Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2017 оны 2 сар 

Еховагийн санаа зорилго заавал биелнэ!

Еховагийн санаа зорилго заавал биелнэ!

«Үнэхээр Би айлдсан. Үүнийгээ Би заавал гүйцэтгэнэ. Төлөвлөсөн зүйлсээ Би заавал хийнэ» (ИС. 46:11).

ДУУ: 147, 149

1, 2. а) Ехова бидэнд юуг илчилсэн бэ? б) Исаиа 46:10, 11 болон 55:11-д ямар амлалт байдаг вэ?

«Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ» гэсэн энгийн хэр нь гүн утгатай үгээр Библи эхэлдэг (Эх. 1:1). Хүн төрөлхтөн Бурхны бүтээсэн гэрэл, сансар огторгуй, таталцлын хүч гээд олон зүйлийн нууцыг бүрэн тайлж чадаагүй байна. Бид орчлонт ертөнцийн өчүүхэн хэсгийг л ойлгодог (Ном. 3:11). Гэлээ ч Ехова бидэнд дэлхий болон хүн төрөлхтний талаарх санаа зорилгоо илчилсэн. Тэрээр хүмүүсийг өөрийнхөө дүр төрхийн дагуу бүтээж, өв тэгш орон гэр болсон дэлхий дээр жаргалтай амьдруулахыг хүсжээ (Эх. 1:26). Тэд хүүхдүүд нь, Ехова Эцэг нь болох байв.

2 Еховагийн санаа зорилгод саад учирсныг «Эхлэл» номын 3 дугаар бүлэгт тайлбарласан (Эх. 3:1–7). Гэхдээ тэр нь дааж давшгүй саад биш байв. Хэн ч Еховад саад тотгор учруулж чадахгүй (Ис. 46:10, 11; 55:11). Тийм учраас Еховагийн анхны санаа зорилго товлосон цагтаа заавал биелнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй!

3. а) Библийн үнэнийг ойлгохын тулд ямар чухал сургаалыг ойлгосон байх ёстой вэ? б) Тэдгээр сургаалыг яагаад одоо үзэх гэж байна вэ? в) Ямар асуултуудыг хэлэлцэх вэ?

3 Бурхан дэлхий болон хүн төрөлхтний талаар ямар санаа  зорилготойг, Есүс Христ үүнд ямар гол үүрэгтэйг та мэддэг байх. Энэ бол Библийн маш чухал сургаал юм. Та Бурхны Үгийг судалж эхлэхдээ л энэ үнэнийг мэдэж авсан биз ээ. Харин одоо чин сэтгэлтэй хүмүүст энэ чухал зүйлийг мэдүүлэхийг хүсдэг нь лавтай. Үүний тулд Христийн нас барсныг дурсах цуглаанд аль болох олон хүнийг урих боломж яг энэ цаг үед олдож байна (Лук 22:19, 20). Тэд Дурсах цуглаанд ирээд Бурхны санаа зорилгын талаар их зүйлийг сурч мэднэ. Тиймээс суралцагчид болон чин сэтгэлтэй хүмүүст энэ чухал үйл явдалд оролцох сонирхлыг нь төрүүлэх хэрэгтэй. Ингэхдээ ямар асуулт асуухаа бодох нь зүйтэй. Энэ өгүүллээр дараах гурван асуултын хариуг мэдэж авъя. Дэлхий ба хүн төрөлхтний талаарх Бурхны санаа зорилго юу вэ? Одоо яагаад биелээгүй байна вэ? Бурхны санаа зорилго биелэх үүдийг нээх түлхүүр нь яагаад Есүсийн золиос вэ?

БҮТЭЭГЧ ЯМАР САНАА ЗОРИЛГОТОЙ ВЭ?

4. Бүтээл нь Еховагийн алдрыг хэрхэн «тунхагладаг» вэ?

4 Ехова бол сүрдэн бишрэм Бүтээгч юм. Бүх зүйлийг дээд зэргээр бүтээжээ (Эх. 1:31; Иер. 10:12). Бурхны бүтээлээс харагддаг гоо үзэсгэлэн, эмх цэгцтэй байдлаас юу ойлгож болох вэ? Еховагийн бүтээл том ч бай, жижиг ч бай, бүгд ашиг тустайг мэдэж болно. Маш нарийн бүтэцтэй хүний эс, дөнгөж төрсөн нярай, нар жаргахын гайхамшгийг биширдэггүй хүн байна уу? Ехова хүнийг гоо сайхны мэдрэмжтэй бүтээсэн болохоор энэ бүхнийг хараад хүн бүр л гайхаж биширдэг (Дуулал 19:1; 104:24-ийг уншина).

5. Ехова бүх бүтээлээ харилцан шүтэлцээтэй байлгахын тулд юу хийсэн бэ?

5 Ехова бүтээлдээ зааг хязгаар тогтоож өгсөн. Бүх зүйлийг харилцан шүтэлцүүлэхийн тулд байгалийн болон ёс суртахууны хуулийг зохиосон (Дуу. 19:7–9). Тиймд орчлонт ертөнц дээрх бүх зүйл тус тусынхаа орон зайд байж Бурхны санаа зорилгын дагуу үүргээ гүйцэтгэдэг. Жишээлбэл таталцлын хууль байгаа учраас агаар мандал дэлхийг бүрхэж, далайн татлага түрлэг зохицуулагдаж, дэлхий дээр амьдрал өрнөж байна. Ехова ийнхүү зааг хязгаар тогтоосны ачаар орчлонт ертөнц дэх бүх зүйл эмх журамтай байдаг. Бурхан дэлхий ба хүн төрөлхтний талаар санаа зорилготой нь үүнээс харагдаж байна. Тэгэхлээр бид дэлгэрүүлж явахдаа энэ гайхалтай орчлонт ертөнцийн Бүтээгчийг хүмүүст мэдүүлэх хэрэгтэй (Илч. 4:11).

6, 7. Адам Ева хоёрт Ехова ямар бэлэг өгсөн бэ?

6 Еховагийн анхны санаа зорилго бол хүн төрөлхтнийг газар дэлхий дээр үүрд мөнх амьдруулах юм (Эх. 1:28; Дуу. 37:29). Тэрээр Адам Ева хоёрыг жаргалтай амьдраасай гэсэндээ янз бүрийн бэлгийг харамгүй өгчээ (Иаков 1:17-г уншина). Сонгох эрх чөлөө, бодож сэтгэх, хайрлаж энхрийлэх, найзалж нөхөрлөх чадварыг бэлэглэсэн. Бүтээгч маань Адамтай ярьж дуулгавартай байх аргыг заажээ. Адам өөрийн хэрэгцээг хэрхэн хангах, ан амьтдыг хэрхэн захирах, газар дэлхийдээ хэрхэн эзэн нь болохыг сурсан (Эх. 2:15–17, 19, 20). Ехова бас Адам Ева хоёрыг бүтээхдээ амтлах, хүртэх, харах, сонсох, үнэрлэх мэдрэхүй хайрласан. Тийм учраас тэд үзэсгэлэнт Диваажин гэртээ жаргалтай амьдрах байлаа. Сонирхолтой  ажил хийж, мөнхөд суралцан, янз бүрийн нээлт хийх бүрэн боломжтой байв.

7 Бурхан өөр юуг санаж зорьсон бэ? Анхны хосод төгс үр хүүхэд төрүүлэх чадвар өгсөн. Хүүхдүүд нь бас хүүхэд гаргаж, эцэст нь дэлхийг хүнээр дүүргэх учиртай байлаа. Ехова, Адам Ева хоёрыг эцгийн сэтгэлээр хайрладаг байсан шиг эцэг эхчүүд үр хүүхдээ тэгж хайрлах ёстой байв. Дэлхийг бүх л баялагтай нь тэдний мөнхийн орон гэр болгохыг Ехова санаж зорьсон ажээ (Дуу. 115:16).

ЯАГААД БИЕЛЭХГҮЙ БАЙНА ВЭ?

8. Бурхан яагаад Эхлэл 2:16, 17-д байдаг хуулийг Адам Ева хоёрт өгсөн бэ?

8 Гэвч бүх зүйл Бурхны санаж зорьсноор болсонгүй. Яагаад тэр вэ? Ехова, Адам Ева хоёрт хэр зэрэг эрх чөлөөтэйг нь ойлгуулахын тулд маш энгийн хууль өгчээ. «Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно. Харин чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ!» гэжээ (Эх. 2:16, 17). Энэ хуулийг ойлгоход ч, сахин биелүүлэхэд ч хэцүү юм огт байгаагүй. Тэгээд ч Еден цэцэрлэгт сайхан амттай хоол хүнс элбэг дэлбэг байсан.

9, 10. а) Сатан Еховаг юу гэж буруутгасан бэ? б) Адам Ева хоёр яахаар шийдсэн бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

9 Сатан Диавол могойн цаанаас Еватай ярьж толгойг нь эргүүлжээ (Эхлэл 3:1–5-ыг уншина; Илч. 12:9). «Цэцэрлэгт байгаа бүх модны жимснээс» идэхийг Бурхан зөвшөөрөөгүй юү гэж Сатан түүнээс асуусан. Энэ нь, «Та нар хүссэн зүйлээ хийж болохгүй гэсэн үг үү?» гэж асууснаас өөрцгүй байв. Дараа нь «Та нар ерөөсөө үхэхгүй» гэж худал хэлэв. Бурхны үгэнд орох хэрэггүй гэсэн ойлголтыг Евад төрүүлэхийг оролдож «Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн[э] ... гэдгийг Бурхан мэддэг билээ» гэж хэлэв. Ехова тэднийг гэгээрэх вий гэж айгаад тэр жимсийг идэхийг хориглосон гэсэн санаа байлаа. Эцэст нь «Та нар ... Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно» гэж худлаа амласан.

10 Адам Ева хоёр юу хийхээ шийдэх хэрэгтэй болов. Еховагийн үгэнд орох болов уу, могойг дагах болов уу? Тэд Бурхны үгэнд орохгүй байхаар шийджээ. Ийнхүү Сатантай нийлж Бурханд тэрсэлсэн. Еховаг Эцгээ гэж үзэхээ больж, хамгаалалтаас нь гарсан (Эх. 3:6–13).

11. Ехова тэрс явдалд яагаад хүлцэнгүй хандаагүй вэ?

11 Адам Ева хоёр Еховад тэрсэлсний харгайгаар төгс биш болоод зогсохгүй Бурхны дайсан болжээ. Яагаад гэвэл Ехова Бурхан тэдний энэ «бузар мууг зөвшөөрч чадахааргүй дэндүү ариун» билээ (Хаб. 1:13). Хэрвээ тэдний гэм нүглийг тоолгүй өнгөрөөсөн бол тэнгэр газар дээрх бүх бүтээл нь зовох байлаа. Хамгийн гол нь Ехова хэлсэн үгэндээ хүрдэг эсэх нь эргэлзээтэй болох байв. Ехова бол тогтоосон хэм хэмжээгээ хэзээ ч уландаа гишгэхгүй, үнэнч Бурхан юм (Дуу. 119:142). Хэдийгээр Адам Ева хоёр сонгох эрх чөлөөтэй байсан ч Бурхны хуулийг зөрчсөнийхөө хариуцлагаас мултарч чадаагүй. Тэд Еховад тэрсэлснийхээ улмаас амиа алдаж, эргээд тоос шороо болжээ (Эх. 3:19).

12. Адамын үр хүүхдэд юу тохиолдсон бэ?

 12 Адам Ева хоёрыг хориотой жимс идэхэд Бурхан гэр бүлийн гишүүнээ гэж үзэхээ больжээ. Бас Еден цэцэрлэгээс хөөж, хэзээ ч буцаж ирэх боломжгүй болгосон (Эх. 3:23, 24). Гаргасан шийдвэрийнх нь үр дагаврыг ийнхүү өөрсдөд нь амсуулсан нь шударга явдал байлаа (Дэд хууль 32:4, 5-ыг уншина). Хүн төгс бус болсноосоо хойш Бурхныг төгс дуурайж чадахаа больсон. Адам өөрийнхөө ирээдүйг баллаад зогсохгүй үр удамдаа төгс бус байдал, нүгэл, үхлийг өвлүүлжээ (Ром 5:12). Үр хүүхдийнхээ мөнх амьдрах сайхан ирээдүйг ингэж үгүй хийсэн юм. Түүнээс гадна Адам Ева хоёр ч, үр хүүхэд нь ч төгс хүүхэд гаргах боломжгүй болсон. Сатан Диавол тэднийг Бурхнаас холдуулсан цагаасаа эхлэн хүн төрөлхтнийг хууран мэхэлж ирсэн. Одоо ч мэхэлж байна (Иох. 8:44).

ЗОЛИОС АН ЦАВЫГ БӨГЛӨДӨГ

13. Ехова юу хүсдэг вэ?

13 Ехова хүмүүсийг одоо ч хайрладаг. Адам Ева хоёр тэрсэлсэн ч тэдний үр удмыг анд нөхрөө болгохыг хүсдэг. Ехова хэнийг ч үхээсэй гэж хүсдэггүй (2 Петр 3:9). Тийм учраас тэрс явдал гарсан даруйд хүн төрөлхтөнд өөртэй нь дахин дотносох боломж олгохын тулд нэг чухал зүйлийг хийжээ. Тогтоосон хэм хэмжээгээ зөрчихгүйгээр яаж үүнийг хийсэн бол?

14. а) Иохан 3:16-д бичсэнээр Ехова Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд юу хийсэн бэ? б) Хүмүүс юуг мэдэхгүй вэ?

14 Иохан 3:16-г уншина. Дурсах цуглааны урилгыг маань авах хүмүүсийн дотор энэ зүйлийг чээжээр мэддэг хүн олон бий. Гэхдээ Есүсийн золиос мөнх амьдрах боломжийг яаж олгодгийг тэд мэдэхгүй. Бид Дурсах цуглааны урилга тараах урих аянд оролцож, мөн энэ цуглаанд өөрсдөө очихоос гадна урилга аваад ирсэн хүмүүстэй дараа нь дахин уулзвал энэ чухал асуултын хариуг мэдүүлж болох юм. Тэд золиосын тухай сайн мэддэг болохын хэрээр Ехова ямар их мэргэн ухаантайг ойлгож, хүн төрөлхтөнд хэчнээн их хайртайг нь ухаарна. Тэгвэл золиосын тухай яг юуг нь онцолж тайлбарлаж болох вэ?

15. Есүс Адамаас ямар ялгаатай байсан бэ?

15 Амиа золиослох төгс хүнийг Ехова илгээсэн. Тэр төгс хүн нь Еховад үнэнч байх учиртай байв. Бас хүн төрөлхтний төлөө амиа дуртайяа өгөх ёстой байлаа (Ром 5:17–19). Ехова хамгийн анхны бүтээлийнхээ амийг тэнгэрээс дэлхий рүү шилжүүлжээ (Иох. 1:14). Ингэж Есүс Адам шиг төгс хүн болсон. Гэхдээ ялгаа нь гэвэл, төгс хүнээс Ехова юу хүсдэг вэ, яг тэр дагуу амьдарсан. Есүс хамгийн хүнд сорилтод орохдоо ч нүгэл үйлдээгүй, Бурхны хуулийг зөрчөөгүй.

16. Золиосыг яагаад маш үнэтэй бэлэг гэж хэлж болох вэ?

16 Төгс хүн Есүс амиа зориулснаар хүн төрөлхтөн нүгэл, үхлээс чөлөөлөгдөх боломжтой болсон. Адам ямар байх ёстой байсан, яг тэр шаардлагыг Есүс хангасан. Тэрээр Бурханд чин үнэнч, туйлын дуулгавартай төгс хүн байж чадсан юм (1 Тим. 2:6). Есүс амиа золиосолж «олны төлөө» буюу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн төлөө мөнхийн амийн үүд хаалгыг нээж өгсөн (Мат. 20:28). Золиос бол Бурхны санаа зорилго биелэх үүдийг нээх түлхүүр юм (2 Кор. 1:19, 20). Еховад  үнэнч бүх хүн золиосын ачаар мөнх амьдрах боломжтой болжээ.

БУЦАЖ ИРЭХ БОЛОМЖИЙГ ЕХОВА БИДЭНД НЭЭЖ ӨГСӨН

17. Золиос ямар боломжийг нээсэн бэ?

17 Ехова асар өндөр үнээр золиос гаргажээ (1 Петр 1:19). Тэрээр цорын ганц Хүүгээ бидний төлөө үхүүлэхээр шийдсэн нь хүн төрөлхтнийг ямар их үнэ цэнтэй гэж үздэгийг харуулдаг (1 Иох. 4:9, 10). Нэг үгээр хэлбэл, Есүс Адамын оронд хүн төрөлхтний эцэг болсон (1 Кор. 15:45). Есүс хүмүүсийг мөнх амьдруулах төдийгүй Бурхны гэр бүлийн гишүүн болох боломжийг олгодог. Ехова золиосын үндсэн дээр, хуулиа зөрчихгүйгээр хүмүүсийг гэр бүлдээ багтаана. Еховад үнэнч бүх хүн төгс болох тэр сайхан цагийг төсөөлж бодохлоор сэтгэлд таатай байдаг шүү дээ! Эцэст нь тэнгэр, газар дээрх оюун ухаант бүх бүтээл нэг гэр бүл болж нэгдэнэ. Бид жинхэнэ утгаар Бурхны хүүхдүүд болно (Ром 8:21).

18. Ехова хэзээ «бүгдэд бүх юм болох» вэ?

18 Адам Ева хоёр Сатаны турхиралтаар тэрслэн боссон ч Ехова хүн төрөлхтнийг хайрлахаа болиогүй. Бид хэдийгээр төгс бус ч Еховад үнэнч байхад маань Сатан саад болж чадахгүй. Ехова бүх хүүхдээ золиосын ачаар зөв хүмүүс болгоно. «Хүүг харж, Түүнд итгэгч бүр мөнх амьтай» болоход амьдрал ямар байхыг төсөөл дөө (Иох. 6:40). Ехова хүн төрөлхтнийг агуу хайр, хосгүй мэргэн ухаанаараа, анх санаж зорьсон ёсоороо төгс болгоно. Тэр цагт хайртай тэнгэрийн Эцэг Ехова маань «бүгдэд бүх юм болно» (1 Кор. 15:28).

19. а) Золиосын төлөө талархдаг бол юу хийх хүсэл төрөх вэ? ( «Зохистой хүнийг олж мэд» гэсэн хавсралтыг үзээрэй). б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

19 Хэрэв бид золиос өгсөнд нь Еховад талархдаг бол үнэлж баршгүй энэ бэлгийн талаар хүмүүст мэдүүлж, ач тусыг нь хүртэхийг уриалах хүсэл төрнө. Ехова хүн төрөлхтнийг хайрлан, мөнх амьдрах ирээдүйг золиосын үндсэн дээр амладгийг тэдэнд мэдүүлэх шаардлагатай. Гэхдээ золиос үүнээс ч илүү чухал үүрэгтэй. Есүсийн золиос Еден цэцэрлэгт Сатаны босгож тавьсан ёс суртахууны асуудалтай ямар холбоотойг дараагийн өгүүллээр үзье.