Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2016 оны 2 сар 

Еховагийн үнэнч үйлчлэгчдээс суралцаарай

Еховагийн үнэнч үйлчлэгчдээс суралцаарай

«ЭЗЭН, Таны асарт хэн оршин суух вэ? Таны ариун ууланд хэн амьдран суух вэ? Үнэнчээр явж, зөв шударгыг үйлдэж, зүрхэндээ үнэнийг өгүүлдэг хүн» (ДУУ. 15:1, 2).

ДУУ: 18, 43

1, 2. Давид Еховад үнэнч байсан нь юунаас харагддаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

ШӨНӨ дундын үе. Гүн нойронд автсан 3 000 цэргийн дундуур Давид Абишаи хоёр гэтэж явсаар хуарангийн голд очив. Тэнд Саул хаан унтаж байлаа. Саул Давидыг эрж олоод амийг нь хөнөөхөөр Иудейн цөлөөр аялж яваа нь энэ ажээ. Абишаи Давидад шивнэн «Энэ жадаар түүнийг нэгмөсөн газарт хатгаж алахыг надад зөвшөөрнө үү. Би хоёр дахин хатгахгүй» гэжээ. Гэтэл Давид юу гэж хариулсан гэж санана! «Түүнийг бүү алагтун. ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар далайчихаад хэн гэм буруугүй үлдэж чадах вэ? ... Би ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар далайхыг ЭЗЭН хорих болтугай» гэлээ (1 Сам. 26:8–12).

2 Бурханд үнэнч байхын тулд яах хэрэгтэйг Давид сайн ойлгодог байжээ. Саулыг хорлох санаа түүнд өчүүхэн ч байсангүй. Яагаад? Саулыг Бурхны сонгосон Израилийн хаан хэмээн хүндэлдэг байсан. Өнөөдөр ч бас Ехова бүх үйлчлэгчээ үнэнч байгаасай, томилсон хүмүүсийг нь хүндлээсэй гэж хүсдэг (Дуулал 15:1, 2-ыг уншина уу).

3. Абишаи Давидад үнэнч байсан гэхийн учир юу вэ?

 3 Абишаи Давидыг Бурхны сонгосон хүн хэмээн хүндэлдэг байв. Гэтэл Давид, хаан болсныхоо дараа ноцтой нүгэл үйлджээ. Батшебатай завхайрч, хэргээ нуухын тулд нөхөр Уриаг нь «тулалдааны тэргүүн эгнээнд тавихыг» Абишаин ах Иоабад үүрэг болгодог (2 Сам. 11:2–4, 14, 15; Ш.дээд 2:16). Абишаи үүнийг дуулсан байж таарна. Гэлээ ч Давидыг хүндэлсээр байсан. Түүнээс гадна цэргийн жанжны эрх мэдлээ ашиглан Израилийн хаан ширээг булаан авъя гэж бодож байгаагүй. Харин ч Давидыг дайснаас хамгаалдаг байв (2 Сам. 10:10; 20:6; 21:15–17).

4. а) Давид Еховад үнэнч байсан нь юунаас харагддаг вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

4 Давид насан туршдаа Еховад үнэнч байсан. Залуудаа Еховаг болон Израилийн ард түмнийг өмөөрч Филистийн аварга биет Голиаттай тулалдаж ялдаг (1 Сам. 17:23, 26, 48–51). Хаан болсныхоо дараа завхайрч, хүн алсан боловч зөнч Натанд зэмлүүлээд гэмшжээ (2 Сам. 12:1–5, 13). Нас дээр гарсан хойноо ч Бурханд үнэнч хэвээрээ байсан. Жишээлбэл Еховагийн сүм барих ажилд их хэмжээний хандив өгсөн (Ш.дээд 29:1–5). Давид хэд хэдэн удаа ноцтой алдаа гаргасан ч Бурханд хэзээд үнэнч байжээ (Дуу. 51:4, 10; 86:2). Энэ өгүүллээр Давид болон тэр үед амьдарч байсан хүмүүсийн тухай судалж дараах асуултын хариуг авцгаая. Юуны түрүүнд хэнд үнэнч байх ёстой вэ? Үнэнч байхад ямар зан чанар хэрэгтэй вэ?

ЮУНЫ ТҮРҮҮНД ХЭНД ҮНЭНЧ БАЙХ ЁСТОЙ ВЭ?

5. Абишаид тохиолдсон явдлаас ямар сургамж авах вэ?

5 Абишаи юуны түрүүнд хэнд үнэнч байх ёстойгоо ялгаж салгаж чадаагүй. Давидад үнэнч байх гэснээсээ болоод Саулыг алахыг хүсжээ. Харин Давид «ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар далайх» нь буруу гэдгийг мэдэж байсан учраас түүнийг хориглосон (1 Сам. 26:8–11). Энэ явдал бидэнд сургамжтай. Юуны түрүүнд хэнд үнэнч байх вэ гэдэг асуудал тулгарвал Библийн зарчмыг бодох хэрэгтэй.

6. Гэр бүл, найз нөхдөдөө үнэнч байх нь зүйн хэрэг боловч яагаад болгоомжтой байх ёстой вэ?

6 Хайртай хүндээ үнэнч байх нь зүйн хэрэг. Гэхдээ бид төгс бус учраас зүрхэндээ хууртах аюул бий (Иер. 17:9). Найз нөхөд, гэр бүлийн гишүүн гээд дотны хүмүүс маань буруу юм хийж үнэний замаас гарвал тэдэнд бус, юуны түрүүнд Бурханд үнэнч байх ёстойгоо мартах учиргүй (Матай 22:37-г уншина уу).

7. Төвөгтэй асуудал тулгарахад нэг эмэгтэй Еховад үнэнчээ хэрхэн баталсан бэ?

7 Гэр бүлийнх нь хэн нэг гишүүн хурлаас хасагдсан бол хэнд үнэнч байх вэ гэдэг асуудал тулгарч болох юм. Жишээ нь, Энн [1] гэдэг Гэрч эмэгтэй рүү хурлаас хасагдсан ээж нь утасджээ. Гэрийнхэнтэйгээ уулзахгүй болохоор зовж шаналаад хэцүү байна, уулзахыг хүсэж байна гэхэд нь Энн ээжийгээ ихэд өрөвдөн захидлаар хариу өгөхөө амлажээ. Харин захиа бичихийнхээ өмнө Библийн зарчмуудыг бодсон байна (1 Кор. 5:11; 2 Иох. 9–11). Буруу хэрэг хийгээд гэмшихгүй байсан учраас өөрөө өөрийгөө гэр бүлээсээ тусгаарласныг нь ээждээ эвтэйхэн сануулаад, «Зовлон шаналлаасаа ангижрах цорын ганц арга бол Ехова руу буцаж ирэх шүү дээ» хэмээн цааш нь бичжээ (Иак. 4:8).

8. Бурханд үнэнч байхад ямар зан чанар тус болох вэ?

8 Давидын үед амьдарч байсан Бурхны  үнэнч үйлчлэгчид даруу, сайхан сэтгэлтэй, зоригтой хүмүүс байсан. Еховад үнэнч байхад эдгээр зан чанар бидэнд ямар ач тустайг авч үзье.

ДАРУУ ЗАН

9. Абнер яагаад Давидыг алахыг оролдсон бэ?

9 Давид Голиатын толгойг Саул хаанд авчирж өгөх үед Ионатан Абнер хоёр харж байлаа. Саулын хүү Ионатан Давидтай гэрээ байгуулж, насан туршийн үнэнч анд нь болсон билээ (1 Сам. 17:57—18:3). Харин цэргийн жанжин Абнер өөр хүн байв. Саулын талд орж Давидыг алахыг оролджээ. «Хэрцгий хүмүүс амийг минь эрж хайсан» гэж Давид бичсэн байдаг (Дуу. 54:3; 1 Сам. 26:1–5). Ионатан Абнер хоёрын хандлага яагаад ялгаатай байсан бэ? Ехова Давидыг Израилийн хаан болгохоор сонгосныг Абнер Ионатаны адилаар мэдэж байв. Саулыг амиа алдсаны дараа Абнер Еховад үнэнчээ батлан Давидыг дэмжиж болох л байсан. Гэвч Саулын хүү Иш-бошетыг хаан болгохыг оролджээ. Хожим нь өөрөө хаан ширээнд суухыг хүссэн бололтой. Тийм учраас Саулын татвар эмтэй нөхөцсөн байж болох юм (2 Сам. 2:8–10; 3:6–11).

10. Абсалом юунаас болоод Бурханд үнэнч байж чадаагүй вэ?

10 Давидын хүү Абсалом бардам зангийнхаа балгаар Бурханд үнэнч байж чадаагүй. Хаан болохыг санаархсан учир «өөртөө хөсөг тэрэг болон морьд бэлтгэж, мөн өөрийнхөө урд гүйлгэх тавин хүнтэй болов» (2 Сам. 15:1). Бас олон хүнийг хаанаас урвуулсан. Эцгийг нь Ехова Израилийн хаан болгосныг Абсалом мэдэж байсан. Гэсэн ч эцгийгээ алахыг оролджээ (2 Сам. 15:13, 14; 17:1–4).

11. Абнер Абсалом Барух нарт тохиолдсон явдал ямар сургамжтай вэ?

11 Бардам зантай, эрх мэдэлд дуртай хүн Бурханд үнэнч байж чадахгүй нь Абнер Абсалом хоёрын жишээнээс тодорхой харагдаж байна. Еховад үнэнч хүн тэдэн шиг аминч, өөдгүй зан хэзээ ч гаргахгүй. Гэхдээ эд хөрөнгө, цалин сайтай ажилтай болохыг хүсдэг бол Еховатай тогтоосон харьцаанд нь аюул учирна. Зөнч Иеремиагийн бичээч Барух нэг хэсэг өөр зүйлийг анхаардаг болжээ. Тэгэхэд нь Ехова:  «Үзэгтүн, Би Өөрийн барьж босгосноо нураах гэж байна, Өөрийн тарьж суулгаснаа тастан сугалах гэж байна. Тэр нь бүхий л нутаг юм. ... Харин чи, чи өөртөө агуу зүйлсийг хайж байна уу? Бүү хай» хэмээн айлджээ (Иер. 45:4, 5). Барух Еховагийн үгэнд орсон. Бид бас Бурхны хэлсэн энэ үгийг санаж явах ёстой. Яагаад гэвэл Бурхан энэ ертөнцийг удахгүй устгана!

12. Хүслээ дагавал Бурханд үнэнч бус болох аюултайг харуулах жишээ хэлнэ үү.

12 Мексикт амьдардаг Даниел, Бурханд үнэнч байх уу хүслээ дагах уу гэдгээ шийдэх хэрэгтэй болжээ. Гэрч биш бүсгүйтэй гэрлэхийг хүссэн ажээ. Даниел: «Би эхлэгч болсныхоо дараа ч тэр охинд захиа бичсээр байсан. Харин сүүлдээ буруу юм хийж байгаагаа ойлгоод туршлагатай ахлагчтай уулзлаа. Хэнд үнэнч байх вэ гэдэг асуудлаас болоод сэтгэл хоёрдож байгаагаа хэлэв. Бурханд үнэнч байхын тулд захиа бичихээ болих хэрэгтэйг тэр ахлагч надад ойлгуулсан. Зөндөө уйлж, залбирсны эцэст захиа бичихээ болилоо. Яваандаа дэлгэрүүлэх ажилдаа улам бүр дуртай болсон» хэмээн ярьсан юм. Даниел Еховаг хайрладаг эмэгтэйтэй гэрлэсэн бөгөөд одоо дүүргийн харгалзагчаар үйлчилж байна.

САЙХАН СЭТГЭЛ

Хэрэв та найздаа үнэнч бол буруу юм хийж байгааг нь мэдсэн даруйдаа ахлагчаас тусламж авахыг зөвлөнө (14-р догол мөрийг үзнэ үү)

13. Давидыг нүгэл үйлдсэний дараа Натан Еховад ч, Давидад ч хэрхэн үнэнч байсан бэ?

13 Бид Еховад үнэнч байхын зэрэгцээ бусдад үнэнч байж чадна. Зөнч Натаны үлдээсэн сайхан жишээг ярилцъя. Давидыг нэг эмэгтэйтэй завхайрч, нөхрийг нь алсны дараа Ехова Натаныг түүн рүү явуулж, хатуу зэмлэл хүртээлгэхээр болдог. Натан Давидтай тангараг тасрах вий гэж айлгүй, Еховагийн хэлсэн үгийг ёсчлон дагасан. Гэхдээ Давидтай ярихдаа ухаалаг байж, сайхан сэтгэл гаргасан. Ноцтой нүгэл үйлдсэнийг нь ойлгуулахын тулд ядуу хүний ганц хургыг авсан шударга бус баяны тухай үлгэр ярьж өгчээ. Давид үүнийг сонсоод ихэд уурлан тэр баяныг буруутгахад «Чи бол тэр хүн!» гэж Натан хэлдэг. Давид ямар хэрэг хийснээ ухаарчээ (2 Сам. 12:1–7, 13).

14. Та яавал Бурхандаа ч, бусдад ч үнэнч байж чадах вэ?

14 Бид бас сайхан сэтгэлтэй бол Бурхандаа  ч, бусдад ч үнэнч байж чадна. Жишээ нь та итгэл нэгтнээ буруу юм хийж байгааг нь мэджээ гэж бодъё. Тэр хүн гэр бүлийн гишүүн юм уу дотны найз тань бол та түүнээс урвахыг хүсэхгүй. Гэхдээ Еховад үнэнч байх нь илүү чухал биз дээ? Тиймээс Натаныг дуурайн Еховад дуулгавартай байгаарай. Үүний зэрэгцээ итгэл нэгтэндээ сайхан сэтгэл гаргаарай. Ахлагчдаас тусламж авахыг тэр хүнд зөвлөөрэй. Хэрэв заасан хугацаанд таны хэлснээр хийхгүй бол та өөрөө ахлагчдад хэлэх хэрэгтэй. Энэ нь Еховад үнэнч байгаа хэрэг бөгөөд итгэл нэгтэндээ сайхан сэтгэл гаргаж байна гэсэн үг. Ахлагчид түүнийг «дөлгөөн байдлын сүнс дотор шинэчлэн засна» (Левит 5:1; Галат 6:1-ийг уншина уу).

ЗОРИГ

15, 16. Бурханд үнэнч байхын тулд Хушаи яагаад зоригтой байх хэрэгтэй байсан бэ?

15 Бурханд үнэнч байхын тулд эр зориг гаргасан хүн бол Давид хааны үнэнч анд Хушаи юм. Давидын хүү Абсалом ард олны зүрх сэтгэлийг өөртөө татаж, хаан ширээнд суух гэж оролдоход Хушаин үнэнч байдал соригджээ (2 Сам. 15:13; 16:15). Давидыг Иерусалимаас оргон зугтах болоход Хушаи яасан бэ? Абсаломын талд орсон уу эсвэл амь тэмцэн зугтаж буй настай хааныгаа дагасан уу? Хушаи Еховагийн томилсон хаанд үнэнч байхаар эргэлт буцалтгүй шийдсэн учир Чидун ууланд Давидтай уулздаг (2 Сам. 15:30, 32).

16 Давид Хушаиг Иерусалим руу буцаахыг хүсжээ. Үүний учир нь Абсаломын найзын дүр эсгүүлж, Ахитофелын зөвлөгөөг бүтэлгүй болгуулах гэснийх байлаа. Амь нас нь хутганы ирэн дээр байсан ч Хушаи Давидын хэлснээр хийж Еховад үнэнчээ баталсан. Үнэхээр ч Давидын залбирсны дагуу Ахитофелын зөвлөгөөг бүтэлгүй болгожээ (2 Сам. 15:31; 17:14).

17. Үнэнч байхын тулд яагаад зоригтой байх хэрэгтэй вэ?

17 Еховад үнэнч байхын тулд бидэнд бас эр зориг хэрэгтэй. Гэр бүл, хамт ажиллагсад юм уу албан тушаалтнуудад дарамтлуулсан ч зоригтой байж, Бурханд үнэнчээ баталдаг хүн бидний дунд олон. Японд амьдардаг Таро бага байхдаа эцэг эхдээ хайртай, дуулгавартай, үнэнч хүүхэд байжээ. Эцэг эхийгээ баярлуулахыг чин сэтгэлээсээ хүсдэг байв. Гэтэл Еховагийн Гэрчүүдтэй танилцаж, цуглаанд явдаг болсноос нь хойш эцэг эх нь эсэргүүцэж эхэлжээ. Энэ нь түүнд их хүнд тусжээ. Таро: «Аав ээж хоёр маш их уурлаж намайг гэрийнхээ босгоор алхуулахаа больсон. Шийдвэрээсээ ухарч няцахгүй байх зоригтой болгож өгөөч гэж би залбирдаг байлаа. Түүнээс хойш олон жил өнгөрчээ. Одоо тэр хоёр маань арай зөөлөрсөн. Би тэднийд байнга очдог болсон» гэжээ (Сургаалт үгс 29:25-ыг уншина уу).

18. Энэ өгүүлэл танд ямар ач тустай байсан бэ?

18 Давид Ионатан Натан Хушаи нарын адилаар Еховад үнэнч байхын баяр жаргалыг эдэлж явцгаая. Үнэнч бус Абнер Абсалом хоёрын муу жишээг дагахгүй байцгаая. Бид төгс бус учраас алдаа гаргадаг нь үнэн. Гэлээ ч Ехова Бурхандаа чин үнэнч байж чадна.

^ [1] (7-р догол мөр) Зарим нэрийг өөрчлөв.