Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2017 оны 1 сар 

Сорилт тулгарсан ч та даруу байж чадна

Сорилт тулгарсан ч та даруу байж чадна

«Өөрийн Бурхантай хамт даруухнаар алх» (МИКА 6:8).

ДУУ: 48, 1

1-3. Иудагаас ирсэн нэгэн зөнч юу хийгээгүй вэ? Үр дүн нь юу байсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

ЕХОВА Израилийн тэрслүү хаан Иеробоамд шүүх мэдээ хүргүүлэхээр Иудагаас нэгэн зөнчөө илгээжээ. Даруу, үнэнч тэр зөнчөөс Бурхны мэдээг сонсоод хаан уурлан хилэгнэж зөнчийг алах гэв. Тэгтэл Ехова зөнчөө хамгаалжээ (Х.дээд 13:1–10).

2 Тэр зөнч Израильд талх идэж, ус ууж, ирсэн замаараа буцаж болохгүй гэсэн тушаалыг Еховагаас авсан байлаа. Тэрээр гэртээ харих замдаа Бетелээс ирсэн нэгэн өвгөнтэй санамсаргүй тааралдав. Тэр хүн өөрийгөө Еховагийн зөнч гэж танилцуулаад зогсохгүй залууг хууран талх идүүлж, ус уулгажээ. Энэ явдал Еховад таалагдаагүй. Дараа нь өнөөх зөнчийг гэртээ харих замд нь «арслан таарч, түүнийг алжээ» (Х.дээд 13:11–24).

3 Зөнч яагаад Еховагийн үгэнд орохын оронд худалч өвгөний ятгалгад автсаныг бид мэдэхгүй. Ямар ч байсан «Бурхантай хамт даруухнаар алхахаа» больсон нь тодорхой (Мика 6:8-ыг уншина). Еховатай хамт алхах гэдэг нь түүнд итгэж найдан, хэмжээгүй эрх мэдлийг нь дэмжиж,  удирдлага зааврыг нь дагахыг хэлнэ. Даруу хүн хайр халамжтай, Төгс хүчит Эцэгтэйгээ байнга харьцах ёстойгоо гүнээ ухамсарладаг. Хэрэв тэр зөнч даруу байсан бол тушаалаа өөрчилсөн эсэхийг нь Еховагаас асуух байсан. Гэвч энэ тухай Библид байдаггүй. Бид бас заримдаа ярвигтай асуудлыг шийдэх хэрэгтэй болдог бөгөөд яавал дээр вэ гэдгийг мэдэхгүй үе бий. Даруу хүн тийм үед Еховагаас удирдлага заавар гуйна. Тэгээд ноцтой алдаа гаргахаас зайлсхийнэ.

4. Энэ өгүүллээр юуны тухай ярилцах вэ?

4 Гэрч хүн яагаад даруу байх ёстойг, даруу байна гэж яахыг хэлдгийг бид өмнөх өгүүллээр үзсэн билээ. Тэгвэл ямар үед даруу байх хэцүү вэ? Сорилтод орсон ч даруу байхын тулд яах вэ? Эдгээр асуултын хариуг мэдэж авахын тулд даруу байхад амаргүй гурван нөхцөлийг авч үзье. Нөхцөл тус бүрд яаж ухаалаг байхыг ярилцъя (Сур. 11:2).

ӨӨРЧЛӨЛТ ГАРАХАД

5, 6. Барзиллаи даруу хүн байсан нь юунаас харагддаг вэ?

5 Нөхцөл байдал эсвэл үүрэг даалгавар өөрчлөгдөхөд даруу байх амаргүй. Давид 80 настай Барзиллаиг хааны ордонд амьдруулах гэж урьдаг. Энэ нь асар их хүндэтгэл байлаа. Урилгыг хүлээж авбал хаантай үргэлж хамт байж, хааны хишгээс байнга хүртэх байв. Гэхдээ Барзиллаи Давидад татгалзсан хариу өгчээ. Яагаад? Нас дээр гарсан болохоор хаанд дараа болохыг хүссэнгүй. Тиймээс өөрийнхөө оронд Кимхам гэдэг залууг явуулжээ. Тэр нь хөвгүүдийнх нь нэг байсан бололтой (2 Сам. 19:31–37).

6 Барзиллаи даруу байсан учраас зөв шийдвэр гаргажээ. Тэрээр хүндтэй үүрэг хүлээх зохисгүй гэж бодсондоо эсвэл насныхаа эцэст амар жимэр амьдрах гэсэндээ Давидын урилгыг хүлээж аваагүй юм биш ээ. Нас ахиж залуугийнх шигээ биш болсноо ойлгож, хэр чадлаа мэдэж байсан учраас чадахгүй зүйлдээ санаархахыг хүсээгүй ажээ (Галат 6:4, 5-ыг уншина). Бид бас Барзиллаи шиг даруу байх ёстой. Хүслээ гол болгох юм уу бусадтай өөрийгөө харьцуулахын оронд Еховагийн төлөө чадах бүхнээ хийх хэрэгтэй. Энэ нь тусгай даалгавар авах эсвэл нэр алдартай болохоос хавьгүй чухал (Гал. 5:26). Даруу байсан цагт Еховаг алдаршуулж, бусдадаа туслахын төлөө ах дүү нартайгаа хамтран ажиллана (1 Кор. 10:31).

7, 8. Өөртөө найдахгүй байхад даруу зан хэрхэн туслах вэ?

7 Эрх мэдэлтэй болохын хэрээр хариуцлага нэмэгддэг. Бас тухайн хүний даруу эсэх нь шалгагддаг. Нехемиа Иерусалимын оршин суугчдыг хүнд нөхцөлд амьдарч байгааг сонсоод Еховад шаргуу залбирчээ (Нех. 1:4, 11). Артаксеркс хаан түүнийг мужийн захирагчаар томилсон нь залбирлынх нь хариу байлаа. Нехемиа өндөр байр суурь, эд хөрөнгө, эрх мэдэлтэй байсан ч мэдлэг туршлага, авьяас чадвартаа хэзээ ч найдаж байгаагүй. Бурхантай үргэлж хамт алхдаг байв. Бурхны хуулийг судалж удирдлага заавар эрж хайдаг байжээ (Нех. 8:1, 8, 9). Тэрээр ард олныг дарлах бус, харин ч тэдэнд үйлчилдэг байсан (Нех. 5:14–19).

8 Үүрэг даалгавар нь өөрчлөгдөх юм уу хариуцлагатай үүрэг хүлээх болбол даруу хүн өөртөө эрддэггүйг Нехемиагийн жишээ харуулж байна. Өөртөө  найддаг болсон эсэхээ яаж мэдэх вэ? Жишээлбэл, ахлагч хурлын асуудлыг шийдэхдээ эхлээд Еховад залбирдаггүй бол өөрийнхөө туршлагад найддаг болж байна гэсэн үг. Эсвэл зарим хүн эхлээд шийдвэр гаргачихаад дараа нь Еховад залбирч ивээхийг гуйдаг. Харин даруу хүн ямар нэг зүйлийг олон удаа хийсэн байлаа ч өөртөө бус, Еховад найддаг. Яагаад гэвэл Еховагийн дэргэд хэн билээ гэдгээ байнга санадаг (Сургаалт үгс 3:5, 6-г уншина). Өнөөгийн нийгэмд олон хүн хувиа хичээж, бусдаас илүү гарахыг л боддог. Еховагийн үйлчлэгчид бол тэс өөр. Гэр бүл юм уу хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг хүн өөрийгөө бусдаас илүү гэж боддоггүй. Харин бусадтайгаа хамтарч ажилладаг (1 Тим. 3:15).

ШҮҮМЖЛҮҮЛЭХ ЮМ УУ МАГТУУЛАХДАА

9, 10. Даруу хүн шүүмжлүүлэхлээрээ яадаг вэ?

9 Буруу юм хийгээгүй байхад шүүмжилбэл уур хүрдэг. Ийм явдал Ханнад тохиолджээ. Тэрээр нөхрийнхөө хайрыг булаасан эмэгтэй ч Пениннагаас болоод уйлдаг байв. Пенинна түүнийг хүүсэр гэж доромжилдог байжээ. Нэг удаа Ханна ихэд гутран мөргөлийн асарт залбирахаар очив. Уйлан залбирч байгаа түүнийг тэргүүн тахилч Ели хараад согтуу байна гэж зэмлэдэг. Хариуд нь Ханна уурлахын оронд хүндэтгэлтэй харьцсан. Библид Ханнагийн залбирлыг тэмдэглэн үлдээжээ. Сэтгэл хөдөлгөм тэр залбирал итгэл, магтаал, талархлаар дүүрэн байдаг (1 Сам. 1:5–7, 12–16; 2:1–10).

10 «Бузар мууг сайнаар дийлэхэд» даруу зан бас тустай (Ром 12:21). Сатаны ертөнцөд шударга бус явдал байнга л гардаг учраас бузар муу юм хийдэг хүмүүсийн нөлөөнд автахгүйн тулд тэмцэх хэрэгтэй (Дуу. 37:1). Итгэл нэгтнүүд хоорондоо муудалцах нь итгэгч бус хүнтэй санал зөрөлдөхөөс илүү ярвигтай. Даруу хүн ийм үед Есүсийг дуурайна. Библид «Тэр зүхэгдэж  байхдаа, хариуд нь зүхээгүй. ... Харин шударгаар шүүдэг Нэгэнд Өөрийгөө даатгасаар байлаа» гэж байдаг (1 Петр 2:23). Ехова л өшөө авах эрхтэйг Есүс мэдэж байсан (Ром 12:19). Бид бас «мууг муугаар» хариулалгүй, даруу байх ёстой (1 Петр 3:8, 9).

11, 12. а) Даруу хүн хэтэрхий их магтаал сонссон ч яадаг вэ? б) Хувцас хунараа сонгох, үс зүсээ янзлах, биеэ зөв авч явахад даруу зан яаж туслах вэ?

11 Нөгөө талаар, хэтэрхий их магтаал сонсохлоор даруу биш болох амархан. Харин Естер ийм үед яасныг бодож үзье. Тэрээр Персийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг байлаа. Тийм болохоор хааны ордонд хүргэгдэн ирж, жилийн турш гоо сайхны тусгай үйлчилгээ хийлгэжээ. Энэ хугацаандаа хааны хатнаар сонгогдохоор өрсөлдөж буй залуу бүсгүйчүүдтэй өдөр бүр хамт байдаг байв. Гэлээ ч Естер тэдний нөлөөнд автаагүй. Хааны хатан болсныхоо дараа ч даруу төлөв, бусдыг хүндэлдэг хэвээрээ байв (Ест. 2:9, 12, 15, 17).

Та Еховаг болон бусдыг хүндэлдэг үү? Эсвэл даруу биш хүн үү? Таны хувцасны загвар, үсний засалт юу хэлдэг вэ? (12-р догол мөрийг үзээрэй)

12 Хэрэв хүн даруу бол хувцас хунараа зөв тохируулж, үс зүсээ аятайхан янзалж, биеэ авч явахдаа өөрийгөө ч, бусдыг ч хүндэлнэ. Онгирч сагсуурах юм уу ямар нэг байдлаар бусдын анхаарлыг татлаа гээд сайхан сэтгэгдэл төрүүлж чадахгүй. Харин «дөлгөөн ба даруу» байх хэрэгтэй (1 Петр 3:3, 4-ийг уншина; Иер. 9:23, 24). Өөрийнхөө тухай бардамнан боддог бол эцэст нь үг яриа, үйл хэргээр илэрнэ. Жишээ нь тусгай үүрэг хүлээдэг, нууц зүйл мэдэж байгаа эсвэл чухал хүмүүстэй онцгой харьцаатай гэдгээрээ бахархдагаа цухуйлгаж болох юм. Бусад хүн хувь нэмрээ оруулсан байтал өөрөө л ганцаараа санаачилсан, хийсэн мэтээр ярьж магадгүй. Гэхдээ Есүс ямар байсныг бодоод үзье. Тэрээр юу ч ярьсан Еврей Судраас эш татдаг байв. Өөрийнхөө мэргэн ухаанд түшиглэж яриагүй, харин Еховагийн үгийг дамжуулж байна гэдгээ сонсогчдод ойлгуулахын тулд ийм даруу байжээ (Иох. 8:28).

ШИЙДВЭР ГАРГАХДАА

13, 14. Зөв шийдвэр гаргахад даруу зан хэрхэн туслах вэ?

13 Аливаа асуудлыг шийдэх үед даруу эсэх маань харагдана. Элч Паулыг Кайсарид байхад нь зөнч Агаб Иерусалим руу явахаас сэрэмжлүүлжээ. Тэнд очвол баривчлагдах бөгөөд амиа ч алдаж мэдэхээр байв. Тэгтэл тэндхийн дагалдагчид золгүй явдал болохоос айсандаа, тийшээ явахгүй байхыг Паулаас гуйдаг. Харин Паул тэдний ятгалгад автаагүй. Өөртөө эрдсэндээ биш, Еховад бүрэн итгэж найдан, оч гэсэн газарт нь очиж даалгавраа биелүүлэхэд бэлэн байжээ. Үүнийг сонссон итгэл нэгтнүүд нь бас даруу байж, Паулыг Иерусалим руу явахад нь саад хийхээ больсон (Үйлс 21:10–14).

14 Шийдэх гэж байгаа асуудал маань ямраар эргэхийг мэдэхгүй байсан ч зөв шийдвэр гаргахад даруу зан тустай. Жишээлбэл бүрэн цагаар үйлчлэх гэтэл өвдвөл яах вэ? Өндөр настай эцэг эхээ асрах хэрэгтэй болбол яах вэ? Хөгширсөн хойноо амьдралаа яаж залгуулах вэ? Олон удаа залбирч, судалгаа сайн хийсэн ч эдгээр асуултад бүрэн хариулт авч чадахгүй (Ном. 8:16, 17). Еховад итгэж найддаг бол хэр чадал маань хязгаартайг ойлгоно. Нэгэнт судалгаа хийж, хүмүүстэй  зөвлөлдөж, удирдлага заавар гуйн залбирсан бол ариун сүнсний удирдлагыг дагах хэрэгтэй (Номлогчийн үгс 11:4–6-г уншина). Ингэвэл Ехова бодсон санасныг маань биелүүлж өгнө эсвэл төлөвлөгөөгөө өөрчлөхөд маань тусална (Сур. 16:3, 9).

ҮРГЭЛЖ ДАРУУ БАЙХЫН ТУЛД

15. Еховагийн талаар эргэцүүлэн боддог бол яагаад даруу байх вэ?

15 Даруу байх нь олон талын ач тустайг мэдэж авлаа. Тэгвэл үргэлж даруу байхын тулд яах хэрэгтэй вэ? Дөрвөн аргыг үзье. Нэгдүгээрт, Еховагийн сайхан зан чанар, агуу их эрх мэдлийн талаар эргэцүүлэн боддог бол хүндэтгэн бишрэх, сүсэглэн эмээх сэтгэл төрнө (Ис. 8:13). Бид тэнгэрийн элч юм уу хүнтэй бус, Төгс хүчит Бурхантай хамт алхдагаа ямагт санадаг бол «Бурханы хүчирхэг мутрын дор өөрсдийгөө даруу байлгана» (1 Петр 5:6).

16. Бурхны хайрыг эргэцүүлэн бодох нь даруу байхад ямар ач тустай вэ?

16 Хоёрдугаарт, Ехова биднийг ямар их хайрладгийг тунгаан боддог бол үргэлж даруу байна. Тийм ч чухал биш санагддаг эрхтнүүдэд «илүү хүндэтгэл үзүүлдэг» гэж элч Паул бичжээ (1 Кор. 12:23, 24). Үүн шиг, бидний хэр чадал дорой ч Ехова хүн болгонд санаа тавьдаг. Биднийг хэнтэй ч харьцуулдаггүй, бас алдаа гаргалаа гээд хайрлахаа больдоггүй. Тийм учраас бид Еховад үйлчлэхдээ сэтгэл тайван, айх аюулгүй байдаг.

17. Бусдын сайн талыг олж харах нь ямар ач тустай вэ?

17 Гуравдугаарт, бусдын сайн талыг олж харахын хэрээр даруу болно. Тийм хүн анхаарлын төвд байж, бусдад юу хийхийг нь зааж зааварлахын оронд хүмүүсээс зөвлөгөө авч, санаа оноог нь дуртайяа хүлээж авдаг (Сур. 13:10). Итгэл нэгтнүүд нь онцгой завшаан эдлэхээр боллоо гэхэд хамт баярладаг. «Дэлхийд буй ах дүү нарыг» маань хэрхэн ивээж байгааг нь харах тусам Еховаг магтан алдаршуулдаг (1 Петр 5:9).

18. Мөс чанараа сургавал яагаад даруу болдог вэ?

18 Дөрөвдүгээрт, Библийн зарчмын дагуу мөс чанараа сургадаг бол даруу байна. Үүний үрээр аливаад Еховагийн үзэл бодлоор хандаж сураад зөв шийдвэр гаргадаг болно. Байнга залбирч, Библийг тогтмол судалж, сурснаа ажил хэрэг болгодог бол мөс чанараа сайн сургаж чадна (1 Тим. 1:5). Бас бусдын эрх ашгийг дээгүүр тавьдаг болно. Ийм маягаар өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийвэл Ехова биднийг «төгс болгох» буюу улам даруу болгоно (1 Петр 5:10).

19. Яавал үргэлж даруу байх вэ?

19 Иудагаас ирсэн зөнч ганц л удаа бардам зан гаргаснаасаа болж амиа алдаад зогсохгүй Еховагийн сайшаалыг алдсан. Харин бид сорилтод орсон ч даруу байх боломжтой. Бурхны эртний болон орчин үеийн даруу үйлчлэгчдийн жишээ үүнийг баталдаг. Еховатай хамт алхахын хэрээр даруу болдог (Сур. 8:13). Бид одоо хаана ч, юу ч хийж байлаа гэсэн Еховад үйлчилж байгаа маань хосгүй завшаан билээ. Энэ завшаанаа эрхэмлэж явцгаая. Үргэлж даруу байж, Ехова Бурхантайгаа үүрд хамт алхахын тулд чадах бүхнээ хийцгээе.