Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2017 оны 11 сар 

Ертөнцийнхний үзэл бодлын нөлөөнд бүү автагтун

Ертөнцийнхний үзэл бодлын нөлөөнд бүү автагтун

«Сэрэмжтэй бай. ... Ертөнцийнхний ... гүн ухаан, худал сургаалаар хэн нэгэн та нарыг олзолж авах вий» (КОЛ. 2:8).

ДУУ: 60, 26

1. Элч Паул итгэл нэгтнүүддээ ямар зөвлөгөө өгсөн бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

ЭЛЧ Паул Ромд анх удаа хоригдож байхдаа буюу МЭ 60, 61 оны орчим Колосай дахь дагалдагчдад захидал бичжээ. Тэрээр «Бурхны өгдөг ... ойлголттой» болохын чухлыг тэдэнд сануулсан (Кол. 1:9). Цааш нь бичихдээ «Бусдын ярьдаг үнэмшиж болмоор юманд бүү төөрөлдөөсэй гэсэндээ би ингэж хэлж байна. Сэрэмжтэй бай. Христийн сургаалд бус, харин хүний зохиосон уламжлал, ертөнцийнхний баримталдаг үндсэн зарчимд үндэслэсэн гүн ухаан, худал сургаалаар хэн нэгэн та нарыг олзолж авах вий» гэжээ (Кол. 2:4, 8). Зарим үзэл бодол яагаад буруу байдаг, тэгсэн атлаа төгс бус хүмүүс яагаад татагддагийг Паул тайлбарласан. Жишээ нь тийм үзэл бодолтой болсон хүн өөрийгөө бусдаас илүү ухаантай, илүү сайн гэж боддог. Ертөнцийнхний үзэл бодлыг хүлээж авахгүй, буруу үйл хэрэгт нь татагдахгүй байхад итгэл нэгтнүүддээ туслах зорилгоор Паул энэ захидлаа бичжээ (Кол. 2:16, 17, 23).

2. Яагаад ертөнцийнхний үзэл бодлын талаар ярилцах вэ?

2 Ертөнцийнхөн шиг боддог хүн Еховагийн удирдамж зааврыг үл тоомсорлодог. Тэдний нөлөөнд автвал яваандаа Бурханд  итгэхээ болино. Өнөөдөр ертөнцийнхний үзэл бодлыг телевиз, интернэтээр цацаж, ажил сургууль дээр тарааж байна. Ертөнцийнхөн ямар үзэл бодолтой байдгийг энэ өгүүллээр ярилцаж тэдний нөлөөнд автахгүйн тулд яах хэрэгтэйг авч үзье.

БУРХАНД ИТГЭХ ХЭРЭГТЭЙ ЮҮ?

3. Олон хүнд ямар үзэл бодол таалагддаг вэ? Яагаад?

3 «Бурхантай бурхангүй, сайн хүн байж болно шүү дээ» гэж олон хүн ярьдаг. Тэд өөрсдийгөө шашингүй үзэлтэй гэдэг. Гэхдээ Бурхан оршин байдгийг сайтар шалгаагүй байж болох юм. Хүссэн бүхнээ дураараа хийх нь тэдний хувьд илүү чухал байдаг (Дуулал 10:4-ийг уншина). Өөрийгөө ухаантай гэж боддог хүмүүс: «Би бурхантай бурхангүй, ёс журамтай байж чадна» гэж ярьдаг.

4. Бүтээгч байхгүй гэж ярьдаг хүнийг эргэцүүлэн бодуулж зөв дүгнэлтэд хүргэе гэвэл юуны тухай ярьж болох вэ?

4 Бүтээгч байхгүй гэж бодох нь зөв үү? Амьдрал хэрхэн үүссэн талаар шинжлэх ухаан хэтэрхий олон янзын мэдээлэл өгдөг. Гэхдээ оновчтой хариу байдаггүй. Үнэндээ бол хариу нь маш энгийн. Барилга өөрөө баригддаггүй шүү дээ. Тэгвэл амьд бие өөрөө бий болоогүй нь бүр ч ойлгомжтой! Дэлхий дээр байгаа хамгийн энгийн эс ч байшингаас илүү нарийн бүтэцтэй. Байшин өсөж үрждэггүй, харин эс өсөж үрждэг. Эс генетикийн мэдээллээ хадгалах, хувилах замаар өөрийнхөө хуулбар эсийг шинээр бий болгож байдаг гэсэн үг. Ийм амьд эсийг хэн зохион бүтээсэн бэ? Хариу нь Библид бий. «Аливаа гэрийг хэн нэгэн барьдаг. Харин бүх юмыг барьж бүтээсэн нь Бурхан мөн» гэжээ (Евр. 3:4).

5. Бурханд итгэхгүйгээр сайн мууг ялгаж чадна гэж боддог хүнтэй юү гэж ярих вэ?

5 Бурхнаар заалгахгүйгээр сайн мууг ялгаж чадна гэдэг хүнтэй юү гэж ярих вэ? Бурханд итгэдэггүй хүмүүс ч Библид байдаг зарим зарчмыг баримталж амьдардаг (Ром 2:14, 15). Жишээ нь тэд эцэг эхээ хүндэлж, хайрладаг. Гэхдээ Бүтээгч зөв буруугийн хэм хэмжээг тогтоосон гэж хүлээн зөвшөөрдөггүйгээсээ болоод буруу шийдвэр гаргах нь бий (Ис. 33:22). Өнөөдөр дэлхийн байдал туйлын эмгэнэлтэй болсон нь Бурхны тусламж зайлшгүй хэрэгтэйг баталдаг. Аливаа юмыг тунгаан боддог олон хүн үүнийг хүлээн зөвшөөрдөг (Иеремиа 10:23-ыг уншина). Тиймээс Бурханд итгэж хэм хэмжээг нь баримтлахгүйгээр сайн мууг ялгаж чадна гэж бодох ёсгүй (Дуу. 146:3).

ШАШИН ХЭРЭГТЭЙ ЮҮ?

6. Хүмүүс шашны талаар ямар бодолтой байдаг вэ?

6 «Шашин шүтлэггүй ч жаргалтай байж болно». Ертөнцийнхний ийм үзэл бодол олон хүнд таалагддаг. Яагаад гэвэл тэд шашныг улиг болсон, хэнд ч хэрэггүй гэж боддог. Түүнээс гадна галт тамаар айлгадаг, аравны нэгийг хураадаг, улс төрийг дэмждэг шашнууд бий. Үүнээс болоод хүмүүс Бурхнаас нүүр буруулдаг болжээ. Шашингүйгээр жаргалтай амьдарна гэж боддог хүн олширч байгааг гайхах хэрэггүй! Тийм хүмүүс: «Би Бурхны тухай мэдэхийг хүсдэг ч шашны байгууллагад орохгүй» гэж ярьдаг.

7. Жинхэнэ шашин хүнийг яагаад жаргалтай болгодог вэ?

7 Шашин шүтэхгүйгээр жаргалтай байх боломжтой юу? Хуурамч шашин хүнийг жаргаахгүй. Харин «жаргалтай Бурхан» Еховаг шүтвэл жинхэнэ ёсоор жаргана (1 Тим. 1:11). Бурхны хийдэг бүх зүйл хүний сайн сайхны төлөө байдаг. Үйлчлэгчид нь хүмүүст тус дэм болохыг голлон анхаардаг учраас жаргалтай амьдардаг  (Үйлс 20:35). Жишээ нь жинхэнэ шүтлэг гэр бүлийг хэрхэн аз жаргалтай болгодгийг бодоод үзье. Жинхэнэ шашин шүтсэнээр хүмүүс ханиа хайрлаж хүндэлдэг, гэрлэлтийн тангаргаа ариун гэж үздэг, садар самуун явдлаас хол байдаг, үр хүүхдээ зөв хүмүүжүүлдэг, бие биеэ жинхэнэ ёсоор хайрлаж сурдаг. Үүний дүнд дэлхий даяар буй итгэл нэгтнүүдтэйгээ эв нэгдэлтэй байж, бие биеэ ах дүүгийн ёсоор хайрладаг (Исаиа 65:13, 14-ийг уншина).

8. Матай 5:3-т бичсэнээр ямар хүн жаргалтай байдаг вэ?

8 Бурханд үйлчлэхгүйгээр үнэхээр жаргалтай амьдарч чадах уу? Ер нь хүмүүс яавал жаргалтай болдог вэ? Зарим нь албан тушаал ахих юм уу спорт, хоббигоо хөөхөөрөө сэтгэл нь ханадаг. Зарим нь гэр бүл, найз нөхдөдөө санаа тавихаараа баярладаг. Гэхдээ үүрд аз жаргалтай байя гэвэл үүнээс ч илүү юм хийх учиртай. Хүн Бүтээгчээ танин мэдэж түүнд үнэнч үйлчилсэн цагт л жаргалтай амьдрах боломжтой. Үүгээрээ адгууснаас ялгаатай (Матай 5:3-ыг уншина). Жишээ нь бид Ехова Бурхнаа шүтэхээр цуглахаараа урам зоригтой, баяр баясгалантай болдог (Дуу. 133:1). Бас дэлхий даяар буй итгэл нэгтнүүдтэйгээ ах дүүгийн барилдлагатай, амьдралын зөв хэвшилтэй, сайхан найдвартай болсондоо баяр хөөртэй явдаг.

ЁС СУРТАХУУНЫ ХЭМ ХЭМЖЭЭ ХЭРЭГТЭЙ ЮҮ?

9. а) Өнөөдөр сексийн талаар ямар үзэл түгээмэл байдаг вэ? б) Гэр бүлээс гадуурх бэлгийн харьцааг Бурхны Үгэнд яагаад хориглосон байдаг вэ?

9 «Гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаа яагаад буруу гэж?». Зарим хүн: «Ингэж хатуурхахын хэрэг байна уу? Хүн гэдэг чинь жаргах ёстой шүү дээ» гэж хэлж магадгүй. Гэвч садарлан завхайрахыг Бурхны Үгэнд хориглосон байдаг * (1 Тесалоник 4:3–8-ыг уншина). Ехова биднийг бүтээсэн учраас хууль гаргах эрхтэй. Зөвхөн албан ёсоор гэрлэсэн эр эм хоёр бэлгийн харьцаатай байхыг хуулиар зөвшөөрсөн. Бурхан хүмүүст хайртай учраас бидний тусын тулд хууль өгсөн. Хуулийг нь сахин бие биеэ хайрлаж хүндэлдэг гэр бүлүүд аз жаргалтай, айдас түгшүүргүй амьдардаг. Хуулийг нь санаатайгаар зөрчдөг хүмүүсийг Бурхан зүгээр өнгөрөөхгүй (Евр. 13:4).

10. Садар самуун явдалтай орооцолдохгүйн тулд яах хэрэгтэй вэ?

10 Садар самуун явдалтай орооцолдохгүйн тулд үзэж харах юмаа анхаарч хянах ёстойг Библиэс мэдэж болно. Есүс: «Эмэгтэй хүнийг харсаар байгаад тачааддаг хэн боловч тэр эмэгтэйтэй бодол санаандаа аль хэдийн завхайрчээ. Тиймээс, баруун нүднээсээ болж нүгэл үйлдвэл ухаж аваад хая» гэсэн байдаг (Мат. 5:28, 29). Христийн дагалдагч хүн порно үзэх, завхай үгтэй дуу хөгжим сонсох ёсгүй. Элч Паул итгэл нэгтнүүддээ «Садар самуун [явдлаас] ... хол байхын тулд биеийнхээ эрхтнүүдийг үхүүл» гэж бичжээ (Кол. 3:5). Түүгээр ч зогсохгүй бодол санаа, үг яриагаа хянах нь чухал (Эф. 5:3–5).

КАРЬЕР ХӨӨХ ХЭРЭГТЭЙ ЮҮ?

11. Карьер хөөхийг гол зорилгоо болго гэсэн зөвлөгөө яагаад сайхан санагдаж мэдэх вэ?

11 «Карьер хөөхийг амьдралын гол зорилго болгох нь аз жаргалын үндэс мөн». Ингэж  уриалдаг хүн олон байдаг. Карьер хөөвөл нэр алдар, эрх мэдэл, эд хөрөнгөтэй болж болох юм. Энэ бүхний төлөө амьдралаа зориулдаг хүн олон байдаг учраас Бурхны үйлчлэгчид тэдэнтэй адилхан үзэл бодолтой болж болзошгүй.

12. Карьер хөөвөл аз жаргалтай амьдрах уу?

12 Карьер хөөж эрх мэдэл, нэр алдартай болсон хүн жаргалтай амьдарна гэдэг үнэн үү? Үгүй. Сатан эрх мэдэл, нэр алдрын төлөө үхэн хатан явсан. Хүссэнээ ч авсан. Тэгсэн хэр нь уур омогтой, аз жаргалгүй нэгэн болсон шүү дээ (Мат. 4:8, 9; Илч. 12:12). Бурхны тухай, гайхалтай сайхан ирээдүйн тухай хүмүүст мэдүүлэх шиг жаргал үгүй! Өөр юунд ч амжилт гаргасан, ийм жаргалыг эдлэхгүй. Түүнээс гадна карьер хөөж амжилт олсон хүмүүс өрсөлдөөнч, ууртай, атаархуу болох нь элбэг. Эцэст нь тэд ямар ч ашиггүй юм хийж байснаа ойлгодог. Библид үүнийг «салхины хойноос хөөцөлдөхтэй адил» гэж бичжээ (Ном. 4:4).

13. а) Ажил төрлөө юү гэж үзэх хэрэгтэй вэ? б) Паул юү хийгээд жинхэнэ ёсоор жаргалтай байсан бэ?

13 Амьдрахын тулд ажиллах хэрэгтэй. Дуртай ажлаа сонгох нь ч буруу биш. Гэхдээ ажил төрөл маань хамгийн чухал зүйл байх учиргүй. Есүс: «Хэн ч хоёр эзний боол байж чадахгүй. Учир нь нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлана. Эсвэл нэгэнд нь үнэнч байж, нөгөөг нь үл тооно. Нэгэн зэрэг Бурхан болон эд баялгийн боол байх аргагүй» гэж хэлсэн байдаг (Мат. 6:24). Еховад үйлчилж, хүмүүст Библийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхийг голлон анхаардаг бол юутай ч харьцуулшгүй баяр баясгалан эдэлнэ. Элч Паул үүнийг биеэрээ үзжээ. Бага залуудаа карьер хөөж байсан ч хожим нь сайн мэдээ дэлгэрүүлж шавь бэлдэх ажилд оролцдог болсон. Бурхнаас ирсэн мэдээ хүмүүсийг хэрхэн өөрчилж байгааг хараад жинхэнэ ёсоор жаргалтай байжээ (1 Тесалоник 2:13, 19, 20-ийг уншина). Биднийг ийм их аз жаргалтай болгодог ажил өөр байхгүй.

Хүмүүст Бурхны тухай мэдүүлэх шиг жаргал үгүй (12, 13-р догол мөрийг үзээрэй)

ДЭЛХИЙ ДАХИНД ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ХҮМҮҮС ШИЙДВЭРЛЭЖ ЧАДАХ УУ?

14. Хүн төрөлхтөн тулгамдсан асуудлуудыг өөрсдөө шийдэж чадна гэсэн үзэл яагаад таатай санагдаж болох вэ?

14 «Хүн төрөлхтөн тулгамдсан асуудлуудыг  өөрсдөө шийдэж чадна» гэсэн үзэл олон хүнд таатай санагдаж болох юм. Яагаад? Нэгдүгээрт, ихэнх хүн Бурхнаар заалгаад байлгүй юу дуртайгаа хийхийг хүсдэг. Хоёрдугаарт, зарим судалгаанаас харахад дайн, гэмт хэрэг, өвчин, ядуурал буурч байгаа юм шиг санагддаг. Нэгэн тайланд «Хүмүүс илүү ухамсартай болж байгаа учраас өнөөгийн нөхцөл байдал сайжирч байна» гэж бичжээ. Гэвч үнэхээр тийм гэж үү? Дэлхий дахины тулгамдсан асуудлыг хүн төрөлхтөн өөрсдөө шийдэж чадах уу? Үүнд хариулахын тулд тоо баримтыг авч үзье.

15. Дэлхий дахинд тулгамдсан асуудлууд маш ноцтой байгаагийн баталгаа юү вэ?

15 Дайн: Дэлхийн I, II дайнд 60 болон түүнээс ч олон сая хүний амь үрэгдсэн. Дэлхийн ІІ дайнаас хойш дайн дажин тасраагүй. 2015 оны байдлаар дайн, хавчлагаас болж орон гэрээсээ дүрвэгсдийн тоо 65 саяд хүрчээ. Зөвхөн 2015 онд л гэхэд 12,4 сая хүн шилжин суурьшсан байна. Гэмт хэрэг: Зарим төрлийн гэмт хэрэг буурсан ч өөр төрлийн, тухайлбал кибер гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, алан хядах ажиллагаа, авилгал асар хурдтай нэмэгдэж байна. Хүн төрөлхтөн гэмт хэргийг үндсээр нь арилгаж чадахгүй нь тодорхой. Өвчин: Зарим өвчнийг эмчилж чаддаг болсон нь үнэн. Гэхдээ зүрхний өвчин, цус харвалт, хорт хавдар, амьсгалын замын өвчин, чихрийн шижингээс болж жил бүр 60-аас доош насны 9 сая хүн нас бардаг гэж 2013 оны тайланд тэмдэглэсэн байна. Ядуурал: Дэлхийн Банкны мэдээлснээр Африкт л гэхэд нэн ядуу амьдралтай хүмүүс 1990 онд 280 сая байсан бол 2012 онд 330 сая болжээ.

16. а) Яагаад зөвхөн Бурхны Хаант төр хүн төрөлхтний тулгамдсан асуудлыг шийдэж чадах вэ? б) Хаант төрийн хийх зүйлийн талаар «Исаиа», «Дуулал» номонд юү гэж байдаг вэ?

16 Өнөөдөр эдийн засаг, улс төрийн тогтолцоо аминч үзэлтэй хүмүүсийн гарт байна. Тэд дайн, гэмт хэрэг, өвчин, ядуурлыг үгүй болгож чадахгүй. Бурхны Хаант төр л чадна. Ехова хүн төрөлхтний төлөө юү хийхийг бодоод үзье. Дайн: Бурхны Хаант төр дайны гол шалтгаан болсон аминч үзэл, авилгал, эх оронч үзэл, хуурамч шашныг Сатантай нь хамт устгана (Дуу. 46:8, 9). Гэмт хэрэг: Хүн хүнээ хайрлаж, бие биедээ итгэхийг сая сая хүнд зааж сургадаг засгийн газар Бурхны Хаант төрөөс өөр байхгүй (Ис. 11:9). Өвчин: Ехова ард түмнээ цоо эрүүл болгоно (Ис. 35:5, 6). Ядуурал: Ехова ядуурлыг ул мөргүй арилгана. Үүний үрээр бүх хүн Еховатай улам бүр дотносож, аз жаргалтай амьдарна. Ийм амьдрал эд баялгаас хавьгүй илүү үнэ цэнтэй (Дуу. 72:12, 13).

«ХҮН БОЛГОНД ЯАЖ ХАРИУЛАХ ЁСТОЙГОО МЭД»

17. Ертөнцийнхний үзэл бодлын нөлөөнд автахгүйн тулд яах вэ?

17 Хэрэв ертөнцийнхний үзэл бодлоос болж итгэл тань соригдвол тухайн сэдвийн талаар Библид юү гэсэн байдгийг судалж, туршлагатай итгэл нэгтэнтэйгээ ярилцаарай. Энэ үзэл бодлыг ихэнх хүн яагаад зөв гэж үздэг вэ, гэвч энэ нь яагаад буруу вэ, үүнийг хэрхэн нотлох вэ гэдгээ бодоорой. Бид Паулын зөвлөгөөг дагавал ертөнцийнхний үзэл бодлын нөлөөнд автахгүй байж чадна. Тэрээр Колосай дахь итгэл нэгтнүүддээ «Гадны хүнтэй харьцахдаа ухаалаг бай. ... Хүн болгонд яаж хариулах ёстойгоо мэд» хэмээн зөвлөжээ (Кол. 4:5, 6).

^ д/м 9 Библийн эх бичигт «Ёохан» номны 7-р бүлэг 52 зүйлтэй. Гэвч зарим орчуулгад Ёохан 7:53—8:11-ийг нэмж бичжээ. Энэ хэсгийг уншаад завхайрсан хүнийг нүгэлгүй хүн л шүүж чадна гэж буруу ойлгох нь бий. Гэтэл Израйл үндэстэнд өгсөн Бурхны хуульд «Хэн нэгэн эр гэрлэсэн эмэгтэйтэй унтаж байгаад баригдвал эмэгтэйтэй унтсан эр болон мөнөөх эмэгтэй хоёулаа үхвэл зохино» гэжээ (Д.хууль 22:22).