Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2016 оны 2 сар 

Еховагийн дотны найзуудыг дуурайя

Еховагийн дотны найзуудыг дуурайя

«Еховагаас эмээдэг хүмүүс түүнтэй дотно харьцаатай байдаг» (ДУУ. 25:14, ШЕ).

ДУУ: 27, 21

1-3. а) Ямар ч хүн Бурхны найз болох боломжтой гэхийн учир юу вэ? б) Энэ өгүүллээр ямар хүмүүсийн тухай үзэх вэ?

АБРАХАМЫГ Бурхны найз гэж Библид гурван удаа тэмдэглэжээ (Ш.дэд 20:7; Ис. 41:8; Иак. 2:23). Бурхны энэ үнэнч үйлчлэгчийг л ийнхүү онцлон дуудсан байдаг. Тэгвэл Еховагийн анд найз болсон хүн Абрахамаас өөр байхгүй гэж дүгнэх нь зүйд нийцэх үү? Ингэж дүгнэж болохгүй. Ямар ч хүн Бурхантай дотносон нөхөрлөх боломжтойг Библи хэлж өгдөг.

2 Еховагаас эмээж, түүнд итгэж найдан, дотносон нөхөрлөдөг байсан хүмүүсийн жишээ Библид олон бий (Дуулал 25:14 (ШЕ)-ийг уншина уу). Бурхны анд найз байсан хүмүүсийг «гэрчүүдийн агуу үүл» хэмээн элч Паул бичсэн байдаг (Евр. 12:1, ШЕ). Тэд янз бүрийн хүмүүс байсан.

3 Еховатай дотносон нөхөрлөсөн гурван хүний жишээг Библиэс дэлгэрэнгүй үзье. Тэд бол: 1) Моаб нутгийн бэлэвсэн эмэгтэй Рут, 2) Иудагийн үнэнч хаан Хезекиа, 3) Есүсийг төрүүлсэн даруу зантай Мариа юм. Энэ гурван хүн Бурхны дотно найз болохын тулд юу хийсэн бэ? Тэднээс юу сурах вэ?

 ҮНЭНЧ ХАЙРАА ИЛЭРХИЙЛСЭН НЬ

4, 5. Рут ямар чухал шийдвэр гаргах болсон бэ? Яагаад амаргүй байсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

4 Гурван бэлэвсэн эмэгтэй Моабын талд алхаж явна. Гадуур хувцас нь салхинд хийсэх ажээ. Тэд бол Наоми, түүний хоёр бэр Рут Орпа нар юм. Тэгтэл Орпа буцаад явлаа. Моаб руу, гэр лүүгээ харихаар шийджээ. Харин Наоми эх нутаг Израиль руугаа яаран тэмүүлж байлаа. Наомигийн дэргэд Рут явна. Рут нэг асуудлыг шийдэх хэрэгтэй болжээ. Амьдралынх нь хамгийн чухал шийдвэр ч байж магадгүй. Моабын ард түмэн рүүгээ буцах уу эсвэл хадам ээж Наомигаа дагаад Бетлехемд очих уу? (Рут 1:1–8, 14).

5 Моабад ээж болон хамаатан садан нь амьдардаг болохоор залуухан бэлэвсэн эмэгтэйг харж үзэн, тэжээж тэтгэх нь гарцаагүй. Моаб бол төрсөн нутаг нь, тэндхийн хэл соёл, ард түмэн нь өөрийнх нь шүү дээ. Гэтэл Наоми түүнд юу ч амлаж чадахгүй. Тийм учраас Рутийг Моабдаа үлдэхийг зөвлөсөн. Бэрүүдээ хадамд гаргаж, гэр оронтой болгож чадахгүй байх вий гэж айжээ. Рут ямар шийдвэр гаргах бол? Орпагийн тухайд «өөрийн ард түмэн болон өөрийн бурхад уруугаа буцсан» билээ (Рут 1:9–15). Рут хуурамч бурхад руугаа буцаж явахыг хүссэн үү? Хүсээгүй.

6. а) Рут ямар шийдвэр гаргасан бэ? б) Боаз Рутэд ямар учраас Еховагийн «далавчин доор чи хоргодох газар хайн иржээ» гэсэн бэ?

6 Рут Ехова Бурхны тухай нөхрөөсөө юм уу хадам эхээсээ мэдсэн бололтой. Ехова Моабын бурхадтай харьцуулшгүй Нэгэн байлаа. Еховаг хайрлаж, түүнийг шүтэх ёстойгоо Рут мэдэж авчээ. Гэхдээ дан ганц мэдлэг хангалтгүй байв. Ингээд шийдвэр гаргах боллоо. Рут Еховаг Бурхнаа болгох болов уу? «Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан» гэж Наомид хэлснээс нь үзвэл зөв шийдвэр гаргажээ (Рут 1:16). Наомиг яаж хайрласныг нь бодохлоор сэтгэл хөдөлмөөр. Еховаг хайрласныг нь бодохлоор бүр ч биширмээр. Хожим нь Боаз Рутийг магтаж, Еховагийн «далавчин доор чи хоргодох газар хайн иржээ» гэсэн (Рут 2:12-ыг уншина уу). Энэ нь эхийнхээ далавчин доор хоргодож буй туниа муутай дэгдээхийг санагдуулдаг (Дуу. 36:7; 91:1–4). Дэгдээхийгээ далавчин дороо оруулдаг шувуу шиг, Ехова Рутийг итгэлийнх нь төлөө ивээж, хамгаалсан. Рут Еховаг Бурхнаа болгосондоо хэзээ ч харамсаагүй.

7. Еховад өөрийгөө зориулахаас хойш суудаг хүмүүс юуны талаар нухацтай бодох хэрэгтэй вэ?

7 Еховагийн тухай мэдэж авсан хэр нь түүний «далавчин доор» хоргоддоггүй хүн олон. Тэд Еховад өөрсдийгөө зориулахаас, мөн баптисм хүртэхээс хойш суудаг. Та тэдний нэг бол яагаад гэдгийг өөрөөсөө асуусан уу? Бүх хүн ямар нэг зүйлийг бурхнаа болгон шүтдэг (Иош. 24:15). Тиймээс шүтвэл зохих цорын ганц Бурхныг сонгох нь ухаалаг биш гэж үү? Еховад өөрийгөө зориулах нь түүнд итгэдгээ харуулах хамгийн сайн арга юм. Ямар ч бэрхшээл тулгарсан, энэ шийдвэрийнхээ дагуу амьдрахад тань Ехова заавал тусална. Рутэд бас тусалсан билээ.

«ЭЗЭНЭЭС ЗУУРЧ БАЙВ»

8. Хезекиа ямар орчинд төрж өссөн бэ?

8 Хезекиа Рутийнхээс огт өөр орчинд, Еховагийн ард түмний дунд төрж өсжээ. Гэвч израильчууд бүгд Еховад  үнэнч байсан гэсэн үг биш юм. Хезекиагийн эцэг Ахаз муу хаан байлаа. Иудагийн хаант улсад хиймэл шүтээнийг дэлгэрүүлж, Еховагийн сүмийг бузарлажээ. Хезекиаг бага байхад ах нарыг нь хуурамч бурханд амьдаар нь тахил болгон өргөж байжээ. Хезекиагийн хүүхэд нас ийм аймшигтай нөхцөлд өнгөрсөн юм (Х.дэд 16:2–4, 10–17; Ш.дэд 28:1–3).

9, 10. а) Хезекиа яагаад хэрцгий догшин хүн болж болох байсан бэ? б) Бурханд уурлах ёсгүйн учир юу вэ? в) Төрж өссөн орчин нь тухайн хүний хэн болохыг шийдэхгүй гэхийн учир юу вэ?

9 Хезекиа уур уцаартай, хэрцгий догшин, Еховаг эсэргүүцсэн хүн болж болох л байсан. Зарим хүн Хезекиагаас дутахааргүй зовлон үзсэн байдаг. Тиймээс тэд «ЭЗЭНий эсрэг хилэгнэн дайрах» юм уу байгууллагыг нь үзэн ядах үндэстэй гэж өөрсдийгөө өмөөрдөг (Сур. 19:3). Зарим хүн муу замаар явдгаа эсвэл эцэг эхийнхээ алдааг давтсанаа муу гэр бүлд төрж өссөнтэй холбоотой гэж үздэг (Езе. 18:2, 3). Энэ мэтээр бодох нь зөв үү?

10 Буруу гэдэг нь Хезекиагийн амьдралаас харагддаг. Еховад уурлах ямар ч үндэс байхгүй. Өнөөгийн бузар муу ертөнцөд хүмүүс зовлон эдэлж байгаа нь Еховатай огт холбоогүй шүү дээ (Иов 34:10). Эцэг эхчүүд үр хүүхдэдээ нэг бол сайнаар, нэг бол муугаар нөлөөлдөг нь үнэн (Сур. 22:6; Кол. 3:21). Гэлээ ч хүний амьдралын зам төрж өссөн орчноос нь шалтгаалах албагүй. Ехова хүн болгонд маш үнэтэй нэг бэлэг өгсөн. Бид юу хийхээ, ямар хүн байхаа өөрсдөө шийдэх эрхтэй (Д.хууль 30:19). Хезекиа энэ эрхээ хэрхэн эдэлсэн бэ?

Гэрийнхнийхээ муу нөлөөнд авталгүй, үнэний замаар явдаг хүүхэд залуус олон (9, 10-р догол мөрийг үзнэ үү)

11. Хезекиа яагаад сайн хүн болж өссөн бэ?

11 Хезекиа Иудагийн хамгийн муу хааны хүү байсан ч сайн хүн болж өсжээ (Хаадын дэд 18:5, 6-г уншина уу). Эцгийнхээ муу нөлөөнд авталгүй, сайн хүмүүсийн жишээг дагасан. Тэр үед Исаиа Мика Хосеа нар Еховагийн зөнчид байлаа. Хезекиа тэдгээр үнэнч хүний заавар зөвлөгөөг анхааралтай сонсдог байсан учраас эцгийнхээ тарьсан балгийг арилгах арга  хэмжээ авчээ. Эхлээд сүмийг цэвэрлэсэн. Дараа нь ард түмнийхээ нүглийг уучлахыг Еховагаас гуйсан. Мөн улс орноосоо хуурамч шүтээнүүдийг устгах их аян өрнүүлсэн (Ш.дэд 29:1–11, 18–24; 31:1). Нэг удаа Ассирийн хаан Сеннахериб Иерусалим руу довтолно хэмээн заналхийлэхэд Хезекиа гайхалтай эр зоригтой, сүсэг бишрэлтэй хүн гэдгээ харуулсан. Бурхан аварна гэдэгт бат найдаж, ард түмнийхээ урам зоригийг бадраах үг хэлж, өөрөө ч сайн жишээ үзүүлжээ (Ш.дэд 32:7, 8). Хожим нь Ехова түүнийг бардам боллоо гэж зэмлэхэд гэмээ ухаарсан (Ш.дэд 32:24–26). Тэгэхлээр Хезекиагийн төрж өссөн орчин ирээдүйд нь нөлөөлөөгүй байх нь ээ. Харин ч Хезекиа Еховагийн дотны анд байсан төдийгүй дуурайвал зохих сайхан жишээ үлдээжээ.

12. Еховагийн найз болсон хүмүүс юуг баталдаг вэ?

12 Өнөөгийн ертөнцөд харгис хэрцгий, хайрлах сэтгэлгүй хүн олширсон учраас эцэг эхийн хайр халамж гэдгийг мэддэггүй хүүхэд олон болж байна (2 Тим. 3:1–5). Бага насаа хүнд амьдрал дунд өнгөрөөсөн хүн Гэрчүүдийн дунд ч цөөнгүй бий. Гэхдээ тэд Еховагийн дотны найзууд болцгоосон. Ирээдүйд ямар хүн болж, яаж амьдрах нь төрж өссөн орчноос шалтгаалах албагүйг тэд ийнхүү баталдаг. Ехова биднийг хүндэтгэж сонгох эрх чөлөө өгсөн. Энэ эрхээ Хезекиа шиг зөв эдлэн Еховагаас «зуурч», нэрийг нь магтан алдаршуулж явъя.

«ЭЗЭНИЙ ШИВЭГЧНИЙГ ХАРАГТУН»

13, 14. Мариагийн авсан даалгавар яагаад хэцүү юм шиг санагддаг вэ? Гэлээ ч Мариа Габриелд юу гэж хариулсан бэ?

13 Хезекиагаас хойш олон зууны дараа Назар хотод залуухан иудей бүсгүй амьдардаг байлаа. Еховатай онцгой дотно болсон энэ бүсгүй хэний ч авч байгаагүй ер бусын даалгавар авчээ. Бурхны цорын ганц Хүүг хэвлийдээ тээж төрүүлэн, өсгөж хүмүүжүүлэх ёстой болов. Елигийн охин Мариад Ехова маш их итгэж найддаг байсан нь эндээс харагдаж байна. Харин Мариа энэ даалгаврыг аваад яасан бол?

«Эзэний шивэгчнийг харагтун» (13, 14-р догол мөрийг үзнэ үү)

14 Түүнд ямар гайхалтай завшаан тохиосныг бид байнга ярьдаг ч юунд санаа зовж байсныг нь тэр бүр боддоггүй. Бурхны элч Габриел түүнийг эр хүнтэй хавьтахгүйгээр гайхамшгаар жирэмсэн болно гэж хэлдэг. Тэгсэн атлаа Мариагийн гэрийнхэн болон хөршүүдэд энэ тухай юу ч хэлээгүй. Тэд юу гэж бодох бол? Мариа сүйт залуу Иосефоо яах бол хэмээн санаа зовж байсан нь лавтай. Жирэмсэн болсон мөртлөө Иосефоос урваагүй гэдгээ яаж  нотлох вэ? Түүнээс гадна Хамгийн Дээд Нэгний цорын ганц Хүүг хайрлаж халамжлан, өсгөж хүмүүжүүлэх хариуцлагатай үүрэг оногдоод байлаа. Габриелтай ярьсны дараа өөр юу эсийг бодсоныг бид мэдэхгүй. Ямар ч атугай, Мариа: «Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай» хэмээн хариулдаг (Лук 1:26–38).

15. Мариаг яагаад гайхалтай итгэлтэй хүн гэх вэ?

15 Мариагийн итгэл гайхалтай байгаа биз? Ехова санаа тавьж, хамгаална гэдэгт огтхон ч эргэлзээгүй. Эзнийхээ хэлсэн бүгдийг хийхэд бэлэн байдаг зарц шиг л байсан. Яагаад ийм их итгэлтэй байсан бэ? Хүн хичээл зүтгэл гаргахын сацуу Бурхны ивээлийг хүртэхгүй л бол ийм их итгэлтэй болж чадахгүй (Гал. 5:22; Еф. 2:8). Тэгэхлээр Мариа итгэлээ бэхжүүлэхийн тулд маш их хичээсэн гэсэн үг. Хэрхэн сонсож, юу ярьдаг байсныг нь авч үзье.

16. Мариа сайн сонсогч байсан нь юунаас харагддаг вэ?

16 Мариа яаж сонсдог байсан бэ? «Сонсохдоо түргэн, ярихдаа удаан» бай гэсэн зөвлөгөө Библид бий (Иак. 1:19). Мариа сайн сонсогч байсан уу? Тийм ээ, сайн сонсогч байсан. Ялангуяа, Еховагийн тухай сонссон зүйлдээ маш нухацтай ханддаг байсныг «Лук» номд хоёр удаа тэмдэглэжээ. Дараа нь сайтар эргэцүүлэн боддог байв. Есүсийг төрөхөд тэнгэрийн элчийн хэлсэн үгийг хоньчид Мариад дамжуулсан. Арван хоёр жилийн дараа хүү Есүсийнх нь хэлсэн үг түүнийг гайхашруулжээ. Энэ хоёр явдлын аль алинд нь Мариа сонсож, тогтоож, сонссон зүйлээ эргэцүүлэн бодсон (Лук 2:16–19, 49, 51-ийг уншина уу).

17. Мариагийн хэлсэн үгнээс юу мэдэж болох вэ?

17 Мариа юуны тухай ярьдаг байсан бэ? Энэ талаар тийм ч их мэдээлэл Библид байдаггүй. Гэхдээ нэг удаа түүний хэлсэн үгийг Лук 1:46–55-д тэмдэглэжээ. Мариа Судрыг сайн мэддэг байсан нь хэлсэн үгнээс нь харагддаг. Зөнч Самуелын эх Ханнагийн залбиралд гардаг үгийг давтсан болов уу гэмээр байдаг (1 Сам. 2:1–10). Мариа Судраас 20 орчим удаа иш татжээ. Эндээс үзвэл Агуу найз Ехова Бурхнаасаа сурч мэдсэн зүйлээ зүрх сэтгэлдээ эрдэнэ мэт нандигнан хадгалж, түүнийгээ хүмүүст ярих дуртай эмэгтэй байжээ.

18. Бат итгэлтэй Мариаг хэрхэн дуурайх вэ?

18 Бид бас Мариагийн адилаар хэр чадлаас маань хэтэрсэн мэт санагдах даалгаврыг Еховагаас авч мэднэ. Тийм үед даруухан байж, Ехова тусална хэмээн найдацгаая. Хэрэв бид Еховагийн хэлж байгааг анхааралтай сонсож, Еховагийн талаар, санаа зорилгынх нь талаар сурч мэдсэнээ эргэцүүлэн бодож, түүнийгээ хүмүүст баяр хөөртэй ярьдаг бол бат итгэлтэй Мариаг дуурайж байгаа хэрэг болно (Дуу. 77:11, 12; Лук 8:18; Ром 10:15).

19. Библид гардаг итгэлийн жишээг дагадаг бол юунд итгэлтэй байж болох вэ?

19 Рут Хезекиа Мариа нар Абрахамын нэгэн адилаар Еховагийн анд найзууд байжээ. Тэднээс гадна «гэрчүүдийн агуу үүл»-ийг бүрдүүлдэг хүмүүс, мөн үе үеийн үнэнч хүмүүс Бурхантай дотносон нөхөрлөх хосгүй завшаан эдэлсэн. Ийм гайхалтай итгэлийн жишээг дагаж явцгаая (Евр. 6:11, 12). Тэгдэг бол Еховагийн үүрдийн анд байх агуу шагнал хүртэнэ!