Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2017 оны 7 сар 

«Уйлж буй хүмүүстэй хамт уйл»

«Уйлж буй хүмүүстэй хамт уйл»

«Нэг нэгнийгээ тайтгаруулж, нэг нэгнийгээ барьж байгуулагтун» (1 ТЕС. 5:11).

ДУУ: 53, 28

1, 2. Үхэл хагацал үзэж буй хүмүүсийг тайвшруулах тухай ярилцах хэрэгтэйн учир юу вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

«ХҮҮГЭЭ нас барснаас хойш бид хоёр бараг жил гашуудсан» гэж Сүүси ярьсан юм. Эхнэрээ гэнэт алдахад бие нь «үгээр илэрхийлэхийн аргагүй өвдөж байсан» тухайгаа өөр нэгэн Гэрч ярьжээ. Ийм зовлон амссан хүн тоолж баршгүй олон байдаг. Итгэл нэгтнүүд маань хайртай хүнээ Хармагедоноос өмнө алдана гэж санаа ч үгүй байж мэднэ. Та үхэл хагацал үзээд зовж байгаа эсвэл тийм хүнийг мэддэг байж болох юм. Аль нь ч байлаа гэсэн, «Уй гашуу болж буй хүмүүсийг яаж тайвшруулах вэ?» гэсэн асуулт танд төрж магадгүй.

2 Цаг хугацаа эдгээнэ гэж хэлэхийг та олон удаа сонссон байх. Тэгвэл цаг хугацаа өнгөрөхийг л хүлээх хэрэгтэй юү? Бэлэвсэрч үлдсэн нэгэн эмэгтэй: «Цаг хугацаа өнгөрөхийг зүгээр хүлээх биш, тэр цагаа юуны төлөө зориулж байгаагаас сэтгэлийн шарх эдгэх эсэх нь шалтгаална гэж хэлбэл илүү оновчтой» гэжээ. Арчилж сувилаад байвал биеийн шарх аажмаар эдгэдэг. Сэтгэлийн шарх ч  мөн ялгаагүй. Үхэл хагацал үзэж буй хүний сэтгэлийн шарх яавал эдгэх вэ?

ЕХОВА БОЛ «БҮХ ТАЙВШРАЛЫН БУРХАН»

3, 4. Гашуудаж буй хүнд тайвшрал хэрэгтэйг Ехова ойлгодог гэдэгт яагаад итгэж болох вэ?

3 Биднийг хамгийн сайн тайвшруулдаг Нэгэн бол өрөвч сэтгэлтэй тэнгэрийн Эцэг Ехова билээ (2 Коринт 1:3, 4-ийг уншина). Хүний зовлонг ойлгож өрөвдөх талаар хамгийн агуу үлгэр дуурайл болсон тэрээр: «Би Өөрөө та нарыг Тайвшруулагч мөн» гэж үйлчлэгчдэдээ батлан хэлжээ (Ис. 51:12; Дуу. 119:50, 52, 76).

4 Энэрэл нигүүлслээр дүүрэн Эцэг маань хайртай хүнээ алдахын зовлонг өөрөө амссан. Тэдний тоонд Абрахам, Исаак, Иаков, Мосе, Давид гээд олон хүн ордог (Тоол. 12:6–8; Мат. 22:31, 32; Үйлс 13:22). Ехова үнэнч үйлчлэгчдээ амилуулах цагаа тэсэж ядан хүлээж байгааг Библид бичжээ (Иов 14:14, 15). Тэд амилаад цоо эрүүл, аз жаргалтай амьдарна. Ехова бас «баяр бахдал» болсон хайртай ганц Хүүгээ аймшигтайгаар тарчлан үхэхийг харсан (Сур. 8:22, 30). Тэр зовлонг үгээр илэрхийлэхийн аргагүй (Иох. 5:20; 10:17).

5, 6. Ехова биднийг хэрхэн тайвшруулдаг вэ?

5 Ехова тусална гэдэгт эргэлзэх хэрэггүй. Тиймд хүссэн үедээ залбирч, ямар их шаналж, гашуудаж байгаагаа Еховад хэлж байгаарай. Ехова бидний зовлонг ойлгож, тохирох аргаар тайвшруулдаг гэхлээр хэчнээн сайхан бэ! Яаж тайвшруулдаг юм бол?

6 Нэг арга нь «Ариун Сүнсний тайтгарал» өгдөг (Үйлс 9:31). Бурхны үйлдэх хүч бол асар хүчтэй тайвшруулагч мөн. Есүс: «Тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгнө» гэж батлан хэлсэн (Лук 11:13). Дээр дурдсан Сүүси: «Бид сөхөрч суугаад л, тайвшруулж өгөөч гэж Еховагаас олон удаа гуйж байсан. Тэр бүрд Бурхны амар тайван бидний зүрх сэтгэл, санаа бодлыг үнэхээр хамгаалдаг байсан» гэж дурссан (Филиппой 4:6, 7-г уншина).

ЕСҮС БОЛ ӨРӨВЧ СЭТГЭЛТЭЙ ТЭРГҮҮН ТАХИЛЧ

7, 8. Есүс биднийг тайвшруулна гэдэгт ямар учраас итгэлтэй байж болох вэ?

7 Есүс өрөвч сэтгэлтэй Эцгээ төгс дуурайдаг байв. Дэлхий дээр байхдаа үүнийгээ үг яриа, үйл хэргээрээ баталсан (Иох. 5:19). Ехова «шаналсан зүрхтэй хүмүүсийг», «бүх гашуудагчийг» тайвшруулахын тулд түүнийг илгээсэн билээ (Ис. 61:1, 2; Лук 4:17–21). Есүс зовж буй хүмүүсийг ойлгож өрөвдөн зовлонг нь нимгэлэхийг чин сэтгэлээсээ хүсдэг байв (Евр. 2:17).

8 Гэр бүл, ойр дотных нь хүмүүс нас барахад ямар хэцүү байдгийг Есүс бага залуудаа үзжээ. Жишээлбэл өргөж авсан эцэг Иосеф нь түүнийг хориод настай байхад нас барсан бололтой байдаг. * Уян зөөлөн сэтгэлтэй тэрээр хэчнээн их гашуудсан бол оо. Ээж дүү нарынхаа гашуудахыг харах ч амаргүй байсан биз ээ.

9. Есүс өрөвчхөн хүн байсныг харуулах жишээ хэлнэ үү.

9 Есүс тэнгэрийн Эцэгтээ үйлчилж  байхдаа ч хүмүүсийн зовлонг ойлгож тэднийг өрөвддөг байжээ. Дотны анд Лазар нь нас барахад юу болсныг жишээ болгон авъя. Тэрээр Лазарыг амилуулах гэж байсан хэр нь Мариа Марта хоёрын гашуун зовлонг бие сэтгэлээрээ мэдрээд тэднийг ихэд өрөвджээ. Тэгээд уйлсан (Иох. 11:33–36).

10. Есүс бидний зовлонг ойлгодог гэдэгт яагаад эргэлзэх хэрэггүй вэ?

10 Есүс хүмүүсийг өрөвдөж, сэтгэлийг нь тайвшруулдаг байснаас бид юу ойлгож болох вэ? Библид «Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ байна» гэж бичжээ (Евр. 13:8). «Амийн Зохиолч» тэрээр үхэл хагацал гэж юу болохыг өөрийн биеэр амсаж үзсэн учраас «сорилтод орогсдод тусалж чадна» (Үйлс 3:15; Евр. 2:10, 18). Тийм учраас зовж буй хүмүүсийг хараад одоо ч өрөвддөг, сэтгэлийг нь ойлгодог, «хэрэгцээтэй цагт» нь тайвшруулдаг гэдэгт итгэж болно (Еврей 4:15, 16-г уншина).

СУДАР ТАЙВШРУУЛДАГ

11. Та Библийн ямар зүйлийг уншаад тайвширдаг вэ?

11 Лазарыг нас барахад Есүс туйлын ихээр гашуудсан түүхийг уншсан хэний ч сэтгэл тайвширдаг. Библид сэтгэл тайвшруулам өөр олон зүйл бий. «Эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн» гэдэг шүү дээ. «Ингэснээр Судруудын тэвчээр болон урамшуулалтаар дамжуулан бидэнд найдвар байх юм» (Ром 15:4). Хэрэв та үхэл хагацал үзээд гашуудаж байгаа бол дараах Библийн зүйлийг уншаарай. Тэгвэл тайвшрах байх.

  • «ЭЗЭН эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг бөгөөд Сүнсээрээ гэмшигчдийг авардаг» (Дуу. 34:18, 19).

  • «Миний дотор санаа зовсон бодлууд олшироход Таны [Еховагийн] тайтгарлууд миний сэтгэлийг баясгадаг» (Дуу. 94:19).

  • «Бидний Эзэн Есүс Христ Өөрөө болон биднийг хайрлаж, мөнх тайтгарлыг болон нигүүлслээр сайн найдварыг бидэнд өгсөн бидний Эцэг Бурхан зүрхийг тань ... тайтгаруулж, бататгах болтугай» (2 Тес. 2:16, 17). *

ИТГЭЛ НЭГТНҮҮД ТАЙВШРУУЛДАГ

12. Бусдыг тайвшруулах нэг сайн арга юу вэ?

12 Гашуудаж буй хүмүүсийг итгэл нэгтнүүд нь тайвшруулдаг (1 Тесалоник 5:11-ийг уншина). Та «эмтэрсэн сүнстэй» хүнийг хэрхэн тайвшруулж зоригжуулах вэ? (Сур. 17:22). «Дуугүй байх хийгээд ярих цаг» байдгийг санаарай (Ном. 3:7). Дэлийн гэдэг бэлэвсэн эмэгтэй: «Хагацал үзэж байгаа хүний хувьд сэтгэлээ онгойтол ярих нь их чухал байдаг. Тиймээс яриаг нь таслахгүй сонсох нь тэр хүнийг тайвшруулах хамгийн сайн арга юм» гэжээ. Юүнягийн ах амиа хорложээ. Юүня: «Зовлонг нь сайн ойлгохгүй байж болно л доо. Харин сэтгэл санааг нь ойлгох хүсэлтэй байх нь хамгийн чухал» гэсэн юм.

13. Юуг санах нь зүйтэй вэ?

13 Бид нэг зүйлийг санах зүйтэй. Хүн бүр яг адилхан эмгэнэн гашуудахгүй, гашуудлаа илэрхийлэх арга нь ч өөр өөр байдаг. Тухайн хүн хэр зэрэг  зовж байгаагаа өөрөө мэддэг ч түүнийгээ үгээр илэрхийлж чадахгүй байж болох юм. «Зүрх бүр өөр өөрийн зовлонг мэднэ. Гаднын хүн баяр баясгаланг нь үл хуваалцана» гэж Бурхны Үгэнд бий (Сур. 14:10). Зарим хүн зовж шаналсан сэтгэлээ илэрхийллээ ч түүнийг нь ойлгох амаргүй байж мэднэ.

14. Гашуудаж буй хүмүүсийг тайвшруулахын тулд яах хэрэгтэй вэ?

14 Тэгэхээр, хайртай хүнийхээ хойноос гашуудаж буй хүнтэй юу ярихаа мэдэхгүй байдаг маань зүйн хэрэг юм. Гэлээ ч Библид «Мэргэн хүний хэл илааршлыг авчирдаг» гэсэн цэцэн үг бий (Сур. 12:18). Нийтэд зориулсан «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2016 оны №3-ыг уншвал гашуудаж буй хүний сэтгэлийг тайвшруулахын тулд юу ярихаа мэдэж авна. Бас «уйлж буй хүмүүстэй хамт уйлна» гэдэг бол таны хийж чадах сайн юмны нэг ээ (Ром 12:15). Нөхрөөсөө хагацсан Гээби уйлж тайтгардаг ажээ. Тэрээр: «Найзууд маань надтай хамт уйлахлаар би тайвширдаг. Яг тэр мөчид би ганцаархнаа гашуудаагүй юм байна гэж боддог» гэсэн.

15. Гашуудаж буй хүнтэй ярихад хэцүү байвал яаж тайвшруулж болох вэ? (Бас  «Сэтгэл тайвшруулам үгс» гэсэн хавсралтыг үзнэ үү).

15 Хэрэв ярихад хэцүү байвал сэтгэл тайвшруулам үгтэй ил захидал, мэил, мессеж, захиа бичих нь илүү хялбар байж болох юм. Библийн зүйлээс эш татаж, талийгаачийн зан чанар, онцлогийг дурсаж, тэр хүнтэй холбоотой сайхан дурсамжаа хуваалцаж болно. Юүня: «Сэтгэл сэргээм үгтэй бяцхан зурвас ч юм уу эсвэл хэдүүлээ уулзаж хэсэг хөөрөлдье гэсэн урилга авахлаар хүмүүс надад  хайртай юм байна, санаа тавьдаг юм байна гэсэн бодол төрдөг» гэжээ.

16. Хүнийг тайвшруулах үр дүнтэй нэг арга юу вэ?

16 Гашуудаж буй итгэл нэгтнээ тайвшруулах бас нэг сайн арга бол түүний төлөө залбирах юм. Гэрт нь очоод залбирч өгсөн ч болно. Сэтгэл хөдлөөд хоолой зангираад хэцүү байлаа ч чин сэтгэлээсээ залбирахад гашуудаж буй хүн их тайвширдаг. Дэлийн: «Хурлын маань эгч нар намайг тайтгаруулах гээд ирэхлээр нь залбирч өгөөч гэж би тэднээс гуйдаг юм. Эхлээд жаахан тэвдэнэ ээ. Харин хэдэн өгүүлбэр хэлснийхээ дараа дуу нь чангарч чин сэтгэлээсээ залбирч эхэлдэг. Тэдний бат итгэл, хайрыг мэдрээд, яаж санаа тавьж байгааг нь харахлаар итгэл маш их бэхэждэг» гэсэн юм.

ТАЙВШРУУЛААД Л БАЙГААРАЙ

17-19. Гашуудагсдыг яагаад тайвшруулаад л байх хэрэгтэй вэ?

17 Хүн хүний гашуудал тайлагдах хугацаа харилцан адилгүй. Хайртай хүнээсээ хагацахад эхний хэдэн өдөр найз нөхөд, хамаатан садан нь ажил төрлөө зохицуулаад ирж тайвшруулдаг ч яваандаа ирэхээ больдог. Гэвч хагацал үзсэн хүний гашуудал тайлагдаагүй л байдаг. Тийм болохоор очиж тайвшруулж байгаарай. «Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг. Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг» (Сур. 17:17). Гашуудал нь хэзээ тайлагдана, тэр болтол тайвшруулаад л байх хэрэгтэй (1 Тесалоник 3:7-г уншина).

18 Дотны хүнээ алдсан хүмүүс тодорхой нэг үед, тухайлбал тэмдэглэлт ой, ямар нэгэн үйл явдал, жилийн аль нэг улиралд эсвэл хөгжим сонсоод, гэрэл зураг үзээд, бүр үнэр үнэртээд, дуу чимээ сонсоод гэв гэнэт гунигладаг. Ханиа алдсанаас хойш анх удаа чуулган, Дурсах цуглаанд ганцаараа очих болоход маш их гуниглаж болох юм. Нэг Гэрч эрэгтэй: «Хуримын ойгоо анх удаа ганцаархнаа угтана гэж бодохлоор дотор өмрөх шиг болсон. Тэгтэл итгэл нэгтнүүд маань дотны хэдэн найзыг маань уриад нийллэг зохиохоор болсон байлаа» хэмээн дурсжээ.

19 Хагацал үзсэн хүмүүс зөвхөн онцгой үйл явдлын үеэр л тайвшрах хэрэгтэй байдаг юм биш ээ. Юүня: «Жирийн үед ч гэсэн хамт байя, тусалъя гэх нь сайн юм билээ. Ийм мөч үнэхээр дурсамжтай, сэтгэлд таатай байдаг» гэжээ. Мэдээж бид хүний гашуудлыг бүрэн тайлж, хоосорсон сэтгэлийг нь дүүргэж чадахгүй л дээ. Гэхдээ тэдний төлөө ямар нэгэн юм хийж тодорхой хэмжээгээр тайвшруулах боломжтой (1 Иох. 3:18). Гээби: «Намайг зовох бүрд Ехова халамжтай ахлагчдыг явуулж хэрэгтэй зөвлөгөө өгүүлж байсанд би үнэхээр талархдаг. Еховадаа тэврүүлж байгаа юм шиг л санагддаг байсан» гэж дурссан.

20. Еховагийн амлалтыг бодохлоор яагаад тайвширдаг вэ?

20 «Булшинд байгчид бүгдээрээ [Христийн] дууг сонсон, гарч ирнэ». Бүх тайвшралын Бурхан Ехова тэр үед бүхий л уй гашууг арилгаж, бүх хүнийг мөнхөд тайвшруулна гэж бодохлоор санаа амардаг (Иох. 5:28, 29). Ехова «үхлийг мөнхөд залгиж» «бүх нүүрнээс нулимсыг арчихаа» амласан (Ис. 25:8). Тэр цагт бид «уйлж буй хүмүүстэй хамт уйлах» биш, харин «баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярлана» (Ром 12:15).

^ д/м 8 Есүсийг 12-той байхад Иосеф амьд байсныг Библиэс мэдэж болно. Харин Есүс усыг дарс болгож анхны гайхамшгаа үйлдэх үед болон түүнээс хойш Иосефын нэр гардаггүй. Хэрэв Иосеф амьд байсан бол Есүс шонд хадуулчихаад байхдаа эхийгээ элч Иоханы асрамжид өгөхгүй байх байсан (Иох. 19:26, 27).

^ д/м 11 Өөр олон зүйл хүмүүсийн сэтгэлийг тайтгаруулдаг. Тухайлбал Дуулал 20:1, 2; 31:7; 38:8, 9, 15; 55:22; 121:1, 2; Исаиа 57:15; 66:13; Филиппой 4:13; 1 Петр 5:7.