Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2017 оны 10 сар 

 НАМТАР

Ехова биднээс юу л хүснэ, түүнийг нь хийвэл ивээл хүртдэг

Ехова биднээс юу л хүснэ, түүнийг нь хийвэл ивээл хүртдэг

«Бид явъя!». Тусгай аяны тухай ах бэргэн нөхөр бид дөрөв сонсоод шууд л ингэж хариулсан юм. Бид яагаад тусгай аянд оролцох болсон, Ехова биднийг хэрхэн ивээснийг ярьж өгөхөөсөө өмнө өөрийнхөө тухай ярья.

БИ АНГЛИЙН Ёоркшир мужийн Хээмсвөрт хотод 1923 онд төрсөн. Боб гэдэг ахтай байлаа. Намайг 9-тэй байхад аав маань хэдэн ном олж авав. Хуурамч шашин хүмүүсийг хэрхэн мэхэлдгийг тэнд тайлбарласан байв. Шашны удирдагчид хоёр нүүр гаргадаг нь аавд таалагддаггүй байж л дээ. Тийм болохоор уншсан зүйл нь сэтгэлийг нь их хөдөлгөсөн юм. Хэдэн жилийн дараа Боб Ааткинсон гэдэг хүн манайд ирж Рүүтэрфорд ахын илтгэлийн бичлэгийг сонсгов. Нөгөө номнууд болон энэ бичлэг нэг газрынх гэдгийг бид шууд тааварласан! Орой бүр манайд ирж хоол идэнгээ Библийн тухай ярьж байгаач гэж аав ээж хоёр Ааткинсон ахаас гуйв. Ааткинсон ах ч биднийг цуглаанд урилаа. Манайхаас хэдхэн километрийн цаана байдаг нэг ахынд цуглаан болдог ажээ. Бид шууд л цуглаанд очсон. Яваандаа Хээмсвөртөд нэг жижигхэн хурал бий болов. Удалгүй манайх бүсийн үйлчлэгчийг (одоогийн дүүрэг хариуцагчийг) гэртээ байлгадаг боллоо. Бас ойролцоох хурлын эхлэгчдийг хоолонд урьдаг байлаа. Тэр ах эгч нар надад их сайнаар нөлөөлсөн.

Тэр үеэс хойш манайх бизнес эрхлэх болсон юм. Гэхдээ аав: «Эхлэгч болмоор байгаа бол бид чамайг хорихгүй ээ» гэж ахад хэлэв. Ах ч зөвшөөрч, 21-тэйдээ эхлэгч болоод гэрээсээ явсан. Би бас хоёр жилийн дараа 16-тайдаа эхлэгч болов. Амралтын өдрүүдэд гэрчлэх хуудас, пянз тоглуулагчаа бариад ихэнхдээ ганцаараа дэлгэрүүлнэ. Ехова надад идэвх зүтгэлтэй нэг сайн суралцагч өгсөн. Тэднийхнээс үнэнийг хүлээж авсан хүн олон гарсан. Дараа жил нь би Мэри Хээншилтэй хамт Гэрчүүд байдаггүй Чээшэр мужид тусгай эхлэгчээр үйлчлэх томилолт авав.

Дэлхийн ІІ дайны үе байсан болохоор цэргүүдэд туслах ажлыг эмэгтэйчүүдээр хийлгэдэг байв. Бусад шашны номлогчид ийм ажлаас чөлөөлөгдөж байсан тул тусгай эхлэгч биднийг ч бас чөлөөлнө гэж бодож байлаа. Гэтэл шүүхийн шийдвэрээр би 31 хоног шоронд хоригдох ял  авсан. Хойтон жил нь 19 хүрээд хоёр ч удаа шүүхэд дуудагдсан юм. Дайныг дэмжээгүй учраас тэр л дээ. Гэлээ ч шүүх миний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ бүх хугацаанд Ехова гараас минь атгаад агуу хүчээрээ намайг тууштай, зоригтой болгож байгааг би ойлгосон (Ис. 41:10, 13).

ХАНЬ ИЖИЛТЭЙ БОЛСОН МИНЬ

Би Аартур Маатьюстай 1946 онд танилцсан. Тэрээр дайнд явахгүй гэснээсээ болоод 3 сар ял эдэлжээ. Шоронгоос суллагдмагцаа Хээмсвөртөд тусгай эхлэгчээр үйлчилдэг дүү Дээнистэйгээ хамт үйлчлэх болов. Тэр хоёр бүр багаасаа ааваараа Еховагийн тухай заалгаж, өсвөр насандаа баптисм хүртсэн юм билээ. Удаа ч үгүй Дээнис Ирландад үйлчлэх томилолт авч Аартур ганцаараа үлджээ. Биеэ аятайхан авч явдаг энэ эхлэгч залуу аав ээж хоёрт таалагдсан тул түүнийг гэртээ байлгахаар болсон юм. Би аав ээж дээрээ очоод хоол идэхлээрээ Аартуртай хамт аяга таваг угаадаг байв. Яваандаа бид хоёр захидлаар харилцдаг болсон. Аартур 1948 онд дахиад 3 сар шоронд суув. Бид хоёр 1949 оны 1 дүгээр сард гэрлэсэн. Бүрэн цагаар аль болох удаан үйлчлэх нь бидний зорилго байлаа. Мөнгөө гамтай зарцуулж, амралтаараа жимс хураах ажил хийдэг байв. Еховагийн ивээлээр бид хоёр эхлэгчээр тасралтгүй үйлчилсэн.

Гэрлээд удаагүй байхдаа, Хээмсвөрт, 1949 он

Жил гаруйхны дараа Умард Ирландад томилогдов. Эхлээд Арма, дараа нь Ньюри хотод үйлчилсэн. Аль аль нь католик шашин зонхилсон хот л доо. Сүм хийдийнхний хавчлага дарамт их учраас дэлгэрүүлэхдээ туйлын болгоомжтой, хэрсүү байх ёстой. Бидний амьдарч байсан газраас 16 километрт Гэрч эхнэр нөхөр хоёрынх байдаг байв. Тэнд цуглаан хийнэ. Ойролцоогоор найман хүн ирнэ. Заримдаа бид хоёр тэднийд хонодог байлаа. Газар унтаж маргааш өглөө нь дайлуулах шиг л болдог байв. Тэр нутагт олон Гэрч байгааг дуулаад их баярласан.

«БИД ЯВЪЯ!»

Ах маань эхнэр Лаатийтайгаа Умард Ирландад аль эртнээс тусгай эхлэгчээр үйлчилж байв. 1952 онд бид дөрөв Бээлфааст хотод болсон дүүргийн чуулганд суусан юм. Сайхан сэтгэлтэй нэг ах биднийг болон Британи салбарыг хариуцагч Прайс Хьюз ахыг тэр үеэр гэртээ байлгав. Нэг орой бид хэд шинээр гарсан «Бурхан бол хайр» гэдэг товхимлын тухай ярилцлаа. Энэ товхимлыг Ирландад зориулж гаргажээ. Бүгд Найрамдах Ирланд Улсын үед католик шашинтнуудад дэлгэрүүлэхэд маш хэцүү байсан тухай Хьюз ах ярьсан юм. Санваартнуудын турхиралтаар хүмүүс ах нарыг байрнаас нь хүчээр гаргаж зоддог байжээ. «Энэ товхимлыг Ирланд даяар тараах тусгай аян болно. Машинтай хосуудын хэрэг их байна» гэж Прайс ах бидэнд хэлэв. Бид дөрөв шууд л «Бид явъя!» гэж хариулсан. Үүнийг намтрын эхэнд өгүүлсэн билээ.

Бусад эхлэгчтэй хамт гурван дугуйт дээр

 Эхлэгчид Дублинд очих болгондоо Ма Рүтланд эгчийнд байдаг байв. Тэр эгч Еховад үйлчлээд олон жил болсон үнэнч хүн юм. Бид дөрөв бас тэднийд түр байхаар болов. Зарим юмаа зарчихаад дөрвүүлээ Боб ахын гурван дугуйт дээр чихцэлдэн суугаад машины эрэлд гарлаа. Хуучин ч гэсэн аятайхан машин олоод худалдаж авав. Гэхдээ бид дөрвийн хэн нь ч жолоо барьж чаддаггүй байсан болохоор машин зарсан хүнээрээ хүргүүлэв. Тэр орой нь Аартур орон дээр суугаад машин жолоодож, араагаа сольж байгаа юм шиг хөдөлгөөн хийж өнжлөө. Маргааш өглөө нь машинаа гараашаас гаргах гээд мунгинаж байтал Мийлдрэд Вийлэт гэдэг миссионер (хожим нь Жон Баар ахын эхнэр болсон) хүрч ирэв. Ашгүй жолоо барьдаг гэнэ! Тэр эгчээр заалгаж хэсэг сургууль хийсний эцэст явахад бэлэн боллоо!

Машин болон гэр чиргүүлийнхээ дэргэд

Дараа нь бид хэд байр хайв. Гэр чиргүүлд амьдрах хэрэггүй шүү, эсэргүүцэгчид шатааж магадгүй гэж ах нар сануулсан болохоор байр хайж нэлээн явсан ч олдсонгүй. Тэр шөнө нь дөрвүүлээ машиндаа хонов. Маргааш нь хоёр давхар жижигхэн ортой гар хийцийн гэр чиргүүл оллоо. Тэгээд тэндээ амьдрах болсон. Сонирхолтой нь манай чиргүүлийг хэн ч сүйтгээгүй юм. Бид сайхан зантай фермерүүдийн эдлэнд чиргүүлээ тавьчихаад 16–24 километрийн зайтай газар явж дэлгэрүүлдэг байв. Дараа нь гэр чиргүүлийг маань эдлэндээ байлгасан хүмүүс дээр буцаж очоод дэлгэрүүлдэг байсан.

Бид Бүгд Найрамдах Ирланд Улсын зүүн хойд хэсэгт байдаг бүх айлд ямар ч саадгүй дэлгэрүүлэн 20 мянга гаруй товхимол тараасан. Сонирхсон хүмүүсийн нэрийг Британи салбарт өгсөн. Одоо тэнд хэдэн зуун Гэрч байгаа!

БУЦААД АНГЛИ РУУ, ДАРАА НЬ ШОТЛАНДАД

Хэдэн жилийн дараа Лондонгийн өмнөд хэсэгт үйлчлэх томилолт авлаа. Түүнээс хойш хэдхэн 7 хоногийн дараа Британи салбараас утасдаж Аартурыг дүүрэг хариуцагчаар томилов. Шууд л маргаашнаас нь ажилдаа орох хэрэгтэй болсон! Долоо хоногийн сургалтад суугаад Шотланд дахь дүүргийг эргэхээр замд гарав. Аартурт илтгэлээ бэлдэх зав байгаагүй юм. Гэхдээ Еховагийн төлөө ямар ч даалгаврыг биелүүлэхэд хэзээд бэлэн байдаг нь надад их урамтай санагдаж билээ. Бид явуулын ажил хийдэг болсондоо маш их баярласан. Еховагийн Гэрчүүд байдаггүй газар хэдэн жил үйлчилсний эцэст итгэл нэгтнүүдийнхээ дунд орох шиг сайхан юм хаа байх вэ!

1962 онд Аартурт Гилеад сургуулийн урилга ирэв. Чухал шийдвэр гаргах боллоо. Сургалт 10 сарын хугацаатай. Аартур явж, би үлдэх ёстой. Бид хоёр ярилцаж байгаад урилгыг хүлээж авахаар шийдлээ. Хамт дэлгэрүүлэх хүн байхгүй учир намайг Хээмсвөртөд тусгай эхлэгчээр томиллоо. Аартур жилийн дараа буцаж ирээд дүүрэг хариуцагчаар томилогдов. Бид хоёр Шотланд, Английн хойд хэсэг, Умард Ирландад очиж эргэлт хийсэн.

 ИРЛАНД ДАХЬ ШИНЭ ТОМИЛОЛТ

1964 оноос Аартур Бүгд Найрамдах Ирланд Улс дахь манай байгууллагын салбарыг хариуцах болов. Явуулын ажилд их дуртай байсан надад амьдралаа өөрчлөх нь эхэндээ амаргүй байлаа. Харин одоо бодоход Бетелд үйлчлэх нь завшаантай хэрэг байсан юм билээ. Хэчнээн дургүй байсан ч даалгаврыг хүлээж авбал Ехова заавал ивээдэг гэдэгт би итгэдэг. Бетелд ирээд оффист ажилласан, ном хэвлэл хайрцагласан, гал тогоонд ажилласан, цэвэрлэгээ хийдэг байсан. Бас нэг хэсэг дүүрэг эргэх ажил хийж Ирландын өнцөг булан бүрд байдаг ах дүү нартай уулзсан. Үүний зэрэгцээ Еховатай дотно болж байгаа суралцагчдаа хараад баярладаг байлаа. Энэ бүхний ачаар Ирланд дахь итгэл нэгтнүүдтэйгээ нэг гэрийнхэн шиг дотно болсныгоо ивээл гэж боддог!

ИРЛАНД ДАХЬ ГЭРЧҮҮДИЙН ТҮҮХЭНД БИЧИГДСЭН ЧУХАЛ ҮЙЛ ЯВДАЛ

Ирландын нийслэл Дублин хотод олон улсын чуулганыг анх 1965 онд зохион явуулсан юм. Маш хүчтэй эсэргүүцэл тулгарсан ч чуулган амжилттай болж өнгөрөв. Нийт 3 948 хүн оролцож, 65 хүн баптисм хүртсэн. Гадаадаас ирсэн 3 500 төлөөлөгчийг гэртээ байлгасан айл бүр талархлын захиа авсан. Төлөөлөгчид биеэ хэрхэн авч явааг хараад тэд биширчээ. Энэ бол Ирландад болсон нэг чухал үйл явдал юм.

1965 оны чуулганд ирж байгаа Нейтан Ноор ахыг Аартур угтан авч байгаа нь

«Библийн тухай өгүүлдэг миний ном» гээл хэлээр гарсныг Аартур танилцуулж байгаа нь, 1983 он

Дублин дэх манай байгууллагын салбар 1966 оноос Ирландын хойд, урд хэсгийг хариуцан авч үйл ажиллагаа явуулах болов. Хүмүүс нь улс төр, шашнаас болоод хуваагджээ. Католик шашинтай маш олон хүн үнэнийг хүлээж аваад урьд нь протестант байсан хүмүүстэй цуг Еховад үйлчилж байлаа. Үүнийг хараад сэтгэл хөдөлж билээ.

ЭРС ӨӨРЧЛӨЛТ

2011 онд амьдрал маань эрс өөрчлөгдөв. Британи, Ирланд дахь салбаруудыг нэгтгэж, нөхөр бид хоёрыг Лондон дахь Бетелд томилсон юм. Үүний зэрэгцээ би Аартурын эрүүл мэндэд санаа зовох боллоо. Нөхөр маань Паркинсоны өвчтэй болсон байв. Жаран зургаан жил ханилсан хань минь 2015 оны 5 дугаар сарын 20-нд нас барсан.

Сүүлийн хэдэн жил уй гашууд автсанаас болоод сэтгэл их хямарсан. Урьд нь дандаа л Аартуртайгаа хамт байдаг байв. Түүнийгээ ямар их үгүйлж байна гээч! Гэхдээ ийм үед Еховатай илүү дотно болдог юм байна. Түүнээс гадна Аартурт минь өчнөөн олон хүн хайртайг мэдээд сэтгэл хөдөлсөн. Ирланд, Британи, бүр АНУ-д амьдардаг итгэл нэгтнүүдээс захиа ирдэг. Энэ захиануудыг уншаад тайвширдаг юм. Бас Аартурын дүү Дээнис, бэр Мэйвис болон ахын минь хүүхдүүд Рүт Жүүди нар урам сэргээм үг хэлэхээр хэчнээн сайхан байдаг гэж санана!

Исаиа 30:18 намайг зоригжуулдаг юм. Тэнд «Ехова та нарт нигүүлслээ үзүүлэх гээд тэвчээртэй хүлээж байна. Тэгээд энэрлээ үзүүлэхээр өндийн босно. Учир нь Ехова бол шударга ёсны Бурхан. Түүнийг хүлээгчид бүгд жаргалтай» (ШЕ) гэж байдаг. Ехова хүнд тохиолддог бүх бэрхшээлийг арилгаж, бидэнд гайхалтай даалгавар өгөх гээд тэвчээртэй хүлээж байгаа гэж бодохлоор сэтгэл уужирдаг.

Өнгөрсөн амьдралаа бодохлоор Ехова Ирланд дахь дэлгэрүүлэх ажлыг удирдаж, ивээж байсан нь тодорхой харагддаг. Энэ ажилд дуслын төдий хувь нэмэр оруулж байсныгаа завшаан гэж боддог. Ехова биднээс юу л хүснэ, түүнийг нь хийдэг бол дандаа ивээл хүртдэг нь туйлын үнэн.