Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2017 оны 8 сар 

Хайр—Нандин эрдэнэ

Хайр—Нандин эрдэнэ

ЭЛЧ Паул Еховагийн агуу хүчний нөлөөгөөр илэрдэг 9 зан чанарыг тоочсон байдаг (Гал. 5:22, 23). Тэрээр гайхалтай сайхан эдгээр зан чанарыг бүгдийг нь нийлүүлээд «үр жимс» хэмээжээ. * «Шинэ хүнийг өмссөн» хүнээс эдгээр зан чанар илэрдэг (Кол. 3:10). Модыг зөв арчилбал үр жимс өгдөг шиг бид Бурхны агуу хүчийг өөртөө саадгүй нэвтрүүлбэл «үр жимс» ургуулах буюу ийм сайхан зан чанартай болно (Дуу. 1:1–3).

Паулын тоочин бичсэн зан чанаруудын эхэнд хайр байдаг. Энэ нь хэр чухал бэ? Хайрлах сэтгэлгүй бол «юу ч биш» гэж Паул хэлжээ (1 Кор. 13:2). Тэгвэл хайр гэж чухам юү вэ? Хайрлаж сурахын тулд яах хэрэгтэй вэ? Хайрладгаа өдөр тутмын амьдрал дээр хэрхэн харуулах вэ?

ХАЙР ГЭЖ ЧУХАМ ЮУ ВЭ?

Хайр гэж чухам юу болохыг тайлбарлах амаргүй ч бусдыг хайрладаг хүн ямар байдгийг Библид бичжээ. Жишээлбэл тийм хүн «тэвчээртэй, сайхан сэтгэлтэй» байдаг. «Үнэнд баярладаг», «бүх юманд тэвчээртэй ханддаг, бүх юманд итгэдэг, бүх юманд найддаг, хэзээ ч бууж өгдөггүй». Бас бусадтай дотносон элгэмсдэг, чин зүрхнээсээ санаа тавьдаг, сайн найз нь болдог. Хайрладаггүй хүн атаархуу, бардам, биеэ зохисгүй авч явдаг, аминч, ууртай, уучлах дургүй байдаг. Ийм өөдгүй зан гаргахыг хэн маань ч хүсэхгүй. Харин амин хувиа бодолгүй, бусдыг жинхэнэ ёсоор хайрлахыг хүсдэг (1 Кор. 13:4–8).

ЕХОВА ЕСҮС ХОЁР АГУУ ЖИШЭЭ ҮЗҮҮЛСЭН

«Бурхан бол хайр» (1 Ёох. 4:8). Еховагийн ажил үйлс бүхнээс хайр нь харагддаг. Хүн төрөлхтний төлөө Хүүгийнхээ амийг золиосолж хайрын хамгийн агуу үйлс бүтээжээ. Элч Ёохан: «Бурхан биднийг мөнх амьдруулах гэж цорын ганц Хүүгээ дэлхий рүү илгээж нүгэлт биднийг хайрладгаа батлан харуулсан. Бид Бурхныг хайрласан бус, Бурхан биднийг хайрласан учраас нүглийг уучилж, бидэнтэй эвлэрэхийн тулд Хүүгээ тахил болгохоор илгээсэн» хэмээн бичжээ (1 Ёох. 4:9, 10). Бурхан бидэнд ийм их хайртай учраас нүгэлт хүн төрөлхтөн өршөөл энэрэл хүртэн, сайхан ирээдүйг үзэж, мөнх амьдрах боломжтой.

Есүс хүн төрөлхтөнд хайртайгаа баталж Бурхны хий гэсэн бүхнийг дуртайяа хийсэн билээ. «[Есүс:] “Таны таалалд нийцүүлэхээр би ирлээ” хэмээжээ. ... “Таалалд” нь нийцүүлэн Есүс Христ биеэ нэг удаа өргөл болгосны ачаар бид ариуссан» гэж Паул бичжээ (Евр. 10:9, 10). Түүнээс илүү агуугаар хайрлаж чадах хүн нэг ч байхгүй. Есүс: «Нөхдийнхөө төлөө амиа өгөхөөс илүү агуу хайр байхгүй» гэсэн (Ёох. 15:13). Төгс бус бид Ехова Есүс хоёр шиг хайрлаж чадах болов уу? Чадалгүй яах вэ! Яаж?

 «ХАЙРАНД ХӨТЛӨГДӨЖ ЯВААРАЙ»

Паул: «Хайрт хүүхдүүдийнх нь хувьд та нар Бурхныг дуурайж яваарай. Бас Христ биднийг хайрласан бөгөөд бидний төлөө өөрийгөө ... өргөсний адилаар хайранд хөтлөгдөж яваарай» хэмээн уриалжээ (Эф. 5:1, 2). Хаана ч, хэзээ ч бусдыг хайрлаж явдаг бол «хайранд хөтлөгдөж» байна гэсэн үг. Зөвхөн хайртай гэж хэлэх биш, үйл хэргээр харуулах нь илүү чухал. Ёохан: «Хүүхдүүд ээ, ах дүүгээ хайрладаг гэж яриад байх биш, үнэхээр хайрладгаа үйл хэргээрээ харуул» гэж бичжээ (1 Ёох. 3:18). Жишээ нь бид Бурхныг болон хөршийгөө гэсэн хайранд хөтлөгдөж явдаг бол «Хаант төрийн тухай ... сайн мэдээг» дэлгэрүүлнэ (Мат. 24:14; Лук 10:27). Бас тэвчээртэй, сайхан сэтгэлтэй, уучлах дуртай байна. Библид «Ехова та нарыг дуртайяа уучилсны адил та нар бас дуртайяа уучлах учиртай» гэж байдаг (Кол. 3:13).

Гэхдээ жинхэнэ хайрыг сэтгэл хөдлөлтэй андуурч болохгүй. Жишээлбэл уйлж буй хүүхдээ тайвшруулах гээд хүссэн болгоныг нь авч өгч саатуулдаг эцэг эх бий. Харин хүүхдээ жинхэнэ ёсоор хайрладаг хүн шаардлагатай үед хатуу чанга байдаг. Үүнтэй адилхан, Бурхан бол хайр гэдэг боловч «хайрладаг хүнээ сахилгажуулдаг» (Евр. 12:6). Хэрэв бид хайранд хөтлөгдөж явдаг бол шаардлагатай үед хүүхдээ зөв зохистой сахилгажуулна (Сур. 3:11, 12). Үүний зэрэгцээ өөрсдөө нүгэлтэйгээ, зөв хайрлаж чаддаггүйгээ санах ёстой. Тэгэхээр зөв хайрлаж сурахын тулд зарим нэг дутагдлаа засах хэрэгтэй гэсэн үг. Гурван аргыг авч үзье.

ЗӨВ ХАЙРЛАЖ СУРАХЫН ТУЛД

Нэгдүгээрт, агуу хүчийг нь Бурхнаас гуйгаарай. Яагаад гэвэл хайр энэ хүчний нөлөөгөөр бий болдог. Ехова «өөрөөс нь гуйдаг хүнд агуу хүчээ өгнө» гэж Есүс хэлсэн (Лук 11:13). Агуу хүчийг нь гуйж залбираад энэ хүчээр «үргэлж удирдуулахыг» хэдийчинээ их хичээнэ, ямарваа нэгэн зүйлийг төдийчинээ хайрын сэтгэлээр хийдэг болно (Гал. 5:16). Хэрвээ та ахлагч бол Библид үндэслэсэн зөвлөгөөг хайрын сэтгэлээр өгөхийн тулд Бурхнаас агуу хүчийг нь гуйгаарай. Хэрэв та хүүхэдтэй бол уураар биш, хайраар сахилгажуулахын тулд Бурхнаас агуу хүчийг нь аваарай.

Хоёрдугаарт, уур хүрмээр үед ч Есүс хэрхэн хайрлаж байсныг эргэцүүлж бодоорой (1 Петр 2:21, 23). Ялангуяа бусад хүн таныг гомдоосон эсвэл шударга бус хандсан бол Христийн жишээг бодох хэрэгтэй. «Есүс яах байсан бол?» гэж өөрөөсөө асуух нь сайн. Энэ асуулт Лий гэдэг Гэрч эмэгтэйд тустай байжээ. Тэрээр: «Хамт ажилладаг нэг эмэгтэй намайг муулж, хийсэн ажлыг минь шүүмжилж бичээд хүмүүс рүү цахим шуудангаар явуулчихаж. Ямар их гомдсон гэж санана! Гэхдээ би “Есүст ийм асуудал тулгарсан бол яах байсан бол?” гэж бодлоо. Тэгээд энэ асуудлыг тоохгүй өнгөрөөхөөр шийдсэн. Сүүлд сонсоход, тэр эмэгтэй хүнд өвчтэй, түүнээсээ болоод их бухимдаж явдаг байсан юм билээ. Миний тухай тэгж бичье гэж бодоо ч үгүй байх гэсэн бодол төрсөн. Уур хүрмээр үед ч Есүс яаж хайрласныг эргэцүүлэн бодсоны хүчинд би тэр эмэгтэйд өршөөнгүй хандсан» гэжээ. Есүсийг дуурайвал бүхнийг хайрандаа хөтлөгдөн хийж сурдгийн нэг жишээ энэ юм.

Гуравдугаарт, бусдын сайн сайхны төлөө өөрийнхөө эрх ашгийг хойш нь тавьж сураарай. Энэ бол Христийн жинхэнэ дагалдагч хүний шинж юм (Ёох. 13:34, 35). Есүс өөрөө яг ингэж хайрлаж бидэнд төгс жишээ үзүүлсэн билээ. Юу хийсэн бэ? Бидний төлөө тэнгэрт «байсан бүхнээ орхисон». Тэр байтугай амиа өгсөн (Флп. 2:5–8). Хувиа бодолгүй бусдыг хайрладаг Есүсийг дуурайх тусам оюун бодол, сэтгэл санаа маань Есүсийнхтэй адилхан болж бусдын эрх ашгийг  өөрийнхөөсөө дээгүүр тавьдаг болно. Өөр ямар ач тустай вэ?

ХАЙРЛАХЫН АЧ ТУС

Хайрлахын ач тус их ээ. Хоёр жишээ үзье.

Хайрлах нь ямар ач тустай вэ?

  • ОЛОН УЛСЫН АХАН ДҮҮГИЙН БАРИЛДЛАГА: Дэлхийн хаана ч очсон, итгэл нэгтнүүд маань халуун дотноор угтан авна гэдгийг бид мэддэг. Учир нь бид бие биедээ хайртай. «Дэлхий даяарх итгэл нэгт ах дүү тань» таныг хайрладаг гэхээр сайхан байгаа биз дээ? (1 Петр 5:9). Ийм хайрыг зөвхөн Бурхны ард түмний дундаас олж болно.

  • ЭВ НЭГДЭЛ: «Бие биеэ хайрлан уужуу ухаантай байвал» «эв нэгдэлтэй явна» (Эф. 4:2, 3). Бид ийм эв нэгдэлтэй байдгаа юуны түрүүнд цуглаан, чуулганд очоод мэдэрдэг. Өнөөгийн тархай бутархай ертөнцөд эв нэгдэлтэй байна гэдэг жинхэнэ гайхамшиг биш гэж үү? (Дуу. 119:165; Ис. 54:13). Бусадтай эвтэй байхыг хичээдэг бол чин сэтгэлээсээ хайрладгийн шинж юм. Тэнгэрийн Эцэг маань үүнийг хараад баярладаг (Дуу. 133:1–3; Мат. 5:9).

«ХАЙР БОЛ ЭВ НЭГДЛИЙН ТӨГС ХОЛБООС ЮМ»

«Хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм» гэж Паул бичжээ (Кол. 3:14). Эв нэгдлийг бататгахад хайр ямар үүрэгтэй вэ? Паул энэ асуултын хариуг Коринтынхонд бичсэн эхний захидлынхаа 13-р бүлэгт бичжээ. Энэ бүлгийг «Хайрын тухай дуулал» гэх нь ч бий. Хайрладаг хүн бусдын эрх ашгийг боддог (1 Кор. 10:24; 13:5). Бусдад халамж анхаарал тавьж, хүлээцтэй байж, сайхан сэтгэлээр ханддаг учраас элэгсэг дотно харьцаатай гэр бүл, эв нэгдэлтэй хурлыг бий болгодог.

Бурхныг гэсэн хайр маань хамгийн нандин, хамгийн чухал нь билээ. Яагаад гэвэл ийм хайр гарал үүсэл, яс үндэс, хэл аялгуугаар ялгаатай хүмүүсийг нэгтгэдэг. Тийм учраас тэд Ехова Бурхандаа «мөр зэрэгцэн» баяр хөөртэй үйлчилдэг (Зеф. 3:9). Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог нандин эрдэнэтэй зүйрлэм хайрыг өдөр бүр үйл хэргээрээ харуулж явцгаая.

^ д/м 2 «Үр жимсний» онцлог буюу 9 зан чанарыг нэг нэгээр нь авч үзэх цуврал өгүүллийн эхнийх нь энэ юм.