Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2017 оны 10 сар 

Тэрэг болон титэм биднийг хамгаална

Тэрэг болон титэм биднийг хамгаална

«Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНийг бүрэн төгс дуулгавартай дагавал энэ нь бүтэх болно» (ЗЕХ. 6:15).

ДУУ: 17, 136

1, 2. Зехариаг 7 дахь үзэгдлээ үзэж байх үед Иерусалимын иудейчүүд ямар байдалтай байсан бэ?

ДОЛОО дахь үзэгдлийг үзсэнээс хойш Зехариад бодох зүйл их гарав. Ехова муу юм хийдэг үнэнч бус хүмүүстэй хариуцлага тооцно гэдгээ батлан хэлсэн. Үүнийг сонсоод Зехариагийн сэтгэл уужирсан нь эргэлзээгүй. Гэвч юу ч өөрчлөгдсөнгүй. Үнэнч бус хүмүүс байсаар, бузар муу юмаа хийсээр байв. Еховагийн сүмийг сэргээн барих ажил дуусах яагаа ч үгүй! Гэтэл иудейчүүд яагаад энэ ажлаа хийхээ больчихов? Амьдралаа сайжруулах л гэж Иерусалимд ирсэн хэрэг үү?

2 Иерусалимд эргэж ирсэн иудейчүүд Еховаг шүтдэг хүмүүс гэдгийг Зехариа мэдэж байв. Ехова зүрх сэтгэлийг нь хөдөлгөсөн тул тэд Вавилонд байсан гэр орон, ажил төрлөө орхиод иржээ (Езр. 1:2, 3, 5). Ихэнх нь хэзээ ч очиж үзээгүй газар оронд амьдрахын тулд төрж өссөн нутгаа орхиж гарсан хүмүүс байлаа. Еховагийн сүмийг сэргээн барих ажил чухал биш байсан бол тэд бартаа ихтэй газраар 1 600 километр замыг туулах байсан гэж үү?

3, 4. Иерусалимд ирсэн иудейчүүдэд ямар ямар саад бэрхшээл тулгарсан бэ?

 3 Вавилоноос Иерусалим хүрэх аян зам ямар байсныг төсөөл дөө. Иудейчүүд очих газрынхаа тухай аяллын туршид бодож явсан байх. Иерусалим цагтаа хэчнээн үзэсгэлэнтэй хот байсныг, сүм нь ямар сүрлэг байсныг хамт яваа настайчууд дурсаж байсан нь лавтай (Езр. 3:12). Та тэдэнтэй цуг аялсан бол Иерусалимыг анх хараад яах байсан бол оо? Зэрлэгт баригдчихсан эвдэрхий балгасыг хараад гуньж гутарч магадгүй. Хаалга, цамхгууд байсныг илтгэх ором бүхий Иерусалимын нурсан хэрмийг Вавилоны нүсэр бөгөөд давхар хэрэмтэй харьцуулж болох юм. Гэлээ ч иудейчүүдийн зориг мохоогүй. Учир нь хүнд хэцүү, урт аян замынх нь туршид Ехова хэрхэн тусалж, хамгаалсныг тэд үзсэн. Ирсэн даруйдаа сүмийн туурин дээр тахилын ширээ босгож, Еховад өдөр бүр тахил өргөдөг болжээ (Езр. 3:1, 2). Урам зоригтой байсан иудейчүүдэд юу ч саад болохооргүй байв.

4 Тэд сүмээс гадна хотуудаа сэргээн барьж босгох ёстой. Амь зуухын тулд байшин барьж, тариа ногоо тарих шаардлагатай (Езр. 2:70). Барагдашгүй их ажил хүлээж байлаа. Тэгтэл яах ийхийн зуургүй маш ширүүн эсэргүүцэл тулгарав! Израйлчууд эхэндээ зоригтой байсан боловч дайснууд 15 жил эсэргүүцсэн тул аажимдаа зориг нь мохжээ (Езр. 4:1–4). МЭӨ 522 онд Персийн хаан Иерусалимыг сэргээн босгох ажлыг зогсоох зарлиг гаргасан нь нэрмээс болов. Энэ хотын ирээдүй бүрхэг байлаа (Езр. 4:21–24).

5. Ехова ард түмэндээ хэрхэн тусалсан бэ?

5 Ард түмэндээ сэтгэлийн тэнхээ өгч, урам зоригийг нь сэргээх хэрэгтэйгээ Ехова мэдэж байлаа. Тэрээр Зехариад сүүлчийн үзэгдлийг үзүүлсэн. Ийнхүү, ард түмнээ хайрладаг бөгөөд өнөөг хүртэл хийсэн бүгдийг нь өндөр үнэлдгээ баталжээ. Бас даалгасан ажлыг нь хийхээр ирвэл хамгаална гэсэн баталгаа өгсөн. Сүмийг сэргээн барихтай холбогдуулан «Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНийг бүрэн төгс дуулгавартай дагавал энэ нь бүтэх болно» гэж тэдэнд амлажээ (Зех. 6:15).

ТЭНГЭРИЙН ЭЛЧҮҮДЭЭС БҮРДСЭН АРМИ

6. а) Зехариагийн үзсэн 8 дахь үзэгдэл яаж эхэлдэг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй). б) Морьд яагаад өөр өөр зүсмийнх байсан бэ?

6 Бат итгэлтэй болоход Зехариагийн үзсэн найман үзэгдлийн сүүлчийнх нь илүү их нөлөөлөх биз ээ (Зехариа 6:1–3-ыг уншина). Зехариа юу үзсэнийг төсөөл дөө. Зэсэн «хоёр уулын хоорондоос дөрвөн тэрэг урагш гарч ирсэн». * Дайтахад зориулсан бололтой. Тэрэгний морьд өөр өөр зүсмийнх тул ялгаран харагдаж байлаа. «Эдгээр нь юу вэ?» гэж Зехариа асуув (Зех. 6:4). Энэ үзэгдэл бидэнд ч хамаатай.

Ехова одоо ч ард түмнээ тэнгэрийн элчүүдээрээ хамгаалуулж, зоригжуулдаг

7, 8. а) Хоёр уулаар юуг бэлгэддэг вэ? б) Хоёр уулыг яагаад зэс гэсэн бэ?

7 Библид засгийн газруудыг уулаар дүрсэлдэг. Зехариагийн үзэгдэлд гардаг уулс нь Даниелын зөгнөлд гардаг хоёр уултай төстэй. Нэг уул нь орчлонт ертөнцийг үүрд мөнх захирах Еховагийн засаглал, нөгөө уул нь Есүс тэргүүтэй Мессиагийн Хаант төр юм (Дан. 2:35, 45). Есүс 1914 оны намар хаан ширээнд заларсан. Тэр  цагаас хойш Бурхны санаа зорилгыг биелүүлэхэд энэ хоёр уул онцгой үүрэг гүйцэтгэх болжээ.

8 Хоёр уулыг яагаад зэс гэсэн юм бол? Зэс нь алттай адил үнэтэй метал юм. Ехова мөргөлийн асрыг, хожим нь Иерусалимын сүмийг барихад энэ өнгөт төмөрлөгийг ашиглаарай гэсэн зааврыг израйлчуудад өгч байсан (Ег. 27:1–3; Х.дээд 7:13–16). * Тэгэхээр Еховагийн эрх мэдэл хэмжээлшгүй бөгөөд Мессиагийн Хаант төр бусадтай харьцуулшгүй давуу гэдгийг харуулахын тулд бэлгэдлийн хоёр уулыг зэс гэжээ. Мессиагийн Хаант төрийн үед хүн төрөлхтөн айх аюулгүй амьдарч, арвин ивээл хүртэнэ.

9. Тэрэгний эзэд хэн бэ? Тэд ямар даалгавар авсан бэ?

9 Одоо тэрэгнүүдийн тухай ярилцъя. Тэрэгний эзэд нь тэнгэрийн элчүүд юм. Тэнгэрийн элчүүд бүлэг бүлгээрээ байгаа бололтой (Зехариа 6:5–8-ыг уншина). Тэд «бүх л дэлхийн Эзэн»-ээс авсан тусгай даалгавраа биелүүлэхээр гарч явсан. Ямар даалгавар авсан бэ? Еховагийн ард түмнийг хамгаалахаар тусгай газруудад томилогджээ. Ялангуяа «умардын орон» Вавилоноос хамгаална. Ард түмэн нь Вавилонд дахин боолчлогдохгүйг Ехова энэ үзэгдлээр баталсан. Сүмийг сэргээн барихаар ирсэн израйлчууд ямар их тайвширсан бол оо! Дайснууд ажлыг нь зогсоож чадахгүйг тэд мэдэж авчээ.

10. Бид Зехариагийн үзэгдлээс юу ойлгодог вэ?

10 Ехова орчин үед ч ард түмнээ тэнгэрийн элчүүдээрээ хамгаалуулж, зоригжуулдаг (Мал. 3:6; Евр. 1:7, 14). Бэлгэдлийн Израйл агуу Вавилоноос 1919 онд чөлөөлөгдсөн. Тэр цагаас эхлэн жинхэнэ шүтлэг ямар ч эсэргүүцлийг даван улам бүр түгэн дэлгэрсээр байна (Илч. 18:4). Еховагийн байгууллага хуурамч шашны эрхшээлд дахин орох вий гэж айх хэрэг бидэнд байхгүй. Яагаад гэвэл тэнгэрийн элчүүд хамгаалдаг (Дуу. 34:7). Бид Бурхнаа баяр хөөртэй, идэвх зүтгэлтэй шүтсээр байх болно. Хоёр уулын дунд байх аваас юунаас ч айх хэрэггүйгээ бид Зехариагийн үзэгдлээс ойлгодог.

11. Бидэн рүү дайрах үед яагаад айх хэрэггүй вэ?

11 Тун удахгүй Сатаны ертөнцийн улс төрийн хүчнүүд эвсэн нэгдэж Бурхны ард түмнийг устгахаар санаархана (Езе. 38:2, 10–12; Дан. 11:40, 44, 45; Илч. 19:19). Езекиелийн зөгнөлд тэднийг морьтон цэргүүд хэмээн дүрсэлдэг бөгөөд дэлхийг үүл адил бүрхэх ажээ. Тэд Бурхны ард түмэн рүү уур хилэнтэйгээр дайрна (Езе. 38:15, 16). * Тэднээс айх хэрэг байна уу? Айх хэрэггүй! Бидний талд Еховагийн арми байгаа. Еховагийн цэргүүд буюу тэнгэрийн элчүүд агуу их гай гамшгийн эгзэгтэй үед ирж Бурхны ард түмнийг хамгаалахын зэрэгцээ эрх мэдлийг нь эсэргүүцдэг бүхнийг устгана (2 Тес. 1:7, 8). Ямар агуу өдөр байх бол оо! Тэгвэл  Еховагийн тэнгэрийн цэргүүдийг хэн удирдах вэ?

ЕХОВА ТИТЭМ ӨМСГӨНӨ

12, 13. а) Зехариа Еховагаас ямар даалгавар авсан бэ? б) Нахиа гэдэг хүн нь Есүс Христ гэж хэлж болохын учир юу вэ?

12 Зехариа ганцаараа тэр найман үзэгдлийг үзжээ. Одоо тэрээр Бурхны сүмийг сэргээн барьж буй хүмүүсийн урмыг бадраахын тулд бэлгэдлийн утгатай нэг зүйл хийх ёстой болов (Зехариа 6:9–12-ыг уншина). Тэр нь юү вэ? Вавилоноос ирээд удаагүй байгаа Хелдаи Тобиа Иедаиа гурвын авчирсан алт, мөнгөөр сүрлэг титэм урлах даалгавар байлаа (Зех. 6:11). Урласан титмийг Иудагийн овгоос гаралтай, Давидын удмын Зеруббабел гэдэг захирагчид өмсгөх ёстой байсан уу? Үгүй. Еховагийн тушаасны дагуу, тэргүүн тахилч Иошуад өмсгөжээ. Үүнийг харсан хүмүүс гайхсан нь лавтай.

13 Тэгвэл тэргүүн тахилч Иошуа, хаан болох юм уу? Үгүй. Иошуа Давидын удмынх биш учраас хаан болох эрхгүй байв. Түүнд титэм өмсгөсөн нь бэлгэдлийн утгатай бөгөөд ирээдүйд мөнхийн хаан, тахилч болох Нэгэнтэй холбоотой. Түүнийг «Мөчир» буюу Нахиа гэдэг. Тэр нь Есүс Христ гэж Сударт тодорхой бичсэн байдаг (Ис. 11:1; Мат. 2:23, зүүлт).

14. Хаан бөгөөд Тэргүүн тахилч Есүс юу хийж байгаа вэ?

14 Хаан бөгөөд Тэргүүн тахилч Есүс, Еховагийн тэнгэрийн цэргүүдийг удирддаг. Тэрээр Бурхны үйлчлэгчдийг хүчирхийллээр дүүрсэн ертөнцөд аюулгүй амьдруулахын тулд хичээнгүйлэн ажиллаж байгаа (Иер. 23:5, 6). Нахиа буюу Есүс ойрын ирээдүйд үндэстнүүдтэй тулалдаж ялна. Үүний зэрэгцээ Бурхны хэмжээгүй эрх мэдлийг дэмжиж, ард түмнийг нь хамгаална (Илч. 17:12–14; 19:11, 14, 15). Харин үүнээс өмнө нэгэн агуу ажлыг хийнэ.

СҮМ БАРИНА

15, 16. а) Цэвэршүүлэх ямар ажил орчин үед өрнөж байна вэ? Хэн энэ ажлыг хийж байгаа вэ? б) Христийн Мянган жилийн засаглалын эцэст юу болох вэ?

15 Ехова Есүсийг Хаан, Тэргүүн тахилч болгосноос гадна «ЭЗЭНий сүмийг барих» ажлыг түүнд даалгасан (Зехариа 6:13-ыг уншина). Есүс 1919 онд Бурхны жинхэнэ үйлчлэгчдийг Агуу Вавилоноос чөлөөлж, хурлыг цэвэрлэсэн нь сүм барих ажлын нэг хэсэг байв. Бас бэлгэдлийн сүмийн дэлхий дэх хашаанд өрнөж буй ажлыг удирдах «итгэмжит, ухаалаг боолыг» томилсон (Мат. 24:45). Түүнээс гадна Бурхны ард түмнийг цэвэршүүлж, шүтлэгээ цэвэр ариун байлгахад нь тусалж байна (Мал. 3:1–3).

16 Христ 144 000 хаан, тахилчтай хамт 1 000 жил төр барихдаа үнэнч хүмүүсийг төгс болгоно. Энэ ажлыг гүйцэтгэж дуусахад дэлхий дээр Бурхны жинхэнэ үйлчлэгчид л үлдэнэ. Тэр цагт жинхэнэ шүтлэг бүрэн сэргэнэ!

БАРИЛГЫН АЖИЛД ОРОЛЦОГТУН

17. Ехова иудейчүүдэд юу гэж амласан бэ? Энэ нь тэдэнд хэрхэн нөлөөлсөн бэ?

17 Тэгвэл Зехариагийн мэдээ тэр үеийн иудейчүүдэд хэрхэн нөлөөлсөн бэ? Сүмийг барьж дуусгахад нь тусална, хамгаална гэж Ехова амласан. Энэ амлалтыг сонсоод итгэл найдварын гэрэл ассан биз ээ. Гэхдээ тийм нүсэр ажлыг цөөхүүлээ яаж хийх вэ? Зехариагийн хэлсэн үгийг сонсоод айдас, эргэлзээ нь ор мөргүй алга  болжээ. Элэг нэгтнүүддээ туслахаар ирсэн Хелдаи Тобиа Иедаиа нар шиг үнэнч хүмүүс «ЭЗЭНий сүмийг босгоно» гэж Ехова хэлүүлжээ (Зехариа 6:15-ыг уншина). Бурхан тусална гэдэгт иудейчүүд итгэсэн учраас Персийн хааны хоригийг үл тоон барилгын ажилдаа ханцуй шамлан орсон. Удалгүй Ехова энэхүү саадыг зайлуулав. МЭӨ 515 онд сүмийг барьж дуусгажээ (Езр. 6:22; Зех. 4:6, 7). Сонирхолтой нь Еховагийн хэлсэн үг өнөөгийн илүү агуу зүйлтэй холбоотой.

Ехова бидний хайрыг хэзээ ч мартахгүй! (18, 19-р догол мөрийг үзээрэй)

18. Зехариа 6:15 өнөөдөр хэрхэн биелж байна вэ?

18 Өнөөдөр сая сая хүн Еховаг шүтэж байна. Тэд цаг зав, хүч чадал, эд хөрөнгө гээд өөртөө байгаа үнэтэй бүхнээ дуртайяа хандивлан Еховагийн агуу сүмийг барих ажлыг дэмждэг (Сур. 3:9). Ийнхүү үнэнчээр дэмжиж байгаа биднийг Ехова өндөр үнэлдэгт эргэлзэх хэрэггүй. Яагаад? Хелдаи Тобиа Иедаиа нар алт, мөнгө авчирч Зехариа түүгээр нь титэм хийдэг шүү дээ. Тэр титэм жинхэнэ шүтлэгийн төлөө өргөсөн тэдний хандивыг сануулдаг байжээ (Зех. 6:14). Ехова орчин үеийн үйлчлэгчдийнхээ үйл хэрэг, хайрыг ч бас хэзээ ч мартахгүй (Евр. 6:10). Еховагийн ой санаанд мөнхөд байна.

19. Зехариагийн үзсэн үзэгдлүүдийг судлаад та яахаар шийдсэн бэ?

19 Эцсийн өдрүүдэд жинхэнэ шүтлэгийн төлөө их ажил өрнөж байна. Энэ нь Ехова ивээж, Есүс удирдаж байгаагийн илрэл юм. Бид найдвартай, аюулгүй, мөнхийн байгууллагын гишүүд билээ. Цэвэр шүтлэгтэй холбоотой Еховагийн санаа зорилго «бүтэх болно». Еховагийн ард түмний дунд байгаа завшаанаа өндөр үнэлээрэй. «Өөрийн Бурхан ЭЗЭНийг бүрэн төгс дуулгавартай дагаарай». Тэгвэл Хаан, Тэргүүн тахилчийнхаа хамгаалалтад багтаж аюулгүй байна. Бас тэнгэрийн дайчид таныг хамгаална. Жинхэнэ шүтлэгийг дэмжих ажилд чадлынхаа хэрээр оролцоорой. Түмэн цэргийн Ехова энэ тогтолцооны үед ч, ирээдүйд ч таныг мөнхөд авран хамгаална!

^ д/м 6 АББН 2004 орчуулгад Зехариа 6:1-д гардаг уулсыг хүрэл гэсэн байдаг ч эх Библид зэсэн уулс гэж гардаг.

^ д/м 8 Эх Библид зэс гэж бичсэн байдаг.

^ д/м 11 «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2015 оны 5-р сарын 15-ны дугаарын 29, 30-р хуудсанд нийтлэгдсэн «Уншигчдын асуулт» буланд дэлгэрэнгүй мэдээлэл бий.