Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2017 оны 9 сар 

Ехова шиг өрөвч байя

Ехова шиг өрөвч байя

«ЭЗЭН, ЭЗЭН Бурхан өрөвч, нигүүлсэнгүй» (ЕГ. 34:6).

ДУУ: 142, 12

1. Ехова Мосед өөрийгөө илчлэхдээ юуг онцолсон бэ? Энэ нь яагаад чухал бэ?

ЕХОВА нэг удаа Мосед нэрээ хэлж, зан чанараа мэдүүлжээ. Ийнхүү өөрийгөө илчилсэн. Хамгийн түрүүнд өрөвч, нигүүлсэнгүй сэтгэлийг дурджээ (Египетээс гарсан нь 34:5–7-г уншина). Уг нь хүч эсвэл мэргэн ухаанаа дурдаж болох л байв. Гэхдээ үйлчлэгчдэдээ туслах чин хүсэлтэйгээ батлах зорилгоор дээрх хоёр зан чанарыг онцолж хэлсэн. Тийм учраас Бурхан тусална гэсэн итгэл Мосед төрж, урамшин зоригжжээ (Ег. 33:13). Ехова бидэнд ийм их санаа тавьдгийг мэдэхлээр сайхан байгаа биз дээ? Энэ өгүүллээр өрөвч сэтгэлийн тухай авч үзнэ. Өрөвч сэтгэл гэдэг нь зовж буй хүнийг хараад төрсөн мэдрэмж, зовлонг нь нимгэлэх гэсэн хүсэл юм.

2, 3. а) Өрөвч сэтгэл хүний төрөлхийн чанар гэдэг нь юунаас харагддаг вэ? б) Библид өрөвч сэтгэлийн талаар юу гэж байдгийг яагаад судлах хэрэгтэй вэ?

2 Ехова өрөвч сэтгэлтэй Бурхан билээ. Хүмүүс бид Бурхны дүр төрхийн дагуу бүтээгдсэн. Тийм учраас жинхэнэ Бурхныг мэдэхгүй хүн ч бусдыг өрөвдөж санаа тавьдаг (Эх. 1:27). Өрөвч сэтгэлтэй хүний жишээ Библид олон бий.  Нэгэн удаа хоёр янхан эм маргаанаа таслуулахаар Соломон хаанд бараалхжээ. Тэдэнд нэг хүүхэд байсан бөгөөд төрсөн эх нь хэн болох талаар маргалдаж гарав. Соломон тэднийг шалгахын тулд хүүхдийг хоёр хэсэг болгон цавчихыг тушаадаг. Тэгтэл жинхэнэ ээж нь хүүхдээ ихэд өрөвдсөндөө нөгөө эмэгтэйд өгөхийг хаанаас гуйжээ (Х.дээд 3:23–27). Өрөвч сэтгэл гаргасан өөр нэг хүн бол нялх Мосегийн амийг аварсан фараоны охин юм. Еврей хүүхдийг амьд үлдээж болохгүй гэж мэдэж байсан ч олдсон хүүг ихэд өрөвдөн, өсгөхөөр шийджээ (Ег. 2:5, 6).

3 Өрөвч сэтгэлийн талаар Библид юу гэж байдгийг бид судлах хэрэгтэй. Яагаад гэвэл «Та нар Бурхныг дуурайж яваарай» гэж Библид бичсэн байдаг шүү дээ (Эф. 5:1). Ехова хүнд өрөвч сэтгэлийг хайрласан нь үнэн. Гэхдээ Адамын төгс бус үр удам бид хувиа бодох хандлагатай. Өрөөлд туслах уу, өөртөө санаа тавих уу гэдгээ шийдэж чадахгүй үе гарч болох юм. Хүнд санаа тавьдаг байя гэвэл яах хэрэгтэй вэ? Нэгдүгээрт, Ехова болон бусад хүн өрөвч сэтгэлдээ хөтлөгдөөд юу хийснийг цаг зав гаргаад бодоорой. Хоёрдугаарт, Бурхныг хэрхэн дуурайх вэ, энэ нь ямар ач тустай вэ гэж бодох нь зүйтэй.

ЕХОВА БОЛ ТӨГС ҮЛГЭР ДУУРАЙЛ

4. а) Ехова яагаад тэнгэрийн элчүүдээ Содом руу илгээсэн бэ? б) Лот болон түүний охидод тохиолдсон явдлаас юу мэдэж болох вэ?

4 Ехова өрөвч Бурхан гэдгийг батлах жишээ Библид олон бий. Лотод хэрхэн хандсаныг бодож үзье. Лот бол Содом, Гоморрагийн оршин суугчдын садар самуун, бузар булай явдлаас болж «асар их шаналж байсан шударга сайн» хүн юм. Бурхан тэднийг үхвэл зохино гэж үзээд устгахаар шийдсэн байлаа (2 Петр 2:7, 8). Харин Лотыг аврахаар тэнгэрийн элчүүдээ илгээв. Тэнгэрийн элчүүд Содом, Гоморра хотууд устгагдах гэж байгааг Лотын гэр бүлд хэлж, бушуухан зугтахыг ятгажээ. «Лотыг тээнэгэлзэхэд [тэнгэрийн элчүүд] түүний гараас болон эхнэрийнх нь, мөн хоёр охиных нь гараас зууран авав. Учир нь ЭЗЭН түүнд өршөөнгүй ханджээ. Тэгээд тэд түүнийг гадагш гарган, хотын гадна аваачив» (Эх. 19:16). Энэ явдлаас харвал үнэнч үйлчлэгчдийнхээ зовлонг Ехова сайн мэддэг ажээ (Ис. 63:7–9; Яак. 5:11; 2 Петр 2:9).

5. Өрөвч байх талаар 1 Ёохан 3:17 гэх мэтийн Библийн зүйлд ямар зөвлөгөө байдаг вэ?

5 Ехова өөрөө өрөвч сэтгэлтэй төдийгүй, өрөвч байх хэрэгтэйг хүмүүст зааж сургадаг. Израйл үндэстэнд өгсөн хуульд зээлдүүлэгч нь зээлдэгчийнхээ хувцсыг барьцаанд авч болно гэсэн заалт бий (Египетээс гарсан нь 22:26, 27-г уншина). Гэхдээ барьцаанд авсан хувцсыг нар шингэхээс өмнө эзэнд нь буцааж өгөх ёстой. Тэгэхгүй бол тэр хүн шөнө нь даарна. Хэрэв зээлдүүлэгч хатуу сэтгэлтэй бол хувцсыг нь буцааж өгөхийг хүсэхгүй. Гэвч Еховагийн ард түмэн өрөвч сэтгэлтэй байх ёстой байв. Энэ хуулиас ямар зарчмыг ойлгож болох вэ? Итгэл нэгтнийхээ хэрэгцээ шаардлагыг анхаарч байх хэрэгтэй. Зовж буй ах дүүдээ туслах боломжтой атлаа хатуу сэтгэл гаргаж болно гэж үү? (Кол. 3:12; Яак. 2:15, 16; 1 Ёохан 3:17-г уншина).

6. Дуулгаваргүй израйлчуудад дахин дахин мэдээ хүргүүлж байсан Еховаг хэрхэн дуурайх вэ?

6 Ехова өөрийн ард түмэн израйлчуудыг  нүгэл үйлдэж байхад нь ч өрөвддөг байжээ. Библид «Тэдний эцэг өвгөдийн Бурхан болох ЭЗЭН Өөрийн элч нараараа дамжуулан тэдэнд дахин дахин үг илгээж байв. Учир нь Тэрээр Өөрийн ард түмэн болон Өөрийн орших газрыг энэрсэн билээ» гэж байдаг (Ш.дэд 36:15). Бид ч бас Бурхныг мэддэггүй хүмүүсийг өрөвдөх нь зүйтэй биз дээ? Тэд нүгэлт амьдралаа өөрчлөөд Бурхны сайшаалыг хүлээх ч юм билүү? Удахгүй шүүлтийн өдөр болно. Гэхдээ Ехова хэнийг ч устгая гэж боддоггүй (2 Петр 3:9). Тиймд шүүлтийн өдөр болохоос өмнө өрөвч сэтгэлтэй Бурхныхаа сэрэмжлүүлэх мэдээг аль болох олон хүнд хүргэцгээе.

7, 8. Нэгэн гэр бүл Еховагийн өрөвч сэтгэлийг биеэрээ хэрхэн мэдэрсэн бэ?

7 Еховагийн өрөвч сэтгэлийг биеэрээ мэдэрсэн орчин үеийн үйлчлэгчдийн жишээ олныг дурдаж болно. Милан гэдэг 12 настай хүүгийн гэр бүлд юу тохиолдсоныг ярилцъя. Угсаатны мөргөлдөөн болсон 1990-ээд оны эхэн үе. Милан, дүү нь, аав ээж нь, өөр хэдэн Гэрч Сербэд болох чуулганд очихоор Боснигоос автобусаар явж байжээ. Тэнд Миланы аав ээж хоёр баптисм хүртэх гэж байлаа. Гэтэл хил дээр цэргүүд зогсоож, тэдний гэр бүлийг өөр угсаатан болохоор нь автобуснаас буухыг тушаав. Харин үлдсэн Гэрчүүдэд аяллаа үргэлжлүүлэхийг зөвшөөрчээ. Миланы гэр бүлийг явуулалгүй хоёр хонуулав. Тэднийг харгалзаж байсан цэрэг холбооны хэрэгслээр даргатайгаа ярьж, яах тухай асуусанд «Гаргаад буудчих!» гэж хариулахыг бүгдээрээ сонсжээ.

8 Цэргүүдийг ярилцаж байх зуур танихгүй хоёр хүн нөгөө гэр бүл дээр хүрч ирээд Гэрч гэдгээ аяархан хэлэв. Автобусанд үлдсэн Гэрчүүд юу болсныг тэр хоёрт ярьсан ажээ. Цэргүүд хүүхдийн бичиг баримтыг шалгадаггүй учир хоёр Гэрч Миланыг дүүтэй нь машиндаа суулгаад хил гарахаар болов. Харин аав ээж хоёрт нь хилийн боомт өнгөрөөд уулзъя гэж хэлжээ. Милан энэ бүхнийг сонсоод баярлах, гайхах зэрэгцэн яах ч учраа олохгүй байлаа. Аав ээж хоёр нь: «Тэд биднийг зүгээр явуулна гэж үү?» хэмээн асуужээ. Гэлээ ч цэргүүд тэдний явахыг анзаарсангүй. Ингээд аав, ээж, хүүхдүүд хилийн цаана уулзаж, Ехова залбиралд нь хариулсан гэсэн итгэлтэйгээр чуулган болох хот руу хүлгийн жолоо залав. Ехова үйлчлэгчдээ ийм маягаар шууд хамгаалаад байдаггүйг бид Библиэс мэддэг (Үйлс 7:58–60). Гэхдээ л «Ехова биднийг аврахын тулд тэнгэрийн элчүүдээ явуулж цэргүүдийн нүдийг тагласан юм шиг санагдсан» гэж Милан ярьсан юм (Дуу. 97:10).

9. Өөрийг нь дагасан олон түмнийг хараад Есүс яасан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

9 Есүсээс сурах зүйл бидэнд их бий. «Хоньчингүй хонь турж эцдэгийн адил зовж зүдэрсэн» олон түмнийг Есүс хараад өрөвджээ. Тэгээд юу хийсэн бэ? «Олон зүйлийг зааж эхлэв» (Мат. 9:36; Марк 6:34-ийг уншина). Гэтэл фарисайчууд Есүсээс тэс ондоо байлаа. Тэд хүмүүсийг өрөвддөг ч үгүй, туслахыг хүсдэг ч үгүй байв (Мат. 12:9–14; 23:4; Ёох. 7:49). Та өрөвч сэтгэлтэй Есүсийг дуурайн хүмүүст Еховагийн тухай хэлж ярихыг хүсдэг үү?

10, 11. Ямар ч үед бусдыг өрөвдөх ёстой юу? Тайлбарлана уу.

10 Гэхдээ өрөвдөж болохгүй үе гэж бас байдаг. Саул хааныг жишээ болгон авч үзье. Амалекчуудыг хүйс тэмтэрч,  бүх мал сүргийг нь устгахыг Бурхан түүнд тушаажээ. Гэтэл Саул амалекчуудын хаан Агагийн амийг хэлтрүүлж, тарга тэвээрэг сайтай малыг устгалгүй үлдээжээ. Үүнийгээ өрөвч сэтгэлийн үйлс гэж бодсон бололтой. Ийнхүү дуулгаваргүй загнасан болохоор нь Ехова Саулыг Израйлын хаан байхад тэнцэхгүй хүн гэж үзжээ (1 Сам. 15:3, 9, 15). Ехова бол хүнийг дотор нь орсон юм шиг мэддэг, хэзээ өрөвдөж болох, хэзээ өрөвдөж болохгүйг сайн ойлгодог зөв шударга Шүүгч юм (Гаш. 2:17; Езе. 5:11). Хууль тушаалыг нь дагахыг хүсдэггүй бүх хүнийг тун удахгүй шийтгэнэ (2 Тес. 1:6–10). Хорон муу гэж тооцсон бүхнээ тэр үед өчүүхэн төдий ч өрөвдөхгүй. Тэгээд ч хорон муу хүмүүсийг устгахгүй бол зөв шударга хүмүүсийг өрөвдөхгүй байна гэсэн үг болно.

11 Ямар хүмүүсийг амьд үлдээх, ямар хүмүүсийг устгахыг бид шийдэхгүй. Бидний үүрэг бол хүмүүсийг өрөвдөж, тэдэнд туслахын тулд чадах бүхнээ хийх явдал юм. Юу хийх вэ? Хэдэн аргыг авч үзье.

БУСДЫГ ӨРӨВДДӨГИЙН БАТАЛГАА

12. Бусдыг өрөвддөг хүн юу хийх вэ?

12 Тусч бай. Итгэл нэгтнүүд болон хөршөө өрөвдөж байхыг Ехова үйлчлэгчдээсээ хүсдэг (Ёох. 13:34, 35; 1 Петр 3:8). Өрөвдөх гэж орчуулсан үгийн нэг утга нь «хамт зовох» юм. Өрөвч сэтгэлтэй хүн бусдын зовлонг нимгэлж хэцүү байдлаас гарахад нь туслахыг хичээдэг. Та бас ийм боломжийг хайгаарай! Жишээ нь гэрийн ажилд нь туслах ч юм уу хэрэгтэй юманд нь явж болох юм (Мат. 7:12).

Бусдыг өрөвддөг бол туслаарай (12-р догол мөрийг үзээрэй)

13. Байгалийн гамшиг болоход Бурхны ард түмэн юу хийдэг вэ?

13 Тусламжийн ажилд оролц. Байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн зовж байгааг харахлаар өрөвдөх сэтгэл төрдөг. Ийм үед туслахаар очдогоороо Еховагийн Гэрчүүд алдартай (1 Петр 2:17). Жишээ авъя. Японд 2011 онд газар хөдөлж, цунами болоход зарим хэсэг ихээхэн сүйдсэн билээ. Тэр хэсэгт амьдардаг нэг Гэрч эмэгтэй Японы өнцөг булан бүрээс, бас хилийн чанадаас сайн дураараа туслахаар ирсэн олон  хүнийг хараад «урам орж, сэтгэл нь сэргэсэн» гэжээ. Тэрээр: «Ехова болон итгэл нэгтнүүд маань үнэхээр халамжтай юм байна, дэлхий даяар буй ах дүү нар маань бидний төлөө залбирч байгаа юм байна гэдгийг би энэ явдлаас ойлгосон» гэж бичжээ.

14. Өвчтэй зовлонтой, өндөр настай хүмүүст яаж туслах вэ?

14 Өвчтэй, өндөр настай хүмүүст тусал. Адамаас өвлөсөн нүглийн үр дагаврыг амсаж байгаа хүнийг харахлаар өөрийн эрхгүй өрөвддөг. Энэ бүх бэрхшээл үгүй болоосой гэж бид чин сэтгэлээсээ хүсдэг учраас Бурхны Хаант төр захираасай гэж залбирдаг. Бас өвчтэй, настай хүмүүст туслахыг хичээдэг. Нэгэн зохиолч Альцхаймерын өвчтэй ээжийнхээ тухай юу гэж бичсэнийг сонирхъё. Нэг удаа ээж нь өмдөндөө бие засчихсан гэнэ. Өмдөө цэвэрлэх гээд мунгинаж байтал хонх нь дуугарчээ. Хаалгаа онгойлготол байнга ирдэг хоёр Гэрч зогсож байжээ. Тэд түүнээс тусламж хэрэгтэй эсэхийг асуув. «Санаа зовмоор юм. Гэхдээ тусламж хэрэгтэй» гэж ээж нь хариулжээ. Хоёр Гэрч хувцсыг нь цэвэрлэж, цай чанаж өгч, хэсэг ярьж суугаад явжээ. Тэдэнд хамгийн их талархсан хүн нь уг зохиолч байлаа. Тэрээр: «Энэ Гэрчүүдэд мэхийн ёсолъё. Эд бол ам ажил нь зөрдөггүй хүмүүс» гэж бичжээ. Та өвчтэй зовлонтой, өндөр настай хүнийг өрөвдөж жаахан ч гэсэн тус дэм болохын тулд чадах бүхнээ хийдэг үү? (Флп. 2:3, 4).

15. Дэлгэрүүлэх ажил маань хүмүүст ямар ач тустай вэ?

15 Еховаг таньж мэдэхэд нь хүмүүст тусал. Санаа зовоосон, хэцүү асуудалтай хүмүүст туслах хамгийн сайн арга нь Бурхны тухай, Бурхны Хаант төр хүн төрөлхтний төлөө юу хийх тухай зааж сургах юм. Түүнчлэн Еховагийн тогтоосон хэм хэмжээг дагаж мөрдөх нь яагаад сайн болохыг ойлгуулах нь чухал (Ис. 48:17, 18). Дэлгэрүүлэх нь Еховаг алдаршуулах арга бөгөөд бусдыг өрөвддөгийн илрэл юм. Та энэ ажилд түлхүү оролцох боломжтой юу? (1 Тим. 2:3, 4).

ӨРӨВЧ СЭТГЭЛ ТАНД Ч ТУСТАЙ!

16. Өрөвч сэтгэлтэй байхын ач тус юү вэ?

16 Бусдыг өрөвддөг хүний бие эрүүл, бусадтай сайхан харьцаатай байдаг гэж сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд хэлдэг. Зовж буй хүмүүст тусалдаг хүн өөрөө жаргалтай, өөдрөг байхын зэрэгцээ ганцаарддаггүй, муу юм боддоггүй. Тэгэхээр бусдыг өрөвдөх нь танд ч тустай байх нь ээ (Эф. 4:31, 32). Хайрын сэтгэлээр бусдад туслаасай гэж Ехова үйлчлэгчдээсээ хүсдэг. Бурхныхаа хүслийн дагуу явдаг Гэрчүүд сэтгэл өвдөх зүйлгүй санаа амар байдаг. Өрөвч сэтгэлтэй хүн илүү сайн аав ээж, хань ижил, анд нөхөр болдог. Ийм хүнд туслахдаа хүмүүс дуртай (Матай 5:7; Лук 6:38-ыг уншина).

17. Та яагаад өрөвч байхыг хүсдэг вэ?

17 Өрөвч сэтгэлтэй байх нь өөрсдөд маань тустай нь үнэн. Гэхдээ бид үүний төлөө л өрөвч байх гэж хичээх ёсгүй. Гол нь өрөвч сэтгэл, хайрын Эх булаг Ехова Бурхнаа дуурайх, түүнийг магтан алдаршуулахыг зорилгоо болгох хэрэгтэй (Сур. 14:31). Ехова бидэнд төгс үлгэр дуурайл болдог. Тиймд бусдыг Ехова шиг өрөвдөж сурахын тулд чадах бүхнээ хийцгээе. Тэгвэл итгэл нэгтнүүдтэйгээ дотносож, эргэн тойрныхоо хүмүүстэй сайхан харьцана (Гал. 6:10; 1 Ёох. 4:16).