Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2017 оны 6 сар 

Еховагийн өгсөн эрдэнэсийг нандигная

Еховагийн өгсөн эрдэнэсийг нандигная

«Та нарын баялаг хаана байна, тэнд бас зүрх сэтгэл тань байх болно» (ЛУК 12:34).

ДУУ: 16, 9

1, 2. а) Ехова бидэнд ямар гурван эрдэнэ өгсөн бэ? б) Энэ өгүүллээр юуны тухай ярилцах вэ?

ЕХОВА бол орчлонт ертөнцийн хамгийн баян Нэгэн билээ (Ш.дээд 29:11, 12). Тэрээр бүх хүнд өгөөмөр сэтгэл гаргадаг. Бидэнтэй үнэт баялгаасаа хуваалцдагт нь талархаад баршгүй! Энэ баялагт юу ордог вэ? 1) Бурхны Хаанчлал, 2) дэлгэрүүлэх ажил, 3) Библид байдаг үнэнийг дурдаж болно. Гэхдээ болгоомжтой байхгүй бол энэ нандин эрдэнэсийг үнэлэхээ болиод хог дээр хаячихаж мэднэ. Ингэхгүйн тулд ямар их үнэтэйг нь байнга санаж явах хэрэгтэй. Есүс: «Та нарын баялаг хаана байна, тэнд бас зүрх сэтгэл тань байх болно» гэж хэлжээ (Лук 12:34).

Хаанчлал, дэлгэрүүлэх ажил, үнэн гурвыг эрхэмлэн хайрлаж явахын тулд яах хэрэгтэйг ярилцъя. Яавал эдгээр баялгийг улам их нандигнах вэ гэдгээ эргэцүүлэн бодоорой.

 БУРХНЫ ХААНЧЛАЛ БОЛ ӨНДӨР ҮНЭТЭЙ СУВДТАЙ АДИЛ

3. Есүсийн ярьсан ёгт үлгэрт гардаг худалдаачин асар үнэтэй сувдыг өөрийн болгохын тулд яахад бэлэн байсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

3 Матай 13:45, 46-г уншина. Есүсийн ярьсан нэг ёгт үлгэрт сувд хайгч худалдаачны тухай гардаг. Тэр хүн олон жил наймаа хийхдээ хэдэн зуун сувд худалдан авч, зарж борлуулсан биз ээ. Харин энэ удаа их үнэтэй, ховор нандин сувд олжээ. Сувдыг худалдаж авахын тулд өөртөө байгаа бүхнийг зарахад бэлэн байлаа. Худалдаачны хувьд тэр сувд хэр зэрэг үнэ цэнтэй байсныг та төсөөлж байна уу?

4. Худалдаачин сувдыг хайрладаг шиг бид Хаанчлалыг хайрладаг бол юу хийх вэ?

4 Худалдаачны тухай ёгт үлгэрээс юу сурч болох вэ? Бурхны Хаанчлал бол өндөр үнэтэй сувдтай адил юм. Худалдаачин сувдыг хайрладаг шиг бид Хаанчлалыг хайрладаг бол иргэн нь байхын тулд бүхнээ зориулах нь дамжиггүй (Марк 10:28–30-ийг уншина). Энэ талаар үлгэр дуурайл болдог хоёр хүний тухай ярилцъя.

5. Закхай Бурхны Хаанчлалын төлөө яахаар шийдсэн бэ?

5 Закхай татвар хураагчдын ахлагч байв. Тэрээр хүмүүсээс мөнгө луйвардаж баяжжээ (Лук 19:1–9). Гэвч Есүсээс Хаанчлалын тухай сонсоод маш үнэтэй зүйл олсноо ойлгож эрс өөрчлөгдөхийг хүссэн. Тэгээд «Хараач, Эзэн, өөрийнхөө хөрөнгөний хагасыг би ядууст өгнө. Хэрэв би хэн нэгнээс залилан авсан байвал, түүнийгээ дөрөв дахин нугалж эргүүлэн өгнө» гэв. Закхай луйвардаж олсон мөнгөө хүмүүст буцаан өгч, эд хөрөнгөнд шунахаа болихоор шийджээ.

6. Нэгэн эмэгтэй Бурхны Хаанчлалын иргэн болохын тулд хэрхэн өөрчлөгдсөн бэ? Яагаад?

6 Хэдэн жилийн өмнө нэгэн эмэгтэй Хаанчлалын тухай мэдээ сонсжээ. Тэрээр ижил хүйстэн төдийгүй ижил хүйстнүүдийн эрхийн төлөө тэмцдэг байгууллагын ерөнхийлөгч байв. Харин Библи судалж Бурхны Хаанчлалын үнэ цэнг ойлгомогцоо амьдралаа эрс өөрчлөх хэрэгтэйгээ ухаарчээ (1 Кор. 6:9, 10). Ингээд ажлаасаа гарч, ижил хүйстний амьдралдаа цэг тавив. 2009 онд баптисм хүртэж, дараа жил нь байнгын эхлэгч болжээ. Еховаг болон Хаанчлалыг хайрлах хайр нь махан биеийнх нь хүслээс ч илүү хүчтэй байсан учраас тэрээр ийм өөрчлөлт гаргаж чадсан байна (Марк 12:29, 30).

7. Бурхны Хаанчлалыг чин сэтгэлээсээ хайрладаг байхын тулд яах хэрэгтэй вэ?

7 Бурхны Хаанчлалын иргэн болохын тулд амьдралаа эрс өөрчилсөн хүн бидний дунд олон бий (Ром 12:2). Гэхдээ өөрчлөлт нэгээр дуусдаг юм биш ээ. Эд хөрөнгө, садар самуун явдалд дурлах зэргээс болоод Хаанчлалыг хайрлахаа болихгүйн тулд үргэлж тэмцэх шаардлагатай (Сур. 4:23; Мат. 5:27–29). Ехова бидэнд Хаанчлалыг чин сэтгэлээсээ хайрладаг байхад маань тусалж өөр нэгэн үнэтэй эрдэнэ өгсөн.

ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖИЛ АМЬ АВАРДАГ

8. а) Элч Паул яагаад «Бид энэхүү баялгийг шавар савнуудад тээдэг» гэж бичсэн бэ? б) Паул дэлгэрүүлэх ажлыг эрхэмлэдэг байсан нь юунаас харагддаг вэ?

8 Есүс бидэнд Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажлыг даалгасан билээ (Мат. 28:19, 20). Элч Паул энэ ажлын үнэ цэнг ойлгодог байсан учраас «Бид энэхүү  баялгийг шавар савнуудад тээдэг» гэж бичжээ (2 Кор. 4:7; 1 Тим. 1:12). Хэдийгээр бид төгс бус «шавар савнууд» боловч дэлгэрүүлдэг мэдээ маань биднийг болон бусдыг мөнх амьдруулах хүчтэй. Тийм болохоор Паул: «Би сайн мэдээний хамсаатан болохын тулд сайн мэдээний төлөө бүх юмыг хийдэг» гэжээ (1 Кор. 9:23). Паул хүмүүст Бурхны Хаанчлалын тухай заах гэж хичээж мэрийдэг байв (Ром 1:14, 15; 2 Тимот 4:2-ыг уншина). Тэрээр сайн мэдээг үнэлж эрхэмлэдэг учраас ширүүн эсэргүүцэл тулгарсан ч дэлгэрүүлсээр байсан (1 Тес. 2:2). Тэгвэл бид Паулыг хэрхэн дуурайх вэ?

9. Дэлгэрүүлэх ажлыг эрхэмлэдгээ хэрхэн батлах вэ?

9 Юуны өмнө Паул хүмүүстэй ярилцах боломж бүрийг ашигладаг байсан нь дэлгэрүүлэх ажлыг эрхэмлэдгийн баталгаа юм. Бид элчүүд болон тэр үеийн дагалдагчдыг дуурайн албан бусаар, олон нийтэд, айлаар дэлгэрүүлдэг (Үйлс 5:42; 20:20). Боломж олдвол, туслах юм уу байнгын эхлэгчээр үйлчлэх зэргээр үйлчлэлээ өргөжүүлдэг. Бас хэл сурч, өөр аймаг хот, улс оронд нүүж очдог (Үйлс 16:9, 10).

10. Арийн гэдэг Гэрч эмэгтэй сайн мэдээ дэлгэрүүлэхийн төлөө хичээж мэрийгээд ямар ивээл хүртсэн бэ?

10 АНУ-д амьдардаг Арийн гэдэг ганц бие Гэрч эмэгтэйн тухай ярилцъя. Тэрээр орос хэлтэй цагаачдад дэлгэрүүлэхийг маш их хүсдэг байжээ. Ингээд 1993 онд Нью-Йорк хотод байдаг орос хэлний бүлгийн гишүүн болов. Тэр үед ердөө 20 дэлгэрүүлэгчтэй байлаа. Арийн энэ хэсэгт 20 жил идэвхийлэн үйлчилжээ. «Би одоо ч оросоор сайн ярьж чаддаггүй» гэж үнэнээ хэлсэн юм. Гэхдээ Ехова хичээл зүтгэлийг нь үнэлж Арийн болон тэдний бүлгийн гишүүдийг ивээжээ. Өнөөдөр Нью-Йоркт орос хэлний 6 хурал бий. Арийнаар хичээл заалгасан хүмүүсийн 15 нь баптисм хүртсэн байна. Тэдний зарим нь бетелчин, эхлэгч, ахлагч болцгоожээ. Арийн: «Хэрэв би өөр зорилго тавьсан бол өнөөдрийнх шиг баяр баясгалантай байна гэж төсөөлж ч чадахгүй байна» гэжээ. Дэлгэрүүлэх ажлаа үнэхээр эрхэмлэдэг нь харагдаж байна.

Та дэлгэрүүлэх ажлаа эрдэнэ гэж үздэг үү? Үүнийгээ батлан 7 хоног бүр дэлгэрүүлдэг үү? (11, 12-р догол мөрийг үзээрэй)

11. Хавчлага тулгарсан ч дэлгэрүүлэх ажлаа зогсолтгүй хийх нь ямар үр дүнтэй вэ?

11 Бид дэлгэрүүлэх ажлаа үнэлж эрхэмлэдэг бол хавчлага тулгарсан ч элч Паул шиг дэлгэрүүлсээр байна (Үйлс 14:19–22). АНУ дахь итгэл нэгтнүүд маань 1930–1944 онд харгис хавчлагад өртсөн юм. Гэлээ ч Паултай адил бат зогсож, дэлгэрүүлсээр байсан. Ах дүү нар маань эрхээ хамгаалахын тулд  шүүхэд олон удаа хандсан. АНУ-ын Дээд шүүх манай талд ашигтай нэгэн шийдвэр гаргасныг Ноор ах 1943 онд тавьсан илтгэлдээ дурдсан байдаг. Тэрээр: «Бидний зөв гэдгийг шүүхийн шийдвэрүүд харуулж байгаа нь та нарын тэмцлийн үр дүн юм шүү. Хэрэв дэлгэрүүлдэггүй байсан бол Дээд шүүхэд хандах боломж гарахгүй байх байсан. Харин дэлхий дахинд буй ах дүү та бүхэн тасралтгүй дэлгэрүүлж байсан учраас хавчлагыг сөрж ялалтад хүрлээ. Эзний ард түмэн бат зогссоны ачаар дэлгэрүүлэх эрх чөлөөтэй боллоо» гэж бичжээ. Бусад орны ах дүү нар маань ч ийнхүү тууштай байдаг учраас ялдаг. Тийм ээ, бид дэлгэрүүлэх ажлаа хайрладаг учраас хавчигдсан ч бууж өгдөггүй.

12. Та дэлгэрүүлэх ажлыг яаж хийхээр шийдсэн бэ?

12 Хэрэв бид дэлгэрүүлэх ажлаа Еховагийн өгсөн үнэтэй эрдэнэ гэж үздэг бол тайлан дээр бичсэн цагаа хараад л сэтгэл ханахгүй. Харин «сайн мэдээг гэрчлэхийн» төлөө чадах бүхнээ хийнэ (Үйлс 20:24; 2 Тим. 4:5). Хүмүүст яг юуны тухай заах вэ? Одоо, Бурхны өгсөн бас нэг эрдэнийн тухай ярилцъя.

ҮНЭНЭЭР ДҮҮРГЭСЭН ЭРДЭНЭСИЙН САН

13, 14. Матай 13:52-т гардаг «эрдэнэсийн сан» гэж юу вэ? Үүнийг хэрхэн дүүргэх вэ?

13 Гурав дахь үнэт эрдэнэ бол бидний мэдэж авсан, Библид байдаг үнэн юм. Ехова үнэний Бурхан билээ (2 Сам. 7:28; Дуу. 31:5). Тэрээр өгөөмөр Эцэг учраас өөрөөс нь эмээдэг хүмүүст үнэнийг мэдүүлдэг. Бид өнөөдрийг хүртэл Бурхны Үг, байгууллагын хэвлэл, цуглаан, чуулганаас үнэнийг мэдэж авсан. Энэ хугацаанд, Есүсийн хэлснээр хуучин болон шинэ үнэн бүхий «эрдэнэсийн сантай» болсон (Матай 13:52-ыг уншина). Хэрвээ бид үнэнийг «нууцлагдсан эрдэнэ мэт хайдаг бол» «эрдэнэсийн сангаа» шинэ үнэнээр дүүргэхэд маань Ехова тусална (Сургаалт үгс 2:4–7-г уншина). Үнэнийг яаж хайх вэ?

14 Бид Библи, ном хэвлэлээ бие даан тогтмол судлахын зэрэгцээ эрэл хайгуулыг сайн хийж сурах хэрэгтэй. Ингэвэл урьд нь мэддэггүй байсан «шинэ» үнэнийг мэдэж авна (Иош. 1:8, 9; Дуу. 1:2, 3). «Харуулын цамхаг» сэтгүүлийн анхны дугаарт «Үнэнийг амьдрал хэмээх цөл дэх энгийн нэгэн цэцэгтэй зүйрлэж болно. Алдаа зөрчил гэдэг хогийн ургамал битүү ургасан тул энэ цэцэг бараг харагдахгүй. Цэцгийг олъё гэвэл та маш анхааралтай хайх хэрэгтэй. ... Олчихвол бөхийж тэр цэцгийг авна. Гэхдээ ганцыг олсондоо сэтгэл ханаж болохгүй. ... Цааш нь хайгаад цуглуулах хэрэгтэй» гэж бичжээ (1879 оны 7 дугаар сар). Эрдэнэсийн сангаа арвижуулахын тулд хичээж мэрийх хэрэгтэй байх нь ээ.

15. Зарим үнэнийг яагаад «хуучин» гэж хэлж болох вэ? Та алийг нь илүү эрхэмлэдэг вэ?

15 Бид Бурхны үйлчлэгчдээр Библийн хичээл заалгаж эхлэхдээ олон гайхалтай үнэнийг мэдэж авсан. Хамгийн анх мэдэж авсан учраас энэ үнэнийг «хуучин» гэж хэлж болно. Үүнд юу ордог вэ? Ехова бол Бүтээгч, Амь өгөгч, хүн төрөлхтний төлөө санаа зорилготой Нэгэн гэдгийг бид мэдэж авсан. Бас хүн төрөлхтнийг нүгэл, үхлийн боолчлолоос чөлөөлөхийн тулд Хүүгээ золиосолсныг нь ойлгосон. Бурхны Хаанчлал зовлонг үгүй хийнэ, тэр засгийн газрын удирдлагаар хүмүүс дэлхий дээрээ үүрд аз жаргалтай,  амар тайван амьдарна гэж заалгасан (Иох. 3:16; Илч. 4:11; 21:3, 4).

16. Үнэний тухай ойлголт шинэчлэгдвэл бид яах хэрэгтэй вэ?

16 Заримдаа Библийн зөгнөл эсвэл сургаалын тухай ойлголт өөрчлөгддөг. Тэр үед шинэ ойлголтыг нягтлан судалж, сайтар эргэцүүлэн бодож байх нь чухал (Үйлс 17:11; 1 Тим. 4:15). Хуучин, шинэ ойлголтыг харьцуулан судалж байхдаа гол өөрчлөлтийг төдийгүй жижиг ялгааг нь ч бас олж харах хэрэгтэй. Ингэдэг бол үнэний талаарх шинэ ойлголтыг эрдэнэсийн сандаа найдвартай хадгална. Яагаад ийм их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй вэ?

17, 18. Ариун сүнс бидэнд яаж тусалдаг вэ?

17 Судалж мэдсэн зүйлийг маань Бурхны сүнс сануулна гэж Есүс хэлсэн (Иох. 14:25, 26). Сайн мэдээ дэлгэрүүлэх үед хэрхэн сануулдаг вэ? Пийтр гэдэг Гэрчид тохиолдсон явдлыг авч үзье. Саяхнаас Британийн Бетелд үйлчлэх болсон тэрээр 1970 онд 19-тэйдөө айлаар дэлгэрүүлж яваад дунд эргэм насны, бавайсан сахалтай хүнтэй уулзжээ. Тэр хүн иудейн шашны багш (рабби) байлаа. Өөрөөс нь хамаагүй дүү хүн Библи зааж өгье гэхэд нь шоконд орж л дээ. Тэгээд Пийтрийг шалгах санаатай, «За хүү минь, “Даниел” номыг ямар хэлээр бичсэн бэ?» гэж асуухад «Нэг хэсгийг нь арамей хэлээр бичсэн» гэж хариулжээ. Пийтр: «Намайг мэдэж байсанд тэр рабби их гайхсан. Би өөрөө бүр ч их гайхсан! Гэртээ хариад өмнөх саруудын “Харуулын цамхаг”, “Сэрцгээ!” сэтгүүлийг эргүүлж үзлээ. Тэгтэл “Даниел” номыг арамей хэлээр бичсэн гэж тайлбарласан нэг өгүүлэл байж байлаа» хэмээн дурсжээ (Дан. 2:4). Тэгэхээр урьд нь уншиж судлаад эрдэнэсийн сандаа хадгалсан мэдлэгийг ариун сүнс сануулдаг байх нь ээ (Лук 12:11, 12; 21:13–15).

18 Еховагаар заалгасан үнэнийг эрхэмлэн хайрладаг бол эрдэнэсийн сангаа хуучин, шинэ үнэнээр дүүргэх хүсэл төрнө. Дүүргэхийн хэрээр бусдад үнэнийг заах чадвартай, бэлтгэлтэй болно.

ЭРДЭНЭСЭЭ ХАМГААЛ

19. Еховагийн өгсөн эрдэнэсийг яагаад хамгаалах ёстой вэ?

19 Еховагийн өгсөн эрдэнэсийг үнэлж эрхэмлэх нь хэчнээн чухал болохыг энэ өгүүллээр ярилцлаа. Болгоомжтой байхгүй бол Сатан болон түүний ертөнцийн нөлөөгөөр эрдэнэсээ үнэлж эрхэмлэхээ больж магадгүй. Цалин хангамж сайтай ажилд сэтгэл татагдах, элбэг хангалуун амьдрах гэсэн мөрөөдөлд автах, эд хөрөнгөөрөө гайхуулах хүсэлдээ дийлдэх амархан. Элч Иохан: «Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө» хэмээн анхааруулсан (1 Иох. 2:15–17). Тиймд бид Еховагийн өгсөн эрдэнэсийг ямагт эрхэмлэн үнэлж, хайрлан хамгаалах хэрэгтэй.

20. Еховагийн өгсөн баялгийг хамгаалахын тулд та яахаар шийдсэн бэ?

20 Бурхны Хаанчлалыг гэсэн хайрыг тань хөргөх юм байвал даруйхан таягдан хаяарай. Амь аврах ажлаа хэзээд эрхэмлэж хичээл зүтгэлтэй дэлгэрүүлж байгаарай. Библид байдаг үнэнийг шаргуу хайгаарай. Тэгвэл тэнгэрт баялаг хураана. «Тэнд хулгайч ойртохгүй, хивэн хорхой сүйтгэхгүй. Юу гэвэл та нарын баялаг хаана байна, тэнд бас зүрх сэтгэл тань байх болно» (Лук 12:33, 34).