Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2017 оны 5 сар 

«Чи Намайг тэднээс илүү хайрладаг уу?»

«Чи Намайг тэднээс илүү хайрладаг уу?»

«Иоханы хүү Симон оо, чи Намайг тэднээс илүү хайрладаг уу?» (ИОХ. 21:15).

ДУУ: 45, 32

1, 2. Петрийг шөнөжин загасчилсны дараа юу болсон бэ?

ЕСҮСИЙН долоон шавь Галил нууранд шөнөжин загасчлаад юу ч олсонгүй. Амилаад удаагүй байсан Есүс эрэг дээрээс тэднийг харж байлаа. Тэгснээ тэдэнд «“Завиныхаа баруун талд тороо хая. Тэгвэл та нар олз олно” гэв. Тэд тороо тийш нь хаясанд, маш их загас торонд нь орсон тул тэд тороо ч татаж чадахааргүй болжээ» (Иох. 21:1–6).

2 Есүс шавь нараа өглөөний цайгаар дайлсны дараа Симон Петрт хандан «Иоханы хүү Симон оо, чи Намайг тэднээс илүү хайрладаг уу?» гэж асуув. Петр загасчлах маш дуртай хүн байлаа. Гэхдээ Есүсийг хайрлаж сургаалыг нь эрхэмлэдэг хүн үү эсвэл загасчлах ажилдаа илүү дуртай хүн болов уу? Алийг нь илүү чухалчилдаг хүн байсан бол? Есүсийн асуултад Петр хариулахдаа «Тийм ээ, Эзэн. Миний Танд хайртайг Та мэднэ» гэлээ (Иох. 21:15). Үнэхээр ч хэлснийхээ дагуу амьдарчээ. Тэр цагаас хойш Петр шавь бэлдэх ажилд идэвхийлэн оролцож, нэгдүгээр зууны Христийн дагалдагчдад түшиг тулгуур болсон юм.  Ийнхүү Христэд хайртайгаа батлан харуулсан.

3. Христийн дагалдагчид ямар аюулаас сэрэмжлэх ёстой вэ?

3 Есүсийн асуултаас бид юу ойлгож болох вэ? Христийг гэсэн хайраа хөргөхөөс сэрэмжлэх хэрэгтэй байх нь ээ. Энэ ертөнцөд дарамт шахалт, санаа зовоох юм бишгүй байдгийг Есүс сайн мэддэг байсан. Тэрээр тариачны тухай ёгт үлгэр ярихдаа зарим хүн «хаанчлалын тухай үгийг» хүлээж авсан даруйдаа ахиц дэвшил гаргадаг гэсэн. Гэхдээ яваандаа «дэлхийн зовнил болоод эд баялгийн хуурамч байдал нь үгийг шахан зайлуулахад» тэд идэвхгүй болдог ажээ (Мат. 13:19–22; Марк 4:19). Хэрэв бид болгоомжтой байхгүй бол өдөр тутмын амьдралын төлөө санаа зовдгоосоо болоод Еховагийн үйл хэрэгт идэвхгүй оролцдог болж мэднэ. Тийм учраас Есүс шавь нартаа «Та нарын зүрх сэтгэл хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун» хэмээн анхааруулжээ (Лук 21:34).

4. Христийг хэр зэрэг хайрладгаа яаж мэдэх вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

4 Бид Петрийг дуурайн дэлгэрүүлэх ажлыг голлон анхаардаг бол Христийг хайрладгаа батлан харуулна. Есүсийн өгсөн ажлыг үргэлж эн тэргүүнд тавьдаг эсэхээ яаж мэдэх вэ? Өөрийгөө үе үе шалгаж «Би алийг нь илүү чухал гэж үздэг вэ? Еховад үйлчлэхлээрээ баяр хөөртэй болдог уу эсвэл өөр юм хийхлээрээ баяр хөөртэй болдог уу?» гэж асуугаарай. Энэ асуултад хариулахын тулд Христийг гэсэн хайрыг хөргөж болзошгүй гурван зүйл буюу ажил хөдөлмөр, амралт зугаа цэнгэл, эд хөрөнгийн тухай ярилцъя.

АЖИЛ ХӨДӨЛМӨРИЙН ТАЛААР ЗӨВ ҮЗЭЛТЭЙ БАЙХ НЬ

5. Ехова өрхийн тэргүүнүүдэд ямар үүрэг оноосон бэ?

5 Загасчлах нь Петрийн хобби төдийгүй амьдралаа залгуулах арга нь байсан. Гэр бүлээ тэжээх үүргийг Бурхан өрхийн тэргүүнүүдэд өгсөн билээ (1 Тим. 5:8). Тэд үүргээ биелүүлэхийн тулд нөр их хөдөлмөрлөх ёстой. Гэтэл эцсийн энэ өдрүүдэд сэтгэл зовоосон асуудлын эх үүсвэр нь ажил хөдөлмөр болоод байна.

6. Ажилтай холбоотой ямар асуудал гарч байна вэ?

6 Ажлын байрны хомсдолоос болоод хүмүүс ажилтай болохын төлөө ширүүн өрсөлддөг. Ажилд орсон нэгэн нь илүү цагаар ажиллана, бага цалин авна. Дарга нь барагдашгүй их ажил өгдөг учраас ажилчид стресст орох, ядарч туйлдах юм уу бүр өвчин тусдаг. Халагдахгүйн тулд шаардлагыг нь биелүүлэхээс өөр аргагүйд хүрдэг.

7, 8. а) Бид хамгийн гол нь хэнд үнэнч байх ёстой вэ? б) Тайландад амьдардаг Гэрч эрэгтэй юу ойлгосон бэ?

7 Бид Христийн дагалдагч учраас даргадаа бус, Ехова Бурхандаа үнэнч байх ёстой (Лук 10:27). Ажил төрөл бол зорилгодоо хүрэхэд туслах л зүйл юм. Бидний зорилго үндсэн хэрэгцээгээ хангах, дэлгэрүүлэх билээ. Гэхдээ сэрэмж алдвал ажлаасаа болоод Еховаг шүтэх асуудалд хайнга ханддаг болж мэднэ. Тайландад амьдардаг Гэрч эрэгтэй: «Би компьютер засах ажил хийдэг, ажилдаа ч дур сонирхолтой байлаа. Гэхдээ их олон цаг ажиллана. Яваандаа Бурхны ажилд оролцох цаг бараг олдохоо больсон. Хаанчлалыг эн тэргүүнд тавихын тулд  дуртай ажлаа өөрчлөх ёстойгоо ойлгосон» гэж ярьжээ. Тэгээд яасан бол?

8 «Бүтэн жил төлөвлөсний эцэст гудамжинд зайрмаг зардаг болов. Эхэндээ орлогогүй хэцүү байлаа. Сэтгэлээр унасан. Хуучин ажлынхан тааралдахлаараа намайг шоолно. Зайрмаг зарах нь агааржуулагчтай өрөөнд компьютер засахаас дээр гэж үү гээд л асууна. Би Еховад залбирч энэ бэрхшээлийг давахад туслаач, Хаанчлалын үйл хэргийн төлөө илүү их цаг гаргана гэсэн зорилгодоо хүрэхэд туслаач гэж гуйдаг байлаа. Удалгүй байдал дээрдэж эхлэв. Үйлчлүүлэгчдийнхээ дуртай зайрмагийг мэдэж аваад илүү сайн хийдэг боллоо. Өдөртөө л бүх зайрмагаа зардаг болсон. Компьютер засдагаасаа ч илүү орлоготой байсан. Тэр үед бухимдах, санаа зовох юм их байсан бол одоо жаргалтай байна. Хамгийн гол нь Еховатай улам дотноссон» гэж тэрээр ярьсан юм (Матай 5:3, 6-г уншина).

9. Ажлын талаар зөв үзэлтэй байхын тулд яах хэрэгтэй вэ?

9 Бурхан ажилсаг хүнд дуртай. Ажил хийвэл ам тосодно гэдэг шүү дээ (Сур. 12:14). Гэхдээ ажил төрлийг Еховад үйлчлэхээс илүү чухал гэж үзэж болохгүйг дээрх эрэгтэйд тохиолдсон явдал харуулж байна. Есүс: «Эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно» гэсэн (Мат. 6:33). Ажил хөдөлмөрт зөв ханддаг эсэхээ яаж мэдэх вэ? Өөрөөсөө ингэж асуугаарай: «Ажлаа хийх болохлоор сэтгэл сэргэдэг хэр нь Бурханд үйлчлэх болохлоор хийх ёстой зүйлээ л хийж байна гэж боддог уу?». Энэ асуултыг сайтар эргэцүүлж бодвол алийг нь илүү чухал гэж үздэгээ мэдэж авна.

10. Есүс ямар чухал зүйлийг ойлгуулсан бэ?

10 Юуг амьдралынхаа эн тэргүүнд тавихыг Есүс бидэнд зааж өгсөн. Нэгэн удаа тэрээр эгч дүү Мариа Марта хоёрын гэрт зочилдог. Мартаг хоол хийх гээд түүртэж байхад Мариа Есүсийн хөлд суугаад яриаг нь сонсож байлаа. Туслахгүй байна хэмээн Мартаг гомдоллоход Есүс: «Мариа өөрөөс нь зайлуулагдашгүй сайныгаа л сонгон авчээ» гэв (Лук 10:38–42). Ийнхүү Мартад маш чухал зүйлийг ойлгуулжээ. Христэд хайртайгаа баталъя гэвэл хүсэл сонирхлоо дагахын оронд «сайныгаа л сонгон авах» хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Еховатай тогтоосон харьцаа хэзээ ямагт амьдралын маань хамгийн чухал зүйл байх ёстой.

АМАРЧ ЗУГААЦАХ ТАЛААР ЗӨВ ҮЗЭЛТЭЙ БАЙХ НЬ

11. Амарч сэтгэлээ сэргээх талаар Библид юу гэж байдаг вэ?

11 Өнөөдөр завтай хүн байхгүй болжээ. Тийм учраас заримдаа амарч сэтгэлээ сэргээх нь зүйтэй. «Идэж, ууж, ажил үйлс минь сайн байна гэж өөртөө хэлэхээс илүү зүйл хүний хувьд байхгүй» гэж Библид бичжээ (Ном. 2:24). Хааяа амарч байх нь чухал гэдгийг Есүс ч ойлгодог байсан. Жишээ нь дэлгэрүүлэх их аянд оролцсон шавь нарыгаа ядраад ирэхэд нь «Та нар зэлүүд газар уруу оч. Жаахан амар» гэж хэлдэг (Марк 6:31, 32).

12. Бид ямар аюулаас сэрэмжлэх ёстой вэ? Жишээ хэлээрэй.

12 Сайхан амарч сэтгэлээ сэргээх нь үнэхээр тустай. Гэхдээ өөрийгөө зугаацуулахыг амьдралынхаа хамгийн чухал зүйл болгох аюул бий. «Маргааш бид  үхэх учраас цөмөөрөө идэж ууцгаая» гэсэн хандлагатай хүн нэгдүгээр зуунд олон байжээ (1 Кор. 15:32). Ийм хандлага өнөө үед ч газар авсан. Баруун Европт амьдардаг нэг залуу Еховагийн Гэрчүүдийн цуглаанд явдаг байжээ. Гэвч зугаа цэнгэлд хэтэрхий дуртай байсан болохоор Гэрчүүдтэй уулзахаа ч болив. Зугаа цэнгэлийг голлон анхаарвал амьдрал нь бэрхшээл зовлон, гуниг цөхрөлөөр дүүрдгийг олон жилийн дараа ухаарчээ. Ингээд Библийн хичээлээ дахин хийж яваандаа дэлгэрүүлэгч болов. Баптисм хүртсэнийхээ дараа тэрээр: «Хүн Еховад үйлчилсэн цагт л илүү их жаргалтай болохоос биш, энэ ертөнцийн зугаа цэнгэлд татагдаад жаргалтай болдоггүй юм байна. Үүнийг дэндүү хожуу ухаарсандаа харамсаж байна» гэж хэлжээ.

13. а) Зугаа цэнгэлд хэтэрхий их цаг зарцуулахын аюулыг жишээгээр тайлбарлана уу. б) Зугаа цэнгэлийн талаар зөв үзэлтэй эсэхээ яаж мэдэх вэ?

13 Зугаа цэнгэлийн зорилго нь сэтгэлээ сэргээх, эрч хүчээ сэлбэх явдал юм. Үүнд хэр их цаг зарцуулах хэрэгтэй вэ? Жишээгээр бодъё. Хааяа амттан идэх дуртай хүн олон байдаг. Харин дандаа чихэр, бялуу идээд байвал эрүүл мэндэд хортойг бүгд мэднэ. Тийм учраас шим тэжээлтэй хоол хүнсийг голчлон иддэг шүү дээ. Үүнтэй адилхан, байнга амарч зугаацаад байвал Еховатай тогтоосон харьцаанд маань аюул учирна. Ийм аюулаас зайлсхийхийн тулд Хаанчлалын үйл хэрэгт тогтмол оролцох хэрэгтэй. Зугаа цэнгэлийн талаар зөв үзэлтэй эсэхээ яаж мэдэх вэ? Аль нэг 7 хоногийг сонгоод хэдэн цагийг цуглаан, дэлгэрүүлэх ажил, бие даасан судлал, гэр бүлийн хичээлд зарцуулснаа бичээрэй. Бас хэдэн цагийг спорт, хобби, телевиз, видео тоглоом зэрэгт зарцуулснаа жагсаагаарай. Энэ хоёрыг харьцуулаад ямар дүгнэлтэд хүрч байна вэ? «Амттан»-д зарцуулсан цагаа багасгах хэрэгтэй юм биш биз? (Ефес 5:15, 16-г уншина).

14. Амарч зугаацахаа шийдэхдээ юуг баримтлах хэрэгтэй вэ?

14 Яаж амрахаа бид өөрсдөө шийдэх эрхтэй. Мөн өрхийн тэргүүнүүд гэр бүлээ төлөөлөн шийдэж болдог. Гагцхүү Библийн зарчмыг баримтлах хэрэгтэй. * Зөв зохистой амралт бол «Бурханы бэлэг» юм (Ном. 3:12, 13). Хүн болгон адилгүй учраас сонгосон зүйл нь ч ялгаатай (Гал. 6:4, 5). Гэхдээ юу үзэж харах, яаж амарч зугаацахаа шийдэхдээ ч бодолтой байх хэрэгтэй. Есүс: «Та нарын эд баялаг хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно» гэсэн (Мат. 6:21). Хэрэв бид Есүст үнэхээр хайртай бол өдөр тутмын аар саар зүйлийг бус, Хаанчлалыг голлон анхаарна. Энэ нь бодол санаа, үг яриа, үйл хэргээс маань харагддаг (Флп. 1:9, 10).

ЭД ХӨРӨНГИЙГ ЧУХАЛЧЛАХ ҮЗЭЛТЭЙ ТЭМЦЭХ НЬ

15, 16. а) Эд хөрөнгийг чухалчлах үзэл яагаад урхи болж мэдэх вэ? б) Есүс эд хөрөнгийн талаар ямар чухал зөвлөгөө өгсөн бэ?

15 Ихэнх хүн эд хөрөнгийг чухалчлах үзэлд автсан учраас шинэ загварын хувцас, сүүлийн үеийн техник хэрэгсэл авах ёстой гэж боддог. Тиймээс Бурхны үйлчлэгч бүр юу хүсдэгээ тогтмол шалгах хэрэгтэй. «Би цуглаандаа бэлдэхэд цаг заваа зориулахын оронд сүүлийн үеийн машин тэрэг, загвар маягийг  судлахад илүү их цаг зарцуулж байна уу? Өдөр тутмын аар саар зүйлийг хэтэрхий их анхаарснаас болоод залбирах, Библиэ уншихад бага цаг зарцуулж байна уу?» гэж өөрөөсөө асуугаарай. Хэрэв Христийг бус, эд хөрөнгийг илүү хайрлаж байгаагаа анзаарсан бол «Шуналын алив хэлбэрээс өөрсдийгөө хамгаал» гэсэн Есүсийн анхааруулгыг эргэцүүлж бодох хэрэгтэй (Лук 12:15). Есүс яагаад ингэж анхааруулсан бэ?

16 Тэрээр: «Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй» гээд «Та нар Бурхан болоод эд баялагт хоёуланд нь зэрэг үйлчилж чадахгүй» гэсэн. Үнэндээ Еховагийн төлөө чадах бүхнээ хийхийн зэрэгцээ эд баялгийг голлон анхаарах боломж байхгүй. «Нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ» (Мат. 6:24). Бид бүгдээрээ төгс бус учраас «махан биеийнхээ хүсэл тачаалууд», түүний дотор эд хөрөнгийг чухалчлах үзлийн эсрэг үргэлж тэмцэх хэрэгтэй (Еф. 2:3).

17. а) Өөрийнхөө хүслийг түрүүлж боддог хүмүүс яагаад эд хөрөнгийн талаар зөв үзэлтэй байж чаддаггүй вэ? б) Эд хөрөнгийг чухалчилдаг болохгүйн тулд яах хэрэгтэй вэ?

17 Өнөөдөр хүсэл сонирхлоо голлон анхаарч, өөрийгөө л жаргаахыг боддог хүн олон болжээ. Эд хөрөнгийн талаар зөв үзэлтэй байх нь тэдэнд амаргүй байдаг (1 Коринт 2:14-ийг уншина). Яагаад гэвэл тэд юмыг ул суурьтай боддоггүй учраас зөв буруугийн ялгааг олж хардаггүй (Евр. 5:11–14). Үүний улмаас эд хөрөнгөтэй болох гэсэн хүсэл нь ханадаггүй (Ном. 5:10). Гэхдээ энэ хүслээ хангахгүйн тулд Бурхны Үг Библийг тогтмол унших хэрэгтэй (1 Петр 2:2). Диавол хэчнээн хорхой хүргэм санал тавьсан ч Есүс хүлээж аваагүй. Еховагийн мэргэн ухааныг эргэцүүлэн бодсон учраас тэр шүү дээ. Бид ч бас Библийн зарчмыг ажил хэрэг болгодог бол эд хөрөнгийг чухалчилж үзэхгүй (Мат. 4:8–10). Ийнхүү эд хөрөнгийг биш, Есүсийг хайрладгаа батална.

Та юуг эн тэргүүнд тавьж амьдардаг вэ? (18-р догол мөрийг үзээрэй)

18. Та яахаар шийдсэн бэ?

18 Есүс Петрээс «Чи Намайг тэднээс илүү хайрладаг уу?» гэж асуусан нь Еховад үйлчилж амьдрахыг голчлон анхаарахыг сануулсан хэрэг байлаа. Сонирхолтой нь Петрийн нэр «Чулуу» гэсэн утгатай. Петрийн сайхан зан чанаруудыг чулуутай зүйрлэж болно. Тэрээр нэрнийхээ утгын дагуу амьдарсан юм (Үйлс 4:5–20). Бид бас чулуу шиг бат байж, ажил хөдөлмөр, амралт зугаа цэнгэл, эд хөрөнгийн талаар зөв үзэлтэй байдаг бол Христийг хайрладгаа батална. Тэгдэг бол Петртэй адил «Тийм ээ, Эзэн. Миний Танд хайртайг Та мэднэ» гэж хариулсан хэрэг.

^ д/м 14 «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2011 оны 10-р сарын 15-ны дугаарт нийтлэгдсэн «Та чөлөөт цагаа үр ашигтай өнгөрөөдөг үү?» гэсэн өгүүллийн 6–15-р догол мөрийг үзнэ үү.