Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2017 оны 4 сар 

Та шударга Бурхан Еховаг дуурайдаг уу?

Та шударга Бурхан Еховаг дуурайдаг уу?

«Би ЭЗЭНий нэрийг тунхаглана. ... Итгэмжит Бурханд худал хуурмаг үгүй» (Д.ХУУЛЬ 32:3, 4).

ДУУ: 15, 2

1, 2. а) Набот ямар шударга бус явдлын золиос болсон бэ? б) Энэ өгүүллээр ямар хоёр зан чанарын тухай авч үзэх вэ?

ДАРААХ дүр зургийг төсөөлөөрэй. Нэг хүнийг маш ноцтой хэрэг хийсэн гэж хилсээр буруутгажээ. Гэр бүл, найз нөхөд нь цочирдон балмагдаж, айн түгшиж зогсоно. Үл бүтэх этгээдүүдийн өгсөн хуурамч мэдүүлэгт үндэслэн түүнд ял оноосон аж. Шударга ёсыг эрхэмлэгчид ямар ч гэм буруугүй хүнийг хүүхдүүдтэйгээ хамт цаазлагдахыг харж зогсохдоо сэтгэл зүрх нь хэчнээн их шимшрээ бол! Энэ нь Еховагийн үнэнч үйлчлэгч Наботод тохиолдсон бодит явдал юм. Тэрээр Израилийн хаан Ахабын үед амьдарч байжээ (Х.дээд 21:11–13; Х.дэд 9:26).

2 Наботод чухам юу тохиолдсоныг энэ өгүүллээр авч үзнэ. Түүнчлэн I зууны Христийн дагалдагч, үнэнч ахлагч ямар ноцтой алдаа гаргасныг ярилцана. Ехова Бурхан шигээ шударга байхад даруу зан амин чухал болохыг Библид гардаг эдгээр жишээнээс мэдэж болно. Бас хуралд шударга бус явдал гарсан үед уучлахад бэлэн байх нь шударга Бурхан Еховаг дуурайж байна гэсэн үг болохыг ярилцана.

 ШУДАРГА ЁСЫГ ЗАВХРУУЛСАН НЬ

3, 4. Набот ямар хүн байсан бэ? Яагаад Ахаб хаанд цэцэрлэгээ зараагүй вэ?

3 Израильчуудын ихэнх нь Ахаб хаан, Иезебел хатны муу жишээг даган хуурамч бурхан Баалыг шүтдэг байсан тэр цагт Набот Ехова Бурхандаа үнэнч байлаа. Баалыг шүтдэг тэдгээр израильчууд Еховаг үл хүндэтгэж, хууль тушаалыг нь юман чинээ бодоогүй. Харин Набот Еховатай тогтоосон харьцаагаа аминаасаа ч илүү эрхэмлэдэг байжээ.

4 Хаадын дээд 21:1–3-ыг уншина. Ахаб Наботоос усан үзмийн цэцэрлэгийг нь худалдаж авахыг эсвэл оронд нь илүү сайхныг өгөхийг хүсжээ. Гэвч Набот зөвшөөрөөгүй. Яагаад? «Эцэг өвгөдийнхөө өмчийг танд өгөх явдлаас ЭЗЭН намайг хол байлгаг» хэмээн хаанд хүндэтгэлтэй хариулжээ. Израилийн ард түмэнд өгсөн Еховагийн хуульд овгийн өвийг бусдад «бүрмөсөн» зарж болохгүй гэсэн заалт байв. Ийм шалтгаанаар Набот татгалзсан ажээ (Лев. 25:23; Тоо. 36:7). Тэрээр Еховагийнхтай адилхан үзэл бодолтой байсан нь тодорхой байна.

5. Иезебел Наботын цэцэрлэгийг авахын тулд юу хийсэн бэ?

5 Харамсалтай нь Наботын татгалзсан хариуг сонссон Ахаб эхнэртэйгээ нийлж жигшүүрт хэрэг хийсэн. Иезебел тэр цэцэрлэгийг нөхөртөө авч өгөхийн тулд Наботыг гүтгэн, цаазаар авхуулах хэргийг нарийн зохион байгуулав. Тэр ч байтугай хөвгүүдийг нь бас хөнөөжээ. Энэ аймшигтай шударга бус явдалд Ехова хэрхэн хандсан бэ?

БУРХАН ШУДАРГААР ШҮҮСЭН НЬ

6, 7. Ехова шударга ёсыг эрхэмлэдэг нь юунаас харагдсан бэ? Энэ нь Наботын гэр бүл, найз нөхдийг тайвшруулсан гэхийн учир юу вэ?

6 Ехова тэр дор нь Елиаг Ахаб руу явуулдаг. Елиа Ахабыг алуурчин, хулгайч болохыг нь илчилжээ. Ехова ямар шийдвэр гаргасан бэ? Набот хөвгүүдтэйгээ алагдсан шиг Ахаб, Иезебел болон тэдний хөвгүүдийг адилхан хувь заяа хүлээж байлаа (Х.дээд 21:17–25).

7 Наботын гэр бүл, найз нөхөд нь Ахабын хийсэн аймшигт хэргээс болоод гашуудаж байсан. Гэсэн хэдий ч энэ шударга бус явдлыг Ехова хараад даруй арга хэмжээ авсныг тэд мэдээд тодорхой хэмжээгээр тайвширсан биз ээ. Гэвч үйл явдал тэдний бодож байснаас өөрөөр эргэхэд Еховад найддаг уу, даруу юу гэдэг нь соригдсон нь лавтай.

8. Еховагийн шийдвэрийг сонсоод Ахаб яасан бэ? Үр дүн нь юу байсан бэ?

8 Ахаб Еховагийн шийдвэрийг сонсмогцоо «хувцсаа уран, таар өмсөж, мацаг барин, тааран хувцастайгаа хэвтэж, цөхрөн явах болжээ». Тэрээр үнэхээр даруу болсон! Үр дүн нь юу байсан бэ? Ехова Елиад «Тэр өөрийгөө Миний өмнө даруу болгосон тул Би түүнийг амьд байхад нь гай гамшиг буулгахгүй, харин түүний хүүгийн үед гэр дээр нь гай зовлон авчирна» гэжээ (Х.дээд 21:27–29; Х.дэд 10:10, 11, 17). «Хүмүүний зүрхийг шалгадаг» Ехова ийнхүү Ахабт өршөөл нигүүлслээ үзүүлсэн юм (Сур. 17:3).

ДАРУУ ЗАН БОЛ ХАМГААЛАЛТ

9. Наботын гэр бүл, найз нөхдийг даруу зан хамгаалсан гэхийн учир юу вэ?

9 Ахабын үйлдсэн жигшүүрт хэргийг мэдэж байсан хүмүүс Еховаг шийдвэрээ өөрчилснийг сонсоод яасан бол? Ялангуяа Наботын гэр бүл, найз нөхдийн итгэл нь соригдсон байж болох юм. Хэрэв тийм бол сорилтод бууж өгөхгүй байхад нь даруу зан тус болсон биз ээ. Яагаад? Даруу хүн Еховаг шүтэхээ болихгүй бөгөөд Ехова  хэзээ ч шударга бус юм хийхгүй гэдэгт итгэдэг (Дэд хууль 32:3, 4-ийг уншина). Шинэ ертөнцөд Ехова Наботыг хөвгүүдтэй нь амилуулах тэр үед гэр бүл, төрөл төрөгсөд нь төгс шударга явдлыг биеэрээ үзнэ (Иов 14:14, 15; Иохан 5:28, 29). Түүнээс гадна «Бурхан сайн, муу гэж ялгалгүй нууцлагдсан юмс бүрийг, бүх үйлсийг шүүлтэд аваачих болно» гэдгийг даруу хүн хэзээд санаж байдаг (Ном. 12:14). Ехова хүнийг шүүхдээ бидний мэдэхгүй баримт нотолгоог ч тооцож үздэг гэсэн үг. Тэгэхлээр даруу байвал Еховад итгэхээ болих аюулаас хамгаалагддаг байх нь ээ.

10, 11. а) Ямар үед итгэл соригдож мэдэх вэ? б) Даруу зан яаж хамгаалалт болдог вэ?

10 Хэрэв ахлагчдын гаргасан шийдвэр ойлгомжгүй эсвэл таны санаанд нийцэхгүй бол яах вэ? Жишээ нь та юм уу таны хайрлаж хүндэлдэг хүн онцгой үүрэг даалгавар, тусгай завшаанаа алдвал яах вэ? Хань ижил, хүү охин эсвэл дотны найзыг тань хурлаас хасахаар болсон ч та тэр шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ? Ахлагчид нүгэл үйлдсэн хүнийг өршөөсөн нь буруу юм шиг санагдвал яах вэ? Еховад, Еховагийн байгууллагад итгэх итгэл соригдож мэднэ. Ийм үед даруу  зан хамгаалалт болдог. Ямар хоёр аргаар хамгаалдгийг ярилцъя.

Ахлагчдын гаргасан шийдвэр таны санаанд нийцэхгүй бол та яах вэ? (10, 11-р догол мөрийг үзээрэй)

11 Нэгдүгээрт, даруу бол бүх баримтыг мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. Тухайн асуудлын талаар бид хэчнээн их зүйлийг мэддэг байлаа ч хүний зүрх сэтгэлд юу байгааг харж чаддаг нь зөвхөн Ехова билээ (1 Сам. 16:7). Энэ маргашгүй үнэнийг мэддэг бол даруу байж, хэр чадлаа хүлээн зөвшөөрч, үзэл бодлоо засна. Хоёрдугаарт, даруу байсан цагт дуулгавартай, тэвчээртэй байж, шударга бус явдлыг Ехова арилгана гэж хүлээнэ. «Бурханаас эмээгч тэр нэгэн ... илүү дээр юм. ... Гэмт хүн Бурханаас эмээдэггүй учраас түүнд сайн юм үгүй, түүний өдрүүд нь сүүдэр адил уртсахгүй» гэж Библид байдаг (Ном. 8:12, 13). Даруу байдаг бол бид өөрсдөө ч, бусад хүн ч ач тусыг нь хүртэнэ (1 Петр 5:5-ыг уншина).

ХОЁР НҮҮР ГАРГАСАН НЬ

12. Одоо юуны тухай ярилцах вэ? Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

12 Нэгдүгээр зууны Сирийн Антиох дахь Есүсийн дагалдагчдад нэгэн явдал тохиолджээ. Түүнээс болж даруу зан, ууч сэтгэл нь соригдсон байна. Энэ явдлыг ярилцаж уучлахад бэлэн эсэхээ шалгацгаая. Ингэвэл Ехова хэм хэмжээгээ зөрчихгүйгээр төгс бус хүмүүсээр ажлаа хийлгэж чаддагийн учрыг ойлгоно.

13, 14. Элч Петр ямар үүрэг хүлээж авсан бэ? Зоригтой хүн байсан нь юунаас харагддаг вэ?

13 Элч Петр I зууны Христийн дагалдагчдын дунд нэр хүндтэй ахлагч байв. Есүстэй шадарлан нөхөрлөж явсан тэрээр чухал үүрэг хүлээж авчээ (Мат. 16:19). Жишээлбэл МЭ 36 онд Корнел, түүний гэр бүл, төрөл төрөгсдөд сайн мэдээ хүргэх онцгой завшаан эдэлжээ. Яагаад онцгой гэж хэлж болох вэ? Корнел хөвч хөндүүлээгүй харь үндэстэн байлаа. Корнел болон түүний гэрийнхэн дээр ариун сүнс буухад Петр: «Бидний авсанчлан тийнхүү Ариун Сүнсийг хүлээн авсан энэ хүмүүст баптисм хүртээхэд хэн ч уснаас татгалзаж чадахгүй биз дээ?» гэжээ (Үйлс 10:47).

14 Иерусалим дахь элчүүд болон ахлагчид МЭ 49 онд тусгай хурал хийжээ. Христийн дагалдагч болсон харь үндэстнүүд хөвч хөндүүлэх шаардлагатай эсэхийг ярилцахаар цугласан нь тэр аж. Хэдэн жилийн өмнө хөвч хөндүүлээгүй харь үндэстнүүд ариун сүнсний бэлгийг авч байгааг Петр нүдээр үзсэнээ хурал дээр зоригтой ярив. Энэ нь шийдвэр гаргахад нь удирдах зөвлөлд түлхэц болжээ (Үйлс 15:6–11, 13, 14, 28, 29). Иудей болон харь үндэстэн дагалдагчид Петрийн эр зоригийг биширсэн нь лавтай. Ийм үнэнч, төлөвшсөн хүнд тэд шууд л итгэсэн байж таарна! (Евр. 13:7).

15. Петр Сирийн Антиохт байхдаа ямар алдаа гаргасан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

15 МЭ 49 онд болсон хурлын дараахан Петр Сирийн Антиохт очжээ. Тэнд байхдаа харь үндэстэн ах дүүтэйгээ нийлж нөхөрлөж байлаа. Тэд Петрийн мэдлэг, туршлагаас их зүйлийг сурсан нь дамжиггүй. Гэтэл Петр гэв гэнэт өөрсөдтэй нь хамт хоол идэхээ болиход ямар их гайхан балмагдаж, гомдож гутарсан бол оо! Тэр хурлын иудей дагалдагчид, түүний дотор Барнаб хүртэл нөлөөнд нь автаж муу жишээг нь дагасан. Ийм төлөвшсөн ахлагч яагаад ноцтой алдаа гаргаж хурлыг хагалан бутаргах дээрээ  тулав? Петрийн алдаанаас ямар сургамж авах вэ? Ялангуяа ахлагчийн хэлсэн үг, хийсэн үйлдлээс болж гомдсон үед энэ түүх бидэнд ямар ач холбогдолтой вэ?

16. Паул Петрийг юу гэж зэмлэсэн бэ? Ямар асуултууд гарч байна вэ?

16 Галат 2:11–14-ийг уншина. Петр хүнээс айх айдаст автжээ (Сур. 29:25). Хөвч хөндүүлээгүй харь үндэстнүүдийн талаар Ехова ямар бодолтой байдгийг Петр сайн мэдэж байсан. Тэгсэн хэр нь Иерусалимаас ирсэн иудей дагалдагчдад муу хэлүүлж нэр хүндээ алдахаас айжээ. Элч Паул түүнийг хоёр нүүр гаргасан гэж зэмлэсэн. Яагаад? МЭ 49 оны хуралд сууж байхдаа харь үндэстнүүдийг өмгөөлөн ярьж байхыг нь сонссон ажээ (Үйлс 15:12). Харь үндэстэн дагалдагчид Петрт гомдоод яасан бол? Түүнийг шударга бус явдал гаргалаа гээд Еховагаас хөндийрсөн үү? Петр алдаа гаргасан гээд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн үү?

УУЧИЛ

17. Петр Еховагийн өршөөлийг хэрхэн хүртсэн бэ?

17 Петр Паулын зөвлөгөөг хүлээж авсан нь тодорхой. Түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж Библийн хаана ч байдаггүй. Харин ч Бурхны сүнсээр удирдуулан бичсэн хоёр захидал нь хожмоо Библийн номнуудын тоонд багтжээ. Сонирхолтой нь Петр хоёр дахь захидалдаа Паулыг «Бидний хайрт ах» гэсэн байдаг (2 Петр 3:15). Петрийн гаргасан алдаа харь үндэстэн дагалдагчдад хүндээр туссан. Гэсэн ч хурлын Тэргүүн Есүс түүнд итгэл хүлээлгэсээр байсан (Еф. 1:22). Ехова Есүс хоёрыг дуурайн Петрийг уучлах боломж Сирийн Антиох дахь хурлын гишүүдэд ийнхүү олджээ. Тэдний нэг нь ч төгс бус хүнээс болж Еховагаас хөндийрөөгүй биз ээ.

18. Ямар үед шударга Бурхан Еховаг дуурайх хэрэгтэй болдог вэ?

18 Нэгдүгээр зуунд төгс ахлагч нэг ч байгаагүй. Өнөөдөр ч мөн ялгаагүй. «Бид бүгдээрээ олон удаа алдаа гаргадаг» гэж Библид бий (Иак. 3:2, ШГ). Үнэхээр тийм шүү гэж хэлэх амархан. Гэхдээ итгэл нэгтнийхээ төгс бус байдлаас болж сэтгэл сэвтсэн үед үүнийг хүлээн зөвшөөрөх хэр амархан бол? Еховагаа дуурайн шударга байж чадах болов уу? Жишээлбэл нэг ахлагч ямар нэгэн байдлаар ялгаварлах үзэл гаргавал та яах вэ? Хэрэв ахлагч бодлогогүй үг хэлж таныг гомдоолоо гэхэд та Еховагаас хөндийрөх үү? Ахлагч байх шаардлага хангахгүй байна гэж яаран дүгнэхийн оронд хурлын тэргүүн Есүсийг тэвчээртэй хүлээх үү? Алдааг нь томруулж харахын оронд олон жил үнэнч үйлчилж ирснийг нь бодох уу? Танд муу юм хийсэн тэр хүн ахлагч хэвээрээ байвал эсвэл хариуцлагатай үүрэг хүлээж авбал та баярлах уу? Хэрэв та уучлахад бэлэн байвал шударга Бурхан Еховагаа дуурайж байна гэсэн үг (Матай 6:14, 15-ыг уншина).

19. Та яахаар шийдсэн бэ?

19 Сатан болон түүний бузар муу тогтолцооноос болж үүссэн шударга бус явдлыг Ехова ул мөргүй арилгана. Шударга ёсыг эрхэмлэдэг бид тэр өдрийг тэсэн ядан хүлээдэг (Ис. 65:17). Үүний зэрэгцээ шударга бус явдал гарлаа гэхэд даруу байж бүх баримтыг мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрцгөөе. Бас бидэнд муу юм хийсэн хүмүүсийг уучилцгаая. Ингэдэг бол Ехова Бурхнаа дуурайн шударга байж чадна.