Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2017 оны 3 сар 

Аса, Иехошафат, Хезекиа, Иосиа

«Бүхий л зүрхээрээ» Еховад үйлчил

«Бүхий л зүрхээрээ» Еховад үйлчил

«Өө, ЭЗЭН, ... Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж ... байсныг одоо санаач» (Х.ДЭД 20:3).

ДУУ: 52, 32

1-3. Еховад «бүхий л зүрхээрээ» үйлчилнэ гэж яахыг хэлдэг вэ? Жишээ хэлнэ үү.

БҮХ хүн төгс бус учраас алдаа гаргачихдаг. Гэлээ ч Ехова «бидний үйлдсэн нүглийн дагуу бидэнд» ханддаггүйд талархаад баршгүй. Ехова биднийг даруу байж, гэмшвэл Есүсийн золиост үндэслэн уучилна (Дуу. 103:10). Еховаг өдөр бүр таалалд нь нийцүүлэн шүтье гэвэл Давидын хэлснээр «бүх зүрхээрээ» үйлчлэх ёстой (Ш.дээд 28:9). Төгс бус хүн яаж бүх зүрхээрээ үйлчлэх вэ?

2 Үүнийг ойлгохын тулд Иудагийн хаад болох Аса Амазиа хоёрын амьдралын замналыг харьцуулж үзье. Хэн хэн нь Еховад таалагддаг зүйлийг хийдэг байсан ч төгс бус учраас алдаа гаргаж явжээ. Гэхдээ «Асагийн зүрх сэтгэл амьдралынх нь турш гэм буруугүй байв» гэж Библид бий (Ш.дэд 15:16, 17; 25:1, 2; Сур. 17:3). Аса зүрх сэтгэлээ Еховад бүрэн зориулсан учраас замаас нь гараагүй (Ш.дээд 28:9). Харин Амазиа Еховад өөрийгөө бүрэн зориулаагүй ажээ. Тийм болохоор Бурхны дайснуудыг ялсныхаа дараа тэдний хиймэл шүтээнүүдийг  гэртээ авчран шүтэж мөргөдөг болжээ (Ш.дэд 25:11–16).

3 Бурханд «бүхий л зүрхээрээ» үйлчилнэ гэдэг нь өөрийгөө тэр чигээр нь зориулж үүрд мөнх үнэнч үйлчилнэ гэсэн үг. Библид «зүрх» гэдэг үгээр голдуу дотор хүнийг хэлдэг. Үүнд хүсэл эрмэлзэл, бодол санаа, сэдэл хандлага, зорилго төлөвлөгөө багтдаг. Тэгэхлээр Еховад бүх зүрхээрээ үйлчилдэг хүн хоёр нүүр гаргах юм уу хэлбэр төдий үйлчилдэггүй байх нь ээ. Таны тухайд юу хэлж болох вэ? Та төгс бус ч гэлээ Бурхнаа чин сэтгэлээсээ шүтдэг бол бүхий л зүрхээрээ үйлчилж байгаа хэрэг юм (Ш.дэд 19:9).

4. Энэ өгүүллээр юуны тухай үзэх вэ?

4 Бурханд бүх зүрхээрээ үйлчилнэ гэж яахыг хэлдгийг ойлгохын тулд Аса хаанаас гадна Иехошафат Хезекиа Иосиа нарын амьдралын түүхийг авч үзье. Тэд ч бас Бурханд өөрийгөө бүрэн зориулсан хаад байсан. Иудагийн тэр үнэнч хаад алдаа гаргадаг байсан хэдий ч Еховагийн сайшаалыг хүлээжээ. Ехова тэднийг яагаад бүхий л зүрхээрээ үйлчилсэн гэж үзсэн бэ? Тэр дөрвөн хааныг хэрхэн дуурайх вэ?

АСАГИЙН ЗҮРХ СЭТГЭЛ ЕХОВАД «БҮРЭН ЗОРИУЛАГДСАН»

5. Аса, хаан болмогцоо юу хийсэн бэ?

5 Израилийн арван овгийг салж явсны дараах Иудагийн гурав дахь хаан бол Аса юм. Тэрээр «шүтээний янхан эрчүүдийг газар нутгаасаа хөөн гаргаж, эцэг өвгөдийнхөө бүтээсэн шүтээнүүдийг нурааж хаяв». Тэр байтугай «өөрийн эмэг эх Маакаг эх хатан байхаас зайлуулжээ. Учир нь эмэг эх нь ашера мэт жигшүүрт хөргийг бүтээжээ» (Х.дээд 15:11–13). Аса өөр юу хийсэн бэ? Еховаг «хайн, хууль тушаалуудыг сахихыг» элэг нэгтнүүддээ уриалжээ. Ийнхүү жинхэнэ шүтлэгийг түгээн дэлгэрүүлсэн (Ш.дэд 14:4).

6. Етиопчуудыг газар нутаг руу нь довтлоход Аса юу хийсэн бэ?

6 Асагийн хаанчлалын эхний арван жилд Иуда улс Еховагийн ивээлээр дайн дажингүй амар жимэр амьдарч байлаа. Тэгтэл етиоп хүн Зера Иудатай дайтахаар 1сая цэрэг, 300тэрэгтэй ирэв (Ш.дэд 14:1, 6, 9, 10). Аса Еховад бүрэн итгэж байсан учраас ялахад туслаач гэж чин сэтгэлээсээ залбирчээ (Шастирын дэд 14:11-ийг уншина). Хариуд нь Ехова ялахад нь тусалж Етиопын армийг устгасан (Ш.дэд 14:12, 13). Заримдаа Ехова Израилийн үнэнч биш хаадад дайснаа дарахад нь тусалдаг байжээ. Ингэж жинхэнэ Бурхан гэдгээ баталдаг байв (Х.дээд 20:13, 26–30). Аса Еховад найдсан учраас залбирлынхаа хариуг авчээ. Гэвч хожим нь Еховагаас бус, Сирийн хаанаас тусламж хүссэн нь мунхаг хэрэг байлаа (Х.дээд 15:16–22). Гэхдээ Асагийн «зүрх сэтгэл амьдралынх нь турш ЭЗЭНд бүрэн зориулагдсан байв». Сайн жишээг нь хэрхэн дагах вэ? (Х.дээд 15:14).

7, 8. Асаг хэрхэн дуурайх вэ?

7 Бид Еховад зүрх сэтгэлээ бүрэн зориулсан эсэхээ дор бүрнээ шалгах нь зүйтэй. «Би Еховагийн таалалд багтаж, цэвэр шүтлэгийг хамгаалж, хурлаа цэвэр ариун байлгахаар эргэлт буцалтгүй шийдсэн үү?» гэж өөрөөсөө асуугаарай. Аса, эмэг эх Маакаг хатны суудлаас нь авч хаяхын тулд ямар их зориг гаргасан бол оо! Түүн шиг зоригтой, шийдэмгий байх  хэрэгтэй үе танд ч бас гарч мэднэ. Жишээлбэл ах дүү, хамаатан садан, дотны найз тань ноцтой нүгэл үйлдээд гэмшилгүй хурлаас хасагдлаа гэж бодъё. Та тэр хүнтэй харьцахгүй байж чадах уу? Зүрх тань таныг хааш нь хөтлөх бол?

8 Тэвчихийн аргагүй мэт санагдах эсэргүүцэл тулгарвал яах вэ? Зүрх сэтгэл нь «ЭЗЭНд бүрэн зориулагдсан» Асаг дуурайгаарай. Та Еховагийн Гэрч гэдгээсээ болоод багш сурагчдад ад шоо үзэгдэж магадгүй. Эсвэл таныг цуглаан, чуулганд суухын тулд ажлаасаа чөлөө авахлаар, илүү цагаар ажилладаггүй болохоор хамт олон тань муу хэлж болох юм. Ийм үед Асаг дуурайн Еховад найдаарай. Залбирч, зоригтой байж, зөв гэж мэддэг зүйлээ тууштай хийгээрэй. Ехова Асаг зоригжуулсан шигээ таныг бас зоригжуулна.

9. Биднийг дэлгэрүүлэх үед Ехова юунд баярладаг вэ?

9 Аса зөвхөн өөрийгөө бодож байсангүй. Еховаг хайхыг ард түмэндээ уриалж байсан. Бид бас хүмүүст Еховаг шүтдэг болоход нь туслах учиртай. Өөрийнх нь тухай бусдад ярихыг маань Ехова анхааралтай сонсдог. Бид Бурханд болон бусдад хайртай. Тийм учраас хүмүүст чин сэтгэлээсээ санаа тавьж сайхан ирээдүйнх нь тухай мэдүүлдэг. Ехова үүнийг хараад ямар их баярладаг бол оо!

ИЕХОШАФАТ ЕХОВАГ «ЭРЭЛХИЙЛСЭН»

10, 11. Иехошафатын жишээг хэрхэн дагах вэ?

10 Иехошафат «өөрийн эцэг Асагийн замаас гаралгүй замнажээ» (Ш.дэд 20:31, 32). Яаж? Еховаг «хайхыг» ард түмэндээ уриалсан. Бас «ЭЗЭНий хуулийн номыг» заах аян зохион байгуулжээ (Ш.дэд 17:7–10). Тэр байтугай, Израилийн хойд хаант улсын нутаг, «Ефраимын уулархаг нутаг хүртэл» явж ард олныг «ЭЗЭН уруу буцаан авчирсан» (Ш.дэд 19:4). Иехошафат бол «ЭЗЭНийг бүх зүрх сэтгэлээрээ эрэлхийлж байсан» хаан юм (Ш.дэд 22:9).

11 Өнөөдөр бас Еховагийн тухай зааж сургах аян дэлхий даяар өрнөж байна. Бид бүгдээрээ энэ аянд оролцох боломжтой. Та Бурхны Үгийг заах ажилд сар бүр оролцож, хүмүүсийг Бурханд үйлчлэх хүсэлтэй болгохыг зорьдог уу? Энэ талаар залбирдаг уу? Чөлөөт цагаараа дуртай юмаа хийхийн оронд Библи заахад бэлэн үү? Идэвх зүтгэл гаргавал Ехова танд тусалж Библийн хичээлтэй болгох биз ээ. Иехошафат жинхэнэ шүтлэгийг сэргээхийн тулд Ефраимын уулархаг нутаг хүртэл явж хүмүүст тусалж байсан шиг та бас идэвхгүй болсон нэгэнд туслахыг хичээгээрэй. Түүнээс гадна ахлагчид хурлынхаа хэсэгт байдаг хасагдсан хүмүүсийг эргэж тойрч, туслах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Тэд нүгэл үйлдэхээ больсон байж болох юм.

12, 13. а) Хэцүү асуудал тулгарахад Иехошафат яасан бэ? б) Иехошафатыг хэрхэн дуурайх вэ?

12 Иехошафат эцгийнхээ нэгэн адил Еховад цаг үргэлж үнэнч байв. Тэр байтугай дайсны үй олон цэрэг Иуда руу довтлохоор ирэхэд итгэл найдвараа алдаагүй (Шастирын дэд 20:2–4-ийг уншина). Тэрээр айдаст автсан ч Еховаг «эрэлхийлэхээр анхаарлаа хандуулсан». «Энэ асар их цэргийн өмнө  бид сул дорой билээ. Бид юу хийхээ ч мэдэхгүй байна» хэмээн Бурханд залбирчээ. Тэгээд цааш нь «Бидний хараа Тан дээр байна» гэж хэлэн Еховад бүрэн найдсан (Ш.дэд 20:12).

13 Заримдаа бид айж сандран, юу хийхээ мэдэхээ больчихдог (2 Кор. 4:8, 9). Тэр үед Иехошафатыг санах хэрэгтэй. Ард түмнийхээ өмнө залбирч сул дорой гэдгээ хүлээн зөвшөөрсөн шүү дээ (Ш.дэд 20:5). Өрхийн тэргүүнүүд Иехошафатыг дуурайж болно. Тулгараад буй асуудлаа шийдэх мэргэн ухаан, хүч өгөөч гэж гэр бүлээ төлөөлөн Еховад залбираарай. Ингэж гуйхаасаа ичих хэрэггүй. Еховад ямар их итгэж найддагийг гэрийнхэн тань ойлгоно. Ехова Иехошафатад тусалсан бол танд ч бас тусална.

ХЕЗЕКИА ҮРГЭЛЖ ЗӨВИЙГ ҮЙЛДДЭГ БАЙСАН

14, 15. Бурханд итгэж найддагаа Хезекиа хэрхэн харуулсан бэ?

14 Еховагаас «зуурч» байсан бас нэг үнэнч хаан бол Хезекиа юм. Тэрээр хуурамч бурхад шүтдэг эцгийнхээ муу нөлөөнд авталгүй, харин ч «мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулан, ариун баганануудыг хэмхлэн, Ашерагийн шонгуудыг цавчин хаяжээ». Мосегийн хийсэн зэс могойг израильчууд шүтээн болгон ашиглаж байсан тул «жижиглэн буталжээ». Хезекиа Еховад зүрх сэтгэлээ бүрэн зориулсан учраас «Түүнийг дагахаа болилгүй, харин ЭЗЭНий Мосед тушаасан тушаалуудыг сахижээ» (Х.дэд 18:1–6).

15 Дэлхийн эзэнт гүрэн байсан Ассирийн арми Иуда руу цөмрөн орж Иерусалимыг устгахаар заналхийлсэн. Ассирийн хаан Сеннахериб Еховаг доромжилж Хезекиаг бууж өгөхийг шаардав. Энэ эгзэгтэй үед Хезекиа Еховагаас тусламж гуйн залбирч ард түмнээ аварна гэдэгт нь бүрэн итгэж байгаагаа илэрхийлжээ (Исаиа 37:15–20-ийг уншина). Бурхан залбиралд нь хариулж тэнгэрийн элчээрээ Ассирийн 185 000 цэргийг устгуулдаг (Ис. 37:36, 37).

16, 17. Хезекиаг хэрхэн дуурайх вэ?

16 Хезекиа хожим нь үхлүүт өвчтэй болов. Тэрээр Еховад залбирч үнэнч үйлчилж ирснийг минь санаач хэмээн гуйжээ (Хаадын дэд 20:1–3-ыг уншина). Бурхан залбирлыг нь сонсож түүнийг эдгээсэн. Харин өнөөдөр үйлчлэгчдээ гайхамшгаар эдгээх юм уу насыг нь уртасгадаггүй. Гэлээ ч бид Хезекиаг дуурайн «Би Таны өмнө ... үнэнээр болон бүхий л зүрхээрээ явс[ныг] ... санаач» гэж залбирч болно. Таныг «өвчтэй байхад» ч Ехова санаа тавина гэдэгт та итгэдэг үү? (Дуу. 41:3).

17 Хезекиагийн жишээнээс өөр юу сурч болох вэ? Еховатай дотно байхад эсвэл Еховад үйлчлэхэд саад болж байгаа зүйлээс зайлсхийх хэрэгтэйгээ ойлгож болох юм. Жишээ нь олон нийтийн сүлжээг бодож үзье. Энэ сүлжээгээр гэр бүл, найз нөхөдтэйгөө харилцдаг хүн бидний дунд олон байдаг. Гэтэл Еховаг шүтдэггүй хүмүүс үүнд донтож хүмүүсийг шүтээнээ болгодог. Огт таньж мэдэхгүй хүнийг ч найзаар нэмдэг. Эсвэл тэдний тухай унших юм уу зургийг нь үзэхэд маш их цаг зарцуулдаг. Хэрэв бид тэднийг дуурайвал дэмий зүйлд цагаа үрдэг болох аюултай. Олон нийтийн сүлжээнд тавьсан зураг, сэтгэгдэл дээр маань хэдийчинээ олон хүн лайк  (like) дарна, төдийчинээ бардам болж болзошгүй. Эсвэл найзлахаа больчихвол гомдож мэднэ. Бид Акул Прискилла Паул нарыг дуурайх хэрэгтэй. Тэд итгэгч биш хүмүүсийг найзаар нэмж, өдөр бүр зургаа постлох байсан болов уу? «Паул өөрийгөө үгэнд бүрэн зориулсан» гэж Библид бичсэн байдаг. Акул Прискила хоёр хүмүүст «[Бурханы] замыг улам ч зөв тайлбарлаж өгөхөд» цаг заваа зориулдаг байжээ (Үйлс 18:4, 5, 26). Өөрөөсөө ингэж асуугаарай. «Би хүмүүсийг шүтэн биширдэг юм биш биз? Ашиггүй зүйлд алтан цагаа үрдэг үү?» (Ефес 5:15, 16-г уншина).

ИОСИА ЕХОВАГИЙН ТУШААЛУУДЫГ САХИДАГ БАЙВ

18, 19. Чи Иосиаг яаж дуураймаар байна вэ?

18 Еховагийн тушаалыг «бүх зүрх сэтгэлээрээ» сахидаг байсан бас нэг хаан бол Хезекиагийн жич хүү Иосиа юм (Ш.дэд 34:31). Тэрээр арван хэдтэй байхдаа «өвөг эцэг Давидынхаа Бурханыг эрэлхийлж», 20-тойдоо Иудаг хиймэл шүтээнээс цэвэрлэсэн (Шастирын дэд 34:1–3-ыг уншина). Бурхны таалалд нийцдэг зүйлийг хийх талаар Иудагийн хаадаас ч илүү идэвх зүтгэлтэй байлаа. Нэг удаа сүмээс олдсон Мосегийн хуулийн эх бичгийг уншиж өгөхөд Иосиа Еховагийн төлөө бүр ч ихийг хийх ёстойгоо ойлгожээ. Бас Еховад үйлчлэхийг бусдад уриалсан. Үүний үрээр Иосиаг амьд байх хугацаанд ард түмэн нь Еховад үнэнч үйлчилжээ (Ш.дэд 34:27, 33).

19 Хүүхдүүд Иосиаг дуурайн Еховаг илүү сайн мэддэг болох хэрэгтэй. Ехова уучлах дуртай Бурхан гэдгийг Иосиа Манассе өвөөгөөсөө мэдэж авсан биз ээ. Та нар ч бас ээж аав, эмээ өвөө, хурлынхаа настай хүмүүстэй дотно байж, Ехова тэдний төлөө юу хийснийг яриулж байгаарай. Иосиа Судрыг уншаад сэтгэл нь хөдөлж, Еховад таалагдах зүйл хийснийг санаарай. Чи бас Библийг уншаад байвал Еховад таалагдахыг хүсдэг болно. Ингэвэл чи бүр ч их баяр хөөртэй болж Еховатай улам дотносно. Тэгээд хүмүүст Еховагийн тухай ярих дуртай болох байх (Шастирын дэд 34:18, 19-ийг уншина). Библийг судалж байхдаа Бурханд илүү сайн үйлчлэхийн тулд юу хийх ёстойгоо мэдэж авсан бол Иосиа шиг чадах бүхнээ хийгээрэй.

ЕХОВАД БҮХ ЗҮРХЭЭРЭЭ ҮЙЛЧИЛ!

20, 21. а) Иудагийн дөрвөн хаанаас юу сурсан бэ? б) Дараагийн өгүүллээр юуны тухай үзэх вэ?

20 Еховад зүрх сэтгэлээ бүрэн зориулсан Иудагийн дөрвөн хаанаас бид юу сурсан бэ? Тэд бол Бурхны таалалд багтаж, насан туршдаа үнэнч үйлчлэхээр эргэлт буцалтгүй шийдсэн хүмүүс юм. Хүчтэй дайсан довтлохоор ирэхэд ч итгэл найдвараа алдаагүй. Хамгийн гол нь Еховаг зүрхнийхээ угаас хайрладаг байжээ.

21 Энэ хаад төгс бус учраас бүгдээрээ алдаа гаргаж явсан. Гэлээ ч зүрхийг Шалгагч Ехова тэднийг зүрх сэтгэлээ өөрт нь бүрэн зориулсныг олж харжээ. Бид бас төгс бус билээ. Ехова биднийг шалгаад бүхий л зүрх сэтгэлээрээ үйлчилж байна гэж үздэг болов уу? Энэ дөрвөн хааны алдаанаас юу сурч болохыг дараагийн өгүүллээр ярилцъя.