Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2017 оны 3 сар 

Ямар ч үед сайн найз байх нь

Ямар ч үед сайн найз байх нь

Жаанни Маврицё хоёр 50 жил сайхан нөхөрлөж явна. Гэхдээ нөхөрлөл нь аюулын ирмэгт тулсан удаатай. Маврицё: «Нэг хэсэг хэцүү үе байсан. Тэр үед би ноцтой нүгэл үйлдсэнээс болоод бид хоёр салсан» гэж ярилаа. Жаанни: «Маврицё надад Библи заадаг байсан юм. Библийн багш минь төдийгүй зөвлөгч минь болсон байсан. Тийм болохоор нүгэл үйлдчихсэн гэдэгт нь би итгэж чадахгүй байлаа. Бид хоёр өөр өөр замаар явах болсон гэж бодохлоор хорвоо дэлхий сүйрч, би хаягдчихсан юм шиг л санагдсан» хэмээн нэмж хэлэв.

ҮҮРДИЙН нөхөрлөл үнэ цэнтэй. Хүн санамсаргүй сайн найзтай болчихдоггүй. Хэрэв нөхөрлөлд маань аюул учирвал яах вэ? Библид гардаг жинхэнэ найзуудын түүхээс сурцгаая. Андын холбоо нь тасрах шахсан үе тэдэнд байсан ч нөхөрлөлөө аварч чаджээ.

НАЙЗ ТАНЬ НҮГЭЛ ҮЙЛДВЭЛ

Хонь хариулж яваад хожим нь хаан болсон Давид олон сайхан найзтай байжээ. Таны санаанд Ионатан бууж байгаа байх (1 Сам. 18:1). Зөнч Натан ч бас дотны найз нь юм. Тэдний нөхөрлөл хэзээнээс эхэлсэн нь тодорхойгүй. Юутай ч, Давид Натанд анд нөхөр шигээ итгэдэг байсныг Библид бичжээ. Давид Еховад зориулж өргөө барихыг хүсдэг. Найзын хувьд, бас Еховагийн төлөөлөгч хүнийх нь хувьд Натаны санал үнэ цэнтэй байлаа (2 Сам. 7:2, 3).

Гэвч тэдний нөхөрлөлд заналхийлсэн нэг аюул тулгарав. Давид Батшебатай завхайрч, дараа нь нөхөр Уриаг нь алуулжээ (2 Сам. 11:2–21). Давид олон жил Еховад үнэнч байж, шударга ёсыг сахисан. Гэтэл  одоо аймшигтай нүгэл үйлдчихээд байна! Ийм сайн хаан яачихсан юм бол оо? Хэчнээн ноцтой юм хийж байгаагаа ойлгосон болов уу? Бурхнаас нууж чадна гэж бодсон юм болов уу?

Натан яасан бэ? «Өөр хүн энэ хэргийнх нь талаар хаантай ярилцана биз. Давид Уриаг алуулах төлөвлөгөө зохиосныг хүмүүс мэдэж л байгаа. Яагаад заавал би энэ хэрэгт оролцож сайхан үерхэлдээ сэв суулгах ёстой гэж?» хэмээн бодож болох л байсан. Үнэндээ Натан хэргийг нь илчилбэл амь насаа ч алдаж мэдэх байв. Ямар ч буруугүй Уриаг Давид алуулчихсан байдаг!

Гэхдээ Натан Еховагийн мэдээг дамжуулдаг төлөөлөгч нь шүү дээ. Дуугүй өнгөрчихвөл Давидтай урьдынх шигээ харьцахаа болино гэдгээ мэдэж байлаа. Бас хүн чанар нь зулгаах байв. Хаан найз нь Еховагийн таашаадаггүй зам руу оржээ. Дахин зөв зам дээр гарч зогсоход нь тусламж зайлшгүй шаардлагатай. Давидад жинхэнэ найз хэрэгтэй байлаа. Натан тийм найз байв. Тэрээр уг хэргийн талаар ам нээхээр шийдэж цагтаа хоньчин байсан Давидын сэтгэлийг хөдөлгөх жишээ татжээ. Тэгтэл Давид хэр ноцтой алдаа хийснээ ухаарч гэмээ засахаар шийдсэн (2 Сам. 12:1–14).

Найз тань ноцтой алдаа гаргах юм уу нүгэл үйлдвэл та яах вэ? Алдааг нь хэлж өгвөл найзлахаа болих вий гэж айх уу? Эсвэл найздаа туслуулах гээд ахлагчдад мэдэгдвэл урвасан юм шиг санагдах уу? Та юу хийх вэ?

Дээр дурдсан Жаанни: «Бүх юм өөрчлөгдөж байгааг би ойлгосон. Маврицё өмнөх шигээ илэн далангүй ярихаа больсон. Надад үнэхээр хэцүү байсан ч би Маврицётой ярилцахаар шийдсэн. “Зарчмаа мэддэг хүнтэй би юу ярих вэ! Бүр долоон дор юм болбол яана?” гэж бодож байсан ч хамт хичээл хийж байсан үеэ санаад түүнтэй ярих зориг оров. Надад тусламж хэрэгтэй байхад Маврицё тусалсан шүү дээ. Би найзыгаа алдахыг хүсээгүй. Түүний төлөө санаа зовж байсан болохоор туслахыг хүссэн» хэмээн дурсаж байна.

Маврицё: «Жаанни надад маш шударга хандаж байлаа. Тэр нь ч зөв байсан. Миний гаргасан буруу шийдвэрийн үр дагавар Жааннигийн ч, Еховагийн ч буруу биш гэдгийг би мэдэж байсан учраас буруугаа хүлээн зөвшөөрч, яваандаа дахин зөв зам дээр гарч зогссон» хэмээн нэмж хэлэв.

ЗОВОХ ЦАГТ НЬ

Давидыг зовох цагт нөхрийн чанараа таниулсан хүмүүс олон байсан. Тэдний нэг нь «Давидын нөхөр» хэмээн Библид бичсэн Хушаи юм (2 Сам. 16:16; Ш.дээд 27:33). Хааны дотны анд, үнэнч хамтран зүтгэгч тэрээр шүүхийн түшмэл байсан бололтой. Заримдаа нууц даалгавар биелүүлдэг байв.

Хүү Абсалом нь эцэг Давидынхаа хаан ширээг булаан авах үед израильчууд Абсаломын талд орсон. Харин Хушаи тэднийг дагаагүй. Давидыг зугтаж явахад нь түүн дээр очдог. Давид итгэж явсан хүмүүстээ, хүүдээ маш их гомдож гутарсан байлаа. Тэд түүнээс урважээ. Харин Хушаи үнэнч хэвээрээ байв. Амь насаараа дэнчин тавин байж хуйвалдааныг нураах даалгавраа биелүүлсэн. Гэхдээ шүүгч хүний хийх ёстой зүйл гэсэн үүднээс бус, харин үнэнч андын хувьд энэ үүргийг дуртайяа биелүүлсэн (2 Сам. 15:13–17, 32–37; 16:15—17:16).

Дэлхий дахинд буй ах дүү маань эв нэгдэлтэй байхыг зөвхөн үүрэг даалгавар гэж үздэггүй нь сайшаалтай. Тэдний үйл хэргийг харвал «Би чиний найз байх ёстой учраас биш, харин чи надад чухал хүн учраас би чиний найз» гэж хэлж байгаатай адилхан байдаг.

 Фэдрийкод ийм явдал тохиолджээ. Тэрээр Антоонё гэдэг дотны найзынхаа тус дэмээр амьдралынхаа хэцүү үеийг давсан аж. Фэдрийко ийн ярив. «Антоонё манай хуралд шилжиж ирсэн юм. Удаа ч үгүй бид найзууд боллоо. Хоёулаа туслах үйлчлэгч. Хамт юм хийх дуртай. Тэгтэл Антоонё ахлагчаар томилогдлоо. Миний найз, бас үлгэр дуурайл минь байлаа». Фэдрийко буруу замаар явж эхэлжээ. Гэхдээ яаралтай тусламж авав. Гэсэн хэдий ч эхлэгч, туслах үйлчлэгч байх эрхээ хасуулжээ. Антоонё яасан бол?

Фэдрийкод хэцүү асуудал тулгарахад найз Антоонё нь анхааралтай сонсож, урамшуулан зоригжуулсан

«Антоонё миний зовлонг ойлгож байгааг би мэдэрсэн. Сэтгэл санааг минь дэмжихийн тулд байдаг чадлаараа хичээж байлаа. Надаас хөндийрөхийн оронд байнга санаа тавьж Еховатай дахин дотносоход минь тусалсан. Тийм болохоор урам орж Еховагийн төлөө идэвхтэй үйлчлэх хүсэл оргилсон» гэж Фэдрийко дурсав. Антоонё: «Би Фэдрийкотой өмнөхөөсөө илүү олон удаа уулздаг болсон. Надтай юуны ч тухай, тэр байтугай зовлонгоо ч чөлөөтэй ярьдаг байгаасай гэж хүссэн» гэлээ. Хэсэг хугацааны дараа Фэдрийко Еховагийн төлөө идэвхтэй үйлчилдэг болж, хожим нь эхлэгч, туслах үйлчлэгчээр дахин томилогджээ. «Бид хоёр одоо өөр өөр хуралд үйлчилж байгаа ч илүү дотно болсон» гэж Антоонё ярьсан юм.

НАЙЗ ТАНЬ УРВАЧИХСАН ЮМ ШИГ САНАГДВАЛ

Хамгийн их хэрэгтэй үед дотны найз тань нүүр буруулбал танд ямар санагдах вэ? Үнэндээ ялихгүй зүйлээс болоод сэтгэл шархалдаг шүү дээ. Та тэр хүнийг уучилж чадах уу? Нөхөрлөл тань урьдынхаасаа улам бүр зузаарах болов уу?

Дэлхий дээр өнгөрүүлсэн сүүлчийн өдрүүдэд нь Есүст юу тохиолдсоныг бодоорой. Тэрээр үнэнч элч нартайгаа удаан хамт байж ээнэгшин дасжээ. Тийм учраас тэднийгээ анд нөхөд гэж дуудсан нь зүйн хэрэг байв (Иох. 15:15). Гэтэл баривчлагдахад  нь юу боллоо? Элч нар зугтсан. Петр Эзнийгээ хэзээ ч орхихгүй гэж зарлан тунхаглаж байсан хэр нь яг тэр шөнө түүнийг мэдэхгүй гэж мэлздэг! (Мат. 26:31–33, 56, 69–75).

Есүс эцсийн удаа соригдохдоо гав ганцаараа үлдэхээ мэдэж байсан ч тэднийг зугтлаа гээд гуньж гутран, тэр бүү хэл, сэтгэл нь шархалж болох л байсан. Гэвч хэд хоногийн дараа амилчихаад шавь нартайгаа уулзаж байхдаа гуньж гутарсан, өширхөж хорссон эсвэл харамсаж халагласан шинж өчүүхэн ч гаргаагүй. Есүс шавь нарынхаа алдаа дутагдлыг тоочиж, баривчлагдсан шөнө нь юу хийснийг нь сануулъя гэж бодоо ч үгүй.

Харин ч Петр болон бусад элчээ тайвшруулсан. Тэдэнд итгэж явдгаа батлан хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн чухал боловсролын ажлыг даалгаж, хэрхэн хийх заавар өгсөн. Есүс элч нараа анд нөхөд гэж үзсэн хэвээрээ байлаа. Агуу хайранд нь уярсан тэд Эзнийгээ дахин гонсойлгохгүйн тулд чадах бүхнээ хийхээр шийджээ. Үнэхээр ч Есүсийн даалгасан ажлыг сайн хийсэн билээ (Үйлс 1:8; Кол. 1:23).

Элвийра гэдэг Гэрч эмэгтэй дотны найз Жуляанатайгаа ам мурийжээ. Тэрээр: «Миний хийж байгаа зүйлээс болж сэтгэл нь өвдсөнийг сонсоод надад аймшигтай санагдаж билээ. Түүний уурлах нь түмэн зөв байсан юм. Миний л төлөө санаа нь зовж, хийж байгаа зүйл минь ямар муу үр дагаварт хүрэхийг бодоод шаналж байжээ. Тэгэхэд сэтгэл маш их хөдөлж билээ. Надад яаж гомдсоноо бодолгүй, харин намайг яаж хохирохыг бодож байсныг нь хэзээ ч мартахгүй. Өөрийгөө бодохын оронд миний сайн сайхны төлөө санаа тавьдаг найз өгсөн Еховадаа би талархсан» гэжээ.

Тэгэхлээр нөхөрлөлд нь сэв суух аюул учрахад сайн найз яадаг вэ? Шаардлагатай бол эвтэйхэн бөгөөд илэн далангүй ярилцдаг. Натан Хушаи нартай адил, найзыгаа зовох үед нь ч үнэнч байж, Есүс шиг уучилж чаддаг. Та тийм найз мөн үү?