Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2017 оны 11 сар 

Баяр хөөртэй дуул!

Баяр хөөртэй дуул!

«Бидний Бурханд магтан дуулах нь сайн» (ДУУ. 147:1).

ДУУ: 9, 138

1. Бид яагаад магтуу дуулдаг вэ?

НЭГЭН алдартай хөгжмийн зохиолч: «Үг ухаарлыг хайрладаг. Хөгжим сэтгэлийн чавхдасыг хөнддөг. Харин дуу ухаарлыг ч хайрлаж, сэтгэлийн чавхдасыг ч хөнддөг» гэж хэлжээ. Хайртай тэнгэрийн Эцэг Еховагаа магтан дуулахаас өөр ухаарал хайрлаж, сэтгэл хөдөлгөх зүйл байна уу? Бид цуглаан дээр ч, ганцаараа байхдаа ч магтуу дуулдаг. Тэгэхээр магтуу дуу бол цэвэр шүтлэгийн салшгүй хэсэг мөн.

2, 3. а) Цуглаан дээр итгэл нэгтнүүдтэйгээ хамт чанга дуулна гэхээр зарим хүнд ямар санагддаг вэ? б) Өөрөөсөө юү гэж асуух нь зүйтэй вэ?

2 Цуглаан дээр итгэл нэгтнүүдтэйгээ хамт чанга дуулна гэхээр танд ямар санагддаг вэ? Эвгүй байдаг уу? Зарим оронд эрчүүд олны өмнө дуулахаасаа эвгүйцдэг. Ийм хандлага хурлынханд сөргөөр нөлөөлж болзошгүй. Ялангуяа, ахлагчид дуу дуулахгүй байх юм уу дууны үеэр өөр зүйл хийх нь бусдад таагүй сэтгэгдэл төрүүлдэг (Дуу. 30:12).

3 Магтуу дууг шүтлэгийн нэг хэсэг гэж үнэхээр ойлгодог хүн цуглаан дээр дуу дуулах үед заавал ирсэн байдаг эсвэл танхимаас гарч явдаггүй. Тиймээс хүн бүр өөрөөсөө «Цуглаан дээр дуу дуулахыг би юү гэж үздэг вэ? Олны өмнө дуулахаас ичдэг бол яах вэ? Дуугаа сэтгэлээсээ  дуулъя гэвэл яах хэрэгтэй вэ?» гэж асуух нь зүйтэй.

ДУУ БОЛ ЖИНХЭНЭ ШҮТЛЭГИЙН САЛШГҮЙ ХЭСЭГ

4, 5. Сүмд дуулах ажлыг эртний Израйлд хэрхэн зохион байгуулсан бэ?

4 Еховагийн үнэнч үйлчлэгчид Бурхнаа магтан дуулсаар ирсэн түүхтэй. Эртний израйлчууд Еховад үнэнч байх үедээ Бурхнаа магтан дуулдаг байсныг тэмдэглүүштэй. Жишээлбэл, Давид хаан сүмд үйлчлэх ажлыг зохион байгуулахдаа 4 000 левичүүдээр магтуу дуулуулахаар болжээ. Тэдгээрээс 288 нь «ЭЗЭНд дуулахаар бэлтгэгдсэн» мэргэжлийн дуучид байв (Ш.дээд 23:5; 25:7).

5 Сүмийг зориулах ёслолын үеэр дуу хөгжим чухал үүрэг гүйцэтгэжээ. Библид «Бүрээчид болон дуучид нэгэн дуугаар ЭЗЭНийг магтан, алдаршуулахаар дуулж байгаагаа сонсгож, бүрээ, цан, хөгжмийн зэмсгүүдтэй хавсарган өөрсдийн дуу хоолойгоо тэд өргөж, ЭЗЭНийг магтахад ... ЭЗЭНий цог жавхлан Бурханы өргөөг дүүргэсэн» гэж тэмдэглэсэн байна. Ийм гайхам үйл явдлыг үзээд тэдний итгэл бэхэжсэн нь тодорхой! (Ш.дэд 5:13, 14; 7:6).

6. Нехемиа Иерусалимын захирагч байхдаа дуучдыг найрал хөгжимтэй дуулуулах ажлыг хэрхэн зохион байгуулсан бэ?

6 Нехемиа Иерусалимын хэрмийг сэргээн босгох ажлыг удирдахын зэрэгцээ левичүүдээс бүрдсэн дуучдыг найрал хөгжимтэй дуулуулах ажлыг зохион байгуулсан. Иерусалимын хэрмийг зориулах ёслолын үеэр урлагийн тоглолт үзүүлсэн нь баяр дээр баяр нэмэв. Нехемиа «найрал дууны хоёр том хэсгийг томилсон». Энэ хоёр хэсэг дуучид хэрмэн дээгүүр өөд өөдөөсөө явсаар сүмийн харалдаа уулзахад дуу нь алсад хадаж байжээ (Нех. 12:27, 28, 31, 38, 40, 43). Ехова урам зоригтойгоор магтуу дуулж буй үйлчлэгчдээ хараад баярласан нь эргэлзээгүй.

7. Шүтлэгт магтуу дуу чухал үүрэгтэй гэдгийг Есүс хэрхэн нотолсон бэ?

7 Христийн дагалдагчдын үед ч жинхэнэ шүтлэгт зориулсан дуу хөгжим үнэ цэнээ алдаагүй. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн чухал тэр нэгэн шөнө Есүс элчүүдтэйгээ хамт Эзний оройн зоог барьсныхаа дараа магтуу дуу дуулжээ (Матай 26:30-ийг уншина).

8. Бурхнаа магтан дуулах талаар Христийн эртний дагалдагчид ямар жишээ үлдээсэн бэ?

8 Христийн эртний дагалдагчид хамтдаа Ехова Бурхнаа магтан дуулах талаар сайхан жишээ үлдээсэн. Тэд сүрлэг, гоёмсог сүмд бус, голдуу жирийн айлд цугладаг байсан ч урам зоригтойгоор Бурхандаа дуугаа өргөдөг байжээ. Элч Паул итгэл нэгтнүүддээ «Еховаг зүрх сэтгэлийнхээ угаас магтаж, дуулал, магтуу, түүнд зориулсан дууг талархах сэтгэлээр дуулан нэг нэгнээ сургаж, зоригжуул» хэмээн хэлсэн (Кол. 3:16). Еховад зориулсан «дууг талархах сэтгэлээр» дуулцгаая. Учир нь дуу бол «итгэмжит, ухаалаг боолын» өгдөг «хоол ундны» нэгээхэн хэсэг юм (Мат. 24:45).

ЯАВАЛ ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ ДУУЛДАГ БОЛОХ ВЭ?

9. а) Зарим хүн цуглаан, чуулган дээр яагаад чанга, урам зоригтой дуулж чаддаггүй вэ? б) Бид цуглаан дээр яаж дуулах ёстой вэ? Хэн манлайлах хэрэгтэй вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

9 Танай гэр бүл, нутаг усныхан дуу  дуулж заншаагүй бол яах вэ? Орчин үед техник технологи хөгжсөнөөр мэргэжлийн дуучдын дуулахыг сонсох боломжтой болсон. Өөрийнхөө дуулахыг тэдэнтэй харьцуулахлаар ичих юм уу урам хугарч болох юм. Гэлээ ч бид Еховаг магтан дуулах үүргээ умартах учиргүй. Тиймээс дууныхаа номыг өөд нь бариад, тэргүүнээ өргөн цэх зогсож, урам зоригтой дуулаарай! (Езр. 3:11; Дуулал 147:1-ийг уншина). Өнөөдөр ихэнх цуглааны танхимд дууны үгийг дэлгэцээр харуулдаг болсон. Энэ нь чанга дуулахад тустай. Сонирхолтой нь, ахлагчдад зориулсан Христиан үйлчлэлийн сургууль дээр цуглааны дууг дуулдаг болсон. Үүнээс харахад ахлагчид цуглаан дээр бусдыгаа манлайлан дуулах нь чухал ажээ.

10. Чанга дуулахаас санаа зовдог бол юуг санах хэрэгтэй вэ?

10 Чанга дуулахаас санаа зовдог хүн олон байдаг. Хэтэрхий чанга дуулж байгаа байх, бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлэх вий хэмээн тэд эмээдэг. Гэхдээ ярихдаа алддаг гээд ярихаа больдог хүн байхгүй биз дээ? (Яак. 3:2). Үүнтэй адил, сайн дуулдаггүй гээд Ехова Бурхнаа магтан дуулахаас зайлсхийж болох уу?

11, 12. Яавал дуулах чадвар сайжрах вэ?

11 Яагаад дуулахаасаа санаа зовдог вэ? Хэрхэн дуулахаа мэдэхгүй байж болох юм. Гэхдээ дараах энгийн аргуудыг хэрэглэвэл дуулах чадвараа сайжруулах боломжтой. *

12 Зөв амьсгалах нь чанга дуулж сурах нэг арга юм. Тогонд залгахад чийдэн асдаг шиг зөв амьсгалахад чанга ярьж, чанга дуулдаг. Та чанга ярьж  чадна биз дээ? Тэгвэл ярьдаг шигээ чанга эсвэл бүр, түүнээс ч илүү чанга дуулаарай. * Тэгээд ч Библид чангаар «баярлан дуулахыг» Еховагийн үйлчлэгчдэд уриалсан байдаг (Дуу. 33:1–3).

13. Өөртөө итгэлтэй дуулж сурахын тулд яах хэрэгтэй вэ?

13 Гэр бүлийн хичээлээрээ юм уу ганцаараа байхдаа дараах аргыг туршиж үзээрэй. Эхлээд дууны номноос дуртай дуугаа сонгоод үгийг нь шүлэг уншиж байгаа юм шиг чанга, тод уншаарай. Дараа нь нэг мөрөнд байгаа бүх үгийг нэг амьсгаагаар чанга, тод хэлээрэй. Тэгээд түүнийгээ чанга дуулаарай (Ис. 24:14). Таны дуу илүү хүчтэй гарахыг та мэдэрнэ. Харин битгий айгаарай, битгий ичээрэй!

14. а) Амаа том ангайж дуулах нь ямар ач тустай вэ? ( «Яавал сайн дуулж сурах вэ?» гэсэн хавсралтыг үзээрэй). б) Та сайн дуулж сурахын тулд ямар зөвлөгөөг хэрэгжүүлмээр байна вэ?

14 Амаа том ангайхгүй бол чанга дуулж чадахгүй. Тиймээс дуулахдаа жирийн үед ярьдгаасаа илүү том ангайх нь сайн дуулж сурах бас нэг арга юм. Гэсэн ч чанга дуулж чадахгүй эсвэл хэтэрхий цангинаад байх шиг санагдвал яах вэ? «Дэлгэрүүлэгчийн сургуулийн ач тус» номны 184-р хуудасны хавсралтад ашигтай зөвлөгөө бий («Benefit From Theocratic Ministry School Education», page 184, in the box “Overcoming Specific Problems”).

 

ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ МАГТАН ДУУЛАХ НЬ

15. а) 2016 оны жил тутмын уулзалт дээр юуны тухай зарласан бэ? б) Яагаад дууны номыг шинэчилсэн бэ?

15 Библи, Танилцуулгын Харуулын Цамхаг Нийгэмлэгийн 2016 оны жил тутмын уулзалт дээр Удирдах Зөвлөлийн  гишүүн Стивен Летт ах «Еховадаа баяр хөөртэй дуулъя» гэсэн нэртэй дууны ном шинээр гарсныг зарласан нь үнэхээр сэтгэл догдлуулам явдал байлаа. Дууны номыг шинэчлэх болсон нэг шалтгаан нь «Ариун Судрын Шинэ ертөнц орчуулга» шинэчлэгдсэнтэй холбоотойг Летт ах тайлбарласан. 2013 оны шинэчлэгдсэн «Шинэ ертөнц орчуулга»-аас зарим үг хэллэгийг хассан тул дууны үгийг ч өөрчлөх шаардлагатай болсон юм. Мөн дэлгэрүүлэх ажил, золиосын тухай шинэ дуунууд нэмэгдэж орсон. Түүнээс гадна дуу нь шүтлэгийн салшгүй хэсэг учраас Удирдах Зөвлөл дууны номны чанарыг их анхаарсан. Ингэснээр дууны шинэ ном «Шинэ ертөнц орчуулга»-тай адил сайн чанарын хавтастай болсон.

16, 17. Шинээр гарсан дууны номонд ямар өөрчлөлт оруулсан бэ?

16 «Еховадаа баяр хөөртэй дуулъя» гэсэн дууны номыг ашиглахад хялбарыг бодоод дуунуудыг сэдэв сэдвээр нь эмхэтгэсэн товьёг оруулсан. Жишээлбэл, эхний 12 дуу нь Ехова Бурхны тухай, дараагийн 8 дуу нь Есүс болон золиосын тухай гэх мэт. Илтгэлд тохирох дууг сонгоход энэхүү сэдэвчилсэн товьёг тустай.

17 Сэтгэл зүрхнийхээ угаас дуулахад нь итгэл нэгтнүүддээ туслахын тулд зарим дууны үгийг өөрчилж утга санааг нь тодруулсан. Мөн нийтээрээ хэрэглэхээ больсон үг хэллэгийг хассан. Жишээлбэл англи хэлээрх дууны номонд байсан «Зүрхээ хамгаал» гэдэг дууны нэрийг «Бид зүрхээ хамгаалдаг» болгож өөрчилсөн. Яагаад? Цуглаан, чуулганд шинээр ирсэн хүмүүс, сонирхогчид, охид хөвгүүд, эмэгтэйчүүд энэ дууг дуулахаараа бусдад юү хийхийг нь зааж сургаад байгаа юм шиг эвгүй санагддаг байжээ. Тийм учраас дууны нэр болон үгийг өөрчилсөн.

Гэр бүлийн хичээлээрээ дуугаа давтацгаая (18-р догол мөрийг үзээрэй)

18. Яагаад дуугаа чээжлэх хэрэгтэй вэ? (Зүүлт үзнэ үү).

18 «Еховадаа баяр хөөртэй дуулъя» хэмээх дууны номны ихэнх дуу залбирал маягаар бичигдсэн. Тиймээс эдгээр дуугаар Еховад сэтгэлээ уудлах боломжтой. Зарим дууг дуулахад «сайн юм хийдэг, хайрладаг болох» хүсэл төрнө (Евр. 10:24). Тиймээс дуугаа үг, аятай нь чээжилцгээе. Үүний тулд jw.org саитад тавигдсан найрал дууны бичлэгийг сонсоод, дагаж дуулаарай. Ийнхүү дасгал хийвэл өөртөө итгэлтэй, чин сэтгэлээсээ дуулдаг болно. *

19. Ехова Бурхнаа хамт шүтэх ямар арга байдаг вэ?

19 Дуу бол шүтлэгийн маань салшгүй хэсэг бөгөөд Еховад хайртайгаа баталж, талархлаа илэрхийлэх нэг чухал арга гэдгийг санаж яваарай (Исаиа 12:5-ыг уншина). Та чангаар, баяр хөөртэй дуулбал бусад хүн таныг дуурайн итгэлтэй дуулна. Ийнхүү залуучууд, настан буурлууд болон үнэнийг сонирхогчид бүгдээрээ дуу хоолойгоо нийлүүлэн Еховагаа хамт шүтэх боломжтой. Тиймд дуулахаас бүү ичээрэй. Харин «ЭЗЭНд дуулагтун» хэмээн дуулалчийн хэлснийг дагаарай. Бүгдээрээ баяр хөөртэй дуулцгаая! (Дуу. 96:1).

^ д/м 11 Дуулах чадвараа сайжруулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл JW телевизийн 2014 оны 12 дугаар сарын дугаарыг үзээрэй (видео гэсэн хэсгийн FROM OUR STUDIO-д орно уу, (англи)).

^ д/м 12 «Дэлгэрүүлэгчийн сургуулийн ач тус» номны (англи) 181–184-р хуудсан дахь «Зөв амьсгалж сурах нь» («Properly Control Your Air Supply») гэсэн дэд гарчигт буй зөвлөмжийг үзнэ үү («Benefit From Theocratic Ministry School Education»).

^ д/м 18 Чуулганы үдээс өмнөх ба үдээс хойших хөтөлбөрийн эхэнд найрал хөгжим 10 минут эгшиглэдэг. Энэ нь урам зоригтой дуулах хүслийг бадраадаг. Мөн чуулганы хөтөлбөрт хамаг анхаарлаа хандуулахад тусалдаг. Тиймээс бүгдээрээ суудлаа эзлээд найрал хөгжмөө чих тавин сонсоцгооё.