Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2017 оны 9 сар 

 НАМТАР

Бурхантай дотно хүмүүстэй хамт ажилласан минь ивээл

Бурхантай дотно хүмүүстэй хамт ажилласан минь ивээл

МИНИЙ аав Жэймс, ээж Жээси нар 1930-аад оны дундуур Шотландаас АНУ-ын Нью-Йоркийн Бронкс хотод нүүж иржээ. Тэдний шинэ танил Вийлий Снээдэн мөн л Шотландаас ирсэн хүн байв. Тэр гурав танилцсан анхныхаа өдөр л эцэг эх, ах дүүгийнхээ талаар ярилцжээ. Энэ явдал намайг төрөхөөс хэдхэн жилийн өмнө болсон юм.

Дэлхийн I дайны өмнөхөн ээжийн аав ах хоёр Хойд тэнгист завьтайгаа загасчилж яваад бөмбөг мөргөн тэсрэлтэд өртөж нас баржээ. Ээжийг энэ тухай ярихад Вийлий: «Аав чинь одоо тамд байгаа юм байна!» гэж хэлжээ. Вийлий Еховагийн Гэрч байж л дээ. Тэрээр ийм хачирхалтай оршил үг хэлж ээжийг гайхшируулж орхисон хэрэг.

Вийлий эхнэр Лийзтэйгээ

Вийлийгийн энэ үгийг сонсоод ээжийн дургүй хүрчээ. Яагаад гэвэл аав нь их сайн хүн байв. Гэтэл Вийлий: «Есүс тамд очиж байсан гэж хэлбэл чамд ямар санагдах вэ?» гэж асуув. Есүс тамд очоод, гурав дахь өдөр нь амилсан гэсэн сүмийн сургаалыг ээж минь санаад «Там гэдэг чинь муу хүмүүсийг тарчилгадаг гал асаж байдаг газар юм бол Есүс яагаад тийшээ явсан байж таарах вэ?» гэж боджээ. Ээж минь үнэнийг анх ингэж сонирхож эхэлсэн гэдэг. Ингээд «Бронкс» хурлын цуглаанд явдаг болж 1940 онд баптисм хүртсэн.

Ээж бид хоёр аав бид хоёр

Тэр үед Гэрч эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ хамт Библийн хичээл хийгээрэй гэж зөвлөдөггүй байсан юм билээ. Ээж цуглаанд явж, амралтын өдөр дэлгэрүүлнэ. Тэр үеэр аав дөнгөж хөлд орж байгаа намайг харж үлддэг байв. Хэдэн жилийн дараа аав бид хоёр ээжтэй хамт цуглаанд очдог болсон. Ээж маань сайн мэдээг идэвхтэй дэлгэрүүлдэг, нэлээн хэдэн хүнтэй Библийн хичээл хийдэг байв. Тэр байтугай бие биеэсээ холгүй амьдардаг суралцагчдаа нэг дор цуглуулаад Библийн хичээл заадаг байсан удаатай. Би сургуулийнхаа амралтаар ээжтэйгээ хамт дэлгэрүүлнэ. Ингэж явахдаа Библийн тухай их юм мэдэж авсан бөгөөд хүмүүст яаж заахыг сурсан.

Би багадаа Библийн үнэнийг сайн ойлгодоггүй байснаа нуугаад яах вэ. Тийм ч  онцгой юм гэж боддоггүй байв. Харин 12 хүрээд дэлгэрүүлэгч болж, тэр цагаас хойш дэлгэрүүлэх ажилд тогтмол оролцдог болсон. Арван зургаатайдаа Еховад өөрийгөө зориулж, 1954 оны 7 дугаар сарын 24-нд Канадын Торонто хотод болсон чуулган дээр баптисм хүртсэн.

БЕТЕЛД ҮЙЛЧИЛСЭН МИНЬ

Манай хуралд Бетелд үйлчилдэг эсвэл урьд нь бетелчин байсан ах нар байв. Тэд надад их нөлөөлсөн. Библийн сургаалыг ярьж тайлбарлах чадварыг нь ёстой биширмээр. Багш нар маань намайг их сургуульд ор гэж ятгадаг байсан ч би Бетелд үйлчлэх зорилго тавьсан байв. Тийм учраас Торонтод болсон тэр чуулган дээр Бетелийн анкет бөглөлөө. Нью-Йоркийн Яанки цэнгэлдэх хүрээлэнд 1955 онд болсон чуулганы үеэр дахиад л анкет бөглөв. Удаа ч үгүй урилга авлаа. Ингээд 1955 оны 9 дүгээр сарын 19-нөөс Брүүклиний Бетелд үйлчлэх болов. Тэр үед 17-той байлаа. Бетелд очсон хоёр дахь өдрөөсөө Аадамс гудамжны 117-д байдаг хавтаслах цехэд ажиллаж эхэлсэн. Удалгүй цуглуулагч машин дээр ажилладаг болов. Номны 32 хуудсыг цуглуулж дэвтэрлээд оёход бэлэн болгодог ажил л даа.

Би 17-тойдоо Брүүклиний Бетелд үйлчилж эхэлсэн

Намайг бичгийн машинаар бичиж чаддаг гээд сар орчмын дараа Сэтгүүлийн хэлтэст шилжүүлэв. Тэр үед ах эгч нар «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлийн шинэ захиалагчдын хаягийг жижиг төмөр ялтсан дээр шивдэг байв. Хэдэн сарын дараа Илгээх хэлтэст ажиллалаа. Хэлтэс хариуцагч Клаус Жээнсэн ах надаас жолоочтой хамт явах уу гэж асуув. Хайрцагтай хэвлэлүүдийг ачааны машинаар зөөж усан онгоцны зогсоолд аваачна гэсэн үг. Тэндээс дэлхийн өнцөг булан бүрд илгээнэ. Бас АНУ даяар байдаг хурлуудад илгээхийн тулд шуудайтай  сэтгүүлүүдийг шууданд хүргэж өгнө. Биеийн хүчний ажил хийлгэвэл өөрт нь тустай гэж бодсон тухайгаа Жээнсэн ах хэлсэн юм. Би 57-хон килограмм жинтэй, чүдэнзний мод шиг чөрийсөн амьтан байж билээ. Усан онгоцны зогсоол, шуудангийн хооронд ачаа зөөгөөд овоо чадалтай болсон юм. Надад юу тустайг Жээнсэн ах мэдэж байсан хэрэг.

Сэтгүүлийн хэлтэс хурлуудын захиалгыг хариуцдаг байв. Тийм болохоор Брүүклинд ямар хэлээр сэтгүүл хэвлээд дэлхийн өнцөг булан бүрд илгээдгийг би тэнд байхдаа мэдэж авсан. Миний огт сонсож байгаагүй хэл олон байсан. Гэхдээ л хэдэн арван мянган сэтгүүл алс холын орнуудад очдог гэж бодохоор баяр баясал төрнө. Хожим нь тэдгээр улс оронд очих завшаан тохиохыг тэр үед би мэдээ ч үгүй байсан юм.

Роберт Воолн, Чарлз Молохан, Дон Аадамс нартай хамт

Би 1961 онд Санхүүгийн албанд томилогдов. Хариуцагч нь Грант Сютер ах байлаа. Тэнд хэдэн жил ажилласны дараа, дэлхий дахины үйл ажиллагааг удирддаг Нейтан Ноор ахын оффист дуудагдав. Тэнд ажилладаг байсан нэг ах Христиан үйлчлэлийн сургуульд нэг сар сураад дараа нь Үйлчлэлийн хэлтэст ажиллах болсныг Ноор ах надад тайлбарласан. Би тэр ахын оронд Дон Аадамс ахтай хамт ажиллах томилолт авав. Тэгтэл Дон ах 1955 оны чуулганы үеэр миний анкетыг авсан хүн болж таарлаа. Роберт Воолн, Чарлз Молохан нар бас тэр оффист ажиллаж байв. Бид дөрөв 50 гаруй жил хамт ажиллажээ. Бурхантай дотно, бат итгэлтэй тэр хүмүүстэй хамт үйлчлэх хэчнээн сайхан гэж санана! (Дуу. 133:1).

Би анх Венесуелд бүсийн эргэлт хийсэн, 1970 он

Би 1970 оноос эхлэн Харуулын Цамхаг Нийгэмлэгийн салбаруудыг эргэдэг  болов. Бүсийн эргэлт гэж нэрлэдэг байлаа. Нэг юм уу хоёр жил тутам, хэдэн 7 хоногоор явна. Дэлхий дахинд байдаг бетелчид, миссионеруудыг эргэж, урам зоригийг нь бадраахын зэрэгцээ салбаруудын тайланг шалгадаг ажил л даа. Гилеад сургуулийн эхэн үеийн төгсөгчидтэй уулзаж, томилогдсон газраа үнэнч үйлчилж байгааг нь харах хэчнээн бахдалтай вэ! Би энэ ажлаар 90 гаруй оронд очжээ.

90 гаруй улсад ах дүү нараа эргэж очсон минь завшаан!

ҮНЭНЧ ХАНЬТАЙГАА УЧИРСАН МИНЬ

Брүүклиний Бетелийн бүх гишүүн Нью-Йорк хавийн хурлуудад хуваарилагддаг байлаа. Намайг Бронкст байдаг хуралд томилсон. Тэндхийн анхны хурал томорсоор хуваагдаж «Дээд Бронкс» нэртэй болжээ. Би тэр хурлын гишүүн байв.

1960-аад оны дундуур нэгэн латви гэр бүл Бронкс хотын өмнөд хэсгээс манай хурлын хэсэгт нүүж ирэв. Тэднийхэн тэнд байхдаа үнэнийг мэдсэн ажээ. Том охин Лийвия нь ахлах сургуулиа төгсөөд л байнгын эхлэгч болж, хэдэн сарын дараа дэлгэрүүлэгч хэрэгтэй газар үйлчлэхээр Маасачүүсетс мужийн Боостон хот руу нүүсэн юм. Би Лийвияд хурлын сониноос, Лийвия надад дэлгэрүүлэх ажлынхаа сониноос бичдэг байв.

Лийвия бид хоёр

Лийвия хэдэн жилийн дараа тусгай эхлэгчээр томилогдсон. Дараа нь Еховагийн төлөө бүх хүчээ дайчлахаар шийдээд Бетелийн анкет бөглөжээ. Тэгээд 1971 онд урилга авсан. Энэ нь нэг юм хэлээд байх шиг л санагдаж билээ! Ингээд бид хоёр 1973 оны 10 дугаар сарын 27-нд гэрлэв. Хуриман дээр Ноор ах илтгэл тавьсан нь их завшаан байлаа. Сургаалт үгс 18:22-т: «Эхнэрийг олдог хүн сайныг олж, ЭЗЭНээс тааллыг хүлээн авдаг» гэж байдаг. Үнэхээр ч Лийвия бид хоёр «ЭЗЭНээс тааллыг хүлээн авч» Бетелд 40 гаруй жил хамт үйлчилж байна. Мөн Бронксын хурлаа дэмжсээр явна.

ХРИСТИЙН АХ ДҮҮ НАРТАЙ МӨР ЗЭРЭГЦЭН

Ноор ахтай цуг ажиллах үнэхээр таатай. Үнэний төлөө эцэж цуцахыг мэдэхгүй ажилладаг, дэлхий дахинд буй миссионеруудыг хачин сайн ойлгож үнэлдэг хүн байв. Томилогдож очсон миссионер тухайн улсынхаа анхны Гэрчид тооцогдох тохиолдол олон байдаг. Ноор ах 1976 онд хорт хавдартай болсон. Өвчиндөө шаналаад хэвтэж байгааг нь харах хэчнээн хэцүү байсан гээч! Нэг удаа хэвлэгдэхэд бэлэн болсон зарим хэвлэлийг уншиж өгөхийг надаас гуйв. Бас Фрэдрик Фрэнц ахыг дуудаж авчраад сонсгохыг хүслээ. Учрыг нь би дараа мэдсэн юм. Фрэнц ахын хараа муудсан болохоор Ноор ах багагүй цаг зав гаргаж байгаад уншиж өгдөг байсан юм билээ.

Дээниэл болон Марина Сийдлик нартай хамт бүсийн эргэлт хийх үеэр, 1977 он

Ноор ах 1977 онд нас барсан ч түүнийг мэддэг, хайрладаг хүмүүс дэлхий дэх амьдралынхаа төгсгөл хүртэл үнэнч байсныг нь бодоод тайтгарсан юм (Илч. 2:10). Дараа нь Фрэнц ах манай үйл ажиллагааг удирдах болов.

 Тэр үед би Ноор ахтай цуг олон жил ажилласан Мийлтн Хээншил ахын нарийн бичиг байв. Одооноос эхлээд юу хийхийг минь Хээншил ах надад хэлж өглөө. Бетелд нэн түрүүнд хийх ёстой зүйл бол Фрэнц ахад бүх талаар туслах явдал байв. Хэвлэгдэхэд бэлэн болсон материалыг Фрэнц ахад тогтмол уншиж өгөх үүрэг авлаа. Фрэнц ах сонсож буй зүйлээ маш сайн анхаарч, тогтоож чаддаг ой сайтай хүн байж билээ. 1992 оны 12 дугаар сар хүртэл, дэлхий дэх амьдралынх нь төгсгөл хүртэл тусалж байсныгаа би завшаан гэж үздэг.

Коламбия Хаитсын 124, олон жил ажилласан газар минь

Бетелд үйлчилсэн 61 жил харвасан сум шиг өнгөрчээ. Нас бартлаа Еховад үнэнч үйлчилсэн аав ээж хоёрыгоо диваажин болсон дэлхийд угтаж авах цагаа тэсэж ядан хүлээж байна (Ёох. 5:28, 29). Үнэнч хүмүүстэй хамт Бурхны ард түмний төлөө ажилласан минь завшаантай хэрэг юм. Би үүнийг хуучин ертөнцийн ямар ч сайхан юмаар солихгүй. Бүрэн цагаар үйлчилсэн энэ он жилүүдэд Еховагийн «баяр баясгалан бол [бидний] хүч чадал» байсаар ирсэн гэж Лийвия бид хоёр итгэл төгс хэлнэ (Нех. 8:10).

Еховагийн байгууллага хэнээр ч дутдаггүй. Хаант төрийн тухай мэдээ тунхаглах ажил зогсоно гэж байдаггүй. Тууштай, үнэнч хүмүүстэй хамтран ажиллахын баяр баясгалан, зол завшааныг олон жил эдэлж ирлээ. Надтай цуг ажиллаж байсан тослогдогсдын ихэнх нь одоо дэлхий дээр байхгүй. Еховатай дотно, үнэнч тэр хүмүүстэй нөхөрлөж явсан би азтай хүн.