Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2017 оны 5 сар 

 НАМТАР

Сонсголгүй хүн ч үнэнийг заадаг

Сонсголгүй хүн ч үнэнийг заадаг

Би 1941 онд 12-тойдоо баптисм хүртсэн. Гэхдээ 1946 онд л Библийн үнэнийг жинхэнэ утгаар нь ойлгосон юм. Юу гэсэн үг вэ гэж та гайхаж байгаа байх. Түүхээ ярьж өгье.

ЭЦЭГ ЭХ маань Гүржийн Тбилисээс 1910-аад онд Канадад цагаачлан иржээ. Тэгээд Канадын баруун хэсэгт байдаг Саскачеваны Пээли тосгоны ойролцоох фермийн нэгэн жижиг байшинд амьдрах болсон юм. Би 1928 онд зургаан хүүхдийн бага нь болж төрсөн. Намайг төрөхөөс 6 сарын өмнө аав нас барж, өлгийтэй байхад минь ээж хорвоог орхисон гэдэг. Түүнээс хойш нэг их удалгүй том эгч Лүүси маань өнгөрчээ. Тэрээр 17-той байв. Нагац ах Нийк маань намайг болон миний төрсөн ах эгч нарыг өөр дээрээ авсан юм.

Би хөлд орж байсан цаг. Манайхан нэг өдөр намайг азарганы сүүлнээс татаж байгааг харчихаад өшиглүүлнэ гэж айсандаа болиулах санаатай хашхирч гарчээ. Гэтэл би цаашаа харчихаад тэдний хашхирахыг ерөөсөө сонсоогүй гэсэн. Аз болоход намайг морь өшиглөсөнгүй. Харин тэд тэр үед л сонсголгүй гэдгийг минь мэджээ.

Нийк ахын найз нь намайг сонсголгүй хүүхдийн сургуульд оруулахыг зөвлөж л дээ. Нийк ах ч зөвлөгөөг нь дагасан. Манай гэрээс нэлээн хэдэн цаг явж очдог Саскачеваны Саскатүүн дэх сонсголгүй хүүхдийн сургуульд намайг оруулсан юм. Дөнгөж 5-тай байсан болохоор их айж билээ. Баяраар юм уу зуны амралтаар л гэртээ харина. Яваандаа дохионы хэл сураад хүүхдүүдтэй тоглож нааддаг болсон.

БИБЛИЙН ҮНЭНИЙГ МЭДСЭН МИНЬ

1939 онд Мээрион эгч маань Бийл Данилчук ахтай гэрлэсэн. Тэгээд хоёр дүүгээ буюу Фрэнсис эгч бид хоёрыг өөр дээрээ авлаа. Манай гэр бүлээс хамгийн анх Еховагийн Гэрчүүдтэй уулзсан хүмүүс бол Мээрион эгч Бийл ах хоёр юм. Зуны амралтаараа яваад очихлоор Библиэс сурсан зүйлээ надад хэлж өгөх гэж хамаг  чадлаараа хичээнэ. Тэд дохионы хэл мэдэхгүй болохоор ойлголцоно гэдэг үнэнийг хэлэхэд амаргүй байсан. Гэхдээ л Еховагийн тухай мэдэхийг хүсдэг минь тэдэнд тодорхой харагдаж л дээ. Библиэс сурснаа ажил хэрэг болгодгийг нь би харсан учраас дэлгэрүүлэхэд нь дагаж явдаг байв. Удалгүй баптисм хүртэхийг хүсдэг боллоо. Ингээд 1941 оны 9 дүгээр сарын 5-нд Бийл ах худгийн усаар дүүргэсэн ган поошгонд надад баптисм хүртээсэн юм. Худгийн ус цэв хүйтэн байсан!

Охайо мужийн Клийвлэндэд болсон чуулганы үеэр сонсголгүй хүмүүстэй хамт, 1946 он

Би 1946 онд зуны амралтаараа гэртээ ирээд АНУ-ын Охайо мужийн Клийвлэнд хотод болсон чуулганд гэр бүлээрээ суув. Эхний өдөр эгч нар маань надад зориулан чуулганы хөтөлбөрийг дэвтэр дээр ээлжээр бичиж өгч байлаа. Харин хоёр дахь өдөр нь дохионы хэлний орчуулагчтай сонсголгүй хүмүүсийн бүлэг байгааг мэдээд сэтгэл догдолж билээ. Чуулган ч сонирхолтой болж эхлэв. Библийн үнэнийг жинхэнэ утгаар нь ингэж л нэг ойлгосон юм!

ҮНЭНИЙГ ЗААДАГ БОЛСОН МИНЬ

Дэлхийн ІІ дайн дөнгөж дууссан, эх оронч үзэл дээд цэгтээ тулсан цаг байсан юм. Би чуулганы дараа итгэл үнэмшлийнхээ төлөө бат зогсоно гэсэн сэтгэл өвөрлөсөөр сургуульдаа очлоо. Тэгээд төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх, төрийн дуулал дуулах, баярт оролцохоо больсон. Албан журмаар сүмд очдог байснаа ч болив. Сургуулийн удирдлага үүнд дургүйцэж айлган сүрдүүлэх, худлаа ярих зэргээр бодлыг минь өөрчлөхийг оролдож байлаа. Үүнээс болоод сургууль даяар шуугиан дэгдэв. Энэ нь хүүхдүүдэд дэлгэрүүлэх сайхан боломж нээж өгсөн юм. Манай ангийнхнаас Лээри Ээндрософ, Ноорман Дийтрик, Иймел Шнаидер нар яваандаа үнэнийг хүлээж авсан. Тэд одоо ч Еховад үнэнч үйлчилж байна.

Би өөр хотуудад очихдоо сонсголгүй хүмүүст дэлгэрүүлэхийг маш их хичээдэг. Жишээлбэл Монтриал хотод байдаг сонсголгүй хүмүүсийн клубт Ээди Тэйгэр гэдэг залууд дэлгэрүүлсэн. Тэр үед Ээди Тэйгэр гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн байсан бол, дараа нь Күбээк мужийн Лаваал хотод дохионы хэлний хурлын гишүүн болсон. Тэндээ үнэнч үйлчилсээр өнгөрсөн жил нас барсан. Бас нэг удаа Хуан Арданез гэдэг залуутай танилцсан юм. Библид бичсэн зүйл үнэн эсэхийг магадлахын тулд Берой хотынхон шиг маш сайн судалдаг хүн байж билээ (Үйлс 17:10, 11). Тэр ч бас үнэний зам дээр гарч, Онтарио мужийн Оттава хотын хуралд ахлагчаар томилогдож, нас бартлаа үнэнч үйлчилсэн.

Гудамжаар дэлгэрүүлж байгаа нь, 1950-аад оны эхээр

Би 1950 онд Ванкүүвэр лүү нүүв. Сонсголгүй хүмүүст дэлгэрүүлэх дуртай ч гудамжинд Крис Спайсер гэдэг сонсголтой эмэгтэйд дэлгэрүүлснээ  хэзээ ч мартдаггүй. Тэр эмэгтэй сэтгүүл захиалах болсон төдийгүй намайг нөхөр Гээрийтэйгээ танилцуулахыг хүсэв. Тэднийд очоод бид хэд бичгээр их удаан ярилцсан. Түүнээс хойш уулзахгүй байж байгаад хэдэн жилийн дараа Онтарио мужийн Торонто хотод болсон чуулган дээр уулздаг байгаа! Олон хүний дундаас намайг олж харахад нь үнэхээр гайхсан! Гээрий яг тэр өдөр баптисм хүртсэн. Үнэний үр хэзээ, хаана соёолохыг мэдэхгүй учраас дэлгэрүүлээд л байх хэрэгтэйг энэ явдал надад сануулдаг юм.

Дараа нь би Саскатүүнд буцаж ирэв. Тэнд нэг эмэгтэй сонсголгүй хоёр охиндоо Библи заалгахыг хүслээ. Жийн, Жоун гэдэг тэр хоёр охин манай сургуулийн хүүхдүүд байлаа. Удалгүй тэд сурч мэдсэн зүйлээ ангийнхандаа ярьдаг болов. Яваандаа ангийнх нь таван охин Еховагийн Гэрч болцгоосон. Тэдний нэг нь Юүнис Коолн байв. Би төгсөх ангид байхдаа Юүнистэй анх танилцсан юм. Тэр үед Юүнис надад чихэр өгөөд найз болъё гэж билээ. Харин хожим нь насан туршийн минь хань болсон.

Юүнис бид хоёр, 1960 ба 1989 он

Юүнисийг Библи судалж байгааг ээж нь мэдэнгүүтээ сургуулийн захиралтай уулзаж, Библи судлахыг нь болиулж өгөөч гэж гуйж л дээ. Захирал ч нэлээн оролдоод, гарын авлагуудыг нь хүртэл хурааж аваад дийлээгүй юм. Юүнис Еховад үнэнч байхаар бат шийдсэн. Баптисм хүртэх хүсэлтэй гэдгээ хэлэхэд эцэг эх нь: «Еховагийн Гэрч болдог л юм бол манайхаас яваарай!» гэжээ. Юүнис гэрээсээ явахдаа 17-той байв. Нэг Гэрч айл түүнийг гэртээ байлгажээ. Юүнис Библиэ тасралтгүй судалсаар баптисм хүртсэн. Бид хоёр 1960 онд гэрлэсэн. Юүнисийн аав ээж хоёр бидний хуриман дээр ирээгүй. Гэхдээ он жил өнгөрөхийн хэрээр ямар итгэл  үнэмшилтэй, үр хүүхдээ яаж өсгөж хүмүүжүүлснийг хараад биднийг хүндэлдэг болсон.

ЕХОВА НАДАД САНАА ТАВЬСАН НЬ

Миний хүү Нийколас эхнэр Дээборатайгаа Лондонгийн Бетелд үйлчилдэг

Манайх 7 хүүтэй. Сонсголгүй эцэг эх сонсголтой хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг амаргүй. Гэхдээ бид хүүхдүүддээ үнэнийг зааж, бодол санаагаа хуваалцахын тулд дохионы хэл заасан. Хурлын ах дүү маань маш их дэм болж билээ. Жишээлбэл нэг Гэрч бидэнд бичиг өгөв. Хүү чинь цуглааны танхимд элдэв муу үг хэлээд байна гэж бичсэн байлаа. Бид ч тэр дор нь арга хэмжээ авсан. Одоо Жеймс Жээри Нийколас Стийвэн гэдэг дөрвөн хүү маань гэр бүлүүдтэйгээ Еховад үйлчилж байна. Дөрвүүлээ ахлагч. Нийколас хүү маань эхнэр Дээборатайгаа Британи дахь салбарт дохионы хэлний орчуулгын ажилд тусалдаг. Стийвэн Шээнэн хоёр АНУ дахь салбарт дохионы хэлний орчуулгын багт ажилладаг.

Зүүн гар талаас: Миний хөвгүүд Жэймс Жээри Стийвэн нар эхнэрүүдтэйгээ дохионы хэлээр дэлгэрүүлэх ажлыг янз бүрийн аргаар дэмждэг

Бид хоёрын хуримын 40 жилийн ой болохоос сарын өмнө Юүнис маань хорт хавдарт аргагүй дийлдсэн дээ. Тэр минь энэ муухай өвчинтэй зоригтой тэмцсэн юм. Ирээдүйд амилах найдвараа бодоод хүч тэнхээ ордог байв. Түүнтэйгээ дахин уулзах өдрийг тэсэн ядан хүлээж байна.

Фэй Жэймс хоёр, Жээри Ээвэлин хоёр, Шээнэн Стийвэн хоёр

Би 2012 оны 2 дугаар сард унаад сүүжээ хугалчихсан. Тусламж зайлшгүй хэрэгтэй болсон учир нэг хүүгийндээ байгаа. Бид хэд Каалгари дохионы хуралд үйлчилж байна. Одоо ч ахлагч хэвээрээ. Сонирхолтой нь, анх удаа л дохионы хуралд явж байгаа минь энэ. Ийм олон жил сонсголтой хүмүүсийн хуралд үйлчлэхдээ Еховатай яаж дотно байж чадсан бэ гэж та лав гайхаж байгаа байх. Ехова надад тусалсан. Тэрээр өнчин хүмүүст санаа тавина гэсэн амлалтаа биелүүлсэн (Дуу. 10:14). Цаасан дээр бичиж өгөх, дохионы хэл сурах, чадлынхаа хэрээр орчуулж өгөх зэргээр тусалж байсан бүх хүнд би талархаж явдаг.

Америк дохионы хэлээрх эхлэгчийн сургуульд 79 настайдаа сурсан

Хүмүүс юу яриад байгааг ойлгож чадахгүй, бусад хүн сонсголгүй хүмүүст яаж туслахаа мэдэхгүй байгааг хараад сэтгэлээр унах, буугаад өгчихмөөр санагдах үе байсныг нуугаад яах вэ. Тэгэх бүрд Петр Есүст юу гэж хэлснийг боддог байлаа. «Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна» гэдэг шүү дээ (Иох. 6:66–68). Үнэний замаар яваад олон жил болсон сонсголгүй ах эгч нарын жишээгээр би ч бас хүлээцтэй байж сурсан. Еховаг, байгууллагыг нь хүлээж сурсан. Үүнийхээ үр шимийг ч хүртсэн. Одоо би дохионы хэлээр элбэг дэлбэг «хоол хүнс» авч, америк дохионы хэлээр болдог цуглаан, чуулганд суудагтаа их баярладаг. Агуу Бурхан Еховадаа өнөөдрийг хүртэл жаргалтай үйлчилж, сэтгэл хангалуун амьдарч явна.