Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

Хэл сонгох монгол

Хайраа бүү хөргө

Хайраа бүү хөргө

«Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн хайр хөрнө» (МАТ. 24:12).

ДУУ: 23, 24

1, 2. а) Матай 24:12-т «олонх хүмүүс» гэдгээр юуны түрүүнд хэнийг хэлсэн бэ? б) Христийн эртний дагалдагчдын ихэнх нь хайраа илэрхийлж байсныг «Үйлс» ном хэрхэн баталдаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

ЕСҮС «үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байхыг» тоочихдоо «олонх хүмүүсийн хайр хөрнө» гэсэн (Мат. 24:3, 12). Нэгдүгээр зууны иудейчүүд өөрсдийгөө Бурхны ард түмэн гэдэг байсан ч Бурхныг гэсэн хайраа хөргөжээ.

Харин тэр үеийн Христийн ихэнх дагалдагч «Есүс бол Христ мөн гэдгийг сургаж, тунхагласаар байсан» бөгөөд Бурханд болон итгэл нэгтнүүддээ, мөн үнэнийг мэддэггүй хүмүүст хайраа илэрхийлж байлаа (Үйлс 2:44–47; 5:42). Хэдий тийм боловч зарим дагалдагч хайраа хөргөсөн юм.

3. Христийн зарим дагалдагчийн хайр хөрөхөд юу нөлөөлсөн бол?

3 Есүс Христ амилсныхаа дараа Ефес дэх дагалдагчдадаа «Надад чиний эсрэг зүйл байна. Юу гэвэл чи анхны хайраа орхижээ» гэжээ (Илч. 2:4). Тэд яагаад «хайраа орхих» болов? Махан биеийн хүслээ өөгшүүлдэг хүмүүсийн нөлөөнд автсан бололтой (Еф. 2:2, 3). Нэгдүгээр зууны Ефес хот өнөөгийн хотууд шиг ёс суртахуунгүй явдлаар  дүүрсэн байлаа. Өндөр хөгжилтэй энэ хотын хүмүүс баян чинээлэг, эрх дураараа амьдрахыг чухалчилдаг байсан. Өөрийгөө л зугаацуулах гэсэн хүсэлдээ дийлдсэн болохоор бусдыг хайрлахаа больжээ. Энэ хотод садар самуун, ёс журамгүй явдал гаарсан байв.

4. а) Хайр хөрнө гэсэн зөгнөл өнөөдөр хэрхэн биелж байна вэ? б) Энэ өгүүллийг судалснаар бид юу мэдэж авах вэ?

4 Хайр хөрнө гэсэн Есүсийн зөгнөл өнөө үед ч биелж байна. Бурхныг хайрладаггүй хүмүүс улам нэмэгдсэн. Тэд дэлхий дахинд тулгамдаж буй асуудлыг Бурхан шийднэ гэдэгт итгэдэггүй. Харин хүний байгууллагуудад хамаг найдвараа тавьдаг. Тиймд Бурхныг шүтдэггүй олон сая хүний хайр улам бүр хөрч байна. Тэр байтугай Еховагийн үйлчлэгчид ч нэгдүгээр зууны Ефес дэх хурлынхантай адил өөртөө найдан, «анхны хайраа орхиж» мэдэхээр болжээ. Энэ өгүүллийг судалж 1) Еховаг, 2) Библийн үнэнийг, 3) итгэл нэгтнүүдээ хэр зэрэг хайрладгаа шалгацгаая.

ЕХОВАГ ГЭСЭН ХАЙР

5. Бид яагаад Бурхныг хайрлах ёстой вэ?

5 Бид хэнийг хамгийн их хайрлах ёстой вэ? «“Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла”. Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн» гэж Есүс хэлсэн (Мат. 22:37, 38). Бурхнаа үнэн голоосоо хайрладаг бол хууль тушаалыг нь сахин биелүүлж, тэсвэр хатуужилтай байж, муу юмыг үзэн ядна (Дуулал 97:10-ыг уншина). Гэтэл Сатан болон түүний ертөнц Бурхныг гэсэн хайрыг маань хөргөхийг оролддог.

6. Бурхныг хайрлахаа болих нь ямар аюултай вэ?

6 Өнөөдөр бусдыг хайрлах тухай үзэл гажууджээ. Бүтээгчээ хоёргүй сэтгэлээр хайрлахын оронд «өөрсдийгөө хайрлагчид» олширсон (2 Тим. 3:2). Сатаны эрхэнд байдаг энэ ертөнц «махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдалыг» дэвэргэдэг (1 Иох. 2:16). Махан биеийнхээ хүслийг хангахыг л голлон анхаарах нь ямар аюултайг элч Паул итгэл нэгтнүүддээ сануулсан. Тэрээр: «Махан биеийн бодол санаа бол үхэл ... Яагаад гэвэл махан биеийн бодол санаа бол Бурханы эсрэг дайсагнал юм» гэжээ (Ром 8:6, 7). Үнэндээ эд хөрөнгөний хойноос хөөцөлдөх, бэлгийн дур хүслээ хангахын төлөө явдаг хүмүүс сэтгэл хангалуун байж чаддаггүй бөгөөд цөхрөнгөө бардаг (1 Кор. 6:18; 1 Тим. 6:9, 10).

7. Христийн орчин үеийн дагалдагчдад ямар аюул тулгардаг вэ?

7 Бурхангүй үзэлтнүүд, Бурхан байдагт эргэлздэг хүмүүс, хувьслын онолыг баримтлагчид Бурхныг хайрлах ч хэрэггүй, тэр байтугай оршин байдагт нь итгэх ч хэрэггүй гэсэн үзлийг дэвэргэдэг. Гэнэн, тэнэг хүмүүс л Бүтээгчид итгэдэг гэсэн ойлголт төрүүлэхийг оролддог. Хүмүүс ч Бүтээгчийг бус, эрдэмтдийг хүндлэх нь их болжээ (Ром 1:25). Хэрэв бид ийм сургаалыг сонсоод байвал Еховагаас хөндийрнө. Улмаар хайр маань хөрнө (Евр. 3:12).

8. а) Еховагийн үйлчлэгчид юунаас болоод сэтгэлээр унадаг вэ? б) 136-р дуулалд сэтгэл тайвшруулах ямар үг байдаг вэ?

8 Сэтгэлээр унахлаар итгэл суларч Бурхныг гэсэн хайр хөрч болзошгүй. Биднийг сэтгэлээр унагах зүйл Сатаны ертөнцөд бишгүй байдаг (1 Иох. 5:19). Жишээлбэл зарим маань хөгшрөх, өвдөх, мөнгө төгрөгөөр гачигдахын зовлон амсаж байгаа. Зарим нь өөрийгөө дутуу үнэлсэндээ, бодож төлөвлөснөө  хэрэгжүүлж чадаагүйдээ эсвэл гаргасан алдаанаасаа болоод гуньж гутардаг. Гэхдээ юу ч тохиолдсон, Ехова намайг орхижээ гэж хэзээ ч бүү бодоорой. Үүний оронд Еховагийн дундаршгүй хайрын тухай бичсэн Библийн зүйлийг эргэцүүлэн бодох хэрэгтэй. Тухайлбал Дуулал 136:23-т «Дорд байхад маань биднийг дурсан санасан Түүнд талархагтун. Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх» гэж байдаг. Үнэхээр ч Ехова үйлчлэгчдээ мөнхөд хайрлан энэрдэг билээ. Тийм учраас гуйлтыг маань сонсоод хариулна гэдэгт итгэлтэй байгаарай (Дуу. 116:1; 136:24–26).

9. Паул яагаад Бурханд хайртай хэвээрээ байсан бэ?

9 Ехова өөрийг нь хэрхэн дэмжиж ирснийг эргэцүүлэн бодоод хүч тэнхээтэй болдог байсан хүний нэг бол Паул юм. Тэрээр: «Эзэн миний туслагч мөн. Би айхгүй. Хүн намайг яах юм бэ?» гэж бичжээ (Евр. 13:6). Ехова үргэлж тусалдагт бат итгэдэг байсны хүчинд Паул амьдралын янз бүрийн бэрхшээлийг давсан. Хүнд хэцүү үед ч Еховад итгэхээ болиогүй. Тэрээр шоронд байхдаа урам сэргээм нэлээд хэдэн захидал бичсэн байдаг (Еф. 4:1; Флп. 1:7; Флм. 1). Ямар ч бэрхшээл тулгарсан, Бурхандаа хайртай хэвээрээ байжээ. Яагаад? «Бүх тайвшралын Бурханд» найдаж, «бүх зовлон дотор маань тайвшруулна» гэж итгэдэг байсан учраас тэр юм (2 Кор. 1:3, 4). Яавал Паултай адил болох вэ?

Еховад хайртайгаа батлаарай (10-р догол мөрийг үзээрэй)

10. Еховад хайртай хэвээрээ байх нэг арга юу вэ?

10 Еховад хайртай хэвээрээ байх нэг аргыг Паул хэлж өгсөн. Тэрээр: «Тасралтгүй залбир», «залбиралд өөрсдийгөө зориул» гэж итгэл нэгтнүүддээ бичжээ (1 Тес. 5:17; Ром 12:12). Бурхантай дотно байхад залбирал яагаад тустай вэ? Залбирна гэдэг нь Бурханд санаа бодлоо хэлнэ гэсэн үг. Ярилцахын хэрээр дотносдог (Дуу. 86:3). «Залбирлыг сонсдог» тэнгэрийн Эцэгтээ сэтгэлээ уудлах цаг завыг хангалттай гаргадаг бол улам л дотносох нь гарцаагүй (Дуу. 65:2). Үүний зэрэгцээ залбирлынхаа хариуг авснаа мэдэхийн хэрээр Еховаг бүр ч их хайрладаг болно. Улмаар «ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд, Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд ойр байдаг» гэдэгт итгэнэ (Дуу. 145:18). Ехова биднийг хайрладаг, дэмждэг гэж итгэдэг бол ямар ч бэрхшээлийг давна.

БИБЛИЙН ҮНЭНИЙГ ЭРХЭМЛЭХ

11, 12. Библийн үнэнийг эрхэмлэдэг болохын тулд яах хэрэгтэй вэ?

11 Есүсийн дагалдагч бид Библийн үнэнийг эрхэмлэдэг. Бурхны Үг бол үнэний эх булаг юм. Есүс тэнгэрийн Эцэгтээ залбирахдаа «Таны үг бол үнэн мөн» гэжээ (Иох. 17:17). Библийн үнэнийг эрхэмлэдэг болъё гэвэл Библид юу гэж байдгийг мэдэх хэрэгтэй (Кол. 1:10). Гэхдээ толгойдоо л мэдлэгтэй болчихвол хангалттай гэсэн үг биш. Библийн үнэнийг эрхэмлэнэ гэж юу гэсэн үг болохыг ойлгохын тулд 119-р дууллыг анхаараарай (Дуулал 119:97–100-г уншина). Та Библиэс уншсан зүйлээ тэр өдрийн турш эргэцүүлэн боддог уу? Сурч мэдсэнээ яаж ажил хэрэг болгохыг боддог бол Библийн үнэнийг улам их эрхэмлэдэг болно.

12 Дуулалч бас «Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ! Миний аманд зөгийн балаас ч илүү чихэрлэг!» гэжээ (Дуу. 119:103). Библид үндэслэсэн  ном хэвлэлийг зөгийн балтай зүйрлэж болно. Зөгийн балын амтыг мэдэрье гэвэл яаран залгилгүй, амандаа хэсэг байлгадаг шиг ном хэвлэлээ яаралгүй судлах хэрэгтэй. Ингэвэл хэрэгтэй цагт «онч мэргэн үгс» санаанд орно. Бас бусдад туслахдаа үүнийг ашиглана (Ном. 12:10).

13. Иеремиа үнэнийг эрхэмлэдэг байсны учир юу вэ? Бурхны үг түүнд хэрхэн нөлөөлсөн бэ?

13 Зөнч Иеремиа үнэнийг эрхэмлэдэг байжээ. Бурхны үг зүрх сэтгэлд нь хэрхэн нөлөөлснийг анхаараарай. Тэрээр: «Таны үгс олдсон бөгөөд би тэднийг идсэн билээ. Таны үгс надад баяр хөөр болон зүрх сэтгэлийн минь таашаал болсон билээ. Учир нь түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, би Таны нэрээр дуудагдсан билээ» гэсэн (Иер. 15:16). Иеремиа Еховагийн эрхэм нандин үгсийг «идсэн» гэдэг нь эргэцүүлэн бодож зүрх сэтгэлдээ хоногшуулсан хэрэг. Ийнхүү Бурхны нэрээр овоглох завшаанаа өндөр үнэлдэг болжээ. Бид ч бас Библийн үнэнийг эрхэмлэдэг бол Еховаг гэрчилж Хаанчлалыг тунхаглах нь хосгүй завшаан гэдгийг ойлгоно.

Библийн үнэнийг эрхэмлэдгээ харуулаарай (14-р догол мөрийг үзээрэй)

14. Библийн үнэнийг эрхэмлэдэг болохын тулд өөр юу хийх вэ?

14 Үнэнийг эрхэмлэдэг болохын тулд Библи болон байгууллагын хэвлэлийг уншихаас гадна өөр юу хийх вэ? Цуглаанд 7 хоног бүр явах хэрэгтэй. Тэнд «Харуулын цамхаг» сэтгүүлийг ашиглан Библийг судалдаг маань Еховагаар заалгаж буй гол арга юм. Ач тусыг нь бүрэн хүртье гэвэл цуглаандаа сайтар бэлдэх хэрэгтэй. Яаж бэлдэх вэ? Жишээ нь тухайн өгүүлэлд дурдсан Библийн зүйлүүдийг нэг бүрчлэн уншаарай. Эдүгээ олон хүн «Харуулын цамхаг» сэтгүүлийг jw.org вэб саитаас татаж авдаг, Жэй Дааблю Лайбрари аппликейшнээс (JW Library app) үздэг болжээ. Тухайн өгүүлэлд дурдсан Библийн зүйлүүдийг зарим электрон хэрэгслийн тусламжаар хурдан олж болдог. Ямар ч атугай, Библийн зүйлүүдийг нягтлан үзээд эргэцүүлэн боддог бол үнэнийг улам их  эрхэмлэдэг болно (Дуулал 1:2-ыг уншина).

ИТГЭЛ НЭГТНҮҮДЭЭ ГЭСЭН ХАЙР

15, 16. а) Иохан 13:34, 35-д ямар тушаал байдаг вэ? б) Итгэл нэгтнээ хайрлах нь яагаад Еховаг хайрлах, Библийг үнэлж эрхэмлэхтэй холбоотой вэ?

15 Есүс дэлхийд өнгөрүүлсэн сүүлчийн шөнө шавь нартаа хандаж «Би та нарт бие биеэ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун гэсэн шинэ тушаал өгч байна. Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно» гэж хэлжээ (Иох. 13:34, 35).

16 Итгэл нэгтнүүдээ хайрлах нь Еховаг хайрлахтай нягт холбоотой. Хэрэв бид Еховаг хайрладаггүй бол итгэл нэгтнээ хайрлаж чадахгүй. Итгэл нэгтнээ хайрладаггүй бол Еховаг хайрлаж чадахгүй. Элч Иохан: «Харж байгаа ах дүүгээ хайрладаггүй нэгэн, хараагүй Бурханыг хайрлаж чадахгүй» гэж бичжээ (1 Иох. 4:20). Түүнчлэн Бурхныг болон ах дүүгээ хайрлах хайр Библийг үнэлж эрхэмлэхтэй холбоотой. Яагаад гэвэл Библийн үнэнийг эрхэмлэдэг бол Бурхныг болон ах дүүгээ хайрла гэсэн тушаалыг чин сэтгэлээсээ дагана (1 Петр 1:22; 1 Иох. 4:21).

Итгэл нэгтнээ хайрладгаа батлаарай (17-р догол мөрийг үзээрэй)

17. Хайраа хэрхэн илэрхийлэх вэ?

17 1 Тесалоник 4:9, 10-ыг уншина. Итгэл нэгтнүүддээ хайраа хэрхэн илэрхийлж болох вэ? Настай ах эгч нарыг цуглаанд унаагаар авчирч, гэрт нь хүргэж өгвөл сайн. Бэлэвсэн эгчийн гэрт засаж янзлах зүйл байвал туслаарай (Иак. 1:27). Урам нь хугарсан, сэтгэлээр унасан эсвэл өөр янз бүрийн бэрхшээл амсаж буй итгэл нэгтнүүддээ санаа тавьж, урмыг нь сэргээж, тайвшруулж тайтгаруулах хэрэгтэй (Сур. 12:25; Кол. 4:11). «Итгэлийн гэр бүлийн гишүүдэд» чин сэтгэлээсээ санаа тавьж байгаагаа үг яриа, үйл хэргээрээ баталдаг бол үнэхээр хайртай гэсэн үг (Гал. 6:10).

18. Итгэл нэгтэнтэйгээ эвлэрэхэд юу тус болох вэ?

18 Өнөөгийн бузар муу ертөнцийн «эцсийн өдрүүдэд» олон хүн аминч, шунахай болно гэсэн зөгнөл Библид бий (2 Тим. 3:1, 2). Харин бид Христийн дагалдагчид учраас Ехова Бурхнаа, бусдыг улам бүр хайрлаж, Библийн үнэнийг илүү их эрхэмлэдэг болохын төлөө хичээх шаардлагатай. Заримдаа бид итгэл нэгтэнтэйгээ ам мурийчихдаг нь үнэн. Ийм үед хайрандаа хөтлөгдөн асуудлыг нэн даруй шийдэх нь чухал (Еф. 4:32; Кол. 3:14). Хайраа хэзээ ч хөргөхгүй байцгаая! Еховаг, ах дүүгээ улам бүр хайрлаж, Библийг үнэлж эрхэмлэж явцгаая.