Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2017 оны 9 сар 

«Бидний Бурханы үг мөнхөд тогтоно»

«Бидний Бурханы үг мөнхөд тогтоно»

«Өвс хатаж, цэцэг гандана. Харин бидний Бурханы үг мөнхөд тогтоно» (ИС. 40:8).

ДУУ: 43, 48

1, 2. а) Библи байхгүй байсан бол та ямар байх байсан бэ? б) Яавал Бурхны Үгнээс ач тус хүртэх вэ?

БИБЛИ байхгүй байсан бол та ямар байх байснаа төсөөл дөө. Өдөр тутмын амьдралд тустай зөвлөгөө авч чадахгүй. Бурхан болон ирээдүйн тухай, амьдралын утга учрын тухай юу ч мэдэхгүй. Эрт үед Ехова хүмүүсийн төлөө юу хийснийг ч мэдэхгүй байх байсан.

2 Бид ийм байдалд ороогүй нь хэчнээн сайхан хэрэг вэ! Ехова бидэнд өөрийн Үг Библийг өгсөн төдийгүй үүнд бичигдсэн бүхнийг мөнхөд тогтоохоо амласан. Элч Петр Исаиа 40:8-ыг эш татжээ. «Еховагийн үг» гэдгээр Библийг биш, харин Библид байгаа мэдээг хэлсэн гэж ойлгож болно (1 Петр 1:24, 25-ыг уншина). Библийг уншвал, ялангуяа хамгийн сайн ойлгодог хэлээрээ уншвал илүү их ач тус хүртэх нь мэдээжийн хэрэг. Бурхны Үгийг эрхэмлэн хайрладаг аль ч цаг үеийн хүн үүнийг ойлгодог. Судрыг орчуулж олны хүртээл болгох ажил маш их эсэргүүцэл хавчлагатай тулгарч байсан ч чин сэтгэлтэй хүмүүс олон зууны туршид энэ ажлыг цөхрөлтгүй хийжээ. Тэдний хүсэл Бурхны хүсэлтэй нийцдэг байсан. «Ямар ч хүнийг аврагдаасай, үнэний тухай зөв мэдлэгтэй  болоосой гэж Бурхан хүсдэг» (1 Тим. 2:3, 4).

3. Энэ өгүүллээр юуны тухай үзэх вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

3 Энэ өгүүллээр, 1) хэл хувьсан өөрчлөгдөхөд, 2) улс төрийн өөрчлөлт гарахад, 3) орчуулах ажилд эсэргүүцэл тулгарахад Бурхны Үг хэрхэн мөнхөд тогтсоныг авч үзнэ. Энэ тухай ярилцах нь бидэнд ямар ач тустай вэ? Бурхны Үгийг улам их үнэлж эрхэмлэдэг болно. Түүнчлэн Библийн Зохиогчийг улам бүр хайрладаг болно (Мика 4:2; Ром 15:4).

ХЭЛ ХУВЬСАН ӨӨРЧЛӨГДӨХӨД

4. а) Цаг үеэ дагаад хэл хэрхэн өөрчлөгддөг вэ? б) Бурхан аль нэг хэлийг нөгөөгөөс нь илүү гэж үздэггүйг батлах ямар баримт байдаг вэ? Танд ямар сэтгэгдэл төрж байна вэ?

4 Цаг үеэ дагаад хэл хувьсан өөрчлөгдөж байдаг. Үг хэллэгийн утга өмнөхөөсөө огт өөр болох нь бий. Таны эх хэл ч мөн өөрчлөгдсөн биз ээ. Библийн ихэнх номыг бичсэн еврей, грек хэл бас хувьсан өөрчлөгджээ. Орчин үеийн еврей, грек хэл эртнийхээсээ тэс ондоо болсон. Тиймээс ихэнх хүн, тэр байтугай орчин цагийн еврей, грек хэлтэй хүмүүс ч Бурхны Үгийг эртний хэлээр нь уншаад ойлгож чаддаггүй. Тийм учраас орчуулга зайлшгүй хэрэгтэй болдог. Зарим хүн эртний еврей, грек хэлийг сурчихвал эх Библийг ойлгож чадна гэж боддог. Гэвч бодсоноор нь болохгүй байж магадгүй. Эдүгээ Библийг бүтнээр нь болон хэсэгчлэн 3 000 гаруй хэлээр орчуулсан нь талархууштай явдал юм. Үүнийг бодож үзвэл «бүх үндэстэн, бүх овог, бүх хэлтэн, бүх ард түмэн» Үгийг нь уншаад ач тус хүртээсэй гэж Ехова хүсдэгийг мэдэж болно (Илчлэл 14:6-г уншина). Ингэж бодохлоор хэнийг ч алаг үздэггүй, хайр халамжтай Бурхантайгаа улам дотносох хүсэл төрж байгаа биз дээ? (Үйлс 10:34).

5. Жеймс хааны орчуулга юугаараа онцлог вэ?

5 Библийг орчуулсан хэлнүүд ч бас цаг үеэ дагаад өөрчлөгдсөн. Тухайн үедээ ойлгомжтой байсан Библийн орчуулга хожим нь ойлгоход амаргүй болсон байдаг. Библийн англи орчуулгын талаар одоо ярилцъя. Жеймс хааны орчуулга анх 1611 онд гарчээ. Энэ нь англи хэлээрх хамгийн алдартай Библи болсон төдийгүй англи хэлний үгийн санг баяжуулахад жинтэй хувь нэмэр оруулсан юм. Түүнээс гадна Бурхны нэрийг цөөн ч атугай бичсэнээрээ онцлог болжээ. Еврей Судрын эх бичигт байдаг Бурхны нэртэй зүйлүүдийг орчуулахдаа цөөн хэдэд нь «Ехова», ихэнхэд нь «ЭЗЭН» гэж том үсгээр бичсэн байна. Хожим нь дахин хэвлэхдээ Шинэ Гэрээ гэж нэрлэсэн Грек Судрын зарим зүйлд «ЭЗЭН» гэж том үсгээр бичжээ. Энэ нь Грек Сударт ч Бурхны нэр байх ёстой гэдгийг Жеймс хааны орчуулгыг гаргагчид хүлээн зөвшөөрсөн хэрэг юм.

6. «Шинэ ертөнц орчуулга» гарсанд бид яагаад талархдаг вэ?

6 Жеймс хааны орчуулгын олон үг хэллэг он цагийн уртад хуучирч хэрэглэгдэхээ больсон. Бусад хэлнээ орчуулсан эхэн үеийн Библийн орчуулгууд ч мөн ялгаагүй. Орчин цагийн хэлээр орчуулсан «Ариун Судрын Шинэ ертөнц орчуулга» гарсанд бид талархдаг. Энэ орчуулга  бүтнээрээ болон хэсэгчлэн 150 гаруй хэлээр гарсан. Тийм болохоор дэлхийн хүн амын ихэнх нь унших боломжтой. Үг хэллэг нь ойлгомжтой учраас Бурхны Үг бидний сэтгэлийг хөдөлгөдөг (Дуу. 119:97). Бурхны нэрийг байх ёстой газар нь тавьснаараа «Шинэ ертөнц орчуулга» онцгой юм.

ТҮГЭЭМЭЛ ХЭЛ

7, 8. а) МЭӨ 3-р зууны иудейчүүд Еврей Судрыг яагаад ойлгохоо больсон бэ? б) Грек «Септуагинт» гэж юу вэ?

7 Улс төрийн өөрчлөлт гарахад тухайн үеийн хэл өөрчлөгдөх нь бий. Ийм өөрчлөлтөөс болоод хүмүүс Бурхны Үгийг ойлгохоо больсон уу? Болиогүй. Ехова энэ талаар санаа тавьсныг эрт үед болсон явдлаас мэдэж болно. Библийн эхний 39 номыг израйлчууд буюу иудейчүүд бичсэн. Анх «Бурхан иудейчүүдэд мэдээ өгсөн юм» гэж Библид байдаг (Ром 3:1, 2). Иудейчүүд Бурхны мэдээг еврей, арамей хэлээр бичжээ. Гэвч МЭӨ 3-р зуун гэхэд тэд эх хэлээ мэдэхээ больсон байлаа. Яагаад тэр вэ? Грекийн эзэнт гүрний хаан их Александр дэлхийн олон орныг эзлэн авахад, захиргаанд нь орсон үндэстнүүд эх хэлээ мартаж грек хэлтнүүд болон хувирчээ (Дан. 8:5–7, 20, 21). Иудейчүүд ч грекээр ярьдаг болсон. Үүний улмаас ихэнх нь Еврей Судрыг ойлгохоо больжээ. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?

8 МЭӨ 3-р зууны дунд үе гэхэд еврей хэлээрх Библийн эхний таван номыг грекээр орчуулсан байлаа. Еврей Судрын үлдсэн хэсгийг МЭӨ 2-р зуунд орчуулж дуусгажээ. Энэ орчуулга грек «Септуагинт» гэдэг нэрээр олонд алдаршсан бөгөөд Еврей Судрын хамгийн анхны орчуулга болсон юм.

9. а) «Септуагинт» зэрэг эртний орчуулга гарсан нь ямар ач тустай байсан бэ? б) Та Еврей Судрын ямар зүйлийг унших дуртай вэ?

9 «Септуагинт» орчуулга гарснаар грек хэлтэй иудейчүүд болон бусад хүний өмнө Еврей Судрыг унших үүд хаалга нээгдсэн. Төрөлх хэлээрээ Бурхны Үгийг сонсох, унших боломжтой болсондоо тэд хэчнээн их баярласан бол оо! Яваандаа Библийн зарим номыг сири, гот, латин зэрэг бусад түгээмэл хэлнээ орчуулсан. Ариун судрыг эх хэлээрээ уншиж ойлгох боломжтой болохын хэрээр олон хүн унших дуртай Библийн зүйлтэй болсон нь эргэлзээгүй. Танд ч бас унших дуртай Библийн зүйл байдаг байх (Дуулал 119:162–165-ыг уншина). Улс төр, хэл аялгуу өөрчлөгдсөн ч Бурхны Үг мөнхөд тогтдог нь энэ ажээ.

ЭСЭРГҮҮЦЭЛ ХАВЧЛАГА

10. Жон Вийклифийн үед ихэнх хүн яагаад Библийг унших боломжгүй байсан бэ?

10 Нөлөө бүхий удирдагчид Библийг жирийн ард түмний гарт оруулахгүйг хичээж байсан түүх бий. Гэсэн ч чин сэтгэлтэй хүмүүс энэ эсэргүүцлийг сөрөн зогсдог байв. Тэдний нэг нь 14-р зуунд Англид амьдарч байсан Жон Вийклиф юм. Тэрээр Бурхны Үг олны хүртээл болох ёстой гэсэн үзлийг тууштай баримталжээ. Тухайн үед англи хүмүүсийн дийлэнх нь Библийг эх хэлээрээ уншиж, сонсож үзээгүй байв. Яагаад? Гараар хуулж бичдэг, өндөр үнэтэй учраас хүн бүр худалдан авч дийлэхгүй.  Бас ихэнх хүн бичиг үсэггүй байжээ. Сүмд очоод Библиэс уншихыг сонсдог байсан байж болох л доо. Гэхдээ эртний латин хэлээр орчуулсан Библийг жирийн хүмүүс ойлгодог байсан нь юу л бол. Яагаад гэвэл дундад зууны үед латин хэл хэдийнээ мөхсөн байв. Жирийн ард түмэнд Библийг эх хэлээр нь ойлгуулахын тулд Ехова юу хийсэн бэ? (Сур. 2:1–5).

Жон Вийклиф болон бусад хүн Бурхны Үгийг олны хүртээл болгохыг хүссэн. Та бас ийм хүсэлтэй юү? (11-р догол мөрийг үзээрэй)

11. Вийклифийн Библи ямар нөлөөтэй байсан бэ?

11 1382 онд Вийклиф хэдэн нөхөдтэйгөө нийлж Библийг англи хэлээр орчуулжээ. Вийклифийн Библи гэгддэг энэ орчуулга дагалдагчдынх нь дунд нэр алдартай болсон. Лоолардчууд гэж алдаршсан тэр номлогчид энгийн ардын оюун ухаан, зүрх сэтгэлд Бурхны Үгийг шингээхийг хүсдэг байжээ. Энэ хүсэлдээ хөтлөгдөн Английн хот тосгодоор явган аялж, уулзсан хүн бүрдээ Вийклифийн Библиэс уншиж өгөөд зогсохгүй гараар хуулан бичсэн зарим хэсгийг өгдөг байв. Тэдний хичээл зүтгэлийн үрээр хүмүүс Бурхны Үгийг сонирхох болжээ.

12. Сүм хийдийн санваартнууд юу хийсэн бэ?

12 Сүм хийдийн санваартнууд Вийклифийг, орчуулсан Библийг нь, дагалдагчдыг нь үзэн ядаж, жигшин зэвүүцдэг байв. Тийм учраас лоолардчуудыг хяхаж хавчин, Вийклифийн Библийг хайж олоод устгадаг байлаа. Санваартнууд Вийклифийг нас барсных нь дараа тэрс үзэлтэн хэмээн зарлан тунхагласан. Үхсэн хүнийг шийтгэх боломжгүй нь мэдээжийн хэрэг. Гэтэл түүний ясыг ухаж гарган шатаагаад үнсийг нь Свифт гол руу цацжээ. Гэлээ ч тэд Бурхны Үгийг уншиж ойлгох гэсэн хүмүүсийн оргилуун хүслийг хорьж дийлээгүй юм. Түүнээс хойш Европ тив болон дэлхийн бусад улс оронд жирийн ард иргэдийн төлөө Библийг орчуулж, түгээх ажил эхэлжээ.

«БИ ЧАМД ТУСТАЙГ СУРГАДАГ»

13. Бид юунд итгэлтэй байдаг вэ? Итгэл маань яагаад улам батжиж байна вэ?

13 Бурхан агуу хүчээрээ Библийг бичүүлсэн билээ. Тэгвэл «Септуагинт»,  Вийклифийн Библи, Жеймс хааны орчуулга гээд Библи орчуулах ажлыг агуу хүчээрээ удирдсан уу? Үгүй. Гэхдээ эдгээр болон бусад олон орчуулгын түүхийг судалж үзвэл нэг зүйл тодорхой харагддаг. «Бурханы Үг мөнхөд тогтоно» гэсэн амлалт үнэн ажээ. Үүнийг бодохлоор Еховагийн бусад бүх амлалт биелнэ гэдэгт улам бүр итгэдэг (Иош. 23:14).

14. Библи цаг хугацааны шалгуурыг хэрхэн давсныг судлах нь ямар ач тустай вэ?

14 Библи цаг хугацааны шалгуурыг хэрхэн давж ирснийг судлахаар итгэл батжаад зогсохгүй Еховаг улам бүр хайрладаг. * Ехова бидэнд яагаад Үгээ өгсөн бэ? Ямар учраас Үгээ хамгаална гэж амласан бэ? Бидэнд хайртай бөгөөд ач тустай зүйлийг зааж сургахыг хүсдэг учраас тэр шүү дээ (Исаиа 48:17, 18-ыг уншина). Еховагийн хайрыг хайраар хариулж, хууль тушаалыг нь дуулгавартай дагах нь бидний хийх ёстой зүйл юм (1 Ёох. 4:19; 5:3).

15. Дараагийн өгүүллээс ямар асуултын хариуг мэдэж авах вэ?

15 Бид Бурхны Үгийг үнэн сэтгэлээсээ эрхэмлэн хайрладаг. Тэгвэл Библийг уншаад ач тусыг нь хүртэхийн тулд яах хэрэгтэй вэ? Дэлгэрүүлж явахдаа хүмүүсийн анхаарлыг Библид хэрхэн хандуулах вэ? Илтгэл тавихдаа Бурхны Үгэнд үндэслэн хэрхэн заах вэ? Дараагийн өгүүллээс эдгээр асуултын хариуг мэдэж авъя.

^ д/м 14 «Таныг урьж байна» гэсэн хавсралтыг үзнэ үү.