ТАХИЛ өргөх нь жинхэнэ шүтлэгийн чухал хэсэг байсаар ирсэн. Израйлчууд амьтнаар тахил өргөдөг байжээ. Харин Христийн дагалдагчид «магтаалын тахил» өргөдгөөрөө алдартай. Мөн Бурхныг баярлуулдаг өөр тахилууд байдаг (Евр. 13:15, 16). Аль ч тахилыг өргөсөн ивээл хүртэж, баяр баясгалантай болдгийг дараах жишээнүүд харуулдаг.

Эртний үнэнч үйлчлэгч Ханна хүүтэй болохыг маш их хүсдэг ч хүүсэр эмэгтэй байлаа. Тэрээр Еховад залбирч, хүүхэдтэй болбол «тэр хөвгүүнийг амьдралынх нь бүх өдрийн туршид ЭЗЭНд өгөхөө» амласан (1 Сам. 1:10, 11). Удалгүй Ханна жирэмслэн, хүү төрүүлж Самуел хэмээн нэрлэв. Хүүг хөхнөөс гарсны дараа Ханна амласнаараа түүнийг мөргөлийн асарт аваачиж өгчээ. Амлалтаа биелүүлсэн Ханнаг Ехова ивээж Самуелаас гадна таван хүүхэдтэй болгосон. Бас хүү Самуел нь Библи бичигч, зөнч болсон (1 Сам. 2:21).

Өнөөдөр Христийн дагалдагчид Ханна Самуел нарыг дуурайн Бүтээгчдээ үйлчлэхээр амь амьдралаа зориулдаг. Еховагийн төлөө юу ч золиосолсон агуу шагнал хүлээж байгааг Есүс батлан хэлсэн (Марк 10:28–30)

«Их тусч, өглөгч» гэдгээрээ алдартай Доркас гэдэг Христийн дагалдагч эмэгтэй I зуунд амьдарч байв. Түүнийг «өвдөж нас барахад» хурлынхан нь ихэд гашууджээ. Петрийг ойрхон байгааг шавь нар сонсоод «Ирээч» хэмээн хэлүүлсэн. Петр Доркасыг амилуулахад хүмүүс хэчнээн их баярласан бол оо! Энэ бол элчүүд нас барсан хүнийг амилуулсан анхны тохиолдол юм (Үйлс 9:36–41). Доркас бусдынхаа төлөө ямар сайн юм хийснийг Ехова мартаагүй (Евр. 6:10). Өгөөмөр сэтгэлээрээ үлгэр дуурайл болсон түүний тухай Библид тэмдэглэн үлдээжээ.

Элч Паул ч бусдын төлөө хайр халамж, цаг заваа харамгүй зориулсан. Коринт дахь итгэл нэгтнүүддээ бичсэн захидалдаа «Би та нарын төлөө өөрийгөө зориулахдаа, бүрмөсөн зориулахдаа дуртай байна» хэмээжээ (2 Кор. 12:15). Бусдад сайныг үйлдсэнээр өөрөө баярлаад зогсохгүй, хамгийн гол нь Ехова ивээдэг, сайшаадаг гэдгийг Паул биеэрээ үзжээ (Үйлс 20:24, 35).

Хаант төрийн үйл хэргийг дэмжиж, ах дүү нарынхаа төлөө цаг зав, хүч чадлаа зориулахад Ехова баярлах нь дамжиггүй. Дэлгэрүүлэх ажлыг дэмжих өөр арга бий юү? Бий! Сайн дураараа хандив өргөж болно. Үүнийг дэлхий даяар дэлгэрүүлэх ажилд, тухайлбал миссионерууд болон бусад тусгай бүрэн цагийн үйлчлэгчдийг дэмжихэд зарцуулдаг. Мөн видео болон хэвлэл бэлтгэх, орчуулах, байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд туслах, танхим барихад зориулдаг. «Өгөөмөр сэтгэлтэй хүн ерөөгдөх» нь гарцаагүй. Түүнээс гадна үнэтэй бүхнээ Еховад зориулбал, түүнийг алдаршуулна (Сур. 3:9; 22:9).