Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2017 оны 8 сар 

Та тэвчээртэй хүлээх үү?

Та тэвчээртэй хүлээх үү?

«Та нар ч тэвчээртэй ... бай» (ЯАК. 5:8).

ДУУ: 35, 7

1, 2. а) Бид юунаас болоод «Хэдий болтол?» гэж асууж мэдэх вэ? б) Ийм асуулт төрвөл яагаад санаа зовох хэрэггүй вэ?

«ХИР удах вэ? Хэдий болтол?». Үнэнч зөнч Исаиа Хабаккук нар ингэж асуужээ (Ис. 6:11; Хаб. 1:2). Бас Давид хаан 13-р дуулалдаа «Хэдий болтол юм бэ?» гэсэн асуултыг дөрвөн удаа бичсэн байдаг (Дуу. 13:1, 2). Дэргэдэх хүмүүсийнх нь итгэл дутмаг байгааг Есүс Христ мэдээд бас ингэж асуусан (Мат. 17:17). Тийм болохоор бидэнд ч иймэрхүү асуулт төрж болох юм.

2 Юунаас болоод ингэж асуудаг вэ? Шударга бус явдал тохиолдсон байж магадгүй. Эсвэл өндөр нас, өвчин эмгэг, өнөөгийн «илүү хэцүү цагт» амьдарч байгаагаас ч болж мэднэ (2 Тим. 3:1). Эргэн тойронд байгаа буруу үзэл бодолтой хүмүүс тэвчээрийг маань барж болох юм. Ямар ч шалтгаантай байсан, ийм асуулт төрөхөд санаа зовох хэрэггүй. Еховагийн эртний үнэнч үйлчлэгчид ингэж асуулаа гээд зэмлэл хүртээгүй.

3. Хэцүү асуудал тулгарвал яах нь зүйтэй вэ?

3 Хэцүү асуудал тулгарвал яах нь зүйтэй вэ? Есүсийн дүү Яаков: «Тиймээс ах дүү нар аа, Эзнийг иртэл тэвчээртэй бай» гэж бичжээ (Яак. 5:7). Тэгэхээр бид бүгдээрээ  тэвчээртэй байх хэрэгтэй. Тэвчээр гэж юу вэ? Тэвчээртэй хүн ямар байдаг вэ?

ТЭВЧЭЭР ГЭЖ ЮУ ВЭ?

4, 5. а) Тэвчээртэй хүн ямар байдаг вэ? б) Тэвчээртэй хүний нэг онцлогийг шавь Яаков ямар жишээгээр тайлбарласан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

4 Тэвчээр бол Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанар гэж Библид бичжээ. Энэ нь Бурхны бэлэг юм. Бурхан л туслахгүй бол туйлын хүнд нөхцөлийг төгс бус хүн тэвчинэ гэдэг амаргүй. Хэрвээ бид тэвчээртэй байвал Бурханд болон бусдад хайртайгаа баталж байна гэсэн үг. Тэвчээргүй загнавал хайр хөрнө. Харин тэвчээртэй байвал хайраар бат бөх гагнагдана (1 Кор. 13:4; Гал. 5:22). Тэвчээртэй хүн олон сайхан зан чанартай. Жишээлбэл ямар ч үед зөв бодолтой, өөдрөг сэтгэлтэй байж, зовлон бэрхшээлийг хүлцэн тэсвэрлэж чаддаг (Кол. 1:11; Яак. 1:3, 4). Бас юу ч болж байсан Еховад тууштай үйлчилдэг. Бусад хүн яаж ч зовоосон эсэргүүцдэггүй. Түүнээс гадна тэвчихээс өөр аргагүй бол тэвчээртэй хүлээх ёстой гэж Библид бичсэн байдаг. Тэвчээртэй хүний энэ онцлогийг Яаков 5:7, 8-д тодорхой бичжээ (Уншина).

5 Еховагийн юу хийхийг хүлээх хэрэг гарвал бид тэвчээртэй хүлээх ёстой. Яагаад? Яаков биднийг тариачинтай зүйрлэжээ. Тариачин нөр их хөдөлмөрлөж тариа будаа тарьдаг ч тэнгэрийн байдлыг хүссэнээрээ зохицуулж чаддаггүй. Цаг хугацааг ч хурдлуулж чадахгүй. «Газраас үнэт үр жимс хураахын тулд» тэвчээртэй хүлээдэг. Бид Еховагийн амлалт биелэх цагийг хүлээж байна. Хүссэнээрээ зохицуулж чадахгүй зүйл бидэнд ч олон бий (Марк 13:32, 33; Үйлс 1:7). Тийм учраас тариачин шиг тэвчээртэй хүлээх шаардлагатай.

6. Зөнч Микагаас юу сурч болох вэ?

6 Өнөөгийн байдал зөнч Микагийн үеийнхтэй төстэй. Мика хорон муу хаан Ахазын үед, завхран гажуудсан нийгэмд амьдарч байжээ. Ардууд муу юм хийхдээ гаргууд болсныг тэрээр бичжээ (Мика 7:1–3-ыг уншина). Энэ байдлыг өөрчилж чадахгүйгээ ойлгож байлаа. Тэгвэл юу хийж чадах байсан бэ? «Миний хувьд, би ЭЗЭНийг хүлээн харуулдах болно. Би авралынхаа Бурханыг хүлээнэ. Миний Бурхан намайг сонсох болно» гэжээ (Мика 7:7). Бид бас Мика шиг хүлээх учиртай.

7. Бид Еховаг яаж хүлээх ёстой вэ?

7 Хэрэв бид бат итгэлтэй Мика шиг бол Еховаг тэвчээртэй хүлээнэ. Бид алах ял авсан гэмт хэрэгтэнтэй огт адилгүй. Тийм хоригдол цаазлагдах өдрөө хүлээдэг ч тэр өдөр хурдан болоосой гэж яарахгүй нь мэдээж. Бид бол тэс ондоо! Еховаг дуртайяа хүлээдэг. Яагаад гэвэл Ехова мөнхийн амь өгнө гэсэн амлалтаа цаг нь болохоор, хамгийн тохиромжтой үед биелүүлнэ гэдгийг бид мэддэг. Тийм учраас «бүхнийг баяр хөөртэйгөөр тэвчиж тэсвэрлэдэг» (Кол. 1:11, 12). Харин хүлээх зуураа Ехова удаад байна гэж гомдоллохоос болгоомжлох нь зүйтэй. Тийм хүн Еховад таалагдахгүй (Кол. 3:12).

ТЭВЧЭЭРТЭЙ БАЙХЫН ЖИШЭЭ

8. Эртний үнэнч үйлчлэгчдийн жишээг эргэцүүлэн бодохдоо юуг санах хэрэгтэй вэ?

8 Еховаг амлалтаа биелүүлнэ гэж  тэвчээртэй хүлээсэн эртний үнэнч үйлчлэгчдийг санавал бид ч гэсэн тэвчээртэй хүлээнэ (Ром 15:4). Тэдний жишээг эргэцүүлэн бодохдоо дараах зүйлийг санаарай. Хэр удаан хүлээсэн бэ? Яагаад тэвчээртэй хүлээсэн бэ? Тэвчээртэй байсан тэднийг Ехова хэрхэн ивээсэн бэ?

Абрахам олон жил хүлээсний эцэст ач хүү Есав Иаков нараа үзсэн (9, 10-р догол мөрийг үзээрэй)

9, 10. Үр удмыг нь олон болгоно гэсэн Еховагийн амлалт биелэхийг Абрахам Сара хоёр хэр удаан хүлээсэн бэ?

9 Абрахам Сара хоёрын жишээг бодъё. Тэд «итгэл, тэвчээрийн ачаар амласныг хүлээж авдаг хүмүүсийн» тоонд ордог. «Абрахам тэвчээртэй байсан учир» Ехова үр удмыг нь олон болгохоо амласан гэж Сударт өгүүлдэг (Евр. 6:12, 15). Тодорхой хугацаа өнгөрсний дараа л Бурхны амлалт биелэх учиртай байсан тул Абрахам тэвчээртэй хүлээх шаардлагатай болжээ. Абрахамтай байгуулсан Еховагийн гэрээ МЭӨ 1943 оны нисан сарын 14-нд хүчин төгөлдөр болсон. Тэр өдөр Абрахам Сара хоёр зарц шивэгчидтэйгээ хамт Евфрат мөрнийг гаталж Амласан газар луу орсон юм. Гэвч хүүтэй болтлоо 25 жил хүлээжээ. Исаакийг МЭӨ 1918 онд төрснөөс хойш 60 жил хүлээсний эцэст Абрахам ач нараа үзсэн. Ач хүү Есав Иаков нар нь МЭӨ 1858 онд төрсөн билээ (Евр. 11:9).

10 Абрахам хэр их газар нутгийг өвлөж авсан бэ? «[Ехова түүнд] энэ нутгаас алхам ч газар өгөөгүй. Гэхдээ өөрт нь болон үр удамд нь энэ газрыг өвлүүлэхээ амласан. Харин тэр үед Абрахам хүүхэдгүй байв» гэж Библид бичжээ (Үйлс 7:5). Абрахамыг  Евфрат мөрнийг гаталснаас хойш 430 жилийн дараа л үр удам нь бүхэл бүтэн үндэстэн болж Амласан газрыг өмчилж авсан (Ег. 12:40–42; Гал. 3:17).

11. Абрахам Еховаг яагаад тэвчээртэй хүлээсэн бэ? Тэвчсэнийхээ ачаар ямар ивээл хүртэх вэ?

11 Абрахам Еховад итгэдэг байсан учраас тэвчээртэй хүлээсэн (Еврей 11:8–12-ыг уншина). Бурхны амлалт бүрэн биелэхийг амьд ахуйдаа үзээгүй ч баяртайгаар хүлээж байжээ. Абрахамыг диваажинд амилаад бөөн баяр хөөр болж байгаагаар төсөөлөөд үз дээ! Өөрийнх нь болон үр удмынх нь түүх намтрыг Библийн олон номонд бичиж тэмдэглэснийг үзээд яасан их гайхах бол! * Амласан үрийн талаарх Еховагийн санаа зорилго биелэхэд маш чухал үүрэг гүйцэтгэснээ мэдээд сэтгэл нь хөдлөх байх. Абрахам тийм удаан хүлээсэндээ огтхон ч харамсахгүй.

12, 13. Иосеф юуг тэвчих ёстой болсон бэ? Ямар зөв үзэлтэй байсан бэ?

12 Абрахамын жич хүү Иосеф ч бас тэвчээртэй хүлээсэн. Тэрээр шударга бус явдлын хохирогч болж байсан билээ. Эхлээд ах нар нь түүнийг 17-той байхад боол болгон худалдсан. Дараа нь Иосеф эзнийхээ эхнэрийг хүчиндэхийг завдсан гэж гүтгүүлэн шоронд орсон (Эх. 39:11–20; Дуу. 105:17, 18). Бурханд үнэнч байсан тэрээр ивээл хүртэх ёстой байтал шийтгүүлжээ гэж бодогдмоор. Гэвч 13 жилийн дараа бүх юм нүд ирмэх зуур өөрчлөгдөх нь тэр! Иосеф шоронгоос суллагдаад зогсоогүй Египетэд фараоны дараа орох хүн болж дэвшжээ (Эх. 41:14, 37–43; Үйлс 7:9, 10).

13 Шударга бус явдлаас болоод Иосеф өш санасан уу? Ехова Бурхандаа итгэхээ больсон уу? Үгүй. Иосеф яагаад тэвчээртэй хүлээсэн бэ? Еховад итгэдэг байжээ. Ехова бүхнийг мэдэж, удирдаж байгааг ойлгосон. Энэ нь ах дүүдээ хэлсэн үгнээс нь харагддаг. Тэрээр: «Битгий айцгаа. Би яахин Бурханыг орлох билээ? Та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан өнөөдрийнх шиг үй олон хүний амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн» гэсэн (Эх. 50:19, 20). Хүлээсэн нь сайн байсныг Иосеф ойлгосон ажээ.

14, 15. а) Давид юуг тэвчээртэй хүлээсэн бэ? б) Давид ямар учраас тэвчээртэй хүлээсэн бэ?

14 Давид хаан бас шударга бус явдлын золиос болж байсан. Хүүхэд ахуйд нь Ехова түүнийг Израйлын ирээдүйн хаан болгон тосолжээ. Гэлээ ч Давид өөрийн овгийн хаан болохын тулд 15 жил хүлээх шаардлагатай болсон (2 Сам. 2:3, 4). Тэгтэл үнэнч бус хаан Саул амийг нь хөнөөхөөр араас нь мөшгөж байлаа. * Үүний улмаас Давид харийн нутагт ч орогнож, цөлийн агуйд ч нуугдаж явжээ. Хожим нь Саул дайнд амь үрэгдсэн ч Давид 7 жил хүлээсний эцэст бүх Израйлын хаанаар өргөмжлөгдсөн (2 Сам. 5:4, 5).

 15 Давид яагаад тэвчээртэй хүлээсэн бэ? Энэ асуултын хариу түүний зохиосон дуунд бий. «Хэдий болтол юм бэ?» гэсэн асуулт 4 удаа гардаг уг дуунд «Би Таны хайр энэрэлд итгэсэн. Миний зүрх Таны авралд баясах болно. Би ЭЗЭНд дуулна, учир нь Тэр надад өгөөмөр хандсан юм» гэсэн байдаг (Дуу. 13:5, 6). Ехова өөрт нь хайртай, хэзээд үнэнч гэдэгт Давид итгэдэг байв. Ехова яаж тусалж байсныг бодоод аврагдах цагаа баяр хөөртэй хүлээдэг байжээ. Хүлээсний эцэст ивээл хүртэнэ гэдгээ мэддэг байсан.

Ехова өөрөө тэвчээртэй хүлээдэггүй байсан бол биднийг тэвчээртэй хүлээ гэхгүй шүү дээ

16, 17. Ехова Есүс хоёр тэвчээртэй хүлээх талаар ямар гайхалтай жишээ үзүүлдэг вэ?

16 Ехова өөрөө тэвчээртэй хүлээдэггүй байсан бол биднийг тэвчээртэй хүлээ гэхгүй шүү дээ. Тэвчээртэй байхын хамгийн агуу жишээг Ехова үзүүлсэн (2 Петр 3:9-ийг уншина). Сатан хэдэн мянган жилийн өмнө Еден цэцэрлэгт маргаантай асуудал дэгдээж Еховаг шударга бус хэмээн гүтгэсэн. Энэ маргаантай асуудал шийдэгдэж, нэр нь төгс ариусгагдах цагийг Ехова тэвчээртэй хүлээж байна. Тэр цаг болоход «Түүнийг хүлээгчид» төсөөлж байгаагүй их ивээл хүртэнэ (Ис. 30:18).

17 Есүс ч тэвчээртэй хүлээж байна. Дэлхий дээр байхдаа сорилтыг давж Бурханд үнэнчээ батлан МЭ 33 онд амиа өгчээ. Тэрээр тэнгэрт очоод золиосын үнэ цэнг Еховад өргөн барьсан. Гэхдээ хаан ширээнд залрах цагаа 1914 он хүртэл хүлээсэн (Үйлс 2:33–35; Евр. 10:12, 13). Одоо хаан болчихоод захирч байгаа ч дайснуудаа Мянган жилийн засаглалынхаа эцэст л бүрмөсөн устгана (1 Кор. 15:25). Ийм удаан хүлээх ёстой ч заавал сайн үр дүнд хүрнэ.

ТЭВЧЭЭРТЭЙ ХҮЛЭЭХИЙН ТУЛД

18, 19. Тэвчээртэй хүлээхийн тулд яах нь зүйтэй вэ?

18 Тийм учраас бид дор бүрнээ тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Ингэхийн тулд яах нь зүйтэй вэ? Агуу хүчийг нь Бурхнаас гуйж залбираарай. Яагаад гэвэл энэ хүчний нөлөөгөөр бий болдог зан чанарын нэг нь тэвчээр юм (Эф. 3:16; 6:18; 1 Тес. 5:17–19). Хүлээцтэй, тэвчээртэй байхад туслахыг гуйвал Ехова туслах нь дамжиггүй.

19 Түүнчлэн Абрахам Иосеф Давид нарыг санаарай. Тэд Еховад итгэж найддаг байсан учраас амлалт нь биелэх цагийг тэвчээртэй хүлээсэн. Тэдний хэн нь ч өөрийнхөө эрх ашиг, хүсэл сонирхлыг голлон анхаарч байгаагүй. Ямар ивээл хүртсэнийг бодож үзвэл тэвчээртэй хүлээх нь сайн гэдгийг бид ойлгоно.

20. Та яахаар шийдсэн бэ?

20 Бэрхшээл тохиолдсон ч тэвчээртэй, хүлээцтэй байхаар шийдэцгээе. Заримдаа бид: «ЭЗЭН, хэдий болтол юм бэ?» гэж асууж магадгүй. Гэхдээ Бурхан агуу хүчээрээ туслах учраас зөнч Иеремиаг дуурайн «ЭЗЭН бидний хувь ... Би Түүнд найддаг» гэж хэлнэ (Гаш. 3:21, 24).

^ д/м 11 «Эхлэл» номны 15 бүлэгт Абрахамын тухай гардаг. Бас Грек Сударт Абрахамын талаар 70 гаруй удаа дурджээ.

^ д/м 14 Саулыг хаан ширээнд суугаад 2 жил болсны дараа Ехова түүнийг хаан байх зохисгүй гэж үзжээ. Гэвч түүнээс хойш 38 жил буюу нас бартал нь эрх мэдэлтэй хэвээр байлгасан (1 Сам. 13:1; Үйлс 13:21).