилийн сургууль байгуулж боловсролд шинэчлэлт хийсэн. Тухайн үед бусад их дээд сургуульд ийм сургалт явуулдаггүй байв.

«ЭНЭ НОМНЫ БҮХ ЗҮЙЛ НЬ САЙХАН»

1587 онд гарсан Хуттерийн еврей Библийн гарчгийн хуудас

1587 онд Хуттер еврей хэлээр «Хуучин гэрээ»-г гаргажээ. Энэхүү хувилбар нь «Дерек ха-Кодеш» буюу Исаиа 35:8-д байдаг «Ариун Их Зам» гэсэн утга бүхий нэртэй. Бичгийн гоёмсог хэвийг нь хараад нэгэн хүн «энэ номны бүх зүйл нь сайхан» гэж хэлсэн. Гэхдээ энэ Библийг илүү үнэ цэнтэй болгосон нэг зүйл бий. Энэ Библи оюутнуудад еврей хэл сурахад нь тус болох гарын авлага болж байжээ.

Хуттерийн еврей Библи яагаад тийм их ач тустай байсан бэ? Үүнийг мэдэхийн тулд еврей хэлээр Библи уншиж сурч байгаа хүнд ямар хоёр бэрхшээл тулгардаг байсныг авч үзье. Нэгдүгээрт, тухайн үеийн еврей хэлээрх Библийн үсгийг уншихад амаргүй байсан. Хоёрдугаарт, үгийг нь угтвар, дагавраас нь болоод танихад амаргүй байв. Жишээ болгон сүнс гэж орчуулдаг נפשׁ (галиглавал нефеш) гэсэн үгийг авч үзье. Езекиел 18:4-т энэ үгийг ה (ха) гэсэн угтвартай бичсэн байдаг. Нийлээд הנפשׁ (хан·нефеш) гэдэг үг үүссэн. Харж дасаагүй хүнд הנפשׁ (хан нефеш) гэдэг үг נפשׁ (нефеш) гэдэг үгнээс шал өөр байв.

Хуттер оюутнууддаа туслахын тулд хэвлэлтийн аргыг чадварлаг ашиглажээ. Еврей үсгийн фонт нь тод бас бүдэг байв. Үгийн язгуурыг нь тод үсгээр, харин угтвар, дагаврыг нь бүдэг үсгээр бичсэн байна. Энэ энгийн аргын  ачаар оюутнууд нь еврей хэлний үгийн язгуурыг амархан таньж, хэлээ илүү хурдан сурах болжээ. Тайлбартай «Ариун Судрын Шинэ ертөнц орчуулга» энэ аргыг хэрэглэсэн байдгийг зүүлтээс нь харж болно. * Галиглаж бичсэн үгийн язгуурыг тодруулж, угтвар, дагаврыг нь хэвээр нь үлдээсэн. Дээрх зургийн тодруулсан хэсгээс, тайлбартай «Ариун Судрын Шинэ ертөнц орчуулга»-д байдаг Езекиел 18:4-ийн зүүлт дэх еврей үгийг Хуттерийн аргаар бичсэн байгааг харж болно.

«ШИНЭ ГЭРЭЭ»-Г ЕВРЕЙ ХЭЛЭЭР

Хуттер 12 хэлээрх бичвэр бүхий «Шинэ Гэрээ»-г хэвлүүлсэн. Энэ Библийг 1599 онд Нюрнбергт хэвлүүлсэн болохоор «Нюрнбергийн олон хэлний Библи» гэж нэрлэдэг. Үүнийхээ тоонд Хуттер еврей хэлээрх «Шинэ Гэрээ» буюу Грек Судрыг бас оруулахыг хүссэн юм. Тэрээр ийм орчуулга хайгаад ч, «их мөнгө төлье гэсэн ч» олдохгүй байсан юм гэж хэлжээ. * Тэгээд Хуттер өөрөө «Шинэ Гэрээ»-г грек хэлнээс еврей хэлнээ орчуулахаар шийдсэн байна. Тэрбээр хамаг л ажлаа хойш нь тавиад ганцхан жилийн дотор орчуулж дуусгажээ!

Хуттер «Шинэ Гэрээ» буюу Грек Судрыг еврей хэлнээ хэр сайн орчуулсан бэ? XIX зууны алдартай еврей судлаач Франц Делицш: «Хэлээ сайн ойлгосон нь түүний еврей орчуулгаас харагддаг. Христианууд ингэж сайн ойлгох нь ховор байсан. Үг хэллэгээ зөв сонгож орчуулсан нь удаа дараа батлагдсан учраас одоо ч гэсэн лавлах материал болгож ашиглаж болдог» хэмээн тэмдэглэжээ.

ҮҮРДИЙН АШИГ ТУС

Хуттер орчуулга хийгээд баяжаагүй. Хүмүүс ч түүний бүтээлийг авч уншаагүй бололтой. Гэхдээ л хийсэн ажил нь чухал, үүрдийн ашиг тустай байжээ. Түүний орчуулсан еврей хэлээрх «Шинэ Гэрээ»-г Вийлям Робертсон 1661 онд, Ричард Кадик 1798 онд шинэчлэн сайжруулж, дахин хэвлэжээ. Хуттер Грек Судрыг орчуулахдаа Kyʹri·os (Эзэн) болон The·osʹ (Бурхан) гэсэн цолыг «Хуучин Гэрээ» буюу Еврей Судраас эш татсан байвал, бас Еховаг хэлж байна гэж санагдвал «Ехова» (יהוה, JHVH) гэж орчуулсан. Энэ нь үнэхээр гайхалтай. Учир нь «Шинэ Гэрээ»-ний олон орчуулгад Бурхны оноосон нэрийг оруулаагүй байдаг. Харин Хуттерийн орчуулга Грек Сударт Бурхны оноосон нэрийг сэргээн оруулах нь зөв гэдгийг баталдаг.

Та Грек Судраас Бурхны Ехова гэдэг нэрийг уншихдаа Элиас Хуттер ба түүний гайхалтай еврей Библийг санаарай.

^ д/м 7 Тайлбартай «Ариун Судрын Шинэ ертөнц орчуулга»-ын Езекиел 18:4-д байдаг хоёрдугаар зүүлт, хавсралт 3В-г үзнэ үү (англи).

^ д/м 9 Түүнээс өмнө, эрдэмтэд «Шинэ Гэрээ»-г еврей хэлээр орчуулж байсан бололтой. Тухайлбал, 1360-аад оны үед Византийн лам Симон Атуманос, 1565 оны үед германы эрдэмтэн Оосвалт Шрекенфукс нар орчуулж байв. Энэ хүмүүсийн орчуулга хэвлэн нийтлэгдэж байгаагүй бөгөөд устаж үгүй болжээ.