Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2017 № 1

Зүгээр л нэг буруу ойлголт уу?

Зүгээр л нэг буруу ойлголт уу?

Бяцхан охин үйлдвэрийн яндангаас гарах утааг хараад хөвсийсөн үүл гэж бодно. Тэгээд үйлдвэр үүл хийдэг юм байна гэж ойлгоно. Хүүхэд ингэж эндүү боддог нь үнэхээр хөөрхөн. Гэхдээ юмыг буруу ойлговол амь насанд ч аюултай. Жишээ нь, эмийн зааврыг уншаад буруу ойлговол ноцтой үр дагаварт хүрч болзошгүй.

Бурхны Үгийг буруу ойлговол бүр ч ноцтой үр дагавар амсана. Жишээлбэл, зарим хүн Есүсийн сургаалыг буруу ойлгосон (Иохан 6:48–68). Тэд сургаалыг нь зөв ойлгоё гэж хичээхийн оронд, хүлээж авахаас татгалзсан. Үнэхээр харамсалтай!

Та удирдлага заавар хайж Библи уншдаг уу? Тэгдэг бол сайн хэрэг. Гэхдээ олон хүн уншсанаа буруу ойлгодог. Нийтлэг гурван жишээг авч үзье.

  • Зарим хүн Библид байдаг «Бурханаас эмээгтүн» гэсэн тушаалыг буруу ойлгодог. Тэд Бурхнаас чичрэн айх ёстой юм байна гэж боддог (Номлогчийн үгс 12:13). Харин Бурхан хүмүүсээс өөрийг нь тэгж шүтээсэй гэж хүсдэггүй. Тэрбээр: «Би чамтай хамт байгаа тул бүү ай! Өөрийнхөө талаар бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан. Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална» гэж айлдсан (Исаиа 41:10). Бурхнаас эмээнэ гэдэг нь түүнийг бишрэн, гүнээ хүндэтгэнэ гэсэн үг.

  • Дэлхий галаар устгагдах уу?

    Библид «Бүх юмс цаг хугацаатай бөгөөд бүх юм тогтоогдсон цаг мөчтэй ажээ. Төрөх хийгээд үхэх цаг ... байдаг» гэж бичсэнийг хүмүүс буруу ойлгодог. Бурхан хүний үхэх цагийг яг тогтоосон байдаг гэж тэд боддог (Номлогчийн үгс 3:1, 2). Гэхдээ хүн төрсөн бол үхдэг нь үнэн гэдгийг л энд хэлсэн хэрэг юм. Бидний урт удаан амьдрах эсэх гаргасан шийдвэрээс маань хамаардгийг Бурхны Үг хэлж өгдөг. Жишээлбэл, «ЭЗЭНээс эмээхүй нь амьдралыг уртасгадаг» гэж Библид бичсэн (Сургаалт үгс 10:27; Дуулал 90:10; Исаиа 55:3). Үнэхээр тийм гэж үү? Тийм ээ, Бурхны Үгийг хүндэтгэдэг бол архидалт, садар самуун явдал гэх мэтийн эрүүл мэндэд аюултай үйл хэргээс хол байна (1 Коринт 6:9, 10).

  • Тэнгэр болон газар «галд зориулагдсан» гэсэн Библийн үгийг шууд утгаар ойлгоод Бурхан дэлхийг устгах юм байна гэж хүмүүс боддог (2 Петр 3:7). Гэхдээ хэзээ ч хэнээр ч дэлхийг устгуулахгүй гэж Бурхан амладаг. «Үүрд мөнхөд гуйвуулж дайвуулахгүйн тулд [Бурхан] газар дэлхийг суурин дээр нь тогтоон тавьсан» (Дуулал 104:5; Исаиа 45:18). Тиймээс газар дэлхий биш, энэ ёс бус нийгэм галд шатах адил үүрд устгагдана. Тэнгэр гэдгийг шууд утгаар ойлговол орчлонт ертөнц юм уу Бурхны орших газар болж таарна. Харин энэ нь хэзээ ч устгагдахгүй.

БИБЛИ ЯАГААД ЗАРИМДАА БУРУУ ОЙЛГОГДДОГ ВЭ?

Хүмүүс Библийг буруу ойлгодгийг дээрх жишээнүүд харуулж байна. Харин Бурхан тийм хүмүүст тусалж болдоггүй юм болов уу? Зарим нь «Мэргэн ухаантай, бүгдийг мэддэг Бурхны өгсөн ном хэнд ч ойлгогдохоор баймаар юм. Яагаад ойлгоход хэцүү байдаг юм бэ?» гэж бодох байх. Тэгвэл Библийг хүмүүс буруу ойлгодгийн гурван шалтгааныг авч үзье.

  1.   Даруу зантай, юм суръя гэсэн хүсэлтэй хүмүүс Библийг ойлгодог. Есүс Эцэгтээ «Тэнгэр газрын Эзэн, Эцэг Таныгаа Би магтъя. Та эдгээр зүйлсийг мэргэн хүмүүс, ухаантнаас нуун далдалж, балчир хүүхдүүдэд илчилсэн билээ» гэж хэлсэн (Лук 10:21). Библийг зөв хандлагатай хүмүүст ойлгогдохоор бичсэн. «Мэргэн хүмүүс, ухаантнууд» ер нь бардам учраас Библийг буруу ойлгох хандлагатай байдаг. Харин «балчир хүүхэд» адил даруу зантай, юм суръя гэсэн хүсэлтэй хүмүүс Бурхны хэлэх гэсэн санааг ойлгодог. Бурхан Библийг ямар гайхалтай бичүүлээ вэ!

  2. Бурхнаас чин сэтгэлээсээ тусламж гуйдаг хүмүүс Библийг ойлгодог. Есүсийн хэлснээр, хүмүүс сургаалыг нь ойлгохын тулд тусламж авах хэрэгтэй байсан. Яаж авах хэрэгтэй вэ? Есүс: «Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүх зүйлийг заана» гэж тайлбарлан хэлсэн (Иохан 14:26). Тиймээс Бурхан ариун сүнс буюу үйлдэх хүчээ илгээж, Библид бичсэн зүйлийг хүмүүст ойлгуулдаг. Нөгөөтээгүүр, өөрт нь найдаж тусламж гуйдаггүй хүмүүст Бурхан ариун сүнсээ өгдөггүй учраас тэд Библийг ойлгодоггүй. Мөн түүнчлэн ариун сүнс илүү мэдлэг туршлагатай христиануудыг удирдан Библийг сайн ойлгохыг хүсэж байгаа хүмүүст тусалдаг (Үйлс 8:26–35).

  3. Библийн зарим хэсгийг хүмүүс цаг нь болохоор ойлгодог. Жишээлбэл, зөнч Даниел ирээдүйн тухай зөгнөл бичих даалгавар авчээ. Тэнгэрийн элч: «Даниел чи, цаг хугацааны төгсгөл хүртэл эдгээр үгсийг битүүмжилж, энэ номыг лацдагтун» гэж хэлдэг. Олон зууны туршид хүмүүс Даниелын бичсэн энэ үгийг уншсан ч ойлгоогүй. Үнэндээ, Даниел ч өөрөө бичсэн зүйлээ ойлгоогүй. Тэрбээр: «би сонссон боловч ойлгож чадсангүй» гэж хэлсэн. Даниелаар бичүүлсэн Бурхны зөгнөлийг хүмүүс тогтоосон цагт нь зөв ойлгох учиртай байв. Тэнгэрийн элч: «Даниел аа, өөрийнхөө замаар явагтун. Учир нь эдгээр үгс эцсийн цаг хүртэл битүүмжлэгдэн, лацдагдсан юм» хэмээн тайлбарлажээ. Бурхны хэлсэн үгийг хэн ойлгох бол? «Хилэнцэт хүмүүсийн нэг нь ч ойлгохгүй, харин хэрсүү ухаантнууд ойлгоно» (Даниел 12:4, 8–10). Библийн зарим нэг хэсгийн утгыг Бурхан тогтоосон цагтаа илчилнэ.

Еховагийн Гэрчүүдэд Библийг буруу ойлгож байсан үе бий юү? Бий. Гэхдээ Бурхан цаг нь болохоор тодорхой ойлгуулж, Гэрчүүд ч үзэл бодлоо дор нь өөрчилсөн. Есүс шавь нараа засаж залруулахад тэд үзэл бодлоо даруухнаар өөрчилж байсан. Гэрчүүд бас тэднийг дуурайдаг (Үйлс 1:6, 7).

Үүл хаанаас гардаг тухай бяцхан охины төсөөлөл жирийн нэг буруу ойлголт биз ээ. Гэхдээ Библийн сургаал амин чухал учраас зөв ойлгоё гэвэл хувиараа унших нь хангалтгүй. Тиймээс тусламж аваарай. Библийг даруу хандлагаар уншиж судалдаг, ойлгох гэж Бурхнаас ариун сүнс гуйдаг, яг одоо л унших хэрэгтэйгээ ухамсарладаг хүмүүсийг олж уулзаарай. Еховагийн Гэрчүүдэд хандах юм уу сайтар судалж бэлтгэсэн материалыг нь jw.org вэб саит руу орж уншаарай. Библид «хэрэв чи ялгах чадварын төлөө чанга дууддаг ... бол ... Бурханы мэдлэгийг олж авна» гэсэн амлалт байдаг (Сургаалт үгс 2:3–5).

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БИБЛИТЭЙ ХОЛБООТОЙ АСУУЛТЫН ХАРИУ

Библи өөр хоорондоо зөрчилддөг үү?

Өөр хоорондоо зөрчилдөж байгаа юм шиг санагддаг Библийн зүйлүүдийг зөв ойлгохын тулд хэрэгжүүлж болох зарчмуудыг мэдэж аваарай.