Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2017 оны 6 сар 

Илүү чухал асуудлыг анхаарч явъя

Илүү чухал асуудлыг анхаарч явъя

«Тэд ЭЗЭН гэдэг нэртэй Та л ганцаараа бүх дэлхийн Хамгийн Дээд Нэгэн гэдгийг мэдэх болтугай» (ДУУ. 83:18).

ДУУ: 46, 16

1, 2. а) Бүх хүнд хамаатай ямар чухал асуудал байдаг вэ? б) Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмжих нь бидний хувьд яагаад чухал бэ?

ӨНӨӨДӨР олон хүний санааг зовоодог асуудал бол мөнгө юм. Эд хөрөнгө хуримтлуулах, олсон хэдийгээ хадгалахад хамаг анхаарлаа хандуулдаг. Нөгөө заримынх нь хувьд гэр бүл, эрүүл мэнд, ололт амжилт чухал асуудал байдаг.

2 Гэхдээ үүнээс илүү чухал, бүх хүнд хамаатай нэг асуудал бий. Энэ нь Еховагийн хэмжээгүй эрх мэдэл зөвтгөгдөх тухай юм. Үүнийг бид хэзээ ч мартаж болохгүй. Хэрэв сэрэмжтэй байхгүй бол өдөр тутмын ахуй амьдралыг эсвэл өөрийнхөө зовлонг хэтэрхий их анхаарснаас болоод энэ чухал асуудалд хайнга ханддаг болж магадгүй. Харин Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг хэдийчинээ сайн дэмжинэ, өдөр тутам тулгардаг янз бүрийн бэрхшээлийг төдийчинээ сайн давж чадна. Мөн Ехова Бурхантайгаа улам дотносно.

ЯАГААД ЧУХАЛ ГЭЖ?

3. Бурхны эрх мэдлийн талаар Сатан ямар асуудал дэвшүүлсэн бэ?

3 Ехова захирах эрхтэй юү, үгүй юү гэсэн асуудлыг Сатан дэвшүүлсэн билээ. Ехова шударга бус захирдаг, хүнээс  сайн юм нуудаг гэж батлахыг Сатан оролддог. Түүний хэлснээр бол Бурхнаар удирдуулахын оронд хүн хүнээ удирдаад явбал илүү жаргалтай амьдрах ажээ (Эх. 3:1–5). Түүнээс гадна Бурханд чин үнэнч хүн нэг ч байхгүй, зовлон учирвал ямар ч хүн Еховагаар удирдуулахаа болих юм гэнэ (Иов 2:4, 5). Нэгэнт ийм юм болсон тул хүн хүнээ удирдаад жаргалтай амьдрахгүйг ойлгуулах хэрэг гарав. Тэгээд Ехова тодорхой хугацаа олгожээ.

4. Хэмжээгүй эрх мэдэлтэй холбоотой асуудлын учир холбогдлыг яагаад ойлгох ёстой вэ?

4 Сатаны дэвшүүлсэн асуудал худал гэдгийг Ехова мэдэж байсан. Тэгвэл яагаад хэлснээ батлах хугацааг Сатанд олгосон юм бол? Энэ асуултын хариу оюун ухаант бүх бүтээлд хамаатай (Дуулал 83:18-ыг уншина). Адам Ева хоёр Еховаг Удирдагчаа гэж үзэхээс татгалзсан. Тэдний араас олон хүн дагажээ. Тийм болохоор Диаволын хэлсэн үг ортой байж магадгүй гэсэн бодол зарим нэгэнд нь төрж болох юм. Энэ асуудлын учир холбогдлыг хүмүүс юм уу тэнгэрийн элчүүд ойлгоогүй цагт эв нэгдэл, энх тайван тогтохгүй. Харин Еховагийн хэмжээгүй эрх мэдэл зөвтгөгдсөний дараа бүх бүтээл нь түүнд мөнхөд захирагдаж, орчлонт ертөнц даяар энх тайван тогтоно (Еф. 1:9, 10).

5. Хэмжээгүй эрх мэдэлтэй холбоотой асуудалд хувь нэмэр оруулъя гэвэл бид яах ёстой вэ?

5 Бурхны хэмжээгүй эрх мэдэл зөвтгөгдөнө. Сатан ба хүний засаглал амжилт олохгүй нь тодорхой болж, эцэстээ бүрмөсөн устгагдана. Бурхан Хаанчлалаараа дамжуулан удирдаж амжилтад хүрнэ. Хүн үнэнч байж Бурхны талд бат зогсож чаддагийг үнэнч хүмүүс батална (Ис. 45:23, 24). Та Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг үнэнчээр дэмжигчдийн тоонд багтахыг хүсэж байна уу? Мэдээж хүсэж байгаа. Үргэлж үнэнч байя гэвэл энэхүү маргаантай асуудал хэр чухал болохыг сайн ойлгох хэрэгтэй.

ЕХОВАГИЙН ЭРХ МЭДЭЛ ЗӨВТГӨГДӨХ НЬ АВРАГДАХААС ИЛҮҮ ЧУХАЛ

6. Еховагийн хэмжээгүй эрх мэдэл зөвтгөгдөх нь хэр зэрэг чухал бэ?

6 Еховагийн хэмжээгүй эрх мэдэл зөвтгөгдөх нь хүн төрөлхтөнд хамаатай чухал асуудал юм. Энэ нь хүмүүсийн жаргалтай амьдрах гэсэн хүслээс хавьгүй чухал. Тэгвэл бидний аврагдах нь чухал биш эсвэл Ехова бидэнд санаа тавьдаггүй гэсэн үг үү? Тийм биш ээ. Яагаад?

7, 8. Еховагийн хэмжээгүй эрх мэдэл зөвтгөгдөх гэдэгт дуулгавартай хүмүүсийн аврагдах ч багтдаг гэхийн учир юу вэ?

7 Ехова хүн төрөлхтнийг үнэ цэнтэй гэж үздэг, үнэхээр их хайрладаг. Тийм учраас биднийг мөнх амьдруулахын тулд Хүүгээ золиосолсон билээ (Иох. 3:16; 1 Иох. 4:9). Хэрэв Ехова хүн төрөлхтний ирээдүйтэй холбоотой амлалтаа биелүүлэхгүй бол Сатан болон эсэргүүцэгчдийн зөв болж таарна. Сатан Еховаг хүмүүсээс сайн юм нуудаг, зөв шударга захирдаггүй гэж гүтгэсэн шүү дээ. Эсэргүүцэгчид: «Түүний ирэх амлалт нь хаана байна вэ? Эцэг өвгөдийг унтсан цагаас хойш бүх юмс бүтээлийн эхнээс байсан шигээ хэвээрээ байна» гэдэг (2 Петр 3:3, 4). Еховагийн хэмжээгүй эрх мэдэл зөвтгөгдөх гэдэгт дуулгавартай хүмүүсийн аврагдах ч багтдаг! (Исаиа 55:10, 11-ийг уншина). Еховагийн хайрыг хэмжээгүй эрх мэдлээс нь салгаж ойлгох боломжгүй.  Тийм учраас үнэнч үйлчлэгчдээ хэзээ ямагт хайрлаж, үнэ цэнтэй гэж үздэгт нь бүрэн итгэж болно (Ег. 34:6).

8 Еховагийн хэмжээгүй эрх мэдэл зөвтгөгдөх нь илүү чухал гэхлээр бидний аврагдах нь чухал биш болж байна уу? Эсвэл Еховагийн хувьд хэн ч биш гэж өөрийгөө дорд үзсэн хэрэг үү? Үгүй, тийм биш. Гол нь хэмжээгүй эрх мэдэл болон авралыг зөв ойлгож байгаа хэрэг юм. Ийм зөв үзэлтэй хүн илүү чухал асуудлыг үргэлж анхаарч, Еховагийн талд бат зогсоно.

ИОВ ҮЗЭЛ БОДЛОО ӨӨРЧИЛСӨН НЬ

9. Сатан Иовын талаар юу гэж хэлсэн бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

9 Еховагийн хэмжээгүй эрх мэдлийн талаар зөв үзэлтэй байх нь маш чухал. Үүнийг Библийн эртний номнуудын нэг «Иов»-д тодорхой бичжээ. Эндээс Сатаны санааг мэдэж болно. Иовыг туйлд нь хүртэл зовоовол Бурхнаас нүүр буруулна гэж Сатан бодсон. Тэгээд Иовыг зовоогооч гэж Еховаг ятгажээ. Ехова саналыг нь хүлээж аваагүй ч Иовыг сорихыг зөвшөөрч «Түүнд байгаа бүхэн чиний мэдэлд байна» гэсэн (Иов 1:7–12-ыг уншина). Төд удалгүй Иов зарц нараа, амьжиргааны эх үүсвэрээ, арван сайхан хүүхдээ алджээ. Сатан энэ бүх гай зовлонг Бурхан учруулсан мэт харагдуулсан (Иов 1:13–19). Дараа нь Иовд зовуурь шаналгаатай, нүд халтирам өвчин тусгасан (Иов 2:7). Эхнэр болон гурван хуурамч найз нь зүрх зүсэм үг хэлж, зовлон дээр нь зовлон нэмсэн (Иов 2:9; 3:11; 16:2).

10. а) Иов Еховад үнэнч байсан нь юунаас харагддаг вэ? б) Иовын үзэл бодлыг яагаад өөрчлөх хэрэгтэй байсан бэ?

10 Сатан үнэн хэлсэн үү? Үгүй, худал хэлсэн. Иов зовлон амссан ч Еховагаас нүүр буруулаагүй (Иов 27:5). Гэхдээ нэг хэсэгтээ юу нь илүү чухал болохыг мартаад өөрийгөө зөвтгөхийг оролдсон. Бас зовлонгийнхоо учир шалтгааныг мэдэхийг хүссэн (Иов 7:20; 13:24). Та Иовын сэтгэлийг ойлгож байгаа байх. Гэхдээ Ехова түүний үзэл бодлыг өөрчлөх хэрэгтэй гэж үзжээ. Тэгээд Иовд юу гэж хэлсэн бэ?

11, 12. Ехова Иовд юу ойлгуулахыг хүссэн бэ? Иов яасан бэ?

11 Ехова Иовд юу гэж хэлснийг «Иов» номны 38–41-р бүлгээс мэдэж болно. Гэхдээ энэ дөрвөн бүлгийн алинд ч зовлонгийнх нь учир шалтгааныг хэлж өгсөн тухай байдаггүй. Ехова Иовд гол нь юу ойлгуулахыг хүссэн бэ? Агуу Бурхны дэргэд хэчнээн өчүүхэн болохыг  нь ойлгуулахыг хүсжээ. Анхаарах ёстой өөр асуудлууд байгааг Иовд хэлж өгсөн (Иов 38:18–21-ийг уншина). Еховагийн хэлсэн үг үзэл бодлоо өөрчлөхөд нь Иовд нөлөөлжээ.

12 Иовыг тийм их зовлон туулж байхад Ехова хэтэрхий хатуу үг хэлсэн юм биш үү? Үгүй. Иов ч тэгж бодоогүй. Харин Еховагийн зөвлөгөөг талархан хүлээж авсан. Түүгээр ч барахгүй «Би хэлснээсээ буцаж, шороо ба үнсэн дунд гэмшье» гэсэн. Еховагийн зөвлөгөө үр дүнгээ өгчээ (Иов 42:1–6). Өмнө нь Иов Елиху гэдэг залуугийн өгсөн зөвлөгөөг хүлээж авсан билээ (Иов 32:5–10). Тэрээр Бурхны зөвлөгөөг дагаад үзэл бодлоо өөрчилжээ. Тэгэхэд нь Ехова түүнийг сайшаасан. Сорилтын үед ч үнэнч байсныг нь бусдад магтан ярьжээ (Иов 42:7, 8).

13. Гай зовлон дууссанаас хойш ч Еховагийн зөвлөгөө Иовд ямар ач тустай байсан бэ?

13 Гай зовлон дууссанаас хойш ч Еховагийн зөвлөгөө ач тустай байсан. Ямар ач тустай байсан бэ? Ехова «Иовын сүүлчийн өдрүүдийг эхлэлээс нь илүүгээр ерөөсөн» ч алдсан зүйлээ дахин олж, бие нь тэнхэртэл багагүй хугацаа хэрэгтэй байсан нь тодорхой. Хожим нь Иов «долоон хүү, гурван охинтой» болсон билээ (Иов 42:12–14). Сатаны гарт амиа алдсан хүүхдүүдээ санаж байсан нь лавтай. Бас зовлонт өдрүүдээ мартаж чадаагүй. Зовлонгийнхоо учир шалтгааныг яваандаа илүү сайн ойлгодог болсон байх. Гэхдээ Бурхан яагаад тийм их зовлон учруулахыг Сатанд зөвшөөрсөн юм бол гэж хааяа боддог байсан ч байж магадгүй. Юу ч гэж бодсон бай, Бурхны өгсөн зөвлөгөө санаанаас нь гардаггүй байсан нь лавтай. Үргэлж зөв бодолтой байж, тайвшрахад нь Еховагийн зөвлөгөө тус болсон нь эргэлзээгүй (Дуу. 94:19).

Та зовлонгоо бус, илүү чухал асуудлыг анхаарч чадах уу? (14-р догол мөрийг үзээрэй)

14. Иовын түүхээс ямар сургамж авах вэ?

14 Үзэл бодлоо өөрчилж тайвширъя гэвэл Иовд тохиолдсон явдлыг эргэцүүлэн бодох хэрэгтэй. Тэгээд ч Ехова «биднийг сургахын тулд» энэ түүхийг бичүүлсэн. «Ингэснээр Судруудын тэвчээр болон урамшуулалтаар дамжуулан бидэнд найдвар байх юм» (Ром 15:4). Тэгвэл Иовын түүхээс ямар сургамж авах вэ? Зовлонгоо хэтэрхий их бодоод байвал илүү чухал асуудлыг, тодруулбал Еховагийн хэмжээгүй эрх мэдэл зөвтгөгдөх тухай асуудлыг анхаарахаа болино. Хэчнээн хэцүү юм тохиолдсон ч, Иов шиг үнэнч байж Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмжицгээе.

15. Сорилт тулгарсан ч үнэнч байвал ямар ач тустай вэ?

 15 Үнэнч байхын ач тусыг бодвол тайвширна. Яагаад гэвэл сорилт тулгарч байгаа нь Ехова бидэнд хилэгнэсний шинж биш, харин Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмждэгээ батлан харуулах боломж олдсоны шинж юм (Сур. 27:11). Хэрэв бид тэвчвэл Бурхнаа баярлуулж ирээдүйгээ улам тод хардаг болно (Ром 5:3–5-ыг уншина). Ехова «энэрлээр дүүрэн агаад өршөөнгүй» гэдгийг Иовын түүх баталдаг (Иак. 5:11). Хэрэв бид хэмжээгүй эрх мэдлийг нь дэмжвэл Ехова заавал ивээнэ. Үүнд итгэж байвал «баяр хөөртэйгөөр бүхий л тэсвэр, тэвчээрт хүрнэ» (Кол. 1:11).

ХАРААГАА БҮҮ САЛГА

16. Бурхны хэмжээгүй эрх мэдлийг дэмжих нь чухал гэдгийг яагаад байнга санах хэрэгтэй вэ?

16 Үнэндээ Еховагийн хэмжээгүй эрх мэдэл зөвтгөгдөх тухай асуудлыг үргэлж анхаарах амаргүй. Яагаад гэвэл заримдаа бид зовлонгоо хэтэрхий их анхаарах гээд байдаг. Тийм үед тухайн зовлон өчүүхэн байсан ч дааж давшгүй мэт санагддаг. Харин Бурхны хэмжээгүй эрх мэдлийг дэмжих нь хэчнээн чухал болохыг байнга санадаг бол зовлон учирсан ч анхаарал сарнихгүй.

17. Еховагийн ажилд тогтмол оролцох нь ямар ач холбогдолтой вэ?

17 Еховагийн ажилд тогтмол оролцоод байвал илүү чухал асуудлыг мартахгүй. Жишээлбэл Рэнэй гэдэг Гэрч эмэгтэй архаг өвчтэй, хорт хавдартай байлаа. Гэсэн хэдий ч тэрээр эмч сувилагч, өвчтөнүүд, эргэлтээр ирсэн хүмүүст дэлгэрүүлдэг байв. Нэг удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхдээ 20 хүрэхгүй хоногийн дотор 80 цаг дэлгэрүүлжээ. Удахгүй үхнэ гэдгээ мэдэж байсан ч Еховагийн эрх мэдлийг зөвтгөхийн чухлыг мартаагүй юм. Энэ нь түүний зовлонг нимгэлдэг байжээ.

18. Жээнифэрт тохиолдсон явдлаас юу сурч болох вэ?

18 Өдөр тутам аар саар юм тохиолдоход ч илүү чухал асуудлыг санаж явах учиртай. Жээнифэр гэдэг Гэрч эмэгтэй гэртээ харихаар онгоцны буудалд очжээ. Гэтэл нислэг нь өдөр бүр цуцлагдсаар 3 хоног саатав. Ганцаараа явж байсныг хэлэх үү, олон хоног хүлээж цөхөрснийг хэлэх үү, сэтгэлээр унаж болох л байлаа. Гэвч тэгсэнгүй, харин онгоц хүлээж байгаа хүмүүст сайн мэдээ дэлгэрүүлэхэд туслаач гэж залбирсан байна. Өчнөөн хүнд дэлгэрүүлж олон хэвлэл тараажээ. Жээнифэр: «Тэр үед би Ехова намайг ивээж, нэрийг нь алдаршуулах хүч өгч байгааг мэдэрсэн» гэж ярьсан юм.

19. Жинхэнэ шашныг шүтдэг хүмүүс юугаараа ялгардаг вэ?

19 Зөвхөн Еховагийн ард түмэн л хэмжээгүй эрх мэдэл зөвтгөгдөх тухай асуудлыг үнэн зөвөөр нь ойлгодог. Хуурамч шашин шүтдэг хүмүүсээс үүгээрээ ялгардаг. Тиймээс Ехова Бурхныхаа хэмжээгүй эрх мэдлийг дор бүрнээ дэмжиж явцгаая.

20. Хэмжээгүй эрх мэдлийг нь дэмжихийн тулд чадах бүхнээ хийдгийг тань Ехова хараад яадаг вэ?

20 Хэрэв та Еховад үнэнч үйлчилж, сорилтыг тэвчдэг бол хэмжээгүй эрх мэдлийг нь дэмжиж байгаа хэрэг. Ехова хичээл зүтгэлийг тань өндөр үнэлдэг гэдэгт итгээрэй (Дуу. 18:25). Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг чин сэтгэлээсээ дэмжих өөр ямар шалтгаан байдгийг, мөн хэрхэн дэмжихийг дараагийн өгүүллээр ярилцана.