Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2016 оны 2 сар 

Еховадаа үргэлж баяр хөөртэй үйлчилье

Еховадаа үргэлж баяр хөөртэй үйлчилье

ТАНЫ амьдралын хамгийн баяртай мөч хэзээ байсан бэ? Хуримын өдөр үү эсвэл анхны хүүхэд тань төрсөн тэр өдөр үү? Эсвэл баптисм хүртсэн өдөр таны хувьд хамгийн жаргалтай үе байсан уу? Та энэ өдрийг хамгийн чухал, хамгийн баяртай өдөр гэж үздэг байх. Бурхныг бүх зүрх, сэтгэл, оюун ухаан, хүчээрээ хайрладгаа батлан харуулж байгааг тань хараад итгэл нэгтнүүд тань ямар их баярласан бол оо! (Марк 12:30).

Баптисм хүртсэн цагаасаа эхлэн та Еховад баяр хөөртэй үйлчилдэг болсон нь лавтай. Гэвч зарим дэлгэрүүлэгч өмнөх шигээ баяр баясгалантай үйлчлэхээ больдог. Яагаад тэр вэ? Еховадаа үргэлж баяр хөөртэй үйлчлэх ямар үндэс байдаг вэ?

БАЯР БАЯСГАЛАНГҮЙ БОЛДГИЙН УЧИР

Хаанчлалын тухай мэдээг анх сонсоод өнөөгийн бузар муу ертөнц удахгүй устгагдана, шинэ ертөнц бий болно гэсэн Еховагийн амлалтыг мэдээд бид бүгдээрээ баярласан. Зефаниа 1:14-т «ЭЗЭНий агуу өдөр ойрхон байна. Ойрхон бөгөөд маш хурдан ирж байна» гэж байдаг. Гэхдээ бодож байснаасаа ч удаан хүлээж байгаа юм шиг санагдахад тэр их баяр баясгалан маань унтардаг. Улмаар Бурхандаа идэвх муутай үйлчилдэг болно (Сур. 13:12).

Итгэл нэгтнүүдтэйгээ хамтдаа хөгжилдөж, цагийг сайхан өнгөрөөх үед Еховад баяр хөөртэй үйлчилсээр байх урам зоригтой болдог. Еховагийн үйлчлэгчдийн биеэ авч явах байдлыг хараад жинхэнэ шүтлэг рүү сэтгэл нь татагдаж, Бурханд баяр хөөртэй үйлчилдэг болсон хүн бидний дунд олон (1 Петр 2:12). Тэгтэл итгэл нэгтэн маань Бурхны тогтоосон хэм хэмжээг зөрчөөд шийтгүүлбэл яах вэ? Зарим хүн сэтгэлээр унаад баяр баясгалангүй болдог.

Эд хөрөнгөтэй болохыг чухалд үзвэл бас баяр баясгалангүй болох аюултай. Сатаны ертөнц ямар нэг зүйлийг сурталчилж, заавал авах хэрэгтэй гэж итгүүлдэг. Гэтэл тэр нь үнэн хэрэгтээ онцын шаардлагагүй зүйл байдаг. Бид Есүсийн хэлсэн үгийг санах нь зүйтэй. «Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан болоод эд баялагт хоёуланд нь зэрэг үйлчилж чадахгүй» (Мат. 6:24). Энэ ертөнцийн өгч байгаа бүхнийг авах гэж хичээхийн зэрэгцээ  Еховад баяр хөөртэй үйлчилнэ гэдэг боломжгүй зүйл юм.

«АВРАЛЫНХАА БУРХАН ДОТОР БАЯРЛАНА»

Еховаг хайрладаг хүмүүсийн хувьд түүнд үйлчлэх нь дарамттай санагддаггүй (1 Иох. 5:3). Есүсийн хэлснийг саная. «Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн» (Мат. 11:28–30). Христийн дагалдагч болоход сэтгэл сэргэж, баяр баясгалан эдэлдэг. Еховад үйлчлэх нь үнэхээр баяр баясгалангийн үндэс юм. «Авралынхаа Бурхан дотор баярлах» гурван чухал шалтгааныг одоо ярилцъя (Хаб. 3:18).

Амийн Эх булаг, аз жаргалтай Бурхныг бид шүтдэг (Үйлс 17:28). Бүтээгчийнхээ ачаар амьд яваагаа бид бүгдээрээ ойлгодог. Тийм учраас баптисм хүртээд хэчнээн ч жил болсон, үргэлж баяр баясгалантай үйлчилцгээе.

Ээктор ирээдүйд хүртэх ивээлээ байнга санаж, идэвх зүтгэлтэй байдаг учир баяр хөөртэй явдаг

Явуулын харгалзагчаар 40 жил үйлчилж буй Ээктор «хөгширсөн ч жимс гаргаж» байна (Дуу. 92:12–14). Эхнэр нь өвдсөний улмаас Ээктор Еховад хүссэнээрээ үйлчилж чадахгүй байгаа ч уйтгар гунигт автаагүй ажээ. «Эхнэрийн маань бие улам муудаж байгааг харах хэцүү. Асрахад бүр л төвөгтэй болж байна. Гэлээ ч би үүнээс болоод гуньж гутраагүй. Хүнийг тодорхой зорилготой бүтээсэн Еховагийн ачаар амьд яваа болохоор Еховаг хайрлаж, чин сэтгэлээсээ, баяр хөөртэй үйлчилдэг. Дэлгэрүүлэх ажилдаа үргэлж идэвхтэй оролцохыг хичээдэг. Үргэлж баяр баясгалантай байхын тулд ирээдүйд хүртэх ивээлээ тод санахыг хичээдэг» гэж Ээктор ярьсан юм.

Ехова биднийг баяр жаргалтай амьдруулахын тулд Хүүгээ золиосолсон. Тийм ээ, «Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм» (Иох. 3:16). Бурхан хайрын сэтгэлээр ийм гайхалтай бэлэг өгсөнд бид итгэдэг учраас нүглээ уучлуулж, мөнх амьдрах ирээдүйтэй. Энэ бол Еховад талархах нэг том шалтгаан юм. Ийнхүү талархдаг бол Ехова Бурхандаа баяр хөөртэй үйлчилнэ.

Хесүс амьдралаа энгийн болгож, Еховад олон жил баяр хөөртэй үйлчилж байна

Мексикт амьдардаг Хесүс гэдэг Гэрч: «Би ажлын боол байсан. Таван өдөр дараалан жижүүр хийх үе ч байсан. Уг нь ч тэгэх албагүй л дээ. Илүү их мөнгө олох гэсэндээ л тэр. Дараа нь Еховатай танилцаж, хайртай Хүүгээ хүн төрөлхтний төлөө өгснийг нь мэдээд түүнд үйлчлэх  хүсэл оргилсон. Ингээд би Еховад өөрийгөө зориулав. 28 жил ажилласан компаниасаа гарч, бүрэн цагийн үйлчлэгч боллоо. Энэ бол Еховад баяр хөөртэй үйлчлэх болсон он жилүүдийн эхлэл байсан» гэж ярьсан.

Бид цэвэр ариун амьдардаг учир аз жаргалтай байдаг. Еховатай танилцахаас өмнөх амьдрал тань ямар байсныг санаж байна уу? Элч Паул Ромын итгэл нэгтнүүддээ «Та нар нүглийн боолууд байсан боловч ... зөвт байдлын боолууд болсон» хэмээн сануулжээ. Тэд цэвэр ариун амьдардаг болсон учир мөнхийн амьтай болно гэдэгтээ итгэлтэй байсан (Ром 6:17–22). Бид бас Еховагийн тогтоосон хэм хэмжээг баримталж ёс журамгүй явдал, хүчирхийллээс хол байдаг учраас үр дагаврыг нь амсдаггүй. Баяр баясгалантай байх бас нэг шалтгаан биш гэж үү?

«Миний амьдралын хамгийн жаргалтай үе бол Еховад үйлчилж ирсэн он жилүүд»—Хайме

Бурхангүй үзэлтэй, хувьслын онолд итгэдэг, бокс тоглодог байсан Хаймегийн тухай ярилцъя. Хайме цуглаанд очиж, Гэрчүүд бие биеэ хэрхэн хайрладгийг хараад биширчээ. Амьдралаа өөрчлөхийн тулд Ехова Бурханд итгэх хэрэгтэй байлаа. Тэгээд энэ талаар тусламж гуйн залбирдаг болжээ. Хайме: «Хайрын Эцэг, өршөөнгүй Бурхан оршин байдаг гэдэгт би аажим аажмаар итгэдэг болсон. Еховагийн тогтоосон хэм хэмжээг баримтлах нь надад хамгаалалт болдог. Хэрвээ би өөрчлөгдөөгүй байсан бол зарим боксчин найзуудынхаа адилаар алуулчихсан байх биз. Миний амьдралын хамгийн жаргалтай үе бол Еховад үйлчилж ирсэн он жилүүд» гэж ярьсан юм.

БҮҮ ЗҮРХШЭЭ

Өнөөгийн бузар муу ертөнцийн төгсгөлийг хүлээнгээ яах хэрэгтэй вэ? «Сүнсэнд таригч нь ... мөнх амийг хурааж авна» гэдгийг санаарай. Тиймээс «сайныг үйлдэхдээ зүрхшээхгүй байцгаая. Учир нь хэрэв бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна» (Гал. 6:8, 9). Тэвчээртэй байж, агуу их гай гамшгийг эсэн мэнд давахад хэрэг болох зан чанарыг илэрхийлж суран, сорилт бэрхшээл тулгарсан ч баяр хөөртэй үйлчилцгээе. Үүний тулд Ехова Бурхнаасаа тусламж авцгаая (Илч. 7:9, 13, 14; Иак. 1:2–4).

Тэвчээртэй байвал шагнал хүртэнэ. Учир нь Бурхан бидний хийсэн бүхнийг мартдаггүй. Өөрийг нь хайрлаж, нэрийг нь эрхэмлэдгийг сайн мэддэг. Еховадаа баяр хөөртэй үйлчилсээр байвал дуулалч Давидын адилаар «Би ЭЗЭНийг өөрийн өмнө байхаар үргэлж тавьсан. Тэр миний баруун гар талд байгаа учраас би ганхахгүй. Тиймээс миний зүрх баярлаж, алдар минь ч баясдаг. Миний бие ч аюулгүй аж төрнө» гэж хэлнэ (Дуу. 16:8, 9).