Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2016 № 3

Хүчирхийллээс ангид нийгэм—Мөрөөдөл үү?

Хүчирхийллээс ангид нийгэм—Мөрөөдөл үү?

Та эсвэл гэрийнхнээс тань хэн нэг нь хүчирхийлэлд өртөж байсан уу? Өртвөл яана гэж та айдаг уу? Хүчирхийллийг «дэлхий дахиныг хамарсан өвчин» гэж нэрлэх болжээ. Хэдэн жишээ авч үзье.

ГЭР БҮЛИЙН БОЛОН БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ: «Гурван эмэгтэйн нэг нь ойр тойрныхоо хүний хүчирхийллийн золиос болдог» гэж Нэгдсэн Үндэстний Байгууллага мэдээлсэн байна. Харамсалтай нь, «дэлхий нийтэд таван эмэгтэйн нэг нь хүчиндүүлдэг эсвэл хүчиндэх гэсэн халдлагад өртдөг» байна.

ГЭМТ ХЭРЭГ: Америкийн Нэгдсэн Улсад 30 000 гаруй гэмт хэргийн бүлэглэл байдаг. Латин Америкт гурван хүн тутмын нэг нь гэмт хэргийн хохирогч болдог байна.

ХҮН АМИНЫ ХЭРЭГ: Хагас сая хүн өнгөрсөн нэг жилд хүн амины хэргийн золиос болсон нь дайнд амиа алдсан хүмүүсийн тооноос их байна гэсэн тооцоо гарчээ. Зүүн Африк болон Төв Америкт хүн амины хэрэг дэлхийн дунджаас дөрөв дахин их гардаг. Нэг жилийн дотор Төв Америкт 100 000, Бразилд 50 000 гаруй хэрэг гарчээ. Хүчирхийлэл гэж байхгүй болох цаг ирэх болов уу?

ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХ НЬ

Хүчирхийлэл ийм их байдгийн учир юу вэ? Нийгэм, эдийн засгийн тэгш бус байдал, өсөж хүмүүжсэн орчин, архи, мансууруулах бодис, доромжлол, шударга бус байдал гэх зэрэг олон шалтгаантай.

Зарим оронд хүчирхийллийг арилгах арга хэмжээ авдаг нь үнэн. Бразилын Сан Паулу хэмээх хүн ам шигүү суурьшсан хотод сүүлийн арван жилд хүн амины хэрэг 80 хувиар буурчээ. Гэхдээ л уг хотод хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг их гарсаар байна. 100 000 оршин суугч тутмын 10 орчим нь хүн амины хэргийн хохирогч болдог ажээ. Хүчирхийллийг таслан зогсоохын тулд яах хэрэгтэй вэ?

Хүчирхийллийг таслан зогсооё гэвэл хүний зан чанар, хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Хүчирхийлэгч бардам, шунахай, аминч зангаа орхиж, бусдыг хайрлаж хүндэтгэн, санаа тавьж сурах хэрэгтэй.

Хүн юуны ачаар ингэж эрс өөрчлөгддөг вэ? Библид юу гэж байдгийг үзье.

  • «Түүний тушаалуудыг сахих нь Бурхны хайр мөн» (1 Иохан 5:3, МБОХ, 2000).

  • «ЭЗЭНээс эмээхүй бол хорон мууг үзэн ядах явдал юм» (Сургаалт үгс 8:13).

Бурхныг хайрладаг, таалалд нь нийцэхгүй байх вий гэж эмээдэг хүн ширүүн дориун зангаа орхидог. Зан авираа өнгөцхөн биш, бүрмөсөн өөрчилдөг. Хүн үнэхээр ингэж өөрчлөгддөг үү?

 Танхайн хэд хэдэн удаагийн хэргээр 19 жил Бразилын шоронд суусан Алексын тухай ярья. * Тэрбээр Библи судалж, 2000 онд Еховагийн Гэрч болжээ. Ширүүн догшин зангаа зассан уу? Алекс муу үйл хийж явсандаа их харамсдаг ажээ. «Гэхдээ намайг өгөөмрөөр уучилсныг нь мэдээд би Бурхныг хайрладаг болсон. Еховаг хайрлах хайр, түүнд талархах сэтгэл намайг өөрчилсөн» хэмээн ярьсан юм.

Бразилд амьдардаг Сээсар хулгайч, дээрэмчин байжээ. Тэрбээр 15 жил ингэж амьдарсан байна. Яагаад өөрчлөгдсөн бэ? Шоронд байхдаа Еховагийн Гэрчүүдтэй уулзаж, Библи судалжээ. Сээсар: «Амьдрал минь утга учиртай болсон. Би Бурхныг хайрладаг болсон. Дахин муу юм хийж, Еховаг гонсойлгох вий гэж эмээдэг болсон. Бурхны сайхан сэтгэлийг үнэлж эрхэмлэхийг хүссэн юм. Хайрлах, эмээх сэтгэл намайг хүн шиг хүн болгосон» гэжээ.

Хүчирхийллээс ангид нийгэмд амьдаръя гэвэл яах ёстойг мэдэж аваарай

Эндээс юу ойлгож болох вэ? Библи хүний үзэл бодлыг, амьдралыг бүрэн өөрчлөх чадалтай (Ефес 4:23). Дээр дурдсан Алекс: «Библиэс сурч мэдсэн зүйл яг л над дээр урсаж байгаа цэвэр ус шиг байсан. Муу муухай бодлыг үлдэн хөөж намайг цэвэрлэсэн. Муу муухай бүхнээсээ салж чадна гэж төсөөлөө ч үгүй» гэж нэмж хэлсэн юм. Ухаан санаанд байгаа муу муухай бүхнийг Библийн сургаал хөөн зайлуулдаг. Бурхны Үг цэвэр болгох хүчтэй (Ефес 5:26). Тийм учраас харгис хэрцгий, амин хувиа хичээдэг хүн өөрчлөгдөж, уян зөөлөн сэтгэлтэй, амар тайвныг эрхэмлэх болдог (Ром 12:18). Библийн зарчмыг хэрэгжүүлбэл амар тайван амьдардаг (Исаиа 48:18).

Дэлхийн 240 оронд буй 8 сая гаруй Еховагийн Гэрч хүчирхийллээс ангид байх арга замыг мэдсэн байна. Нийгмийн янз бүрийн давхаргын, янз бүрийн үндэстний энэ хүмүүс Бурхныг хайрлаж, түүнээс эмээн, мөн бусдыг хайрлахад суралцан, нэгэн гэр бүл шиг амар тайван амьдарч байна (1 Петр 4:8). Хүчирхийллээс ангид нийгэм бий болно гэдгийг тэд баталдаг.

ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД НИЙГЭМ ОЙРХОН БАЙНА!

Бурхан удахгүй хүчирхийллийг арилгана гэж амласан тухай Библид байдаг. Хүчирхийллээр дүүрсэн өнөөгийн нийгэм «бурханлаг бус хүмүүсийн шүүлт ба сүйрлийн өдрийн төлөө хадгалагдаж байна» (2 Петр 3:5–7). Бусдыг зовоодог харгис хэрцгий зан авиртай хүн дахин гарахгүй. Бурхан хүчирхийллийг үгүй хийнэ гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ?

Бурхан «хүчирхийлэлд дурлагчийг ... үзэн яддаг» гэж Библид бичсэн (Дуулал 11:5). Бүтээгч амар тайван, шударга ёсыг эрхэмлэдэг (Дуулал 33:5; 37:28). Тийм учраас харгис хэрцгий хүмүүсийг удаан тэвчихгүй.

Амар тайван байдал ноёлсон шинэ ертөнц ойрхон байна (Дуулал 37:11; 72:14). Хүчирхийллээс ангид нийгэмд амьдрахын тулд яах ёстойг мэдэж аваарай

^ д/м 14 Нэрсийг өөрчлөв.