Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2017 оны 10 сар 

«Үнэхээр хайрладгаа үйл хэргээрээ харуул»

«Үнэхээр хайрладгаа үйл хэргээрээ харуул»

«Хайрладаг гэж яриад байх биш, үнэхээр хайрладгаа үйл хэргээрээ харуул» (1 ЁОХ. 3:18).

ДУУ: 3, 50

1. Хайр хайрын дотроос хамгийн агуу нь юү вэ? Яагаад? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

ЕХОВА бол хайрын Эх булаг мөн (1 Ёох. 4:7). Хайр хайрын дотроос хамгийн агуу нь Библийн зарчимд үндэслэдэг хайр юм. Ийм хайрыг агапи гэдэг. Үүнд элгэмсэг дотно, өрөвч нинжин сэтгэл ч багтдаг, амин хувиа хичээлгүй бусдын төлөө гэсэн сайн үйлс ч ордог. Нэгэн номонд бичсэнээр агапи хайранд хөтлөгдсөн хүн «өөрийн эрхгүй сайн үйлс хийдэг». Ийм хайраар хайрлаж, хайрлуулбал баяр баясгалантай, утга учиртай амьдарна.

2, 3. Ехова хувиа бодолгүй хүн төрөлхтнийг хайрладгийг юу баталдаг вэ?

2 Ехова хайрандаа хөтлөгдөн Адам Ева хоёрыг бүтээсэн. Тэрээр дэлхийг хүмүүсийн мөнхийн гэр байхаар бүтээжээ. Мөн амьдралын баяр баясгаланг эдлэх бүх нөхцөлийг бүрдүүлсэн. Ехова өөрийнхөө бус, харин хүний төлөө энэ бүхнийг хийсэн. Дараа нь хүмүүсийг бүтээж диваажин дэлхийд мөнх амьдрах ирээдүй бэлэглэжээ.

3 Ехова хувиа боддоггүй. Харин ч хүн төрөлхтнийг маш их хайрладгийг хожим болсон үйл явдал баталдаг.  Хэдийгээр Адам Ева хоёр тэрсэлсэн ч ирээдүйд төрөх үр удмынх нь дотроос Бурхныг хайрлах хүн гарах байлаа. Ехова үүнийг мэдэж байсан учраас золиосын арга хэмжээ авсан (Эх. 3:15; 1 Ёох. 4:10). Ирээдүйд Аврагчийг илгээнэ гэж амласан тэр мөчөөсөө л золиосыг хэдийнээ төлсөн гэж үзэх болжээ. Түүнээс хойш 4 000 жилийн дараа цорын ганц Хүүгээ хүн төрөлхтний төлөө өгсөн (Ёох. 3:16). Амин хувиа хичээлгүй биднийг хайрладаг Еховадаа талархаад баршгүй!

4. Төгс бус хүн хувиа бодолгүй бусдыг хайрлаж чаддагийг батлах жишээ хэлнэ үү.

4 Хүн Бурхны дүр төрхийн дагуу бүтээгдсэн учраас хувиа бодолгүй бусдыг хайрлаж чадна. Төрөлхийн нүгэл маань саад болдог ч ийнхүү хайрлах боломжтой. Абел хамгийн сайныгаа харамлалгүй тахил болгон өргөснөөрөө Бурхныг хайрладгаа харуулсан (Эх. 4:3, 4). Ноа ч бас хувиа бодолгүй бусдыг хайрладгаа баталжээ. Хүмүүс сонсохгүй байсан ч тэрээр Бурхны мэдээг олон жил тунхагласан (2 Петр 2:5). Абрахам хайртай хүү Исаакаа тахил болгоход бэлэн байснаараа Бурхныг хэнээс ч илүү хайрладгаа баталсан (Яак. 2:21). Бид эдгээр үнэнч хүнийг дуурайж, ямар ч бэрхшээлийг үл тоон бусдыг хайрлахыг хүсдэг.

ЖИНХЭНЭ БА ХУУРАМЧ ХАЙР

5. Бусдыг жинхэнэ ёсоор хайрлах ямар арга байдаг вэ?

5 «Хайрладаг гэж яриад байх биш, үнэхээр хайрладгаа үйл хэргээрээ харуул» гэж Библид бичжээ (1 Ёох. 3:18). Хайртай гэж хэлэх нь хайрладгийн шинж биш гэсэн үг үү? Үгүй, тийм биш! (1 Тес. 4:18). Хайраа зөвхөн үгээр илэрхийлээд болчихгүй, харин шаардлагатай үед үйлсээрээ батлах ёстой гэсэн үг юм. Жишээлбэл наад захын хэрэгцээтэй зүйлээр гачигдаж буй итгэл нэгтэндээ сайн сайхныг хүсэх нь хангалтгүй (Яак. 2:15, 16). Үүнтэй адил, Еховаг болон хөршөө хайрладаг бол ургац хураах ажилчдыг илгээгээч гэж залбираад зогсохгүй, дэлгэрүүлэх ажилд байнга идэвхтэй оролцоно (Мат. 9:38).

6, 7. а) «Хоёр нүүр гаргалгүй хайрлах» гэж яахыг хэлдэг вэ? б) Хуурамч хайр гэж юу болохыг харуулах жишээ хэлнэ үү.

6 «Үнэхээр хайрладгаа үйл хэргээрээ харуул» гэж элч Ёохан бичжээ. Тэгэхээр «хоёр нүүр гаргалгүй хайрлах» ёстой байх нь ээ (Ром 12:9; 2 Кор. 6:6). Жинхэнэ ёсоор, чин сэтгэлээсээ хайрладаггүй мөртлөө тэгж хайрлаж байгаа юм шиг дүр үзүүлэх боломжгүй гэсэн үг. «Хоёр нүүр гаргаж хайрлана гэж байх уу?» гэж та асуух байх. Тийм хайр бол жинхэнэ биш, үнэ цэнгүй хуурамч хайр юм.

7 Хуурамч хайр гэж юу болохыг харуулсан хэдэн жишээ үзье. Еден цэцэрлэгт Сатан Еватай ярьдаг. Хэлсэн үг нь Евагийн сайн сайхны төлөө мэт байлаа. Гэвч Сатан үнэндээ хувиа л бодож байжээ (Эх. 3:4, 5). Ахитофел Давид хааны хуурамч нөхөр байсан нь хожим батлагдсан. Тэрээр ашиг хараад андаасаа урважээ (2 Сам. 15:31). Өнөө үед хурлыг хагалан бутаргадаг тэрслэгчид гэх мэтийн хүмүүс бий. Тэд бусдыг «уран гоё үгээр зусардаж» санаа тавьж буй мэт дүр үзүүлдэг ч үнэн чанартаа хувиа л боддог (Ром 16:17, 18).

8. Өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?

8 Хүмүүсийг хайрлаж байгаа мэт дүр үзүүлж хуурамч зан гаргах нь хамгийн шившигтэй явдал мөн. Бид хүнийг хуурч чадах ч, Еховаг хуурч чадахгүй. Хоёр нүүр гаргагчдыг хатуу шийтгэнэ  гэж Есүс хэлсэн (Мат. 24:51). Еховагийн үйлчлэгчид бусдыг хайрлахдаа хоёр нүүр гаргахыг хэзээ ч хүсэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ хүн бүр өөрөөсөө «Би бусдыг хэзээ ямагт үнэн сэтгэлээсээ хайрладаг уу эсвэл хувиа бодож хуурамч зан гаргадаг уу?» гэж асуух нь зүйтэй. «Хоёр нүүр гаргалгүй хайрлах» есөн аргыг авч үзье.

«ҮНЭХЭЭР ХАЙРЛАДГАА ҮЙЛ ХЭРГЭЭРЭЭ ХАРУУЛ»

9. Ах дүүгээ жинхэнэ ёсоор хайрладаг хүн ямар байдаг вэ?

9 Хийж буй зүйлийг тань хэн ч хараагүй байлаа ч жаргалтай үйлчил. Бид бусдыг гэсэн хайрандаа хөтлөгдөн сайн юм хийе гэвэл хэнд ч мэдэгдэлгүй хийх хэрэгтэй (Матай 6:1–4-ийг уншина). Ананиа Сапфир хоёр ингэж чадаагүй. Хандив өргөж байгааг маань мэдээсэй гэсэн хүсэлдээ автан илүү ихийг өргөсөн гэж худал хэлсэн. Ийнхүү хоёр нүүр гаргаснаасаа болоод шийтгүүлжээ (Үйлс 5:1–10). Ах дүүгээ жинхэнэ ёсоор хайрладаг хүн хэнд ч мэдэгдэлгүйгээр сайн юм хийдэг. Үүндээ ч баяртай байдаг. Жишээлбэл Удирдах Зөвлөлийн ажилд тусалдаг ах дүү нар бусдын анхаарлыг өөртөө хандуулдаггүй, юу хийдгээ хэлдэггүй.

10. Бусдыг хүндэлдэг хүн ямар байдаг вэ?

10 Бусдыг хүндэл (Ром 12:10-ыг уншина). Есүс хамгийн муу гэгддэг ажлыг хийж хүнийг хүндэлдгээ харуулсан (Ёох. 13:3–5, 12–15). Есүс шиг даруу байн бусдад үйлчлэхийн тулд ихээхэн хүчин зүтгэл гаргах хэрэгтэй болж мэдэх юм. Үүнийг элчүүд хүртэл ойлгоогүй байсан. Харин Бурхны агуу хүчийг авсныхаа дараа л ойлгожээ (Ёох. 13:7). Эрдэм мэдлэг, эд хөрөнгө, Еховагаас авсан тусгай үүргээ их юманд боддоггүй хүн бусдыг хүндэлж чаддаг (Ром 12:3). Бас магтаал хүртэж буй хүнд атаархдаггүй. Би ч гэсэн магтаал хүртэх эрхтэй гэж бодсон ч тэр хүнтэй хамт баярладаг.

11. Яагаад чин сэтгэлээсээ магтах ёстой вэ?

11 Итгэл нэгтнүүдээ чин сэтгэлээсээ магт. Бусдыгаа магтах боломж бүрийг хайж байгаарай. Яагаад гэвэл магтаал нь «дэм болох сайн юм» гэдгийг бид бүгдээрээ мэднэ (Эф. 4:29). Гэхдээ чин сэтгэлээсээ магтах хэрэгтэй. Худлаа магтвал бялдуучилсан хэрэг болно. Эсвэл алдаагаа засахад нь туслахгүй байна гэсэн үг (Сур. 29:5). Хүнийг нүүрэн дээр нь магтчихаад, байхгүйд нь муулаад байвал хоёр нүүр гаргаж буй хэрэг болно. Элч Паул ийм урхинаас хол байжээ. Тэрээр бусдыг жинхэнэ ёсоор хайрладаг учраас үнэн сэтгэлээсээ магтдаг байв. Жишээ нь Коринт дахь дагалдагчдыг биеэ зөв авч явсан гэж магтжээ (1 Кор. 11:2). Харин алдаа гаргасан үед нь зөвлөгөө өгөхдөө эелдэг зөөлөн хэр нь тодорхой хэлж ойлгуулдаг байсан (1 Кор. 11:2, 20–22).

Ах дүүгээ хайрлаж, зочломтгой байх нэг арга бол хэрэгцээтэй юмыг нь өгөх явдал юм (12-р догол мөрийг үзээрэй)

12. Ах дүүгээ жинхэнэ ёсоор хайрладаг хүн зочломтгой бай гэсэн тушаалыг хэрхэн биелүүлдэг вэ?

12 Зочломтгой бай. Ах дүүдээ өгөөмөр сэтгэл гарга гэж Ехова бидэнд тушаасан (1 Ёохан 3:17-г уншина). Энэ тушаалыг биелүүлэхдээ хувиа бодож болохгүй. «Би гол төлөв дотны найзуудаа, чухал гэж үздэг хүнээ, хариу барьж чадах хүмүүсийг л гэртээ урьдаг уу? Эсвэл сайн таньдаггүй юм уу хариу барьж чадахгүй хүнд өгөөмөр сэтгэл гаргахыг хичээдэг үү?» гэж өөрөөсөө асууцгаая (Лук 14:12–14). Итгэл нэгтэн маань сайтар төлөвлөөгүйн улмаас юм юмаар дутагдаад танаас  тусламж гуйвал яах вэ? Эсвэл уригдсан хүн талархлаа илэрхийлээгүй бол яах вэ? «Зовлон тоочилгүй бие биедээ зочломтгой бай» гэсэн зөвлөгөөг даган зөв сэтгэлээр өгдөг байх хэрэгтэй (1 Петр 4:9). Тэгдэг бол өгөхийн жаргал эдэлнэ (Үйлс 20:35).

13. а) Ямар хүнийг тэвчих хэрэгтэй болдог вэ? б) Сул дорой хүмүүст хэрхэн туслах вэ?

13 Сул дорой хүмүүст тусал. «Сул дорой хүмүүст тусалж, бүх хүнд тэвчээртэй ханд» хэмээсэн Библийн тушаалыг дагадаг уу гэдгээр бусдыг жинхэнэ ёсоор хайрладаг эсэхээ мэдэж болно (1 Тес. 5:14). Сул дорой олон хүн хожим нь бат итгэлтэй болдог. Гэтэл хүлцэн тэвчиж, байнга туслахаас өөр аргагүй ах дүү нар бас байдаг. Хэрхэн туслах вэ? Библид байдаг урам сэргээм зүйлийг ярьж өгч, хамт дэлгэрүүлж болно. Эсвэл цаг зав гаргаад яриаг нь сонсож болно. Итгэл нэгтнээ «хүчтэй», «сул дорой» гэж дүгнэхийн оронд хүн бүрд сайн, муу тал байдгийг ойлгох хэрэгтэй. Элч Паул хүртэл хүчин мөхөс гэдгээ хүлээн зөвшөөрсөн шүү дээ (2 Кор. 12:9, 10). Бид бүгдэд тусламж хэрэгтэй.

14. Итгэл нэгтэнтэйгээ эвтэй байхын тулд яах хэрэгтэй вэ?

14 Эвтэй бай. Ах дүү маань биднийг буруу ойлгосон эсвэл бидэнд шударга бус хандсан юм шиг санагдлаа ч тэдэнтэйгээ эвтэй байхын тулд чадах бүхнээ хийх учиртай (Ром 12:17, 18-ыг уншина). Нэгнийхээ сэтгэлийг шархлуулсан бол чин сэтгэлээсээ уучлалт гуйх хэрэгтэй. Жишээ нь зүгээр л уучлаарай гэхийн оронд алдаагаа хүлээн зөвшөөрч «Буруу юм хэлээд гомдоосонд уучлаарай» гэж хэлэх нь сайн. Ялангуяа гэр бүлийн хоёр эвтэй байх нь маш чухал. Хүмүүсийн дэргэд бие биеэ хайрладаг дүр үзүүлчихээд, хоёулхнаа байхдаа дуугаа хураах, хатуу ширүүн үг хэлэх, тэр байтугай гар хүрэх зэргээр нэгнийхээ сэтгэлийг шархлуулах ёсгүй.

15. Чин сэтгэлээсээ уучилдаг хүн ямар байдаг вэ?

15 Уучил. Заримдаа итгэл нэгтэн маань биднийг гомдоодог. Үүнийгээ ч мэдээгүй байдаг. Гэлээ ч тэр хүнийг уучилж, гомдохоо болих хэрэгтэй. «Бие биеэ хайрлан уужуу ухаантай байж», «амар тайвныг эрхэмлэн, Бурхны агуу хүчээр удирдуулж, эв нэгдэлтэй явахыг чин сэтгэлээсээ хичээдэг» бол уучилж чадна (Эф. 4:2, 3). Чин сэтгэлээсээ уучлахын тулд тэр хүний хийсэн хэргийг бодоод байх хэрэггүй. «Хайрладаг хүн ... гомдож явдаггүй» гэж Библид байдаг (1 Кор. 13:4, 5). Хэрэв гомдлоо хадгалж, өш хонзон санаад байвал тэр хүнээс төдийгүй Еховагаас харьцаагаа таслах аюултай (Мат. 6:14, 15). Бидний эсрэг нүгэл үйлдсэн хүний төлөө  залбирах нь чин сэтгэлээсээ уучилж байгаагийн бас нэг илрэл юм (Лук 6:27, 28).

16. Тусгай үүрэг даалгавар авсан бол юу гэж бодох хэрэгтэй вэ?

16 Бусдын ашиг сонирхлыг хар. Тусгай үүрэг даалгавар авсан бол яах хэрэгтэй вэ? Бусдыг жинхэнэ ёсоор хайрладгаа харуулах боломж олдлоо гэж үзээд «өөрийнхөө бус, бусдын ашиг сонирхлыг харах» нь зүйтэй (1 Кор. 10:24). Жишээ нь чуулганы үеэр зохицуулагчаар ажиллах хүмүүс бусдаас түрүүлж танхимд ордог. Тэд өөртөө болон гэрийнхэндээ хамгийн сайн суудал авах боломж олдлоо гэж бодохын оронд хариуцсан хэсгийнхээ аль таарсан суудалд суудаг. Ийнхүү өөрийнхөө эрх ашгийг хойш нь тавьдаг бол хувиа хичээлгүй бусдыг хайрлаж байна гэсэн үг. Та тэднийг дуураймаар байна уу?

17. Бусдыг жинхэнэ ёсоор хайрладаг хүн ноцтой нүгэл үйлдлээ гэхэд яах вэ?

17 Нүглээ илчилж, дахин үйлдэхээ боль. Зарим Гэрч ноцтой нүгэл үйлдчихээд ичгэвтэр байдалд орохгүй эсвэл бусдын сэтгэлийг зовоохгүй гэсэндээ нүглээ нуухыг оролддог (Сур. 28:13). Гэвч нүглээ нуух нь хайрлах сэтгэлгүйн шинж юм. Яагаад гэвэл ийм үйлдлээс болоод Ехова агуу хүчээрээ ивээхээ больж, хурлын эв нэгдэлд аюул учирдаг. Үүний гайгаар нүгэл үйлдсэн хүн ч, бусад хүн ч зовдог (Эф. 4:30). Тиймээс бусдыг жинхэнэ ёсоор хайрладаг хүн ноцтой нүглээ ахлагчдад илчилнэ. Ахлагчид түүнд шаардлагатай тусламжийг үзүүлнэ (Яак. 5:14, 15).

18. Жинхэнэ хайр хэр чухал бэ?

18 Хайр бол бусад бүх зан чанараас хамгийн агуу нь юм (1 Кор. 13:13). Хайрын Эх булаг Еховаг болон Есүсийг дуурайдаг хүн бусдыг хайрладаг (Эф. 5:1, 2). «Хайрлах сэтгэлгүй бол юу ч биш» гэж Паул бичжээ (1 Кор. 13:2). Тиймд «хайрладаг гэж яриад байх биш, үнэхээр хайрладгаа үйл хэргээрээ харуулж» явцгаая.