Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2017 оны 7 сар 

Жинхэнэ баялгийг хайх нь

Жинхэнэ баялгийг хайх нь

«Шударга зөв [«шударга бус», ШЕ] эд баялгаараа өөрсдийн анд нөхөдтэй бол» (ЛУК 16:9).

ДУУ: 32, 51

1, 2. Сатаны ертөнц байсан цагт ядуус хэзээд байна гэхийн учир юу вэ?

ӨНӨӨГИЙН эдийн засгийн тогтолцоог шударга бус, хатуу чанга гэж хэлж болно. Залуу хүмүүст ажил амархан олддоггүй. Эрсдэлийг үл тоон өндөр хөгжилтэй улсад очиж амьдардаг хүн олон болжээ. Чинээлэг улс оронд ч ядуурал газар авсан. Баян хоосны ялгаа улам бүр ихсэж байна. Дэлхийн хүн амын 1 хувь нь бусад 99 хувьд ноогдох хөрөнгийг эзэмшдэг гэсэн тоо баримт бий. Үүнийг батлах аргагүй ч нэг хэсэг нь насан туршдаа хэрэглэж барахааргүй их хөрөнгөтэй байхад, олон тэрбум хүн өлөн зэлмүүн амьдарч байгааг хэн ч үгүйсгэхгүй. Есүс энэ гашуун үнэний талаар «Та нар үргэлж ядуустай цуг байна» гэж хэлжээ (Марк 14:7). Яагаад ийм шударга бус байдаг вэ?

2 Бурхны Хаанчлал захирахаас нааш дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал өөрчлөгдөхгүйг Есүс мэдэж байсан. Сатаны ертөнц нь улс төр, шашин, худалдааны гэсэн гурван тогтолцооноос бүрддэг. Худалдааны тогтолцоог Илчлэлт 18:3-т «худалдаачид» гэж бичжээ. Бурхны үйлчлэгчид бүгдээрээ улс төр, шашнаас ангид байдаг. Харин дийлэнх нь худалдаа арилжаанаас бүрэн тусгаар байж чаддаггүй.

3. Өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?

3 Бид Бурхны үйлчлэгчид учраас өнөөгийн худалдааны  тогтолцооны талаар ямар үзэл бодолтойгоо шалгах хэрэгтэй. «Би Бурханд үнэнчээ батлахын тулд эд хөрөнгөө юунд зарцуулах вэ? Худалдаа арилжааны ертөнцөөс хөндийрье гэвэл юу хийх вэ? Үйлчлэгчид нь Бурханд бүрэн итгэдгийг харуулах ямар жишээ байдаг вэ?» гэж өөрөөсөө асуугаарай.

ШУДАРГА БУС НЯРВЫН ТУХАЙ СУРГААЛТ ЗҮЙРЛЭЛ

4, 5. а) Есүсийн ярьсан ёгт үлгэрийн няравт юу тохиолдсон бэ? б) Есүс дагалдагчдадаа ямар зөвлөгөө өгсөн бэ?

4 Лук 16:1–9-ийг уншина. Есүсийн ярьсан шударга бус нярвын тухай ёгт үлгэр хэн хүнд нэгийг бодуулдаг. Эзэн нь нярвыгаа үрэлгэн загнаж байгааг дуулаад ажлаас нь халахаар болжээ. Нярав ажилгүй үедээ туслуулах «анд нөхөдтэй болохын» тулд «ухаалаг үйлдэл» хийсэн. * Энэ ертөнцөд амьдрахын тулд шударга бус юм хийгээрэй гэж Есүс шавь нартаа уриалах гээгүй нь мэдээж. Ер нь ийм үйлдлийг «энэ үеийн хөвгүүд» хийдэг. Есүс ёгт үлгэр ярьсан нь нэг чухал зүйлийг ойлгуулах гэснийх ажээ.

5 Өнөөгийн шударга бус ертөнцөд амьдарна гэдэг үнэхээр хэцүү. Дагалдагчид нь гэв гэнэт хүнд байдалд орсон няравтай адил болж болзошгүйг Есүс мэдэж байсан. Тийм учраас «Шударга зөв [«шударга бус», ШЕ] эд баялгаараа өөрсдийн анд нөхөдтэй бол. Энэ нь эд хөрөнгө чинь үгүйрэх цагт, тэд [Ехова Есүс хоёр] та нарыг мөнх нутагт хүлээн авахын тул юм» гэжээ. Есүсийн энэ зөвлөгөөнөөс юу ойлгох хэрэгтэй вэ?

6. Өнөөгийн худалдааны тогтолцоог Бурхан бий болгоогүйг хаанаас мэдэж болох вэ?

6 Есүс эд баялгийг яагаад «шударга бус» гэж хэлснээ тайлбарлаагүй ч худалдааны тогтолцоог Бурхан бий болгоогүйг Библиэс тодорхой мэдэж болно. Ехова, Адам Ева хоёрт хэрэгтэй бүхнийг элбэг дэлбэг өгсөн (Эх. 2:15, 16). Хожим нь тослогдсон хүмүүст ариун сүнсээ өгөхөд «тэдний хэн нь ч өөртөө байгаагаа минийх гэдэггүй, харин тэдний бүх юм нь нийтийнх байв» (Үйлс 4:32). Исаиагийн зөгнөснөөр хэн ч юугаар ч дутахгүй болох цаг ирнэ (Ис. 25:6–9; 65:21). Харин тэр болтол бид энэ ертөнцөд амьдрах учраас «ухаалаг үйлдэл» хийх буюу «шударга бус эд баялгийг» ашиглах хэрэгтэй. Үүний зэрэгцээ Бурхнаа баярлуулахыг хичээх нь зүйтэй.

ШУДАРГА БУС ЭД БАЯЛГИЙГ ЗӨВ АШИГЛАХ НЬ

7. Лук 16:10–13-т ямар зөвлөгөө байдаг вэ?

7 Лук 16:10–13-ыг уншина. Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлийн нярав өөртөө ашигтайг бодоод анд нөхөдтэй болсон. Харин Есүс дагалдагчдадаа амин хувиа бодолгүйгээр тэнгэрийн «анд нөхөдтэй» болохыг уриалсан. Эндээс нэг чухал зүйлийг ойлгож болно. «Шударга бус эд баялгаа» юунд зарцуулж байгаагаас Бурханд үнэнч эсэх маань харагдана. Үнэнч гэдгээ хэрхэн батлах вэ?

8, 9. Шударга бус эд баялгаа зарцуулахдаа Бурханд үнэнчээ баталдаг хүмүүсийн жишээг хэлнэ үү.

8 Сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдана гэсэн Есүсийн зөгнөл Матай 24:14-т бий. Тэгэхээр Бурханд үнэнчээ батлах нэг арга нь энэ ажлыг дэмжиж хандив өргөх юм. Энэтхэгт амьдардаг бяцхан охин олдсон ганц хоёр зоосоо жижигхэн хайрцагт цуглуулдаг  байжээ. Тэр байтугай тоглоом авах мөнгөө хийдэг байв. Хайрцаг нь дүүрмэгц бүх мөнгөө дэлгэрүүлэх ажилд хандивлажээ. Энэтхэгт наргил модны самрын аж ахуй эрхэлдэг Гэрч эрэгтэй малаялам хэлний орчуулгын алслагдсан оффист самар хандивладаг. Хаашдаа худалдаж авахаас хойш, мөнгө өгснөөс самар өгсөн нь дээр гэж боддог гэнэ. Энэ нь «ухаалаг үйлдэл» юм. Грекийн ах дүү нар ч бас Бетелийн гэр бүлд оливын тос, бяслаг гээд хүнсний бүтээгдэхүүн тогтмол хандивладаг.

9 Шри Ланкийн нэг Гэрч одоо хилийн чанадад амьдардаг ч эдлэн газар, байшингаа итгэл нэгтнүүддээ хэрэглүүлдэг ажээ. Бүрэн цагийн үйлчлэгчид гэрт нь амьдардаг бөгөөд цуглаан, чуулган явуулдаг байна. Ийм маягаар өгсөн хандив нь мөнгө багатай тэндхийн дэлгэрүүлэгчдэд их нэмэр болдог гэнэ. Манай үйл ажиллагаа хязгаарлагдсан улс орны ах дүү нар гэр орноо цуглааны танхим болгодог. Ийнхүү цуглааны танхим түрээслэх шаардлагагүй болж мөнгө багатай эхлэгч, дэлгэрүүлэгчдийн ачааг хөнгөлдөг байна.

10. Өгөөмөр байвал ямар ивээл хүртдэг вэ?

10 Бурхны ард түмэн «маш бага юманд итгэмжтэй» байдгийг дээрх жишээнүүд баталдаг (Лук 16:10). Еховагийн энэ анд нөхөд эд хөрөнгөө бусдын төлөө зориулдагтаа харамсдаг болов уу? Үгүй ээ, харин ч өгөөмөр байх нь «жинхэнэ баялгийг» олох арга гэдгийг ойлгоод баяртай байдаг (Лук 16:11). Бурхны үйл хэрэгт зориулж тогтмол хандив өргөдөг нэгэн Гэрч эмэгтэй ямар ивээл хүртдэг тухайгаа ярьсан юм. Эд хөрөнгөө харамгүй зориулах тусам бусдад илүү уужим сэтгэлээр хандаж сурдаг гэжээ. «Би илүү их уучламтгай, тэвчээртэй болсон. Урмыг минь хугалахад эсвэл надад зөвлөгөө өгөхөд хүлээцтэй хандаж сурсан» гэж ярьсан юм. Өгөөмөр байх нь өөрт нь тустайг олон хүн ойлгожээ (Дуу. 112:5; Сур. 22:9).

11. а) Харамгүй өгөхийг яагаад «ухаалаг үйлдэл» гэж хэлж болох вэ? б) Хандивын мөнгийг хэрхэн «тэгш» зарцуулдаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

11 «Ухаалаг үйлдэл» хийх бас нэг арга бол эд хөрөнгө, мөнгө төгрөгийг Хаанчлалын үйл хэрэгт зориулах явдал юм. Бид өөрсдөө бүрэн цагаар үйлчлэх, хэрэгцээ ихтэй газар оронд нүүж очих боломжгүй байж магадгүй. Гэхдээ өгсөн хандив маань бусдад тус болдог (Сур. 19:17). Жишээлбэл буурай хөгжилтэй улс орны хүмүүс үнэнийг хүлээж авах нь их байдаг. Тэднийг ном хэвлэлээр хангах, дэлгэрүүлэх ажлыг дэмжихэд та бидний өргөсөн хандив их хэрэг болдог. Конго, Мадагаскар, Руанда зэрэг улсад Библи их өндөр үнэтэй ажээ. Олон жилийн турш манай ах дүү нар 7 хоногийнхоо эсвэл бүр сарынхаа цалингаар гэртээ хоол хүнс авах уу, Библи худалдаж авах уу гэсэн ацан шалаанд ордог байв. Харин одоо Еховагийн байгууллага хүмүүсийн  өргөсөн хандивыг «тэгш» хуваарилан Библийг орчуулж, тарааж байгаа учраас гэр бүлийн гишүүн бүр, суралцагч бүр өөрийн гэсэн Библитэй болсон (2 Коринт 8:13–15-ыг уншина). Ийнхүү өгдөг авдаг аль ч хүн Еховагийн анд нөхөд болдог.

«ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛЫН ХЭРЭГТ ХУТГАЛДДАГГҮЙ»

12. Абрахам Еховад найддаг байсан нь юунаас харагддаг вэ?

12 Еховатай нөхөрлөх өөр нэг арга нь худалдааны тогтолцооноос хөндийрч «жинхэнэ баялгийг» хайх явдал юм. Эртний үнэнч үйлчлэгч Абрахам Еховатай дотно байхыг хүссэн тул баян чинээлэг Ур хотоос яв гэсэн тушаалыг нь дуулгавартай дагаж майханд амьдарчээ (Евр. 11:8–10). Жинхэнэ эд баялгийн Эх үүсвэр нь Бурхан гэдэгт огт эргэлздэггүй байсан тэрээр хэзээ ч эд баялгийн хойноос хөөцөлдөж явсангүй (Эх. 14:22, 23). Ийм бат итгэлтэй байхыг Есүс нэгэн залууд зөвлөж «Хэрэв чи төгс байхыг хүсэж байвал явж, эд хөрөнгөө зарж, ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага» гэжээ (Мат. 19:21). Тэр залуу бат итгэлтэй Абрахам шиг байж чадаагүй. Гэлээ ч олон хүн Бурханд итгэж найддагаа баталсан.

13. а) Паул Тимотод ямар зөвлөгөө өгсөн бэ? б) Паулын зөвлөгөөг бид яаж ажил хэрэг болгох вэ?

13 Бурханд итгэж найддаг хүмүүсийн нэг нь Тимот юм. Паул түүнийг «Христ Есүсийн сайн цэрэг» гээд «ямар ч цэрэг цэрэгт татагчдаа таалагдахын тулд өдөр тутмын амьдралын хэрэгт хутгалддаггүй» гэжээ (2 Тим. 2:3, 4). Есүсийн орчин үеийн дагалдагчид, ялангуяа 1 сая гаруй бүрэн цагийн үйлчлэгчид Паулын энэ зөвлөгөөг ажил хэрэг болгодог. «Өртөн зээлдүүлэгчийнхээ зарц болдог» гэсэн зарчмыг тэд санаад эргэн тойрныхоо хүмүүс болон зар сурталчилгаанд татагдахгүй байхыг хичээдэг (Сур. 22:7). Сатан Еховагийн үйлчлэгчдийг худалдаа арилжааны ертөнцийн төлөө хамаг цаг зав, хүч чадлаа зориулаасай гэж хүсдэг. Зарим хүн байр, машин авах, сургалтын төлбөр төлөх, тэр байтугай нижгэр хурим хийх гэж их хэмжээний зээл авдаг. Зээлээ төлж барагдуулахад олон жил шаардлагатай болдог. Хэрэв амьдралаа энгийн болгож, өр тавихаас зайлсхийж, зардлаа багасгавал «ухаалаг үйлдэл» хийж байна гэсэн үг. Ийм хүн худалдааны тогтолцооны боол байхаа больж Бурханд саадгүй үйлчилнэ (1 Тим. 6:10).

14. Бид юуг эн тэргүүнд тавих ёстой вэ? Жишээ хэлээрэй.

14 Амьдралаа энгийн болгох гэдэгт юуг эн тэргүүнд тавих вэ гэдэг асуудал ордог. Жишээ авъя. Эхнэр нөхөр хоёр, ашигтай бизнес эрхэлдэг байжээ. Бүрэн цагаар дахин үйлчлэхээр шийдээд үйлдвэр, моторт завь, бусад эд хөрөнгөө зарав. Дараа нь Нью-Йоркийн Уорвикт баригдаж буй манай байгууллагын шинэ барилга дээр ажиллахаар очжээ. Бетелд хүргэн охин хоёртойгоо, бас Уорвикийн барилга дээр ажиллаж байсан аав ээж хоёртойгоо хэдэн 7 хоног хамт ажилласан нь тэдний хүртсэн нэг онцгой ивээл байлаа. АНУ-ын Колорадо мужид амьдардаг эхлэгч эмэгтэй банкинд цагийн ажил хийхээр болов. Сайн ажиллаж байгааг нь банкны удирдлагууд хараад 3 дахин их цалинтай бүтэн өдрийн ажил хийгээч гэжээ. Гэвч эхлэгчийн ажлаа хийхэд нь саад болохоор байсан тул тэрээр татгалзсан гэнэ. Еховагийн олон үйлчлэгч янз бүрийн юмаа золиосолдгийн цөөн хэдэн  жишээг авч үзлээ. Ийнхүү Хаанчлалыг эн тэргүүнд тавихаар шийддэг нь Бурхны анд нөхөр байхыг чухалчилдгийн, бас жинхэнэ эд баялгийг энэ ертөнцийн баялгаас илүү өндөр үнэлдгийн шинж юм.

ЭД ХӨРӨНГӨ ҮГҮЙРЭХ ЦАГТ

15. Ямар баялаг хүнийг сэтгэл хангалуун болгодог вэ?

15 Эд хөрөнгөтэй болох нь Бурхан ивээж байгаагийн шинж байх албагүй. Ехова «сайн үйлсээрээ баян» хүмүүсийг ивээдэг (1 Тимот 6:17–19-ийг уншина). Жишээ авъя. Лүчия * гэдэг Гэрч эмэгтэй Албани улсад дэлгэрүүлэгч хэрэгтэй гэж сонсжээ. Тэрээр тогтсон ажил төрөлгүй ч Ехова тэжээж тэтгэнэ гэж найдаад 1993 онд Италиас нүүж очив. Албани хэл сурч, 60 гаруй хүнд баптисм хүртэхэд нь тусалжээ. Бурхны үйлчлэгчдийн ихэнх нь «үржил шимтэй» ийм газар үйлчилдэггүй. Гэхдээ хүмүүст Еховагийн тухай мэдүүлж, амийн зам дээр гарч зогсоход нь туслахыг хичээдэг. Тэдний хийж байгаа бүхэн мөнхөд үнэ цэнтэй (Мат. 6:20).

16. а) Худалдааны тогтолцоо удахгүй яах вэ? б) Бид ирээдүйд юу болохыг мэддэг учраас эд хөрөнгийн талаар ямар үзэлтэй байх ёстой вэ?

16 Есүс: «[Шударга бус] эд хөрөнгө чинь үгүйрнэ» гэснээс бус «үгүйрч магадгүй» гээгүй (Лук 16:9). Эцсийн энэ өдрүүдэд банк, санхүүгийн хямрал их гарч байна. Гэхдээ ойрын ирээдүйд үүнтэй харьцуулшгүй их хямрал дэлхий дахинд нүүрлэнэ. Сатаны ертөнцийг бүрдүүлдэг улс төр, шашин, худалдааны тогтолцоо тэр чигээрээ сүйрнэ. Худалдааны тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн алт, мөнгө үнэ цэнээ алдахыг Езекиел Зефаниа нар зөгнөжээ (Езе. 7:19; Зеф. 1:18). Хэрэв бид ертөнцийн баялгийн төлөө жинхэнэ баялгийг гаргуунд нь гаргаснаа амьсгал хураахын өмнө ухаарвал яах вэ? Бүх насаараа цуглуулсан мөнгө нь хуурамч байсныг хожим нь мэдсэн хүнтэй адил болох биз ээ (Сур. 18:11). Энэ ертөнцийн эд баялаг бүрмөсөн үгүй болно. Тиймд боломжийг алдахгүйн тулд шударга бус эд хөрөнгөө тэнгэрийн «анд нөхөдтэй болоход» зориулаарай. Еховагийн Хаанчлалын төлөө бүхнийг хийвэл жинхэнэ ёсоор баян болно.

17, 18. Бурхны анд нөхөд юуг тэсэж ядан хүлээдэг вэ?

17 Бурхны Хаанчлалын үед өр зээл, түрээс төлбөр гэж байхгүй болно. Хоол хүнсний төлөө мөнгө зарах шаардлагагүй. Эмчилгээний төлбөр төлнө гэсэн ойлголт ул мөргүй арилна. Еховагийн анд нөхөд газраас гарах шимтэй бүхнийг хүртэнэ. Алт, мөнгө, үнэт эрдэнэсийг гоёл чимэглэлд хэрэглэнэ үү гэхээс биш худалдаа арилжааны зорилгоор ганц нэг хүн эзэмшихгүй. Мод, чулуу, төмрөөр хийсэн чанартай барилгын материалыг мөнгөөр худалдаж авахгүй. Сайхан байшин барихад найзууд маань ирж дуртайяа тусална. Гэхдээ тэд хөлс мөнгө авахгүй. Байгалийн баялгаас бүгдээрээ хуваалцдаг шинэ нийгэм бий болно.

18 Тэнгэрийн анд нөхөдтэй болсон хүмүүсийн өвлөж авах зүйрлэшгүй үнэтэй өв хөрөнгийн цөөн хэдийг дурдлаа. «Миний Эцэгээр ерөөгдөгсөд өө, та нар нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай» хэмээн Есүсийн хэлэхийг дэлхий дэх Еховагийн үйлчлэгчид сонсоод баярлан хашхирна (Мат. 25:34).

^ д/м 4 Нярвын эзний сонссон үг үнэн байсан уу, худлаа байсан уу гэдгийг Есүс хэлээгүй. Лук 16:1-д «сонсов» гэж орчуулсан грек үгийг үзвэл, нярвыг хэн нэгэн хүн гүтгэжээ гэж дүгнэж болохоор байдаг. Гэхдээ Есүс нярвын халагдах болсон шалтгааныг бус, харин юу хийснийг онцолжээ.

^ д/м 15 Лүчия Мүсанетийн намтар «Сэрцгээ!» сэтгүүлийн 2003 оны 6-р сарын 22-ны дугаарын 18–22-р хуудсанд нийтлэгдсэн (англи).