Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2017 оны 4 сар 

 НАМТАР

Христийн цэрэг байхаар шийдсэн нь

Христийн цэрэг байхаар шийдсэн нь

Хажуугаар сум исгэрэн өнгөрнө. Би цагаан алчуураа алгуурхан дээш нь өргөлөө. Над руу буудаж байсан цэргүүд: «Гараад ир» гэж хашхирав. Би амьд үлдэх үү, алуулах уу гэдгээ ч мэдэхгүй, аажуухан дөхөж очлоо. Яагаад ийм байдалд орсон гэж үү?

БИ 1926 онд Грекийн Карица гэдэг тосгонд найман хүүхэдтэй айлын долоо дахь нь болж төрсөн. Миний эцэг эх ажилсаг хүмүүс байв.

Намайг төрөхөөс жилийн өмнө ээж аав маань Ёаннис Папаризос гэдэг Библи Судлаачтай (Еховагийн Гэрчүүдийг ингэж нэрлэдэг байсан) таарчээ. Тэр хүн яриа хөөрөөтэй, идэвх зүтгэлтэй нэгэн байлаа. Библийг ойлгомжтой тайлбарласан учраас ээж аавын минь сэтгэл хөдөлж Библи Судлаачдын цуглаанд очдог болжээ. Ээж бичиг үсэггүй ч Ехова Бурханд бат итгэдэг болж сурч мэдсэнээ, боломж л олдвол хүмүүст ярьдаг байв. Харин аав хүмүүсийн төгс бус байдлыг хэтэрхий анхаарснаасаа болоод яваандаа цуглаанд явахаа больсон юм.

Бид найм Библийг эрхэмлэдэг байсан мөртлөө хүүхэд насныхаа дур сонирхолд автаад өөр зүйлд сатаарсан байлаа. Тэгтэл 1939 онд Европт дэлхийн ІІ дайн дэгдэж манай тосгоныг ч нэрвэх нь тэр. Манайхтай хөрш байсан үеэл Николас Псарасыг Грекийн армиас дуудав. Тэр дөнгөж 20-той, баптисм хүртээд удаагүй байсан хэр нь «Би тулалдаж чадахгүй ээ. Яагаад гэвэл би Христийн цэрэг» гэж зоригтой хэлсэн гэдэг. Цэргийн шүүхээс түүнд 10 жилийн хорих ял оноов. Бид ямар их балмагдсан гэж санана!

Харин 1941 оны эхээр Холбоотны армийг Грект орж ирэхэд Николас ах маань шоронгоос суллагдаж билээ. Түүнийг тосгондоо буцаж ирэхэд нь миний том ах Ийлияс Библийн тухай асуултаар булж гарав. Би тэр хоёрын яриаг шимтэн сонслоо. Дараа нь Ийлияс ах, миний дүү Эвмоорфия, бид гурав Библи судалж эхэлсэн. Тэгээд Гэрчүүдийн цуглаанд тогтмол явдаг болсон.  Дараа жил нь гурвуулаа Ехова Бурханд өөрсдийгөө зориулж, баптисм хүртэв. Хожим нь хоёр ах, хоёр эгч маань бас Еховагийн үнэнч Гэрч болцгоосон.

1942 онд Карица хуралд 15–25 насны эрэгтэй, эмэгтэй 9 залуу Гэрч байв. Биднийг маш хүнд сорилт хүлээж байгааг бүгдээрээ мэдэж байлаа. Тиймээс боломж л гарвал Библиэ хамт судалж, Хаанчлалын дуу дуулж, залбиран бие биеэ зоригжуулдаг байсан. Ингэж бидний итгэл бэхэжсэн юм.

Димитрис нөхөдтэйгөө, Карицад

ИРГЭНИЙН ДАЙН

Дэлхийн ІІ дайн дуусмагц Грекийн коммунистууд засгийн газрын эсрэг босож иргэний дайн дэгдээв. Тэд хөдөө орон нутгаар явж хүмүүсийг эгнээндээ хүчээр элсүүлж байлаа. Манай тосгонд ирж гурван залуу Гэрчийг баривчлав. Тэр нь Адоонёс Цүүкаас, Ийлияс ах бид гурав байв. Улс төрийн хэрэгт төвийг сахидгаа хэлж учирласан боловч биднийг тоосонгүй. Ингээд бид манай тосгоноос 12 цаг явж хүрдэг Оолибос уул руу туугдан явлаа.

Дараахан нь нэг коммунист офицер биднийг эгнээндээ элсэхийг тушаав. Христийн жинхэнэ дагалдагчид учраас бусдын өөдөөс буу шагайж чадахгүй гэдгээ тайлбарласан чинь тэр дарга ихэд уурлан биднийг нэг генерал дээр аваачив. Дахиад учир байдлаа хэлтэл генерал: «Тэгвэл шархадсан цэргүүдийг луусан дээр ачаад эмнэлэгт хүргэж өг» гэлээ.

«Хэрвээ ингэж явж байгаад засгийн газрын цэргүүдэд баригдвал яах вэ? Биднийг цэрэг гэж бодохгүй юу?» гэж бид асуув. «Тэгвэл галын шугамд талх хүргэж өг» гэлээ. «Хэрэв нэг офицер биднийг луустай явахыг харчихаад галын шугамд зэвсэг хүргэж өг гэвэл яах вэ?» гэсэнд нэлээд удаан, нухацтай бодсоноо «Та нар ерөөсөө хонь хариул! Ууланд, мал дээр гарцгаа» гэж хашхирав.

Иргэний дайны гал энд тэндгүй асаж байсан тул бид гурав хонь хариулахаас татгалзсангүй. Дараа жил нь ээжийг бэлэвсрэхэд Ийлияс ахыг чөлөөлөв. Ах маань айлын том хүү учраас ээжийг харж хандах болсон юм. Адоонёс өвчин тусаад бас л чөлөөлөгдөв. Ингээд би ганцаараа үлдлээ.

Тэр үед Грекийн арми коммунистуудыг мөшгөсөөр бараг тулж ирээд байлаа. Коммунистууд намайг аваад уул дамжин хөрш Албани руу зугтав. Тэд хил дээр дөхөж ирмэгцээ Грекийн цэргүүдэд бүслэгдсэнээ ойлгоод сандарч тэвдлээ. Тэгснээ зугтчихав. Харин би, газар унасан модны ард нуугдсан юм. Ингэж Грекийн армитай нүүр тулсан минь энэ. Үүнийг өгүүллийн эхэнд дурдсан билээ.

Би коммунистуудад олзлогдсоноо тэдэнд хэлэхэд намайг Бээрия буюу Библид гардаг эртний Берой хотын ойролцоох цэргийн хуаранд авчирлаа. Нуувч ухахыг тушаасанд би татгалзав. Тэгтэл дарга нь намайг гэмт хэрэгтнүүдийг  залхаан цээрлүүлдэг Макроонисос (Макрониси) арал руу цөлөх тушаал буулгалаа.

АЙМШИГТ АРАЛ

Афинаас 50 километрт орших далайн эргийн Атики гэдэг газар нэгэн арал бий. Усгүй ангамал, наранд гандсан, эзгүй зэлүүд энэ арлыг Макроонисос гэдэг. Арлын урт нь 13-хан километр, өргөн нь 2,5 километр. Гэсэн хэдий ч энэ арал дээр 1947–1958 онд 100 мянга гаруй хоригдол байжээ. Коммунистууд, засгийн газрыг эсэргүүцэгчид, коммунист гэж сэжиглэгдсэн хүмүүс болон Еховагийн Гэрчүүдийг олноор нь хорьж байв.

Намайг 1949 оны эхээр энд ирэхэд хоригдлуудыг лагериудад хэд хэдээр нь хуваарилсан байлаа. Би жирийн дэглэмтэй хориход хэдэн зуун эрчүүдтэй хамт хоригдов. Бараг 40 хүн 10 хүний майханд унтана. Өмхийрсөн ус ууж, ихэнхдээ буурцаг, хаш иддэг байв. Байнга салхи салхилж, шороо шуурах нь зовлонтой. Хаа очиж, бид чулуу зөөгөөгүй ээ. Тэр үед хоригдлуудаар том том хад чулууг эцэс төгсгөлгүй зөөлгөдөг байв. Олон хоригдлыг ингэж аймшигтай шийтгэн бие махбод, ухаан санааг нь зэрэмдэглэсэн юм.

Макроонисос аралд цөлөгдсөн бидний хэдэн Гэрч

Нэг өдөр би далайн эргээр явж байгаад өөр лагерьт хоригдож буй Гэрчүүдтэй тааралдав. Бид ямар их баярласан гэж санана! Боломж л гарвал сэм уулздаг болов. Бас хоригдлуудад дэлгэрүүлнэ. Баригдахгүйн тулд их сэрэмжилдэг байлаа. Зарим хоригдол хожим нь Гэрч болсон. Бие биеэ урамшуулж, дэлгэрүүлж, чин сэтгэлээсээ залбирдаг байсан маань Еховатай дотно байхад тус болсон.

ГАЛТАЙ ЗУУХАНД

Шоронгийн харгалзагчид намайг 10 сар «засан хүмүүжүүлсний» эцэст цэргийн дүрэмт хувцас өмсгөхөөр шийджээ. Өмсөхгүй гэсэн чинь намайг дарга дээрээ авчирлаа. Тэгэхлээр нь би «Христийн цэрэг байхыг л хүсэж байна» гэж бичсэн мэдэгдлээ өгөв. Өнөөх дарга намайг баахан сүрдүүлж байгаад орлогч руугаа явууллаа. Орлогч нь Грекийн үнэн алдартны хамба байв. Хамбынхаа иж бүрэн хувцсыг өмсөн дэгжирхжээ. Янз бүрийн юм асуухад нь би Библид үндэслэн зоригтой хариуллаа. Тэгтэл хамба ихэд уурлан «Наадхаа аваад яв. Солиотой юм байна!» гэж хашхирав.

Маргааш өглөө нь цэргүүд надад дүрэмт хувцас өмсөхийг дахин тушаав. Өмсөхгүй гэсэнд зодож цохин, бороохойдсоны дараа шоронгийн эмнэлэгт авчирч үзүүлэв. Яс хугараагүй байсан тул намайг майхан руу маань чирч авчирлаа. Энэ явдал хоёр сарын турш өдөр бүр давтагдсан!

Би итгэл үнэмшлээсээ огтхон ч няцахгүй байсан болохоор цэргүүд аргаа барахдаа хоёр гарыг маань ард хүлээд хөлийн ул руу олсоор хайр найргүй ороолгож гарлаа. Тэсэхийн аргагүй өвдөж байсан ч би Есүсийн хэлсэн үгийг санав. «Та нарыг хүмүүс доромжилж, хавчи[хад] ... та нар ерөөлтэй еэ! Тэнгэр дэх шагнал тань агуу учир баярлацгаа, мөн баяр хөөртэй байцгаа. Учир нь та нараас өмнө байсан эш үзүүлэгчдийг тэд ийнхүү хавчсан юм» гэж хэлсэн байдаг (Мат. 5:11, 12). Хэзээ ч дуусахгүй нь дээ гэж бодож байтал ухаан алдчихсан байлаа.

Нэг сэртэл талх ч, ус ч, хөнжил ч байхгүй жихүүцэм хүйтэн өрөөнд хэвтэж байх нь тэр. Тэгсэн хэр нь сэтгэл санаа тайван байлаа. «Бурханы амар тайван нь ... та нарын зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаална» гэсэн амлалт над дээр үнэхээр биелсэн юм (Флп. 4:7). Маргааш нь нэг сайхан сэтгэлтэй цэрэг талх, ус, гадуур хувцас өгөв. Өөр нэг цэрэг хоолноосоо өгсөн. Энэ мэтчилэн янз бүрийн аргаар би Еховагийн хайр халамжийг мэдэрч байлаа.

Шоронгийн удирдлагууд намайг засаршгүй гэмт хэрэгтэн гэж үзээд цэргийн шүүхээр оруулахаар Афин руу авч явав. Шүүх надад 3 жил хорих ял оноолоо. Макроонисос арлаас зүүн тийш 50 километрт байдаг Яарос арлын шоронд би ял эдлэхээр болов.

«ТА НАР ИТГЭЛ ДААХ ХҮМҮҮС»

Яарос шорон нь улаан тоосгоор барьсан маш том цайз байлаа. Тэнд улс төрийн 5 000 гаруй хоригдол ял эдлэх ажээ. Бас төвийг сахих байр сууриасаа болж Еховагийн 7 Гэрч хоригдсон. Библи судлахыг хатуу хориглосон ч бид долоо нууцаар уулзаад судалдаг байв. Тэр байтугай «Харуулын  цамхаг» сэтгүүлийг нууцаар тогтмол авч тус тусдаа судлахын тулд хуулж бичдэг байсан.

Нэг өдөр бид нууцаар судалж байгаад хуягт баригдаж сэтгүүлээ хураалгачихав. Шоронгийн орлогч дарга дуудсан болохоор ял нэмэх нь дээ гэж бодож байлаа. Тэгтэл өнөөх орлогч: «Бид та нарыг мэднэ ээ. Үзэл бодлыг чинь ч хүндэтгэдэг. Та нар итгэл даах хүмүүс. Явж ажлаа хий дээ» гэдэг байгаа! Түүгээр ч зогсохгүй заримд маань хөнгөн ажил оноосон. Чээжинд баяр бахдал төрж байлаа! Үнэнч байсныхаа ачаар шоронд ч хүртэл Ехова Бурхнаа алдаршуулж чадлаа шүү дээ.

Гуйвшгүй үнэнч байсан маань бусдад бас сайнаар нөлөөлсөн. Математикийн профессор байсан нэг хоригдол биднийг маш анхааралтай ажигладаг байжээ. Биеэ зөв авч явааг маань хараад сэтгэл нь ихэд хөдлөн итгэл үнэмшлийн маань талаар асууж гарсан юм. Бид хэд 1951 оны эхээр суллагдахад тэр ч бас суллагдлаа. Дараа нь баптисм хүртэж, бүрэн цагийн үйлчлэгч болсон.

ОДОО Ч ЦЭРЭГ

Эхнэр Жэнээттэйгээ

Би суллагдаад Карицад байдаг гэрийнхэн дээрээ очсон. Хожим нь нутгийнхаа хүмүүстэй хамт Австралийн Мелбурн хот руу цагаачиллаа. Тэнд байхдаа Жэнээт гэдэг сайхан Гэрч бүсгүйтэй танилцаж, гэрлэв. Манайх нэг хүү, гурван охинтой болсон. Тэднийгээ Библийн зарчмаар хүмүүжүүлж, үнэний зам дээр гаргасан.

Одоо би 90 гарсан ч ахлагчаар үйлчилж байна. Залуудаа авсан гэмтэл заримдаа сэдэрдэг юм. Ялангуяа дэлгэрүүлсний дараа хөл, бие их янгинана. Гэхдээ би Христийн цэрэг байхаар эргэлт буцалтгүй шийдсэн хүн (2 Тим. 2:3).