Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2016 № 4

 ОНЦЛОХ СЭДЭВ | ТАЙВШРАЛЫГ ХААНААС ОЛОХ ВЭ?

Зовох цагт тайвшрах нь

Зовох цагт тайвшрах нь

Хүн ямар ч зовлон бэрхшээлтэй нүүр тулж мэдэх юм. Тэр бүгдээс зугтах аргагүй байдаг. Гэхдээ эхний өгүүлэлд дурдсан дөрвөн жишээг дэлгэрэнгүй авч үзээд, өөр хоорондоо харилцан адилгүй зовлон үзсэн хүмүүсийг Бурхан хэрхэн тайвшруулсныг анхааръя.

АЖИЛГҮЙ БОЛОХОД

«Бид ажил голохгүй байхыг сурч, онцын хэрэггүй зүйлийнхээ зардлыг хаслаа»—Жонатан

Сет * ийнхүү дурссан юм. «Эхнэр бид хоёрын хэн хэн нь ажилгүй болж, халамжийн мөнгө, хар бор ажлаар хоёр жил амь зууж байлаа. Үүнээс болоод Присилла маань сэтгэлээр унаж, харин би өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодох болсон.

Бид энэ бэрхшээлийг яаж давсан бэ гэж үү? Матай 6:34-т байдаг Есүсийн үгийг Присилла байнга санадаг. Энэ зүйлд, өдөр бүрийн зовлон тухайн өдөртөө хангалттай, маргаашийг бодож санаа зовох хэрэггүй гэж байдаг. Бас Присилла маань шаргуу залбирч сэтгэлийн тэнхээтэй болсон. Харин миний хувьд, Дуулал 55:22-ыг уншаад тайвширч, дуулалчийн адилаар ачаагаа Еховад даатгасан юм. Ехова надад үнэхээр түшиг тулгуур болж байгааг мэдэрч байлаа. Одоо би ажилтай болсон. Гэхдээ Матай 6:20–22-т байдаг Есүсийн зөвлөгөөг дагаж, энгийн амьдарч байна. Хамгийн гол нь эхнэр бид хоёр Еховатай ч, бие биетэйгээ ч дотно болсон».

Жонатан ингэж ярьсан юм. «Гэр бүлийн маань жижиг бизнес дампуурахад цаашдаа яана даа гэж санаа зовж байлаа. Санхүүгийн хямрал болж, 20 жилийн хөдөлмөр минь талаар болсон юм. Эхнэр бид хоёр мөнгөнөөс болж маргалддаг байв. Зээлээ төлж чадахгүй байх вий гэж айгаад зээлийн картаар ч юм авахаа больсон.

Гэхдээ зөв шийдвэр гаргахад Бурхан Үгээрээ, ариун сүнсээрээ тусалж байсан. Бид ажил голохгүй байхыг сурч, онцын хэрэггүй зүйлийнхээ зардлыг хаслаа. Итгэл нэгт найз нөхөд маань ч бидэнд тусалсан. Өөртөө итгэлтэй байх урам зориг өгч, туйлын хүнд үед тусламжийн гараа сунгаж билээ».

 ХАНЬДАА ХАЯГДАХАД

Ракел ийнхүү дурссан юм. «Нөхөр минь намайг гэнэт хаяад явахад, би маш их гомдож, бүр уур хүрч билээ. Их ч гуньж гутарсан. Гэхдээ би Бурханд ойр байж, тайвширч байлаа. Өдөр бүр залбирахад, Бурхнаас ирсэн амар тайван зүрх сэтгэлийг минь хамгаалж байсан. Шархалсан зүрхийг минь эдгээх шиг л болж байв.

Библийн ачаар уур бухимдлаа дарж сурсан. Ром 12:21-д байдаг “Бузар муугаар бүү дийл, харин бузар мууг сайнаар дийлэгтүн” гэсэн Паулын үг надад хүчтэй нөлөөлж билээ.

«“Алдаж асгах цаг” байдаг. ... Би одоо өмнөө шинэ зорилго тавьсан»—Ракел

Урагшаа ахих хэрэгтэйг нэг сайн найз минь ойлгуулсан юм. Надад Библиэс Номлогчийн үгс 3:6-г уншуулж, “алдаж асгах цаг” байдгийг эвтэйхэн тайлбарласан. Хүлээж авахад хэцүү ч гэлээ надад яг хэрэгтэй зөвлөгөө байлаа. Би одоо өмнөө шинэ зорилго тавьсан».

Элизабет ийнхүү ярьж байна. «Ханьдаа хаягдсан хүнд тусламж дэмжлэг хэрэгтэй. Өдөр бүр өмөг түшиг болдог дотны найз минь намайг уйлахад хамт уйлж, тайвшруулж байлаа. Тэгэхэд би, хүнд гологдсон гэж бодохоо болин, харин ч хайрлуулж байгаагаа мэдэрсэн юм. Ехова надад сайн найз өгч, сэтгэл зүрхний минь шархыг эдгээж байгааг би ойлгосон».

НАС АХИЖ, ӨВДӨЖ ЗОВОХОД

«Бурханд залбирсны дараа намайг хүчтэй болгож байгааг мэдэрдэг»—Луис

Эхний өгүүлэлд дурдсан Луис зүрхний хүнд өвчтэй ажээ. Хоёр ч удаа үхэх шахсан байна. Тэрбээр хүчилтөрөгчийн аппаратыг өдөрт 16 цаг зүүх шаардлагатай болжээ. Луис: «Би Еховад байнга залбирч, хүч тэнхээтэй болдог юм. Еховад би итгэдэг, намайг анхааран халамжилдгийг нь мэддэг учраас залбирдаг. Тэгээд бууж өгөхгүй байх урам зоригтой болдог» хэмээн ярьсан юм.

80 настай Петра: «Хиймээр юм их байдаг ч чадал минь хүрэхгүй юм. Энэ байдалтай ерөөсөө эвлэрч чадахгүй байна. Ядарч сульддаг учраас байнга эм уудаг. Есүс хэцүү бэрхийг өөрөөсөө холдуулахыг Эцгээсээ гуйж байсныг би санадаг. Ехова Есүсийг тэнхрүүлсэн шигээ намайг тэнхрүүлдэг. Залбирал миний хувьд өдөр бүрийн  эмчилгээ л гэсэн үг. Бурхандаа залбирсны дараа сэтгэл санаа тайвширдаг» гэжээ (Матай 26:39).

30 шахам жил судас хатуурах өвчинтэй тэмцэж буй Хулиан ингэж хэлсэн юм. «Даргын суудлаасаа бууж тэргэнцэр дээр суудаг болсон доо. Гэхдээ хүмүүст туслахын төлөө байдаг болохоор амьдрал минь утга учиртай байна. Бусдад санаа тавихаар өвчин зовлонгоо мартдаг юм. Бас Ехова хэрэгтэй үед хүч өгнө гэж амласнаа биелүүлдэг. Элч Паулын “Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна” гэж хэлсэн нь ямар үнэн үг вэ!» (Филиппой 4:13).

НЭГНИЙГЭЭ АЛДАХАД

Антонио ийнхүү дурссан юм. «Аавыгаа автын ослоор нас барахад би эхлээд итгэж чадаагүй. Аавын маань буруугаас болоогүй учраас надад шударга бус санагдсан. Аав 5 хоног ухаангүй байгаад нас барсан. Би яаж ч чадаагүй. Ээжийнхээ хажууд нулимсаа тэвчээд, ганцаараа байхдаа уйлдаг байсан. Яагаад ийм юм болов оо гэж боддог байлаа.

Тэр хүнд үед сэтгэлээ барьж, тайван байхад минь туслаач гэж Еховагаас гуйж байлаа. Бас “санамсаргүй тохиолдол” гардаг гэж Библид байдгийг санаад аажимдаа тайвширсан. Бурхан худал айлдах боломжгүй учраас аавыгаа амилахад дахин уулзана гэдэгт би итгэдэг» (Номлогчийн үгс 9:11, ШЕ; Иохан 11:25; Тит 1:2).

«Онгоцны осол хүүгийн минь амийг авч одсон. Гэхдээ хүүтэйгээ хамт байсан сайхан мөчөө дурсдаг»—Роберт

Эхний өгүүлэлд дурдсан Роберт яаж тайвширсан юм бол? Тэрбээр: «Би эхнэр Марибелтэйгээ Еховад залбирч, Филиппой 4:6, 7-д гардаг сэтгэлийн амар тайвныг мэдэрдэг. Сэтгэл санаа тайван байсан учраас сурвалжлагчдад амилах найдварын тухай ярьж чадсан юм. Онгоцны осол хүүгийн минь амийг авч одсон. Гэхдээ хүүтэйгээ хамт байсан сайхан мөчөө дурсдаг. Тэр тухайгаа л бодохыг хичээдэг.

Итгэл нэгтнүүд маань намайг итгэл үнэмшлийнхээ тухай зурагтаар тайван ярьсан гэж байна билээ. Тэгэхээр нь олон хүн бидний төлөө залбирсны л ач гэж тэдэнд хэлсэн юм. Ехова биднийг янз бүрийн аргаар тайвшруулж дэмждэг гэдэгт би итгэдэг» хэмээн ярьжээ.

Ямар ч зовлон амссан хүнийг Бурхан тайвшруулдгийг эдгээр жишээ харуулж байна. Харин таны тухайд юу хэлж болох вэ? Таны амьдралд юу ч тохиолдсон, Бурхан тайвшруулна. * Тиймээс Еховагаас тусламж аваарай. Тэрбээр «бүх тайвшралын Бурхан» юм (2 Коринт 1:3).

^ д/м 5 Нэрсийг өөрчлөв.

^ д/м 23 Бурхантай дотно байж, тайвшрахын тулд та яах хэрэгтэй вэ? Орон нутагтаа буй Еховагийн Гэрчүүдтэй холбоо барих юм уу ойр байгаа салбар луу захидал бичээрэй.