Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2017 оны 5 сар 

Энгийн амьдрахын жаргал

Энгийн амьдрахын жаргал

ДАНИЕЛ МИРИАМ ХОЁР 2000 оны 9 дүгээр сард гэрлэж, Испанийн Барселон хотод суурин амьдрах болжээ. «Бид хүмүүсийн ярьдгаар “жирийн” л амьдарч байлаа. Бид хоёрын цалин хангалттай учир үнэтэй ресторанд хооллож, гадаадад аялж, чанартай хувцас авч өмсөнө. Дэлгэрүүлэх ажилд ч тогтмол оролцоно» гэж Даниел ярьсан юм. Дараа нь тэдний амьдрал өөрчлөгджээ.

2006 онд болсон чуулганы нэг илтгэл дээр хөндсөн асуудал Даниелын сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. «“Алагдах газрынхаа зүг гэлдэрч” яваа хүмүүсийг мөнхийн амийн зам дээр гаргахын төлөө бид чадах бүхнээ хийж байна уу?» гэсэн асуулт сонирхлыг нь татав (Сур. 24:11). Амь аврах мэдээг тунхаглах нь бид бүхний үүрэг гэдгийг уг илтгэлд онцолжээ (Үйлс 20:26, 27). Даниел: «Ехова надтай л яриад байх шиг санагдсан» гэж дурслаа. Үйлчлэлээ өргөжүүлбэл илүү их жаргалтай болдгийг уг илтгэлд дурджээ. Даниел ч үнэн гэдгийг нь мэдэж байв. Учир нь Мириам хэдийнээ эхлэгч болж, янз бүрийн ивээл хүртэж байгааг тэрээр харжээ.

Даниел амьдралаа 180 градус эргүүлэх цаг болсныг ойлгов. Тэгээд ажлын цагаа багасгаж, эхлэгч болжээ. Дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар эхнэртэйгээ очиж үйлчилбэл хэчнээн жаргалтай байх тухай ч боддог болов.

ЭХЛЭЭД БЭРХШЭЭЛ, ДАРАА НЬ ГАЙХАЛТАЙ МЭДЭЭ

Даниел Мириам хоёр 2007 оны 5 дугаар сард ажлаасаа гараад өмнө нь очиж үзсэн Панам улс руу нүүжээ. Шинэ хэсэг нь Карибын тэнгист байдаг Боокас дэл Тоорогийн арлууд байв. Нутгийн оршин суугчдын ихэнх нь нгабэчүүд юм. Даниел Мириам хоёр хадгалсан мөнгөөрөө Панамд 8 сар байж чадна гэж тооцжээ.

Тэд арлууд руу завиар, дугуйгаар очдог байв. Халуун наранд уул толгод дамжин 32 километр замыг дугуйгаар туулсан анхны тохиолдлоо ер мартдаггүй гэнэ. Даниел ядарсандаа золтой л муурч унасангүй. Гэхдээ л замд таарсан нгабэ айлууд тэднийг найр тавин угтаж байлаа. Ялангуяа нутгийн хэлээр ганц хоёр үг хэлдэг болсноос хойш бүр ч сайхан хандсан гэдэг. Удалгүй гэр бүлийн хоёр маань 23 Библийн хичээлтэй болжээ.

Гэвч хадгалсан мөнгө нь дуусахад баяр хөөр нь уйтгар гунигаар солигдов. Даниел: «Испани руу буцах тухай бодохоос л нүдийг маань нулимс бүрхэж байлаа. Библийн суралцагчдаа бодохоор сэтгэл хоргодоод үнэхээр хэцүү байсан» хэмээн дурсаж байна. Гэтэл сарын дараа гайхалтай мэдээ сонсох нь тэр! Мириам: «Бид хоёрт тусгай эхлэгч болох урилга ирсэн. Тэндээ үлдэх болсондоо ямар их баярласан гээч!» гэлээ.

ЮУТАЙ Ч ХАРЬЦУУЛШГҮЙ ЖАРГАЛ

2015 онд байгууллагад өөрчлөлт гарсан тул Даниел Мириам хоёр тусгай эхлэгчээр үйлчлэх аргагүй болов. Одоо яах вэ? Тэд Дуулал 37:5-д байдаг «Өөрийн замыг ЭЗЭНд даатга, мөн Түүнд итгэж найд. Тэгвэл Тэр биелүүлж өгнө» гэсэн амлалтад итгэж байлаа. Ингээд эхлэгчээр үйлчлэнгээ амиа тэжээхийн тулд ажил хийдэг болов. Одоо тэд Панамын Вэрагуас гэдэг газар байдаг хуралд үйлчилж байна.

Даниел: «Бид Испаниас явахаасаа өмнө, энгийн амьдарч чадах болов уу гэж айж байсан. Одоо бол энгийн хэрнээ юугаар ч дутахгүй амьдарч байна» гэв. Хамгийн их баярладаг юм нь юу бол? «Даруу хүмүүст Еховагийн тухай мэдүүлэхийн жаргалыг юутай ч харьцуулшгүй!» гэж тэд хэлсэн юм.