Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2017 оны 5 сар 

 МАНАЙ АРХИВААС

«Бидний зүрх хайраар бялхаж, өмнөхөөсөө ч илүү зүтгэлтэй үйлчлэх хүсэлтэй болсон»

«Бидний зүрх хайраар бялхаж, өмнөхөөсөө ч илүү зүтгэлтэй үйлчлэх хүсэлтэй болсон»

1922 ОНЫ 9 дүгээр сарын нэгэн баасан гаргийн өглөө. 8 000 хүн цугласан танхим хэдийнээ бүгчим болсон байлаа. Энэ чуулган маш чухал тул болж өгвөл битгий гараарай, харин гарвал дахиж оруулахгүй гэж хөтлөгч зарлав.

«Үйлчлэлээ магтъя» гэдэг эхний хэсэгт хэдэн дуу дуулсны дараа Жоосеф Рүүтэрфорд индэр дээр гарав. Үзэгчдийн ихэнх нь сэтгэл догдлон хүлээж байлаа. Нэг хэсэг нь халуун бүгчим танхимд нааш цааш холхино. Суугаад сонсохыг илтгэгч тэдэнд уриаллаа. Таазнаас өлгөсөн хуйлаастай том даавууг илтгэлийн эхэнд анзаарсан хүн байсан болов уу?

Рүүтэрфорд ах «Тэнгэрийн хаанчлал ойрхон байна» гэсэн сэдвээр ярилаа. Эртний зөнчид Хаанчлал ирэх тухай хэрхэн аймшиггүй зоригтой тунхаглаж байсныг цаг хагасын турш ярихад түүний дуу танхимаар нэг цуурайтаж байв. Илтгэлийнхээ өрнөл хэсэгт «Сүр жавхлант Хаан маань засаглалаа эхэлсэн гэдэгт та нар итгэдэг үү?» гэж асуулаа. Үзэгчид: «Итгэдэг!» гэж чанга хариулав.

«Тэгвэл хамгийн дээд Бурхны хөвгүүд ээ, ургацын талбай руу буцацгаа! Харагтун, Хаан захирч байна! Та нар бол Хааны төлөөлөгчид мөн. Тиймээс тунхаглагтун, тунхаглагтун, тунхаглагтун» гэж Рүүтэрфорд ах чанга дуугаар уриаллаа.

Яг тэр үед хуйлаатай даавуу дээрээс алгуурхан дэлгэгдэхэд «Хаан болон Хаанчлалыг тунхаглагтун» гэсэн бичиг гарч ирэв.

«Үзэгчдийн сэтгэл маш их хөдөлсөн» гэж Рэй Бооп дурссан юм. Анна Гаарднэрийн хэлснээр «нижигнэсэн алга ташилтад баганууд доргиж байсан» аж. «Үзэгчид нэг хүн шиг зэрэг боссон» гэж Фрэд Туурааш ярив. Эвангээлос Скаафас: «Ер бусын хүч биднийг суудлаас маань татаад босгочих шиг л санагдсан. Хүн бүрийн нүдэнд нулимс цийлгэнэж байсан» гэжээ.

Тэр чуулганд ирсэн олон хүн Хаанчлалын тухай сайн мэдээг өмнө нь ч дэлгэрүүлдэг байсан. Гэхдээ энэ удаа шинэ зорилго өвөрлөөд гарчээ. Библи Судлаачдын «зүрх хайраар бялхаж, өмнөхөөсөө ч илүү зүтгэлтэй үйлчлэх хүсэлтэй болсон» гэж Ээтэл Бээнэкоф ярьсан юм. Тэр үед 18-тай байсан Одесса Так «Хэн явах вэ?» гэсэн уриалгыг хүлээж авчээ. Тэрээр: «Би хаашаа явж, юуг яаж хийхээ мэдэхгүй байсан. Гагцхүү Исаиа шиг “Би энд байна. Намайг явуулаач” гэж хэлэхээр бат шийдсэн байлаа (Ис. 6:8)» гэв. Раалф Лээфлэр: «Тэр тэмдэглэлт өдөр бол Хаанчлалыг тунхаглах их аяны эхлэл нь байсан юм. Одоо бол энэ аян дэлхий дахиныг хамраад байна» гэжээ.

Охайо мужийн Сийдар Пойнт хотноо 1922 онд болсон тэр чуулган Бурхны ард түмний түүхэнд  бас нэгэн шинэ хуудсыг нээсэн юм! Жорж Гаангэс: «Би тэр чуулганд суугаад, ер нь хойшид нэг ч чуулган таслахгүй гэж шийдсэн» гэжээ. Үнэхээр нэг ч чуулган таслаагүй ажээ. Жүүлиа Вийлкокс: «Би байгууллагын хэвлэлээс 1922 оны Сийдар Пойнтын чуулганы тухай унших бүрдээ сэтгэл ямар их хөдөлдгийг үгээр илэрхийлж чадахгүй нь. “Намайг тэнд байлгасанд баярлалаа, Ехова” гэж би дандаа хэлдэг юм» гэсэн.

Өнөөдөр ч гэсэн чуулганы тухай гайхалтай дурсамжийг сэтгэлдээ тээж яваа хүн бидний дунд олон бий. Ялангуяа илүү их хичээл зүтгэл гаргах хүсэл зоригийг бадрааж, Бурхан болон Христийг улам бүр хайрлах сэтгэл төрүүлсэн чуулган бол бүр ч дурсамжтай. Тэр сайхан дурсамжуудаа бодохлоор «Намайг тэнд байлгасанд баярлалаа, Ехова» гэж хэлмээр санагддаг биз дээ?