Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2016 № 4

Елагийн хөндий

Давид Голиат хоёрын тулалдаан—Үнэхээр болсон уу?

Давид Голиат хоёрын тулалдаан—Үнэхээр болсон уу?

Давид Голиат хоёрын түүхийг үнэн эсэхэд зарим хүн эргэлздэг. Өмнөх өгүүллийг уншиж байхдаа та бас эргэлзсэн үү? Тэгвэл дараах гурван асуултыг бодож үзээрэй.

1 | 2,9 метр өндөртэй хүн үнэхээр байсан уу?

Библид Голиатыг «зургаан тохой нэг сөөм» өндөртэй байсан гэж бичжээ (1 Самуел 17:4). Нэг тохой нь 44,5 сантиметр, нэг сөөм нь 22,2 сантиметртэй тэнцэнэ. Тэгэхлээр Голиат ойролцоогоор 2,9 метр өндөртэй байжээ. Ийм өндөр хүн байсан гэдэгт зарим хүн эргэлздэг. Гэхдээ орчин цагийн түүхэнд 2,7 метр өндөртэй хүн байсан гэсэн баримт бий. Тэгэхлээр Голиат түүнээс ойролцоогоор 20 сантиметр өндөр байжээ. Голиат ер бусын өндрөөрөө алдартай рефаим овгийн хүн байсан. МЭӨ XIII зууны үеийн египетийн нэгэн бичигт Канаан нутгийн дайчдыг 2,4 метр өндөр гэж бичсэн байдаг. Голиат ер бусын аварга биетэй байсан нь үнэн. Гэхдээ ийм өндөр хүн байсныг үгүйсгэх аргагүй.

2 | Давид гэдэг хүн үнэхээр байсан уу?

Нэгэн үе эрдэмтэд Давидыг үлгэр домгийн хүн гэж үздэг байв. Гэтэл археологичид «Давидын угсаа» гэсэн эртний сийлмэл олжээ. Бас Есүс Христ Давид гэдэг хүн үнэхээр байсныг баталсан (Матай 12:3; 22:43–45). Есүсийг Мессиа болохыг нь нотолсон хоёр угийн бичигт Давид хааны тухай гардаг (Матай 1:6–16; Лук 3:23–31). Тэгэхлээр Давид гэдэг хүн үнэхээр байжээ.

3 | Тулалдаан болсон газар одоо байдаг уу?

Тулалдааныг Елагийн хөндийд болсон гэж Библид бичжээ. Бүр тодруулбал, филистчүүд Соко болон Азека гэдэг хоёр хотын дунд, харин израильчууд хөндийн эсрэг талын толгод дээр буудаллаж байжээ. Үнэхээр ийм газар байсан уу?

Энэ газраар аялж үзсэн нэг хүн: «Манай хөтөч шүтлэгтэй хүн биш л дээ. Гэхдээ биднийг Елагийн хөндийд дагуулж ирсэн юм. Бид жимээр явж толгодын орой дээр гарлаа. Тэндээс хөндийг харан зогсож байтал бидэнд 1 Самуел 17:1–3-ыг уншиж өгсөн юм. Хөндийгөөс цаадхыг заан “Зүүн талд нь Сокогийн балгас байна” гээд эргэж хараад “Баруун талд нь Азекагийн балгас байна. Филистчүүд толгод дээр орших энэ хоёр хотын дунд буудаллаж байсан юм. Одоо бидний зогсож байгаа газар израильчууд хуарагнасан байж магадгүй” гэж хэлсэн юм. Би Саул Давид хоёрын зогсож байсан газар зогсож байна гэж бодсон. Толгодоосоо буугаад хөндийгөөр явахад энд тэндгүй чулуутай, ихэнх хэсэг нь ширгэсэн горхи тааралдлаа. Давид эндээс таван мөлгөр чулуу авч нэгээр нь Голиатыг алсан байх гэж бодсон» хэмээн ярьсан юм. Энэ аялагч бас бусдын адилаар, Библид ийм нарийн ширийн зүйл бичсэн байдгийг ойлгоод гайхсан биз ээ.

Энэ түүхэн үйл явдлыг үгүйсгэх үндэслэл байхгүй. Хүмүүс нь ч, тулалдаан болсон газар нь ч үнэн бодитой. Хамгийн гол нь, энэ түүх «мэхэлдэггүй» Бурхны сүнсээр удирдуулан бичсэн Библид гардаг (Тит 1:2; 2 Тимот 3:16).