Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2017 № 2

Африк Америкийн хоорондох боолын наймаа ашигтай байв

Боолчлолоос эрх чөлөө рүү—Өнгөрсөн ба одоо

Боолчлолоос эрх чөлөө рүү—Өнгөрсөн ба одоо

Блессинг * гэдэг эмэгтэй, үсчнээр ажиллуулна гэсэн амлалтад итгээд Европыг зорьжээ. Гэтэл түүнийг тэнд очиход 10 өдөр зодож, гэрийнхэнд нь муу юм хийнэ гэж сүрдүүлсэн байна. Тийм учраас Блессинг аргагүйн эрхэнд биеэ үнэлэх болжээ.

Олзлогдсон боолыг дүрсэлсэн байна, Эртний Египет

Блессинг эзэгтэйнхээ шаардсан 40 000 еврог төлөхийн тулд нэг шөнө 200–300 евро олох шаардлагатай байв. * Тэрбээр: «Би зугтчих юмсан гэж дандаа боддог байсан. Гэрийнхнийг минь хохироох вий гэж их айдаг байсан. Би яаж ч чадаагүй» хэмээн ярьсан юм. Блессингтэй адилаар 4 сая хүн бэлгийн мөлжлөгийн золиос болсон байна.

4 000 жилийн тэртээ, Иосеф хүүг ах нар нь худалджээ. Тэгээд Египетэд нэгэн баян айлын боол болжээ. Блессингийг бодвол, эзэн нь Иосефтой зүй бусаар харьцдаггүй байсан. Гэвч эзнийхээ эхнэрийн саналаас татгалзсанд, хүчиндэхийг завдсан гэсэн хилс хэрэгт буруутгагдсан. Үүнээс болоод Иосефийг шоронд хийж, дөнгөлжээ (Эхлэл 39:1–20; Дуулал 105:17, 18).

Иосеф бол эрт цагийн боол, харин Блессинг бол XXI зууны боол юм. Хэн хэн нь олон зууныг дамнасан хүний наймааны хохирогчид болжээ. Ашиг хонжоо л олохыг боддог хүмүүсийн гарт тэд эд бараа мэт худалдагдсан.

ДАЙН БООЛЧЛОЛЫГ БИЙ БОЛГОДОГ

Улс үндэстнүүд хамгийн хялбар аргаар буюу дайн хийж боолтой болдог байжээ. Египетийн хаан III Тутмос, Канаанд хийсэн нэг удаагийн аян дайнаараа 90 000 хүнийг олзолжээ. Тэднийг боол болгож уурхайд ажиллуулах юм уу сүм дуган барих, суваг шуудуу ухах ажилд дайчилсан.

 Ромын эзэнт гүрэн дайны хүчээр асар олон боолтой болжээ. Заримдаа бүр боолтой болохын тулд л дайн хийдэг байв. I зуун гэхэд Ромын хүн амын бараг тал хувийг боолууд эзэлж байсан гэсэн тооцоо бий. Египетчүүд болон ромчууд боолуудыг дарлан мөлждөг байсан. Ромын уурхайд ажилладаг боолуудын дундаж наслалт 30 байжээ.

Цаг хугацаа өнгөрсөн ч, боолуудын нөхцөл байдал дээрдээгүй. XVI–XIX зуунд Африк, Америкийн хоорондох боолын худалдаа дэлхий дээрх хамгийн ашигтай наймааны нэг байсан. 25–30 сая эрэгтэй, эмэгтэй болон хүүхдийг олзлон авчирч худалдсан гэсэн тооцоо ЮНЕСКО-гийн тайланд байдаг. Атлантын далайг гатлах үед хүмүүс хэдэн зуун мянгаараа үхэж байсан. Тэр үеэр амьд үлдсэн Олауда Еквиано гэдэг боол: «Эмэгтэйчүүдийн хашхиралдаан, орь дуу тавин үхэж буй хүмүүс гээд, тэндхийн байдлыг дүрсэлж хэлэхийн аргагүй аймшигтай байсан» хэмээн ярьжээ.

Харамсалтай нь, боолчлол зөвхөн өнгөрсөн үед болсон эмгэнэлт явдал биш ажээ. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын мэдээлснээр, одоо ч гэсэн, 21 сая эрэгтэй, эмэгтэй хүмүүс цалин хөлс багатай эсвэл огт цалин хөлсгүй ажиллаж байна. Орчин үед хүмүүс уурхай, нэхмэлийн цех, тоосгоны үйлдвэр, цэнгээний газар, айлд ажиллаж байна. Хэдийгээр хуулиар хориглодог ч боолчлолын энэхүү хэлбэр өсөн нэмэгдсээр байна.

Олон сая хүн одоо ч боолчлогдож байна

ЭРХ ЧӨЛӨӨ РҮҮ

Эзэд нь зэрлэг харьцдаг байсан учраас боолууд эрх чөлөөнийхөө төлөө тэмцдэг байлаа. МЭӨ I зуунд Спартакаар удирдуулсан 100 000 боол Ромын эсрэг бослого гаргасан боловч амжилт олоогүй юм. XVIII зуунд Карибын тэнгисийн Хиспаниола аралд чихрийн нишингийн тариалан дээр ажиллаж байсан боолууд харгис хэрцгий эзнийхээ эсрэг босжээ. Үүнээс болж иргэний дайн үүсэж, 13 жил үргэлжилсэн байна. Эцэст нь 1804 онд гайти үндэстэн тусгаар тогтносон улс болсон.

Харин Египетэд боол байсан израильчууд оргон зайлсан нь түүхэн дэх хамгийн амжилттай орголт байлаа. Бараг 3 сая орчим хүн буюу бүхэл бүтэн үндэстэн боолчлолоос чөлөөлөгдсөн юм. Тэд ингэж эрх чөлөөтэй болсон нь зүйн хэрэг байсан. Библид «янз бүрийн ажлаар египетчүүд тэдний  амьдралыг гашуун зовлонтой болгов» гэж байдаг (Египетээс гарсан нь 1:11–14). Нэгэн фараон израильчуудын хүн амыг өсгөхгүйн тулд дөнгөж төрсөн хүүхдүүдийг нь устгах тушаал гарган мөрдүүлж байжээ (Египетээс гарсан нь 1:8–22).

Бурхан тусалсан учраас израильчууд Египетийн боолчлолоос амжилттай чөлөөлөгдсөн. Бурхан: «Ард түмний зовлонг Би сайтар харж, ... тэднийг ... чөлөө[лөхөөр] ... Би бууж ирлээ» гэж Мосед хэлжээ (Египетээс гарсан нь 3:7, 8). Энэ үйл явдлыг дурсан, еврейчүүд жил бүр Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэдэг болжээ (Египетээс гарсан нь 12:14).

БООЛЧЛОЛЫГ ҮНДСЭЭР НЬ УСТГАХ НЬ

Библид Еховаг «шударга бус ... явдалд оролцохгүй», бас өөрчлөгдөшгүй Бурхан гэсэн байдаг. (Шастирын дэд 19:7; Малахи 3:6). Бурхан Есүсийг «олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, ... дарамтанд байгсдыг чөлөөлөхийн» тулд илгээсэн (Лук 4:18). Энэ нь ямар боолчлолоос чөлөөлнө гэсэн үг вэ? Есүс хүмүүсийг нүгэл, үхлийн боолчлолоос чөлөөлөхийн тулд ирсэн. Тэрбээр хожим нь «үнэн та нарыг чөлөөлнө» гэж хэлсэн (Иохан 8:32). Есүсийн заасан үнэн өнөөдөр ч хүмүүсийг олон аргаар чөлөөлж байна ( «Тэрбээр бас боол байжээ» гэсэн буланг үзнэ үү).

Бурхан өөр өөр боолчлолд байсан Иосеф Блессинг хоёрыг чөлөөлсөн. Иосефийн түүхийг Библийн «Эхлэл» номын 39–41-р бүлгээс үзэж болно. Харин Блессинг эрх чөлөөгөө хэрхэн олж авсныг цааш нь үзье.

Блессинг Европын нэгэн орноос хөөгдөн, Испанид очжээ. Тэнд Еховагийн Гэрчүүдтэй тааралдаж Библийн хичээл хийдэг болсон байна. Шулуун шударга замаар амьдрахаар шийдсэн Блессинг ажил хийж, нөгөө эзэгтэйдээ сар бүр бага багаар мөнгө явуулдаг болов. Нэгэн өдөр түүн рүү эзэгтэй нь утасджээ. Өрийг нь цуцлахаар болж, уучлалт гуйсан байна. Юу болсон юм бол? Тэр эзэгтэй ч бас Еховагийн Гэрчүүдтэй Библийн хичээл хийдэг болсон байв. «Үнэн хүнийг гайхалтай өөрчлөх юм аа» гэж Блессинг хэлжээ.

Ехова Бурхан израильчуудыг Египетэд боолчлогдож байгааг хараад ихэд өрөвдсөн. Тэрбээр өнөөдөр ч бас шударга бус явдлыг хараад сэтгэл нь өвддөг. Хүний нийгмийг үндсээр нь өөрчилсөн цагт л боолчлолын аливаа хэлбэр үгүй болно. Бурхан ийм өөрчлөлтийг хийнэ гэж амласан. «Түүний амлалтын дагуу бид зөвт байдал оршдог шинэ тэнгэр, шинэ газрыг хүлээн байна» (2 Петр 3:13).

^ д/м 2 Нэрийг өөрчлөв.

^ д/м 3 Тухайн үед еврогийн ханш АНУ-ын доллартай бараг тэнцүү байжээ.