Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2016 № 3

 ОНЦЛОХ СЭДЭВ | ДОТНЫ ХҮНЭЭ АЛДАХАД

Гашуудаж буй хүмүүсийг тайвшруулах нь

Гашуудаж буй хүмүүсийг тайвшруулах нь

Гашуудаж байгаа хүнийг тайвшруулах аргаа олохгүй үе танд байсан уу? Юу хэлж, юу хийхээ мэдэхгүй байсан биз ээ. Гэлээ ч танд хийж чадах зүйл бий.

Гашуудаж байгаа хүний хажууд байж, сэтгэлийг нь тайвшруулах үг хэлж болно. Зовж шаналж байгаа хүнийг тэврэх, гарыг нь зөөлөн атгах зэргээр санаа тавьж байгаагаа илэрхийлдэг соёл олон оронд бий. Тэр хүн яримаар байвал анхааралтай сонсоорой. Гашуудаж байгаа хүнд тустай юм хийж өгвөл бүр ч сайн. Жишээ нь, хоол унд хийж өгөх, хүүхдийг нь харах юм уу ажил явдалд нь оролцож болох юм. Ингэж туслах нь гоё сайхан үг хэлснээс дээр байдаг.

Талийгаачийн сайхан зан чанарын тухай, дурсамжтай явдлынх нь тухай ярьж болно. Ингэвэл гашуудаж байгаа хүнд сайхан санагдаж болох юм. Жишээ нь, зургаан жилийн өмнө нөхрөө алдсан Пам гэдэг эмэгтэй: «Хүмүүс нөхрийн минь тухай миний огт мэдэхгүй зүйлийг дурсаж ярьдаг. Тэгж ярихлаар сайхан санагддаг» гэжээ.

 Хагацал үзсэн хүмүүст найзууд нь эхэндээ тусалж байснаа сүүлдээ завгүй болоод ч тэр үү, холбоо тасардаг нь судалгаанаас харагддаг. Тиймээс тэдэнд ойр байж, байнга туслахыг хичээгээрэй. * Тайвшрахад хугацаа их хэрэгтэй байдаг учир тусалж дэмжихэд тань баярлана.

Каори гэдэг япон бүсгүйд тохиолдсон явдал. Ээжийгээ алдаад удаагүй байтал, жил 3 сарын дараа эгч нь бас нас барав. Тэр үед үнэнч найз нөхөд нь сэтгэлийн дэм өгч байжээ. Тэдний нэг нь Рицүко юм. Каоригаас насаар эгч боловч дотны найз нь болохыг хичээж байв. Каори ийн дурссан юм. «Үнэнийг хэлэхэд, би нэг их баярлаагүй. Ээжийгээ хэнээр ч орлуулахыг хүсээгүй юм. Харин Рицүко эгч, надад ээж шиг минь хандаж байсан учраас бид хоёр их дотно болсон. Долоо хоног бүр бид дэлгэрүүлж, цуглаанд явдаг байсан. Олон ч удаа хамт цай уудаг байсан. Бас надад хоол хийж авчирж өгдөг, ил захидал, захиа бичдэг байсан. Рицүко эгч сайхан сэтгэл гаргаж байсан нь надад их урам өгсөн».

Каоригийн ээж нас барснаас хойш 12 жил өнгөрсөн байна. Тэрээр одоо нөхөртэйгөө хамт бүрэн цагаар үйлчилж байгаа ажээ. Каори: «Рицүко эгч надад одоо ч санаа тавьдаг. Би нутагтаа ирээд Рицүко эгчийнд дандаа очиж урам сэргээм сайхан яриа өрнүүлдэг» гэж ярьжээ.

Кипрт амьдардаг Поли гэдэг Еховагийн Гэрч эмэгтэйд тохиолдсон явдал. Полигийн нөхөр Сүзос сайхан сэтгэлтэй, үлгэр жишээ хүн байв. Хуралд ахлагчаар үйлчилдэг тэрбээр өнчин, бэлэвсэн нэгнийг гэртээ урьж хамт хоол идэж, дотносон нөхөрлөдөг байв (Иаков 1:27). Харамсалтай нь, Сүзос 53 насандаа тархины хавдраар нас баржээ. «33 жил ханилсан үнэнч ханиасаа би хагацсан даа» хэмээн Поли дурссан юм.

Уй гашууд автаж буй хүмүүст туслах арга бий

Нөхрийгөө оршуулсны дараа Поли 15 настай бага хүү Даниэлээ аваад Канад руу явжээ. Тэнд байдаг Еховагийн Гэрчүүдийн хурлын цуглаанд явдаг болжээ. Поли: «Шинэ хурлын маань найз нөхөд бидний тухай, урьд нь ямар хэцүү байсныг минь мэдэхгүй байсан ч гэсэн бидэн дээр ирж, тэвэрч, урам сэргээм үг хэлж, тусалж дэмжиж байсан. Тэгж тусалсанд нь талархаад баршгүй. Ялангуяа, хүүд маань эцгийн хайр халамж хэрэгтэй байв. Хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг хүмүүс Даниэлд илүү их санаа тавьж байсан. Тэдний нэг нь найзуудтайгаа хамт салхинд гарах юм уу хөл бөмбөг тоглохдоо хүүг минь аваад явдаг байсан» хэмээн ярьсан юм. Одоо ээж хүү хоёр дутах юмгүй байгаа ажээ.

Уй гашууд автаж байгаа хүмүүст хэрэгтэй тусламж үзүүлж, тайвшруулах арга олон бий. Библид нэгэн сайхан найдварын тухай бичсэн байдаг нь сэтгэл тайвшруулдаг.

^ д/м 6 Зарим хүн, ар гэрийнх нь эргэхийн тулд талийгаачийн нас барсан өдрийг календарь дээр тэмдэглэдэг. Тэгээд нас барсан өдөр нь эсвэл өмнө нь юм уу хойно нь очиж тайвшруулдаг.