Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2017 оны 11 сар 

Ехова шиг шударга бөгөөд энэрэнгүй байгтун

Ехова шиг шударга бөгөөд энэрэнгүй байгтун

«Үнэн шударга ёсыг дэлгэрүүлэн, хүн бүр өөрийн ах дүүст энэрэл ба өрөвч сэтгэлээр хандагтун» (ЗЕХ. 7:9).

ДУУ: 21, 11

1, 2. а) Есүс Еховагийн хуульд хэрхэн ханддаг байсан бэ? б) Хуулийн багш нар болон фарисайчууд Мосегийн хуулийг хэрхэн гажуудуулсан бэ?

ЕСҮС Мосегийн хуулийг эрхэмлэдэг байсан. Энэ нь ч гайхах зүйл биш юм! Яагаад гэвэл энэ хуулийг Есүсийн хувьд хамгийн эрхэм Нэгэн болох Ехова гаргасан. Бурхны хуулийг эрхэмлэн хайрладаг түүний талаар Дуулал 40:8-д «Бурхан минь ээ, би Таны хүслийг гүйцэлдүүлэхдээ баярладаг юм. Таны Хууль миний зүрхэнд бий» хэмээн бичжээ. Бурхны хууль төгс, ач тустай, заавал биелнэ гэж Есүс ярьдаг байсан. Бас үйл хэргээрээ баталсан (Мат. 5:17–19).

2 Хуулийн багш нар болон фарисайчууд Эцгийнх нь хуулийг гажуудуулахад Есүст ямар хэцүү байсан бол оо! «Та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өргөдөг» гэж хэлснээс нь харвал тэд хуулийн жижиг заалтуудыг ягштал сахидаг байжээ. Тэгсэн атлаа «шударга, өрөвч, үнэнч байхыг заасан Хуулийн илүү чухал тушаалуудыг үл тоомсорлодог» байв (Мат. 23:23). Тэд дүрэм зохиох дуртай, өөрсдийгөө бусдаас илүү гэж үздэг байхад, Есүс Мосегийн хуулийн гол санааг ойлгодог, заалт бүр нь Еховагийн зан чанарыг тусган харуулдгийг мэддэг байсан.

3. Энэ өгүүллээр юун тухай үзэх вэ?

 3 Христийн шавь бид Мосегийн хуулийг сахидаггүй (Ром 7:6). Гэхдээ Ехова энэ хуулийг Библид хадгалан үлдээсэн нь бидний тусын тулд юм. Тэрээр «илүү чухал тушаалуудыг» буюу зарчмыг нь ойлгоод дагаасай гэж хүсдэг. Жишээлбэл хоргодох хотуудын тухай хуулиас ямар зарчмыг ойлгох хэрэгтэй вэ? Өмнөх өгүүллээр, санамсаргүйгээр хүн алсан этгээд юү хийх ёстойг судалж ямар сургамж авахыг ярилцсан. Тэгвэл энэ удаа Еховагийн тухай мэдэж, зан чанаруудыг нь илэрхийлэхийн тулд яах ёстойг ярилцъя. Хоргодох хотуудын тухай хуулиас Еховагийн өршөөнгүй сэтгэлийн талаар юү мэдэж болох вэ? Бурхан амийг юү гэж үздэг вэ? Төгс шударга зангийнх нь талаар юү өгүүлдэг вэ? Асуулт тус бүрийг үзэхдээ тэнгэрийн Эцгээ хэрхэн дуурайж болохыг бодоорой (Эфэс 5:1-ийг уншина).

«ХОРГОДОХ ... ХОТУУДЫГ ӨӨРСДӨДӨӨ СОНГО»

4, 5. а) Хоргодох хотод саадгүй очиход туслахын тулд юү хийсэн бэ? Яагаад? б) Эндээс Еховагийн талаар юү мэдэж болох вэ?

4 Хоргодох зургаан хотод очиход их амархан байв. Иордан голын хоёр талаас тус бүр гурван хот сонгохыг Ехова израйлчуудад тушаажээ. Яагаад? Хоргодох хотыг түвэггүй, хурдан олоход нь туслах зорилготой ажээ (Тоол. 35:11–14). Тэдгээр хот руу очих замыг байнга засдаг байв (Д.хууль 19:3). Хотоо олоход нь туслахын тулд замын дагуу тэмдэг тавьдаг байсан гэж Иудейн түүхэнд тэмдэглэжээ. Хоргодох хоттой учраас санамсаргүйгээр хүн алсан гэмт хэрэгтэн харийн нутаг руу зугтах шаардлагагүй байсан. Цаашилбал, харийн шашны нөлөөнд автахаас хамгаалагддаг байжээ.

5 Ехова санаатайгаар хүн алсан этгээдийг цаазлахыг тушаасан. Харин санамсаргүйгээр хүн алсан этгээдийг өрөвдөн энэрч, өршөөн хэлтрүүлж, амь насыг нь хамгаалдаг байсан. «Бүх зүйлийг аль болох саадгүй, ойлгож ядах юмгүй, зовлонгүй болгосон нь Бурхны нигүүлсэнгүй сэтгэлийн илрэл юм» гэж Библийн нэгэн тайлбарлагч бичжээ. Ехова үйлчлэгчдээ шийтгэх гэж улайрдаг хатуу сэтгэлтэй шүүгчтэй огтхон ч адилгүй. Харин «өршөөлөөр баян» Бурхан билээ (Эф. 2:4).

6. Фарисайчууд бусдыг өршөөж энэрдэг байсан уу? Тайлбарлана уу.

6 Гэтэл фарисайчууд энэрч өршөөх хүсэлгүй хүмүүс байв. Жишээлбэл тэд нэг алдаагаа давтаад байгаа хүнийг гурваас илүү уучилдаггүй байжээ. Гомдоосон хүнд яаж ханддагийг нь харуулахын тулд Есүс жишээ татжээ. Уг жишээнд гардаг  фарисай: «Бурхан минь, би дээрэмчин, шударга бус, завхай биш ээ. Энэ татвар хураагч шиг ч биш. Ийм байгаадаа танд талархъя» гэж залбирдаг. Харин татвар хураагч даруу байж Бурхнаас өршөөл гуйсан. Фарисайчууд хүмүүсийг яагаад энэрдэггүй байсан бэ? Тэд «бусдыг басамжилдаг» гэж Библид бичжээ (Лук 18:9–14).

Та даруу бол бусдыг уучилж чадна, хүмүүс ч танаас дуртайяа уучлалт гуйна. Халгаж цэрвэхээргүй хүн байгаарай (4–8-р догол мөрийг үзээрэй)

7, 8. а) Еховаг хэрхэн дуурайх вэ? б) Уучламтгай хүнийг даруу гэхийн учир юү вэ?

7 Фарисайчуудыг биш, Еховаг дуурайгаарай. Өрөвч сэтгэлтэй байгаарай (Колосай 3:12, 13-ыг уншина). Өрөвч сэтгэлтэй байх нэг арга нь уучлах юм. Уучламтгай байвал хүмүүс танаас айж халгалгүй хүрч ирээд уучлалт гуйна (Лук 17:3, 4). «Намайг олон удаа гомдоосон хүнийг би шууд уучилж чадах уу? Намайг гомдоосон юм уу зовоосон хүнтэй эвлэрэхийг би хүсдэг үү?» гэж өөрөөсөө асуугаарай.

8 Уучилж чадаж байвал даруугийн шинж юм. Фарисайчууд энэ шалгуурыг давж чадаагүй. Яагаад гэвэл тэд бусдыг дорд үздэг байсан. Харин Есүсийн шавь бид «бусдыг өөрөөсөө дээр гэж бодон» уучилдаг байх ёстой (Флп. 2:3). Та энэ шалгуурыг давж Ехова шиг даруу байж чадах уу? Хэрэв бид даруу бол бусдыг уучилж чадна, биднээс уучлалт гуйхад хүмүүст ч амар байна. Энэрэнгүй байгаарай. Уурлахыг бүү урьтал болгоорой (Ном. 7:8, 9).

АМИЙГ ЭРХЭМЛЭ, «ТЭГВЭЛ ЦУС УРСГАСАН ГЭМ ЧАМД ОНОГДОХГҮЙ»

9. Хүний амь ариун гэдгийг Ехова израйлчуудад хэрхэн ойлгуулсан бэ?

9 Хоргодох хотуудын тухай хуулийн гол зорилго нь гэмгүй хүний цусыг урсгасан буруутан болохоос хамгаалах юм (Д.хууль 19:10). Ехова амийг эрхэм нандин гэж үздэг, харин «гэм зэмгүй цусыг урсгагч гарыг» үзэн яддаг (Сур. 6:16, 17). Бурхан шударга, ариун учраас санамсаргүйгээр хүн алсан хэргийг харсаар байж зүгээр өнгөрөөдөггүй. Ийм хэрэг хийсэн хүн өршөөгддөг. Гэхдээ юуны өмнө ахлагчдад учир байдлаа хэлж тайлбарлах ёстой. Хэргийг санамсаргүйгээр үйлдсэн нь тогтоогдвол тэргүүн тахилчийг нас бартал хоргодох хотоос гарч болохгүй. Үлдсэн насаа тэр хотдоо л өнгөрөөнө гэсэн үг. Энэ бүхэн израйлчуудад хүний амь ариун гэдгийг ойлгуулдаг байжээ. Бусдын амийг хохироож болзошгүй аливаа бүхнээс зайлсхийдэг бол Амь өгөгч Бурхнаа хүндэтгэж байна гэсэн үг.

10. Есүсийн хэлсэн үгнээс харвал хуулийн багш нар, фарисайчууд ямар хүмүүс байсан бэ?

10 Гэтэл хуулийн багш нар болон фарисайчууд хүний амийг юман чинээ боддоггүй байв. Есүс тэдэнд «Та нар мэдлэгийн түлхүүрийг хүмүүсээс булааж авсан. Та нар өөрсдөө ч ордоггүй, орох гэсэнд нь ч саад болдог!» гэжээ (Лук 11:52). Бурхны Үгийн утгыг хүмүүст тайлбарлан таниулж мөнхийн амьтай болоход нь туслах ёстой атал «амь өгөхөөр томилогдсон Нэгэн» буюу Есүсийг дагахад нь саад  болсон (Үйлс 3:15). Бардам зантай, хувиа боддог тэдэнд хүмүүсийн амь нас огтхон ч хамаагүй ажээ. Яасан хүний үнэргүй, хатуу сэтгэлтэй юм бэ!

11. а) Элч Паул амийн талаар Бурхныхтай адилхан үзэл бодолтой байсан гэхийн учир юү вэ? б) Паул шиг идэвхтэй дэлгэрүүлье гэвэл ямар байх хэрэгтэй вэ?

11 Хуулийн багш нар, фарисайчуудыг биш, харин Еховаг хэрхэн дуурайх вэ? Амийг эрхэмлээрэй. Элч Паул хүний амийг үнэ цэнтэй гэж үздэг байсан учраас аль болох олон хүнд сайн мэдээ хүргэхийн тулд чадах бүхнээ хийжээ. Тийм учраас «Нэг ч хүний үхлийн хариуцлагыг хүлээхгүйгээ мэдэгдэж байна» гэсэн (Үйлс 20:26, 27-г уншина). Гэхдээ буруутан болохыг хүсээгүйдээ эсвэл Ехова тушаасан учраас дэлгэрүүлсэн юм биш ээ. Паул хүмүүсийг хайрладаг байсан. Тэдний амь насыг үнэ цэнтэй гэж үздэг байжээ (1 Кор. 9:19–23). Бид бас амийн талаар Еховагийнхтай адилхан үзэл бодолтой болох ёстой. Ехова «бүх хүнд гэмших боломж олгодог» (2 Петр 3:9). Та бас тэгдэг үү? Энэрэнгүй, өршөөнгүй байвал дэлгэрүүлэх ажлаа идэвхтэй хийх хүсэл оргилно. Тэгээд илүү их баяр баясгалантай болно.

12. Бурхны үйлчлэгчид яагаад аюулгүй байдлыг хангах ёстой вэ?

12 Амийг Ехова шиг эрхэмлэдэг байя гэвэл аюулгүй байдлын талаар зөв үзэлтэй байх хэрэгтэй. Машин жолоодох, ажил хийх, барилга барих, засвар хийх, цуглаан чуулганд очихоор явахдаа аюулгүй байдлыг хангах шаардлагатай. Цаг, мөнгө хэмнэх гээд амь нас, эрүүл мэнддээ хайхрамжгүй хандаж хэрхэвч болохгүй. Хэзээ ямагт зөв юм хийдэг Бурхнаа бид дуурайхыг хичээдэг. Ахлагчид өөрсдийнхөө болон бусдын аюулгүй байдлыг онцгой анхаарах ёстой (Сур. 22:3). Хэрэв танд ахлагч аюулгүй ажиллагааны дүрэм, хэм хэмжээг хэлж өгвөл хүлээж аваарай (Гал. 6:1). Амийн талаар Еховагийнх шиг үзэл бодолтой байгаарай. «Тэгвэл цус урсгасан гэм чамд оногдохгүй».

«ЭДГЭЭР ТОГТООЛУУДЫН ДАГУУ ШҮҮ»

13, 14. Израйл ахлагчид Ехова шиг шударга байхын тулд яах ёстой байсан бэ?

13 Израйлын ахлагчид Бурхнаа дуурайн шударга байх тушаал авчээ. Тэд юуны түрүүнд бүх баримтыг бүрдүүлэх шаардлагатай байв. Дараа нь хүн алсан этгээдэд өршөөл энэрэл үзүүлэх эсэхийг шийдэхдээ сэдэл хандлага, өмнө нь биеэ хэрхэн авч явдаг байсныг нягтлан шалгана. «Өс хонзон санасан» уу, «отоогүй» юү гэдгийг олж тогтооно (Тооллого 35:20–24-ийг уншина). Хэрэв хэргийг гэрчлэх хүн байвал гэмтнийг яллахаасаа өмнө дор хаяж хоёр хүнээс гэрчийн мэдүүлэг авна (Тоол. 35:30).

14 Юу болсныг олж тогтоосны дараа тухайн хүний үйлдсэн хэргээс гадна чухам ямар хүн бэ гэдгийг бодолцох ёстой. Үүний тулд Израйлын ахлагчид хэрсүү байх шаардлагатай байлаа. Хэрсүү хүн зөвхөн илэрхий мэдэгдэж байгаа зүйлийг төдийгүй, болсон явдлын цаад шалтгааныг ойлгох чадвартай байдаг. Израйлын ахлагчид хэрсүү, энэрэнгүй, шударга байхын тулд Еховагийн агуу хүчээр удирдуулах ёстой байв (Ег. 34:6, 7).

15. Есүс болон фарисайчууд нүгэлтнүүдийг хэрхэн үздэг байсан бэ?

15 Фарисайчууд нүгэл үйлдсэн хүнийг бус, хийсэн хэргийг нь голлон анхаардаг байжээ. Тэд Матайн гэрт болсон найран дээр Есүс байгааг харчихаад «Танай багш яагаад татвар хураагчид болон нүгэлтнүүдтэй хамт хоол иддэг юм бэ?» гэж шавь нараас нь асуув. Хариуд нь Есүс: «Эрүүл хүнд эмч хэрэггүй. Харин өвчтэй хүнд хэрэгтэй. Тиймээс та нар явж “Би та нараас тахил өргөхийг бус, бусдыг энэрэхийг хүсдэг” гэсэн нь ямар учиртайг олж  мэд. Учир нь би шударга сайн хүнийг бус, нүгэлтнийг дуудахаар ирсэн» гэж хэлдэг (Мат. 9:9–13). Есүс нүгэлтнүүдийг хаацайлсан уу? Үгүй. Харин ч гэмшээсэй гэж хүссэн учраас сайн мэдээ дэлгэрүүлдэг байсан (Мат. 4:17). Тэдгээр «татвар хураагчид болон нүгэлтнүүдийн» дундаас өөрчлөгдөх хүн гарна гэдгийг Есүс мэдэж байв. Тэд Матайн гэрт идэж уухаар л очсон юм биш ээ. Есүсийн яриаг сонсох гээд дагаж очжээ (Марк 2:15). Фарисайчууд тэр хүмүүсийн талаар Есүсийнхээс өөр үзэл бодолтой байсан нь харамсалтай. Тэднийг өөрчлөгдөх найдваргүй гэж үздэг байжээ. Шударга, энэрэнгүй Бурхнаас яасан их ялгаатай вэ!

16. Эрх зүйн хороо юуг нягтлан шалгах хэрэгтэй вэ?

16 «Шударга ёсыг хайрладаг» Ехова Бурхныг өнөөгийн ахлагчид ч дуурайх ёстой (Дуу. 37:28). Юуны өмнө нүгэл үйлдсэн эсэхийг тогтоохын тулд «сайн эрж, асууж сураглах» хэрэгтэй. Хэрэв нүгэл үйлдсэн нь тогтоогдвол Библид байдаг зааврын дагуу хэргийг шийднэ (Д.хууль 13:12–14). Ноцтой нүгэл үйлдсэн хүн үнэхээр гэмшиж байна уу үгүй юү гэдгийг эрх зүйн хорооны гишүүд нягтлан шалгана. Үүнийг тогтоох амаргүй. Тэр хүн хийсэн хэргээ юү гэж үзэж байгаа, буруугаа ухаарч байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй (Илч. 3:3). Нүгэл үйлдсэн хүн гэмшсэн тохиолдолд л түүнд өршөөл үзүүлэх учиртай.

17, 18. Нүгэл үйлдсэн хүн үнэн сэтгэлээсээ гэмшиж байгаа эсэхийг ахлагчид хэрхэн тогтоох вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

17 Ахлагчид хүний зүрх сэтгэлийг Ехова Есүс хоёр шиг харж чадахгүй. Та ахлагч бол тухайн хүн үнэхээр гэмшиж байгаа эсэхийг яаж мэдэх вэ? Эхлээд хэрсүү, мэргэн байхад туслахыг гуйж залбираарай (Х.дээд 3:9). Дараа нь Библи болон итгэмжит боолын өгдөг ном хэвлэлийг уншиж судлаарай. Тэгвэл «ертөнцийн хүмүүс шиг шаналж» байна уу эсвэл «Бурхны хүслийн дагуу шаналах» буюу үнэн сэтгэлээсээ гэмшиж байна уу гэдгийг ялгаж салгаж чадна (2 Кор. 7:10, 11). Гэмшсэн, гэмшээгүй хүмүүс ямар ялгаатай байдгийг Библиэс мэдэж аваарай. Тэдний бодол санаа, зүрх сэтгэл, биеэ хэрхэн авч явсныг судлаарай.

18 Эцэст нь хувь хүнийх нь тухай бодож үзээрэй. Үүний тулд «Уг нь ямар хүн билээ? Одоо ямар болсон бэ? Яагаад ийм хэрэг үйлдчихэв? Чадал чадвар нь ямар вэ?» гэж бодоорой. Хурлын тэргүүн Есүсийн талаар Библид «Тэр Өөрийн нүдэнд үзэгдсэнээр шүүхгүй, чихэндээ сонсогдсоноор шийдвэр гаргахгүй. Гагцхүү үнэн зөвөөр ядуусыг шүүж, газрын зовогсдод зориулан шударга шийдвэр гаргана» гэж бичсэн байдаг (Ис. 11:3, 4). Ахлагч та бүхэн Есүсийн туслах хоньчид билээ. Тийм учраас шударга, энэрэнгүй шүүхэд тань Есүс тусална (Мат. 18:18–20). Ахлагчид маань халамжтай байдагт бид баярладаг. Хурлын гишүүдийг бие биедээ шударга, энэрэнгүй ханддаг болгох гэж хичээнгүй ажилладаг тэдэнд талархаад баршгүй!

19. Хоргодох хотуудын тухай хуулиас та юуг амьдралдаа хэрэгжүүлмээр байна вэ?

19 Мосегийн хуульд Еховагийн тухай, тогтоосон хэм хэмжээнийх нь тухай «үнэн» хийгээд «үндсэн мэдлэг» бий (Ром 2:20). Жишээ нь хоргодох хотуудын тухай хуулиас ахлагчид «үнэн шударга ёсыг дэлгэрүүлэх» аргыг, харин хурлын бүх гишүүн «өөрийн ах дүүст энэрэл ба өрөвч сэтгэлээр хандах» аргыг мэдэж авдаг (Зех. 7:9). Бид Мосегийн хуулийг сахидаггүй. Гэхдээ өөрчлөгддөггүй Бурхан Ехова шударга, энэрэнгүй байхыг чухал гэж үздэг нь одоо ч хэвээрээ. Ийм Бурхныг шүтдэг маань юутай их завшаан бэ! Бурхныхаа гайхалтай сайхан зан чанаруудыг өөрийн болгож, нөмөрт нь хоргодоцгооё!