Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2017 оны 9 сар 

«Бурхны үг ... хүчтэй»

«Бурхны үг ... хүчтэй»

«Бурхны үг амьд бөгөөд хүчтэй» (ЕВР. 4:12).

ДУУ: 37, 2

1. Бурхны Үг хүчтэй гэдэгт та яагаад эргэлздэггүй вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

БУРХНЫ хэлсэн үг, хүн төрөлхтөнд хүргэсэн мэдээ нь «амьд бөгөөд хүчтэй» гэдэгт бид эргэлздэггүй (Евр. 4:12). Библи хүнийг өөрчлөх хүчтэйг бид биеэрээ үзсэн. Урьд нь хулгайч, хар тамхичин, завхай явдалтай байсан хүмүүс бидний дунд бий. Алдар нэр, эд хөрөнгөтэй хэр нь ямар нэгэн юмаар дутагдаад байгаагаа анзаарсан хүн ч байдаг (Ном. 2:3–11). Найдлага тасарсан олон хүн Бурхны Үг хүчтэйг мэдэрч амьдралд хөлөө олоод явдаг болсон нь сайшаалтай. Та «Харуулын цамхаг» сэтгүүлд нийтлэгддэг «Библи хүнийг өөрчилдөг» булангаас олон хүний түүх намтрыг уншсан биз ээ. Үнэнийг хүлээж аваад Гэрч болсон ч Еховатай улам бүр дотносохын тулд Библийг уншиж судлан, амьдралдаа хэрэгжүүлсээр байх хэрэгтэйг та ойлгосон нь дамжиггүй.

2. Бурхны Үг хүчтэй нь І зуунд хэрхэн батлагдсан бэ?

2 Бурхны Үгийг судлаад эрс өөрчлөгдсөн хүн орчин үед олон байдаг нь гайхах зүйл биш ээ. Тэнгэрт амьдрах найдвартай болсон І зууны дагалдагчид бас өөрчлөгджээ (1 Коринт 6:9–11-ийг уншина). Элч Паул ямар хүмүүс Бурхны Хаант төрд багтах боломжгүйг дурдсаныхаа дараа  «Та нарын зарим нь тийм байсан» гэжээ. Тэд Судар болон Бурхны агуу хүчний нөлөөгөөр өөрчлөгдсөн. Зарим хүн үнэний зам дээр гарч зогссон ч дараа нь ноцтой нүгэл үйлддэг. Жишээлбэл нэг тослогдсон дагалдагчийг хурлаас хассан талаар Библид бичсэн байдаг. Хожим нь тэр хүн засарсан учраас эрхийг нь сэргээжээ (1 Кор. 6:9–11; 5:1–5; 2 Кор. 2:5–8). Итгэл нэгтнүүд маань Бурхны Үгийн хүчээр янз бүрийн асуудлыг шийдэж ирснийг бодохлоор урамтай санагддаг.

3. Энэ өгүүллээр юуны тухай ярилцах вэ?

3 Бурхны Үг үнэхээр хүчтэй багаж билээ. Бид энэ багажаа сайн ашиглахыг хүсдэг (2 Тим. 2:15). Бурхны Үгийн хүчийг өөрийнхөө төлөө хэрхэн ашиглах вэ? Бурхны Үгийн хүчийг ашиглан хэрхэн дэлгэрүүлэх вэ? Бурхны Үгийн хүчийг ашиглан хэрхэн илтгэл тавих вэ? Эдгээр асуултын хариуг энэ өгүүллээс мэдэж авъя. Бидэнд тустайг заадаг тэнгэрийн Эцэгтээ талархлаа илэрхийлж, хайртайгаа батлахад маань хэрэг болно (Ис. 48:17).

БУРХНЫ ҮГИЙН ХҮЧИЙГ ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ АШИГЛАХ НЬ

4. а) Бурхны Үгийн үр шимийг үзье гэвэл яах хэрэгтэй вэ? б) Та Библиэ хэдийд уншдаг вэ?

4 Бурхны Үгийн үр шимийг үзье гэвэл тогтмол унших хэрэгтэй. Болж өгвөл өдөр бүр унших нь сайн (Иош. 1:8). Зав чөлөөтэй хүн эдүгээ бараг байхгүй болжээ. Гэхдээ ямар ч чухал ажилтай байлаа гээд Библи уншихаа битгий хойшлуулаарай (Эфэс 5:15, 16-г уншина). Еховагийн үйлчлэгчдийн зарим нь өглөө эрт уншдаг байхад, зарим нь өдөр эсвэл орой унтахаасаа өмнө уншдаг. Тэд дуулалчтай санал нэг байдаг. Дуулалч: «Өө, Таны хуулийг би ямар их хайрладаг вэ! Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг» хэмээн дуулжээ (Дуу. 119:97).

5, 6. а) Яагаад эргэцүүлэн бодох хэрэгтэй вэ? б) Хэрхэн эргэцүүлж бодвол үр дүнтэй вэ? в) Бурхны Үгийг уншиж, эргэцүүлэн бодоод ямар ач тус хүртсэнээ ярина уу.

5 Библийг уншаад өнгөрөх нэг хэрэг. Харин уншсан зүйлээ эргэцүүлэн бодох нь хамгийн чухал (Дуу. 1:1–3). Сайтар нягталж бодохгүй л бол хязгааргүй мэргэн зөвлөгөөг нь ажил хэрэг болгож чадахгүй шүү дээ. Бурхны Үгийг хэвлэмэл, цахим гээд ямар ч хэлбэрээр уншсан, зүрх сэтгэлдээ шингээх зорилго тавиарай.

6 Хэрхэн эргэцүүлж бодвол үр дүнтэй вэ? Нэг хэсгийг уншсаныхаа дараа түр зогсоод «Би эндээс Еховагийн талаар юу мэдэж авсан бэ? Үүнийг амьдралдаа яаж хэрэгжүүлж байгаа билээ? Өөрчлөх хэрэгтэй юм байна уу?» гэж өөрөөсөө асуух нь тустай. Бурхны  Үгнээс уншсан зүйлээ эргэцүүлэн бодоод, залбирвал ажил хэрэг болгоё гэсэн ирмүүн хүсэлтэй болно. Тэгээд Бурхны Үг үнэхээр хүчтэйг мэдэрнэ (2 Кор. 10:4, 5).

БУРХНЫ ҮГИЙН ХҮЧИЙГ АШИГЛАН ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ

7. Дэлгэрүүлэх ажилдаа Бурхны Үгийг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ?

7 Айлаар дэлгэрүүлэхдээ, хичээл заахдаа Библийг түлхүү хэрэглэх нь үр дүнтэй. Нэг Гэрч эрэгтэй: «Хэрвээ Еховатай хамт айлаар дэлгэрүүлэх боломж олдвол та л ганцаараа яриад байх уу эсвэл Еховаг яриулах уу?» гэсэн юм. Үүгээрээ юу хэлэх гэсэн юм бол? Айлын хүнд Бурхны Үгнээс уншуулж байгаа маань Еховаг яриулж байгаа хэрэг ажээ. Өөрөө ярьснаас, сайтар бодоод сонгосон Библийн зүйл уншуулбал илүү хүчтэй нөлөөлдөг (1 Тес. 2:13). Тиймд өөрөөсөө «Би дэлгэрүүлж явахдаа Библийг аль болох олон удаа ашиглахыг хичээдэг үү?» гэж асуугаарай.

8. Ярилцаж буй хүндээ Библиэс уншуулах нь яагаад хангалтгүй вэ?

8 Ярилцаж буй хүндээ Библийн зүйл уншуулаад л болчихгүй нь ойлгомжтой. Яагаад? Библийн мэдлэг багатай юм уу ямар ч ойлголтгүй хүн олон байдаг. Нэгдүгээр зуунд ч тийм л байсан, өнөөдөр ч ялгаагүй (Ром 10:2). Тиймд Библиэс уншиж өгсөн зүйлийн утга санааг айлын хүн шууд ойлгочихно гэж бодож болохгүй. Тухайн Библийн зүйлийн гол үгнүүдийг дахин уншаад, утгыг нь тайлбарлаж өгөх нь чухал. Ингэвэл бидэнтэй ярилцаж буй хүн Бурхны Үгийг оюун ухаан, зүрх сэтгэлдээ шингээж авна (Лук 24:32-ыг уншина).

9. Юу гэж хэлбэл хүмүүс Библийг чухал ном гэж бодох вэ? Жишээ хэлнэ үү.

9 Библийн зүйлийг гэрийн эзэнд  уншуулахаасаа өмнө ямар оршил хэлэхээ анхаараарай. Их чухал ном байна гэсэн сэтгэгдэл төрүүлэх оршил хэлэх нь сайн. Жишээ нь, «Энэ талаар Бүтээгч Бурхан юу хэлдгийг үзье» гэж хэлж болох юм. Христийн шашнаас өөр шашинтай хүнтэй ярьж байгаа бол «Ариун Сударт юу гэж байдгийг үзье» гэх нь тохиромжтой байх. Харин шашин сонирхдоггүй хүнээс «Эртний энэ үгийг та сонсож байсан уу?» гэж асууж болно. Хүн бүрийн ахуй амьдрал, итгэл үнэмшил өөр гэдгийг санавал сонирхлыг нь татах үг хэлж чадна (1 Кор. 9:22, 23).

10. а) Нэг Гэрчид тохиолдсон явдлыг ярина уу. б) Та дэлгэрүүлж явахдаа Бурхны Үгийн хүчийг хэрхэн мэдэрч байсан бэ?

10 Дэлгэрүүлэх ажилдаа Бурхны Үгийг ашиглах нь хүмүүст хүчтэй нөлөөлдгийг олон Гэрч анзаарчээ. Жишээ авъя. Нэг Гэрч эрэгтэй давтан уулзалт хийхээр настай хүн дээр очжээ. Тэр хүн манай байгууллагын сэтгүүлийг олон жил уншиж буй аж. Гэрч энэ удаа «Харуулын цамхаг» сэтгүүлийн сүүлийн дугаарыг зүгээр нэг өгөхийн оронд тэнд эш татсан Библийн зүйлийг уншиж өгөхөөр шийдсэн гэнэ. Тэгээд 2 Коринт 1:3, 4-өөс «Энэрч өршөөдөг Эцэг, ямар ч үед тайвшруулдаг Бурхан ... ямар ч зовлон тохиолдоход ... биднийг тайвшруулдаг» хэмээн уншив. Үүнийг сонсоод сэтгэл нь хөдөлсөн тэр эрэгтэй дахиад уншиж өгөөч гэж гуйгаад, гэр бүлд нь ямар зовлон учраад байгааг хэлжээ. Тэр хүн Библийн тухай илүү ихийг мэдэх хүсэлтэй болсон байна. Дэлгэрүүлэх ажилдаа Библийг ашиглах нь хүмүүст хүчтэй нөлөөлдгийн нэг баталгаа энэ юм (Үйлс 19:20).

БУРХНЫ ҮГИЙН ХҮЧИЙГ АШИГЛАН ИЛТГЭЛ ТАВИХ НЬ

11. Илтгэл тавьж бусдыг сургадаг эрчүүд яах ёстой вэ?

11 Бид цуглаан, чуулганд очих дуртай. Тэнд очдогийн маань хамгийн гол зорилго бол Ехова Бурхнаа шүтэх юм. Бас олон зүйлийг сурч авдаг. Тэр үеэр илтгэл тавих эрчүүд бусдад заах онцгой завшаан эдэлдэг. Мөн үүний зэрэгцээ туйлын хариуцлагатай ажил хийж байгаагаа ойлгодог (Яак. 3:1). Учир нь тэд заадаг бүхнээ Бурхны Үгэнд үндэслэх ёстой. Танд бас ийм завшаан олдвол сонсогчдынхоо зүрх сэтгэлийг хөдөлгөхийн тулд Бурхны Үгийн хүчийг хэрхэн ашиглаж илтгэлээ тавих вэ?

12. Илтгэгч үгээ Библид үндэслэн хэлэхийн тулд яах хэрэгтэй вэ?

12 Илтгэл тавихдаа Библид үндэслээрэй (Ёох. 7:16). Хүмүүст тохиолдсон явдал, жишээ эсвэл таны илтгэл тавих арга гэх зэргээс болж сонсогчид Библийг бус, өөр зүйлийг анхаарч болзошгүйг санаарай. Түүнчлэн Библиэс унших, Библид үндэслэн заах хоёр ялгаатайг анхаараарай. Хэтэрхий олон зүйл уншвал сонсогчдын ой тойнд юу ч үлдэхгүй байж магадгүй. Тиймээс зайлшгүй хэрэгтэй гэсэн Библийн зүйлүүдийг сонгож уншаад, тайлбарлаж, жишээ татаж, хэрхэн хэрэгжүүлж болохыг хэлж өгөөрэй (Нех. 8:8). Байгууллагаас гаргасан тоймд үндэслэсэн илтгэл тавих бол тоймоо уншиж, дурдсан Библийн зүйлүүдийг судлаарай. Тоймд байгаа өгүүлбэр эш татсан Библийн зүйлтэй хэрхэн холбогдож байгааг ойлгохыг хичээгээрэй. Дараа нь тоймд байгаа санааг батлах зүйлүүдийг ашиглаарай («Чадвараа сайжруулах нь» товхимлын 5, 6-р хичээлд ашигтай зөвлөгөө  бий). Хамгийн гол нь, Бурхны Үгэнд байгаа үнэтэй сургаал, чухал мэдээллийг сонсогчдод хэлж өгөхөд туслахыг Еховагаас гуйж залбираарай (Езра 7:10; Сургаалт үгс 3:13, 14-ийг уншина).

13. а) Цуглаан дээр уншсан Библийн зүйл нэг Гэрчид хэрхэн нөлөөлсөн бэ? б) Цуглаан дээр уншсан Библийн зүйл танд яаж нөлөөлж байсан бэ?

13 Цуглаан дээр илтгэл тавьж буй хүн Библид үндэслэн ярих нь ач тустай байдгийг Австралид амьдардаг Гэрч эмэгтэй биеэрээ үзжээ. Хүүхэд нас нь хэцүү амьдрал дунд өнгөрсөн ч тэрээр Библийн мэдээг хүлээж аваад Еховад өөрийгөө зориулжээ. Тэгсэн хэр нь Еховагаар хайрлуулах эрхгүй гэж боддог байв. Харин нэг удаа цуглаан дээр уншсан Библийн зүйлийг эргэцүүлэн бодож, бусад зүйлтэй харьцуулж үзээд Ехова өөрт нь хайртай гэдэгт итгэдэг болсон гэнэ. * Цуглаан, чуулган дээр уншсан Библийн зүйл танд бас ингэж нөлөөлж байсан уу? (Нех. 8:12).

14. Еховагийн Үгийг эрхэмлэдгээ хэрхэн батлах вэ?

14 Өөрийн Үг Библийг өгсөн Ехова Бурхандаа талархахгүй байхын аргагүй. Ехова хүмүүсийг гэсэн хайрандаа хөтлөгдөн Үгээ өгснөөр үл барам, мөнхөд байлгахаа амласан. Амласандаа ч хүрсэн (1 Петр 1:24, 25). Тийм учраас бид Бурхны Үгийг тогтмол уншиж, амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг. Бас хүмүүст туслахдаа Библиэс эш татахыг чухалчилдаг. Энэ бол Библийг эрхэмлэн нандигнадгийн илрэл төдийгүй үүнийг Зохиосон Ехова Бурхныг хайрладгийн баталгаа юм.

^ д/м 13 « Үзэл бодлыг минь өөрчилсөн нэг явдал» гэсэн хавсралтыг үзнэ үү.