Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2017 оны 4 сар 

«Амласнаа биелүүл»

«Амласнаа биелүүл»

«ЭЗЭНд амласнаа биелүүл» (МАТ. 5:33).

ДУУ: 18, 7

1. а) Иефта Ханна нар юугаараа адилхан байсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй). б) Энэ өгүүллээр ямар асуултыг авч үзэх вэ?

НЭГ НЬ гарамгай дайчин, зоригт удирдагч, нөгөө нь дуулгавартай эхнэр, даруу эзэгтэй байв. Тэд бол шүүгч Иефта, Елканагийн эхнэр Ханна юм. Хэн хэн нь Еховаг шүтдэг байжээ. Өөр юугаараа адилхан байсан бол? Бурханд амлалт өгч түүнийгээ яг таг биелүүлсэн. Иефта Ханна нар Еховад амлалт өгөх гэж байгаа хүн бүрд сайхан жишээ үзүүлжээ. Энэ өгүүллээр дараах гурван асуултыг ярилцъя. Амлалт гэж юу вэ? Бурханд амлалт өгөх нь хэр чухал бэ? Иефта Ханна хоёроос юу сурах вэ?

2, 3. а) Амлалт гэж юу вэ? б) Бурханд амлалт өгөх талаар Библид юу гэж байдаг вэ?

2 Библид амлалт гэдгээр Бурханд өргөсөн тангаргийг хэлдэг. Жишээлбэл Еховагийн төлөө ямар нэг юм хийх, онцгой тахил өргөх, тусгай үүрэг хүлээх эсвэл алив нэг зүйлийг цээрлэхээ тангарагладаг. Амлалтыг ухамсартайгаар, сайн дураараа өгдөг. Гэхдээ хийнэ эсвэл хийхгүй гэж нэгэнт амласан бол тухайн амлалтыг Бурхан ариун тангараг гэж үзэн заавал биелүүлээсэй гэж хүсэн хүлээдэг (Эх. 14:22, 23; Евр. 6:16, 17). Энэ талаар Библид юу гэж байдаг вэ?

3 «Хэрэв эр хүн ЭЗЭНд андгайлан, өөрийгөө үүрэг хариуцлагад хүлэхээр тангарагласан бол тэр өөрийн үгийг  зөрчих ёсгүй. Тэрээр амнаасаа гарсан бүхний дагуу үйлдэх ёстой» гэсэн заалт Мосегийн хуульд байжээ (Тоол. 30:2). Хожим нь Соломон: «Бурханд чи амласан бол хэрэгжүүлэхдээ бүү хойрго бай. Учир нь Тэр тэнэгүүдийг таашаадаггүй. Амласан зүйлээ биелүүл!» хэмээн бичсэн байдаг (Ном. 5:4). Амлалт өгөхийн чухлыг Есүс онцолж ийн хэлжээ: «Эртний хүмүүст “Хуурамчаар бүү тангарагла, харин ЭЗЭНд амласнаа биелүүл” гэж хэлсэн» (Мат. 5:33).

4. а) Бурханд ам тангараг өгөхдөө хэр нухацтай хандах ёстой вэ? б) Иефта Ханна нарын талаар юу авч үзэх вэ?

4 Тэгэхлээр Бурханд ам тангараг өгөхдөө хөнгөн хуумгай хандаж болохгүй байх нь ээ. Энэ нь Еховатай тогтоосон харьцаанд нөлөөлдөг. Давид: «ЭЗЭНий уул өөд хэн авирч болох вэ? Түүний ариун газарт хэн зогсож болох вэ? ... Хуурмаг байдалд сэтгэлээ өргөөгүй, худал тангараг тавиагүй хүн тэгэх юм» хэмээн бичжээ (Дуу. 24:3, 4). Иефта Ханна хоёр юу гэж амласан бэ? Амласнаа биелүүлэх нь тэдний хувьд амархан байсан уу?

ТЭД БУРХАНД ӨГСӨН АМЛАЛТДАА ҮНЭНЧ БАЙСАН

5. Иефта юу гэж амласан бэ? Тэгээд юу болсон бэ?

5 Иефта үнэнч байж, Еховад амласнаа биелүүлсэн. Бурхны ард түмний эсрэг боссон аммончуудтай тулалдахаар явахдаа тэрээр нэгэн амлалт өгчээ (Шүү. 10:7–9). Дайснаа ялах чин хүсэлтэй байсан Иефта Еховад «Хэрэв Та үнэхээр Аммоны хөвгүүдийг миний гарт өгвөл би Аммоны хөвгүүдээс амар мэнд буцаж ирэх үед гэрийн минь үүднээс намайг угтан гарч ирэх тэр л хүн ЭЗЭНийх байх» болно хэмээн тангараглажээ. Тэгээд яасан бэ? Дайснаа дараад буцаж ирэхэд нь хайртай ганц охин нь угтан авав. Еховагийнх болгоно гэж тангарагласан тэр хүн нь охин нь болж таарлаа (Шүү. 11:30–34). Одоо яах бол?

6. а) Бурханд амласнаа биелүүлэх нь Иефта болон түүний охинд амархан байсан уу? б) Бурханд амласнаа биелүүлэх талаар Дэд хууль 23:21, 23, Дуулал 15:4-өөс та юу мэдэж авсан бэ?

6 Аавынхаа амласныг биелүүлэхийн тулд охин нь Еховагийн мөргөлийн асарт бүрэн цагаар үйлчлэх болов. Иефта юу ч бодолгүй Еховад ам алдчихав уу? Үгүй. Гэрээсээ хамгийн түрүүнд охин нь угтан гарч ирэхийг Иефта гадарласан ч байж болох юм. Тийм ч бай, үгүй ч бай амлалтаа биелүүлнэ гэдэг аав охин хоёрын хувьд сэтгэл өвтгөсөн асуудал байв. Иефта охиноо хармагцаа «хувцсаа урж тастан» ихэд шаналжээ. Охин нь «онгон байдлын[хаа]» төлөө «уйлан гашуудав». Яагаад? Иефтад удам залгах хүү байхгүйн дээр ганц охин нь ийнхүү хүнтэй сууж, хүүхэдтэй болох аргагүй болжээ. Иефтагийн удам тасарна гэсэн үг байлаа. Гэвч Иефтагийн хувьд энэ нь хамгийн чухал зүйл биш байв. Тэрээр: «Би ЭЗЭНд ам алдсан бөгөөд үгээ буцааж авч чадахгүй» гэжээ. Охин нь ч эцэгтээ «Хэлснийхээ дагуу надад үйлдэгтүн!» хэмээн хариулдаг (Шүү. 11:35–39). Аав охин хоёр үнэнч шударга хүмүүс байлаа. Тиймээс хэчнээн хэцүү байсан ч Хамгийн Дээд Нэгэнд өгсөн амлалтаасаа няцах тухай бодож ч зүрхлээгүй юм (Дэд хууль 23:21, 23; Дуулал 15:4-ийг уншина).

7. а) Ханна юунаас болоод Бурханд амлалт өгсөн бэ? Тэгээд юу болсон бэ? б) Ханнагийн амлалт ямар утгатай байсан бэ? (Зүүлтийг үзээрэй).

7 Еховад өгсөн амлалтаа биелүүлсэн бас нэг үнэнч хүн бол Ханна юм. Тэрээр хүүхэдгүйдээ ихэд шаналж, хүүсэр гэж хэл амаар доромжлуулан зовж  байхдаа Бурханд нэгэн амлалт өгчээ (1 Сам. 1:4–7, 10, 16). Ханна Еховад сэтгэлээ уудлан залбирч «Түмэн цэргийн ЭЗЭН минь, хэрэв Та шивэгчнийхээ зовлонг үзэж, намайг санан, шивэгчнээ үл мартан, харин Өөрийн шивэгчиндээ хөвгүүнийг өгвөл, би тэр хөвгүүнийг амьдралынх нь бүх өдрийн туршид ЭЗЭНд өгөх бөгөөд түүний толгойд тонгорог ч хүргэхгүй» хэмээн тангараглажээ * (1 Сам. 1:11). Бурхан залбирлыг нь сонсож Ханнаг хүүтэй болгов. Тэрээр ямар их аз жаргалтай байсан бол! Гэхдээ Еховад өгсөн амлалтаа мартсангүй. Хүүгээ төрөхөд нь «Би энэ хөвгүүнийг ЭЗЭНээс гуйсан юм» гэжээ (1 Сам. 1:20).

8. а) Амласнаа биелүүлэх нь Ханнад амархан байсан уу? б) 61-р дууллаас үзвэл Ханна ямар зөв хандлагатай байсан бэ?

8 Самуелыг гурван нас хүрч, хөхнөөс гарахад нь Ханна Еховад амласнаа биелүүлжээ. Хэлсэн үгнээсээ ухарч няцах тухай огтхон ч бодоогүй тэрээр хүүгээ Шило дахь мөргөлийн асарт тэргүүн тахилч Елид авчирч өгчээ. Тэгээд «Энэ хөвгүүний төлөө би залбирсан юм. Өөрөөс нь гуйсан миний гуйлтыг ЭЗЭН биелүүлж өгсөн билээ. Тиймээс би ч мөн энэ хөвгүүнийг нэгэнт ЭЗЭНд зориулсан юм. Энэ хөвгүүн амьд байх цагтаа ЭЗЭНд зориулагдав» хэмээн хэлжээ (1 Сам. 1:24–28). Ингээд «балчир хөвгүүн Самуел ЭЗЭНий өмнө өсөн торнив» (1 Сам. 2:21). Ханнад ямар байсан бол? Хайртай бяцхан хүүтэйгээ өдөр бүр уулзах аргагүй байлаа. Дэргэдээ байлган өсөж торнихыг нь харах гэсэн эхийн сэтгэлийг төсөөл дөө. Хүүгээ эрхлүүлж, хамт тоглож, зааж сургахыг хэчнээн их хүсдэг байсан бол оо! Гэсэн хэдий ч Ханна харамсаагүй. Харин ч амлалтаа биелүүлж Бурхныг баярлуулсандаа жаргалтай байлаа (1 Сам. 2:1, 2; Дуулал 61:1, 5, 8-ыг уншина).

Та Еховад амласнаа биелүүлж байна уу?

9. Ямар асуултуудыг ярилцах вэ?

9 Бурханд ам тангараг өгөхдөө маш нухацтай хандах ёстойг мэдэж авлаа. Одоо дараах асуултуудыг ярилцъя. Гэрч хүн ямар ямар тангараг өргөдөг вэ? Амлалтаа биелүүлэхийн тулд яагаад шийдэмгий байх ёстой вэ?

ӨӨРИЙГӨӨ ЗОРИУЛСАН ТАНГАРАГ

Өөрийгөө зориулсан тангараг(10-р догол мөрийг үзээрэй)

10. Гэрч хүний хувьд хамгийн чухал амлалт юу вэ? Юу гэж амладаг вэ?

10 Гэрч хүний хувьд хамгийн чухал амлалт бол Ехова Бурханд амь амьдралаа зориулж байгаагаа амлах юм. Яагаад тэгж хэлж болох вэ? Еховад нэг өдөр тусгайлан залбирч, юу ч тохиолдсон үүрд үйлчлэхээ тангарагладаг учраас тэр. Есүсийн хэлснээр бид «өөрийгөө үгүйсгэх» буюу Бурхны хүслийг өөрийнхөөсөө дээгүүр тавьж амьдрахаа амладаг (Мат. 16:24). Тэр өдрөөс эхлэн Еховагийнх болдог (Ром 14:8). Еховад өөрийгөө зориулж байгаагаа тангарагласан хэн боловч дуулалч шиг буурь суурьтай байх ёстой. Тэрээр: «Надад өгсөн бүх ашиг тусынх нь төлөө би ЭЗЭНд юугаар хариулах вэ? Би бүх ард түмнийх нь өмнө ЭЗЭНд тангарагласнаа биелүүлнэ» хэмээн дуулсан байдаг (Дуу. 116:12, 14).

11. Та баптисм хүртсэн өдрөө ямар хоёр асуултад хариулсан бэ?

11 Та Еховад өөрийгөө зориулснаа батлан харуулж баптисм хүртсэн үү? Тийм бол тэр өдөр олон гэрчийн өмнө дараах хоёр асуултад хариулснаа тод санаж байгаа байх. Эхнийх нь, Еховад  өөрийгөө зориулсан эсэхийг тань асуусан. Хоёр дахь нь: «Та Еховад өөрийгөө зориулж баптисм хүртсэнээр Бурхны агуу хүчээр удирдуулдаг байгууллагад нэгдсэн Еховагийн Гэрч болно гэдгээ ойлгож байна уу?» гэсэн асуулт байсан. Та тийм гэж шийдэмгий хариулан Еховад өөрийгөө зориулснаа, баптисм хүртэх шаардлага хангаснаа олон нийтэд мэдүүлсэн. Ехова танд ямар их баярласан бол оо!

12. а) Өөрөөсөө юу гэж асуух нь зүйтэй вэ? б) Идэвх муутай болохгүйн тулд элч Петрийн ямар зөвлөгөөг дагах хэрэгтэй вэ?

12 Гэхдээ баптисм хүртэх нь дөнгөж эхлэл юм. Бурхандаа үргэлж үнэнч байхыг цаашдаа ч хичээх хэрэгтэй болно. Тэгэхлээр бид өөрсдийгөө үе үе шалгах нь зүйтэй. «Би баптисм хүртсэнээсээ хойш Еховатай улам дотно болж байна уу? Одоо ч Еховад чин сэтгэлээсээ үйлчилж байна уу? (Кол. 3:23). Байнга залбирдаг уу? Өдөр бүр Библи уншиж, цуглаандаа тогтмол явдаг уу? Дэлгэрүүлэх ажилд чадлынхаа хэрээр оролцож байна уу? Эсвэл идэвх муутай болоод байна уу?». Элч Петрийн зөвлөснөөр итгэлээ бататгаж, мэдлэгээ гүнзгийрүүлж, тэвчээр сууж, Бурханд үнэнч байх гэж хичээдэг бол үргэлж  идэвхтэй байна (2 Петр 1:5–8-ыг уншина).

13. Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртсэн Гэрч хүн юуг ойлгох ёстой вэ?

13 Бурханд нэгэнт ам өчиг өгсөн бол хэлснээсээ буцах боломжгүй. Жишээ нь нэг Гэрч Еховад үйлчлэх хүсэлгүй болж, Гэрчийн ёсоор амьдрахаас залхлаа гэж бодъё. Тэгвэл тэр хүн: «Би угаасаа Еховад өөрийгөө зориулаагүй, баптисм хүртсэн маань ч хүчингүй болог» гэж хэлэх эрхгүй. * Өөрийгөө тэр чигээр нь зориулсан хэрнээ ноцтой нүгэл үйлдвэл Бурхан болон хурлын өмнө хариуцлага хүлээнэ (Ром 14:12). Бид Есүсээс «Чи анхны хайраа орхижээ» гэсэн үг сонсохыг хэзээ ч хүсэхгүй. Харин «Би чиний ажил үйлс, хайр, итгэл, үйлчлэл, тэвчээр болон эцсийн ажил үйл чинь эхнийхээсээ агуу гэдгийг мэднэ» гэж хэлүүлэхийг хүсдэг (Илч. 2:4, 19). Бас өөрийгөө зориулсан тангаргийнхаа ёсоор идэвх зүтгэлтэй амьдарч Ехова Бурхнаа баярлуулж явахыг хүсдэг.

ГЭРЛЭЛТИЙН ТАНГАРАГ

Гэрлэлтийн тангараг(14-р догол мөрийг үзээрэй)

14. Бас нэг чухал амлалт юу вэ? Яагаад?

14 Удаах чухал амлалт бол гэрлэлтийн тангараг юм. Яагаад гэвэл гэрлэлт нь ариун нандин зүйл билээ. Сүйт залуу сүйт бүсгүй хоёр Бурхны болон хүрэлцэн ирсэн хүмүүсийн өмнө гэрлэлтийн тангараг өргөдөг. Гэрлэж буй Еховагийн Гэрчүүд хуримын ёслол дээрээ голдуу ингэж хэлдэг. «Бурхны хуулийн дагуу чамайгаа насан туршдаа хайрлан халамжилж, гүнээ хүндэтгэж байхаа тангараглаж байна». Зарим хос яг энэ үгийг хэлэхгүй байж болох юм. Гэхдээ л Бурхны өмнө тангараг өргөдөг. Дараа нь тэднийг эхнэр нөхөр болсныг зарлана. Ийнхүү тэд гэрлэлт хэмээх насан туршийн гэрээнд нэгддэг (Эх. 2:24; 1 Кор. 7:39). Тийм учраас «Бурханы хамтад нь холбосон юмыг хэн ч бүү салгаг» хэмээн Есүс хэлсэн билээ. «Хэн ч» гэдэгт нөхөр эхнэр хоёр ч бас орно. Тэгэхлээр гэрлэж байгаа хосууд болж бүтэхгүй бол салж болно гэж бодох ёсгүй байх нь ээ (Марк 10:9).

15. Өнөөдөр хүмүүс гэрлэлтэд яаж ханддаг вэ? Бид яагаад тэдэн шиг болж болохгүй вэ?

15 Төгс хүн гэж байхгүйтэй адил төгс гэр бүл гэж байхгүй. Тийм учраас гэрлэсэн хүмүүс заримдаа «махан биедээ зовлонтой болно» гэж Библи анхааруулдаг шүү дээ (1 Кор. 7:28). Гэрлэлтэд хөнгөн хуумгай ханддаг хүмүүс өнөөгийн нийгэмд олон байдаг нь харамсалтай. Хоорондоо таарч тохирохгүй болмогцоо салж сарнидаг. Энэ бол Гэрч хүнд байх ёсгүй зүйл юм. Гэрлэлтийн тангаргаасаа няцах нь Бурханд худал хэлснээс өөрцгүй. Ехова худалч хүнийг үзэн яддаг (Лев. 19:12; Сур. 6:16–19). Элч Паул: «Чи эхнэртэй холбогдсон уу? Салах гэж бүү оролд» хэмээн бичсэнийг гэр бүлтэй Гэрчүүд санах хэрэгтэй (1 Кор. 7:27). Ехова салалтыг үзэн яддаг учраас Паул ингэж хэлсэн ажээ (Мал. 2:13–16).

16. Салах, тусдаа амьдрах талаар Библид юу гэж байдаг вэ?

16 Ханиа завхайрсныг мэдээд уучлахыг хүсэхгүй бол салж болно гэж Есүс хэлсэн. Энэ бол гэрлэлтийн тангаргаасаа няцаж болох Библийн үндэстэй цорын ганц шалтгаан юм (Мат. 19:9; Евр. 13:4). Тэгвэл тусдаа амьдрах талаар юу гэж байдаг вэ? (1 Коринт 7:10, 11-ийг уншина). Тусдаа  амьдрахыг зөвшөөрсөн зүйл Библид байдаггүй. Гэхдээ харгис хэрцгий ханддаг эсвэл тэрслэгч болсон ханьтай зарим Гэрч тусдаа амьдрахыг илүүд үздэг. Эс тэгвэл амь нас, Еховатай тогтоосон харьцаа нь хэтэрхий аюултай байдалд орно гэж тэд боддог. *

17. Гэр бүлээ бат бөх байлгахын тулд яах хэрэгтэй вэ?

17 Хосууд гэр бүлийн асуудлаар зөвлөгөө авахыг хүсвэл ахлагчид яах нь зүйтэй вэ? «Жинхэнэ хайр гэж юу вэ?» (англи) киног үзсэн эсэхийг нь лавлаарай. Бас «Гэр бүлээрээ жаргалтай амьдраарай» товхимлыг хамтдаа судалсан уу гэж асуугаарай. Яагаад тэр вэ? Хосууд бие биетэйгээ улам дотно болоход тустай Библийн зарчмуудыг онцолсон байдаг. Нэг хос: «Бид хоёр энэ товхимлыг судалж эхэлснээсээ хойш бүр ч дотно болсон» гэжээ. Гэрлээд 22 жил болсон нэг хос салахын ирмэгт тулаад байжээ. Эхнэр нь: «Нөхөр бид хоёр баптисм хүртсэн байсан ч сэтгэл хөдлөлөөсөө болоод зөрчилддөг байлаа. Тэр үед “Жинхэнэ хайр” кино гарсан нь яг цагаа олсон юм! Энэ киног үзээд бидний харьцаа илт сайжирсан» гэжээ. Хосууд Библийн зарчмыг баримталбал илүү жаргалтай, дотно болдог нь эндээс харагдаж байна.

ТУСГАЙ БҮРЭН ЦАГИЙН ҮЙЛЧЛЭГЧИЙН ТАНГАРАГ

18, 19. а) Гэрч эцэг эхчүүд хүүхдүүдээ юунд уриалдаг вэ? б) Тусгай бүрэн цагийн үйлчлэгчдийн талаар юу хэлж болох вэ?

18 Иефта Ханна нар Еховад амлалт өгсөн талаар өгүүллийн эхэнд үзсэн билээ. Иефтагийн охин ба Ханнагийн хүү эцэг эхийнхээ амласан ёсоор мөргөлийн асарт насан туршдаа үйлчилсэн. Еховад бүх амьдралаа зориулсан нь тэдний хувьд хамгийн сайн замаар явсан хэрэг байлаа. Өнөөдөр Гэрч эцэг эхчүүд Еховад бүрэн цагаар үйлчлэхийг хүүхдүүддээ уриалдаг. Еховад үйлчлэхийг гол зорилгоо болгодог хүмүүсийг үнэхээр магтууштай! (Шүү. 11:40; Дуу. 110:3).

Тусгай бүрэн цагаар үйлчлэх тангараг(19-р догол мөрийг үзээрэй)

19 Өнөөдөр дэлхий даяар 67 000 Гэрч тусгай бүрэн цагаар үйлчилж байна. Тэдний зарим нь бетелчин, дүүрэг хариуцагч, багш, тусгай эхлэгч, миссионер байхад, зарим нь барилгын ажилд оролцдог, чуулганы танхим юм уу Библийн сургуулиудын барилга байгууламжийг хариуцан ажилладаг. Тусгай бүрэн цагаар үйлчилдэг Гэрчүүд «Дуулгавартай байж, энгийн амьдрах тангараг» өргөдөг. Өөрөөр хэлбэл Хаанчлалын үйл хэргийг урагшлуулахын тулд байгууллагаас өгсөн ямар ч үүрэг даалгаврыг дуртайяа хийж, энгийн амьдарч, зөвшөөрөлгүйгээр цалинтай ажил хийхгүй байхаа тангарагладаг. Тэд тусгай хүмүүс биш, харин авсан үүрэг даалгавар нь онцгой юм. Даруу байж, тусгай бүрэн цагаар үйлчлэх хугацаандаа өргөсөн тангарагтаа үнэнч байдаг.

20. Бид «өдөр өдрөөр» яах ёстой вэ? Яагаад?

20 Энэ өгүүллээр Бурханд ямар гурван тангараг өргөж болохыг үзлээ. Ехова Бурхны Гэрч та ямар тангараг өргөсөн бэ? Алийг нь ч өргөсөн байлаа гэсэн тангарагтаа хөнгөн хуумгай хандах ёсгүйг ойлгосон биз ээ (Сур. 20:25). Еховад өгсөн амлалтаасаа няцсан хүн горыг нь заавал амсана (Ном. 5:6). Тийм учраас «өдөр өдрөөр өөрийн тангаргуудыг биелүүлж» Ехова Бурхныхаа «нэрийг мөнхөд магтан дуулцгаая» (Дуу. 61:8).

^ д/м 7 Хүүтэй болгож өгвөл насан туршид нь Назир хүн болгохоо Ханна Еховад амлажээ. Өөрөөр хэлбэл Еховатай онцгой харьцаатай, тусгай үйлчлэгч нь болгоно гэсэн үг байлаа (Тоол. 6:2, 5, 8).

^ д/м 13 Ахлагчид тухайн хүнийг баптисм хүртэх шаардлага хангасан эсэхийг нь сайтар нягталсан учраас баптисм хүртсэнийг нь хүчингүйд тооцох тохиолдол маш ховор байдаг.

^ д/м 16 «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь» номны 219–221-р хуудсыг үзээрэй.