Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2017 оны 9 сар 

Биеэ барьж суръя

Биеэ барьж суръя

«Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанар нь ... биеэ барих нь юм» (ГАЛ. 5:22, 23).

ДУУ: 4, 52

1, 2. а) Биеэ барихгүй бол юу болох вэ? б) Яагаад энэ сэдвээр ярилцах шаардлагатай вэ?

БИЕЭ БАРИХ. Энэ бол «Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанар» юм (Гал. 5:22, 23). Ехова биеэ дээд зэргээр барьж чаддаг. Харин хүн төгс бус учраас биеэ барихдаа маруухан. Биеэ бариагүйгээс болоод янз бүрийн муу үр дагавар амсдаг. Чухал ажлаа хойш нь тавих юм уу хөдөлмөрийн бүтээмж муудна. Цаашлаад хэл амаар доромжлох, архидан согтуурах, хүч хэрэглэх, гэр бүл салах, өрөнд орох, ямар нэгэн юманд донтох, шоронгийн хаалга татах, сэтгэлийн шархтай болох, бэлгийн замын халдварт өвчин тусах, хүсээгүй байж жирэмсэн болох гээд тоочоод байвал барагдахгүй (Дуу. 34:11–14).

2 Тэгэхээр, биеэ барьдаггүй хүн өөртөө ч, өрөөлд ч гай тарьдаг нь тодорхой. Биеэ бариагүйгээс болж гардаг асуудлууд улам хурцдаж байна. Өөрийгөө захирч чаддаггүй хүн олширч байгаа нь сүүлийн үеийн судалгаанаас харагддаг. Бурхны Үгийг судалдаг бидний хувьд энэ нь гайхмаар зүйл биш юм. Яагаад гэвэл «эцсийн өдрүүдэд» амьдарч байгаагийн маань нэг нотолгоог Библид зөгнөхдөө хүмүүс «биеэ хянадаггүй» болно гэсэн байдаг (2 Тим. 3:1–3).

3. Бурхны үйлчлэгчид яагаад биеэ барьж сурах ёстой вэ?

3 Бид яагаад биеэ барьж сурах ёстой вэ? Хоёр чухал  шалтгааныг авч үзье. Нэгдүгээрт, сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг хүнд бэрхшээл тохиолдох нь бага байдаг. Бас сэтгэл санаа нь тогтвортой, хүмүүстэй найрсаг харилцдаг, амархан уурладаггүй, санаа зовох юм уу сэтгэлээр унах нь бага байдаг. Хоёрдугаарт, бид Бурхны сайшаалыг алдахгүйн тулд хорхой хүргэм зүйлийг тэвчиж, буруу юм хүсэхгүй байх хэрэгтэй. Адам Ева хоёр ийм алдаа гаргасан билээ (Эх. 3:6). Хүмүүс биеэ барьж сураагүйн харгайгаар өчнөөн зовлон эдэлж байгааг бодоорой.

4. Биеэ барихдаа тааруу хүмүүс яагаад сэтгэлээр унах хэрэггүй вэ?

4 Төгс бус нэг ч хүн биеэ төгс барьж чаддаггүй. Биеэ барих нь хүмүүс бидэнд амаргүй байдгийг Ехова сайн мэддэг төдийгүй биеэ барьж буруу юм хийхгүй байхад маань туслахыг хүсдэг (Х.дээд 8:46–50). Бид Еховад чин сэтгэлээсээ үйлчилдэг ч заримдаа биеэ барьж чадалгүй алдаа гаргачихдаг. Гэлээ ч Ехова биднийг андын ёсоор хайрладаг учраас урам зориг өгч дэмждэг. Энэ өгүүллээр Еховагийн төгс жишээг ярилцъя. Бас Библид байдаг сайн муу жишээнүүдээс сургамж авцгаая. Дараа нь биеэ барьж сурахад тустай зарим нэгэн зөвлөгөөг авч үзье.

ЕХОВА ҮЛГЭР ДУУРАЙЛ БОЛДОГ

5, 6. Сатаныг тэрслэн босоход Ехова хэрхэн биеэ барьсан бэ?

5 Ехова биеэ барих талаар төгс үлгэр дуурайл болдог. «Түүний үйлс нь төгс» билээ (Д.хууль 32:4). Харин бид төгс бус. Гэлээ ч биеэ барих гэж юу болохыг сайн ойлгохын тулд Ехова яаж биеэ барьсныг судлах хэрэгтэй. Ингэвэл Еховаг бүр сайн дуурайдаг болно. Ехова ямар үед биеэ барьсан бэ?

6 Жишээлбэл Сатан маргаан дэгдээж тэрслэн босоход Ехова хэрхэн биеэ барьсныг бодоорой. Сатаны дэгдээсэн асуудлаас болж Бурхны үнэнч тэнгэрийн элчүүд уурлан эгдүүцэж, жигшин зэвүүцсэн нь эргэлзээгүй. Диаволын учруулсан зовлонг бодохоор таны ч уур бас хүрдэг байх. Харин Ехова сэтгэл хөдлөлдөө автаагүй. Сатаныг тэрслэхэд уурлан хилэгнэхийг урьтал болгохын оронд, хамгийн зөв шийдвэр гаргаж тохирох хариуг өгсөн нь шударга ёсыг баримталсан хэрэг байлаа (Ег. 34:6; Иов 2:2–6). Яагаад гэвэл Ехова «хэнийг ч үхүүлэхийг хүсдэггүй, харин бүх хүнд гэмших боломж» олгосон учраас өнөөг хүртэл хүлээж байна (2 Петр 3:9).

7. Еховагаас юу сурах вэ?

7 Еховагийн үзүүлсэн жишээг бодохлоор бид бас үгээ цэнэж, алхаа гишгээгээ сайтар хянах ёстой байх нь ээ. Чухал асуудал шийдэх хэрэг гарвал яарч сандран хөнгөн хуумгай хандаж болохгүй. Харин ч нухацтай бодох хэрэгтэй. Зөв юм хийж, оновчтой үг хэлэх мэргэн ухаан гуйж залбираарай (Дуу. 141:3). Уурласан үедээ буруу юм хэлж, хийх амархан. Юу ч бодохгүй ярьснаас эсвэл яарч хийснээс болоод хожим нь харамсдаг шүү дээ! (Сур. 14:29; 15:28; 19:2).

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧДИЙН САЙН МУУ ЖИШЭЭ

8. а) Биеэ барьж чадсан хүмүүсийн жишээг хаанаас мэдэж болох вэ? б) Потифарын эхнэр уруу татахыг оролдсон ч Иосеф яагаад биеэ барьж чадсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

8 Үг, үйлдлээ хянахын чухлыг харуулсан ямар жишээ Библид байдаг вэ? Сорилт тулгарахад биеэ барьж чадсан олон хүн таны санаанд орох  биз ээ. Тэдний нэг нь Иаковын хүү Иосеф юм. Тэрээр фараоны түшмэл, ордны харуулын захирагч Потифарт зарцлагдаж байхдаа хорхой хүргэм зүйлийг тэвчсэн. Иосеф «чийрэг сайхан биетэй, үзэсгэлэнтэй сайхан эр» байсан тул Потифарын эхнэр түүнийг өдөж, уруу татахыг оролддог байв. Иосеф яагаад биеэ барьж чадсан бэ? Буугаад өгчихвөл ямар хохирол амсахыг сайтар бодсон нь дамжиггүй. Тэгээд аюул тулгармагц Потифарын эхнэрээс зугтсан. Тэрээр: «Би яаж ийм их муухай хэрэг үйлдэж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ?» гэжээ (Эх. 39:6, 9; Сургаалт үгс 1:10-ыг уншина).

9. Хорхой хүргэм зүйлд татагдахгүйн тулд өөрийгөө хэрхэн бэлдэх вэ?

9 Иосефоос юу сурч болох вэ? Хорхой хүргэм зүйл тулгарахад Бурхны хуулийг зөрчих гээд байвал зугтах хэрэгтэй. Хэтрүүлж идэх, согттолоо уух, тамхи татах, мансууруулах бодис хэрэглэх, садар самуун амьдрах гэх мэтийн муу зуршилтай байсан хүн Гэрчүүдийн дунд олон бий. Тэд муу зуршлаа хаяж баптисм хүртсэн ч заримдаа муу юмаа дахин хийчих гээд байдаг. Хэрэв та тэдний нэг бол хэсэг азнаад бодоорой. Хорхой хүргэм зүйлд татагдвал Еховатай тогтоосон харьцаанд тань ямар аюул учрах бол? Юунд хорхойсож болзошгүйгээ урьдаас мэдээд хэрхэн зайлсхийхээ шийдээрэй (Дуу. 26:4, 5; Сур. 22:3). Хорхой хүргэм зүйл тулгарлаа гэхэд мэргэн ухаан, биеэ барих чадварыг Еховагаас гуйгаарай.

10, 11. а) Шилжилтийн насны охид хөвгүүдэд сургууль дээр нь юу тохиолддог вэ? б) Гэрч охид хөвгүүд үе тэнгийнхнийхээ дарамт шахалтад бууж өгөхгүйн тулд яах хэрэгтэй вэ?

10 Иосефт тохиолдсон шиг явдал залуу Гэрчүүдэд ч тохиолддог. Ким гэдэг охины ангийн ихэнх хүүхэд амралтын өдөр хэнтэй унтсанаа гайхуулж ярьдаг байжээ. Кимд ярих юм олдоггүй байв. Бусдаас өөр байхад заримдаа «гологдсон, ганцаардмал» юм шиг санагддаг байснаас гадна хүнтэй үерхдэггүй, тэнэг гэж үеийнхэндээ хэлүүлдэг байснаа Ким ярьсан юм. Үнэндээ тэрээр ухаалаг охин байлаа. Үе тэнгийнх нь олон хүүхэд ийм сорилтыг тэвчдэгийг Ким ойлгосон ажээ (2 Тим. 2:22). Одоо болтол хүнтэй унтаагүй юү гэж асуух тоолонд ангийнхандаа учрыг нь тайлбарлах боломж олддог байсан гэнэ. Үе тэнгийнхнийхээ дарамт шахалтад бууж өгөхгүй байхаар шийдсэн охид хөвгүүдээрээ бид бахархдаг. Ехова ч бас бахархаж байгаа!

11 Биеэ барьж чадалгүй садар самуун явдалтай орооцолдсон хүмүүсийн муу жишээ Библид байдаг. Биеэ барихгүй бол ямар хохирол амсахыг тэдгээр жишээнээс мэдэж болно. Кимийн зовлонг амсаж буй хэн боловч «Сургаалт үгс» номны 7 дугаар бүлэгт гардаг ухаан муутай залуугийн тухай бодох нь зүйтэй. Бас Амнон юү хийсэн, дараа нь ямар аймшигтай юм болсныг бодоорой (2 Сам. 13:1, 2, 10–15, 28–32). Хүүхдээ ухаалаг, биеэ барьдаг хүн болгохын тулд эцэг эхчүүд гэр бүлийн хичээлээрээ дээрх Библийн жишээнүүдийг ярилцаж болох юм.

12. а) Иосеф ах нартайгаа ярилцахдаа сэтгэлээ хэрхэн барьсан бэ? б) Ямар үед сэтгэлээ барих хэрэгтэй болдог вэ?

12 Бас нэг удаа Иосеф биеэ барих талаар сайхан жишээ үзүүлжээ. Ах нар нь хоол хүнс худалдаж авахаар Египетэд ирэхэд энэ явдал болсон юм.  Иосеф ах нарынхаа бодлыг мэдэх гэсэндээ хэн гэдгээ хэлээгүй. Сэтгэл нь ихэд хөдлөхөд тэрээр өөр өрөөнд ороод уйлдаг (Эх. 43:30, 31; 45:1). Итгэл нэгтэн юм уу хайртай хүндээ гомдсон бол Иосефын жишээг санаарай. Тэгвэл хожим нь амаа барих юм хэлэхгүй, хийхгүй (Сур. 16:32; 17:27). Эсвэл дотны хүн тань хурлаас хасагдлаа гэхэд онцын шаардлагагүй үед тэдэнтэй харилцахгүйн тулд биеэ барих хэрэгтэй болж мэдэх юм. Энэ нь амархан биш ч Еховаг дуурайж байна, тушаалыг нь биелүүлж байна гэж бодвол биеэ барихад илүү хялбар байна.

13. Давидаас ямар сургамж авч болох вэ?

13 Давидын жишээнээс их зүйлийг мэдэж болно. Хэдийгээр хүч чадалтай, хүдэр чийрэг эр байсан ч тэрээр Саул Шимеи нарт уурлаагүй, өш хонзон аваагүй (1 Сам. 26:9–11; 2 Сам. 16:5–10). Гэхдээ Давид цаг ямагт биеэ барьдаг хүн байгаагүй. Энэ нь Батшебатай завхайрснаас, шунахай Набалын тухай сонсоод ямар шийдвэр гаргаснаас харагддаг (1 Сам. 25:10–13; 2 Сам. 11:2–4). Давидаас чухал сургамж авч болно. Нэгдүгээрт, Бурхны ард түмнийг удирддаг хүмүүс эрх мэдлээ урвуулан ашиглахгүйн тулд биеэ барих талаар онцгой анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт, хорхой хүргэм зүйлд автахгүй гэж өөртөө хэт итгэх ёсгүй (1 Кор. 10:12).

АШИГТАЙ ЗӨВЛӨГӨӨ

14. Нэг Гэрч эрэгтэйд юу тохиолдсон бэ? Тийм үед тайван байх нь яагаад чухал бэ?

14 Биеэ барьж сурахын тулд яах хэрэгтэй вэ? Луижид тохиолдсон явдлыг ярилцъя. Нэг жолооч өөрийнхөө буруугаас Луижигийн машины араас мөргөчихжээ. Тэгсэн хэр нь Луижи руу омогдон хэрүүл өдөж гарчээ. Луижи тайван байхын тулд Еховад залбирав. Нөгөө жолоочийг тайвшруулах гэж оролдсон ч тус болоогүй тул ослын талаар нэг бүрчлэн бичиж аваад явав. Нөгөө хүн хашхичсаар үлдсэн байна. Луижи 7 хоногийн дараа нэг эмэгтэйтэй давтан уулзалт хийхээр гэрт нь очжээ. Тэгтэл тэр эмэгтэйн нөхөр нь өнөөх жолооч болж таарав! Тэрээр эвгүй зан гаргасандаа уучлалт гуйж, даатгалын компанитай нь холбоо барьж нөхөн төлбөрийг аль болох хурдан гаргуулахаа амлажээ. Бас Библийн сэдэвтэй яриа таалагдсаныг хэлжээ. Осол гарсан ч тайван байсан нь хэчнээн их хэрэг болсон, хэрвээ уурласан бол ямар аюул болох байсныг Луижи энэ явдлаас ойлгосон гэнэ (2 Коринт 6:3, 4-ийг уншина).

Дэлгэрүүлэх ажлаа саадгүй хийхийн тулд биеэ зөв авч явцгаая (14-р догол мөрийг үзээрэй)

15, 16. Биеэ барьж сурахын тулд Библийг яаж судлах хэрэгтэй вэ?

15 Библийг тогтмол нямбай судалдаг бол биеэ барьж сурна. Ехова Иошуад «Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй, харин түүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүлэхээр өдөр шөнөгүй түүнийг бясалгаж яв. Тэгвэл чи хөгжин дэвжиж, амжилтад хүрэх болно» гэж хэлснийг санаарай (Иош. 1:8). Биеэ барьж сурахын тулд Библийг чухам яаж судлах вэ?

16 Биеэ барьдаг бол ямар ач тустай, биеэ барьдаггүй бол ямар хохирол амсдагийг харуулах жишээнүүд Библид байдгийг үзлээ. Ехова үүнийг зориуд бичүүлсэн (Ром 15:4). Тиймд тэдгээр жишээг уншиж, эргэцүүлэн бодож, нягтлан судлах нь тун чухал! Өөртөө болон гэрийнхэндээ ямар хамаатайг ойлгохыг хичээгээрэй.  Зөвлөгөөг нь ажил хэрэг болгоход туслахыг Еховагаас гуйгаарай. Ямар үед биеэ барьж чаддаггүйгээ анзаарсан бол бүү үл тоомсорлоорой. Дараа нь залбираарай. Тэгээд яавал биеэ барьж сурахыг мэдэж аваарай (Яак. 1:5). Байгууллагын хэвлэлийг судалбал тустай зөвлөгөө олох нь дамжиггүй.

17. Биеэ барьж сурахад нь эцэг эхчүүд хүүхдэдээ хэрхэн туслах вэ?

17 Биеэ барьж сурахад нь хүүхдэдээ хэрхэн туслах вэ? Хүүхдүүд хар аяндаа ийм болчихдоггүй. Эцэг эхчүүд өөрсдөө үлгэр дуурайл болж энэ болон өөр чухал зан чанаруудыг өөрийн болгоход нь хүүхдэдээ туслах хэрэгтэй (Эф. 6:4). Хэрэв танай хүүхэд биеэ барьж чаддаггүй бол та өөрөө сайн жишээ үзүүлдэг эсэхээ шалгаарай. Тогтмол дэлгэрүүлэх, цуглаанд явах, гэр бүлийн хичээл хийх нь сайн үр нөлөөтэй. Шаардлагатай үед хүүхдэдээ үгүй гэж хэлж байгаарай! Ехова, Адам Ева хоёрт хэм хэмжээ тогтоож өгсөн. Тэд Еховаг хүндэлж, эрх мэдлийг нь хүлээн зөвшөөрөх учиртай байв. Эцэг эхчүүд бас хүүхдэдээ хэм хэмжээ тогтоодог, үлгэр дуурайл болдог бол хүүхэд биеэ барьж сурна. Бурхныг хайрлан хүндэлж, хууль тушаалыг нь дуртайяа дагадаг болгох нь эцэг эхээс үр хүүхдэдээ өгч чадах хамгийн үнэтэй зүйл юм (Сургаалт үгс 1:5, 7, 8-ыг уншина).

18. Яагаад найз нөхдөө зөв сонгох хэрэгтэй вэ?

18 Та хүүхэдтэй ч бай, үгүй ч бай, найз нөхдөө сонгохдоо хэрсүү байгаарай. Зөв зорилго тавьж, аюулаас хол явахыг зөвлөдөг хүмүүстэй нөхөрлөөрэй (Сур. 13:20). Таны найзууд Бурхныг хайрладаг, өөрийгөө захирч чаддаг бол тэднийг дуурайх хүсэл танд төрөх биз ээ. Та биеэ зөв авч явдаг бол тэд ч таныг дуурайх нь дамжиггүй. Биеэ барьж сурсан хүн Бурхны сайшаалыг хүлээнэ, амьдрал нь аз жаргалаар дүүрэн байна, хайртай хүмүүсээ урамшуулан зоригжуулна.